Эргийн байгууламжууд цунамиг тогтоож чадаагүй

Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг, түүхийн хувьд ч томоохон газар хөдлөлтүүд тодорхой давтамжтайгаар удаа дараалан тохиолдсоор ирсэн билээ. Иймд барилга байшин барихдаа газар хөдлөлтийн нөлөөллийг онцгойлон тооцож үздэг бөгөөд 1980-аад оноос хойш баригдсан барилгууд илүү тэсвэртэй байдаг. 3 сарын 11-нд болсон тус улсын түүхэнд дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр ихэнх барилгууд газар хөдлөлтийн чичирхийллээс бус, цунамигийн давалгааны нөлөөллөөр нурж гэмтсэн байна. Мөн газар хөдлөлтийн үед нас барсан хүмүүсийн 90% нь ил харагдах ямар нэгэн шарх гэмтэлгүй байсан учир цунамигийн нөлөөгөөр нас барсан гэж үзэж байгаа тухай цогцосуудад үзлэг хийсэн нэгэн мэргэжилтэн ярьж байсан нь дээрх таамаглалыг баталгаажуулж байгаа юм. Газар хөдлөлтийн үед нурсан барилгын зай завсарт хоргодож амь гарах магадлал өндөр байдаг боловч цунамигийн харьцангуй өндөр хэмжээний давалгаанд өртөх тохиолдолд энэхүү магадлал эрс багасдаг байна.

Япон улс нэгэнт газарзүйн байрлалын хувьд далайн дунд байрладаг, цунамигийн аюул харьцангуй өндөр хэмжээгээр заналхийлж байдаг учир далайн эргийн болон булангийн хот, тосгонуудад давалгаанаас хамгаалах далан, хаалтуудыг барьж байгуулсаар ирсэн бөгөөд нийт эргийн 40 хувийг хамарч урт нь 35000 км-т хүрдэг байна. Харин эдгээр далан, байгууламжууд мянганд нэг удаа тохиолддог гэгдэж буй энэ удаагийн газар хөдлөлт, цунамигийн хүчийг сааруулж чадаагүй бөгөөд далайн булангийн зарим хаалтууд бүрэн эвдэрч сүйрчээ. Иймд энэ удаагийн газар хөдлөлт, цунамигийн хор хохирол АЦС-ын хамгаалалтаас хадна далайн эргийн байгууламжуудын хамгаалах чадварыг эргэж харахад хүргэж байна.

Эдгээр байгууламжуудын нэг болох Иватэ мужийн Кама-иши хотын далайн хамгаалалт өнгөрөгч оны 9-р сард дэлхийн хамгийн гүн далайн хамгаалах байгууламж хэмээх үзүүлэлтээр гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн байна. Энэхүү хамгаалалт нь 1960 м урттай бөгөөд далайн гүнд нийт 63 м өндөртэй юм. Байгууламжын угсралтын ажил 1978 онд эхлэж 31 жилийн турш үргэлжилсэн бөгөөд 2009 оны 3-р сард бүрэн хэмжээгээр ашиглалтад оржээ. Уг байгууламж нь 1896 онд болсон Мэйжи-Санрикү газар хөдлөлтийн үеийн цунамитай адил хэмжээний давалгаанаас хамгаалахаар тооцоологдсон байна. Тухайн үед 7.2 магнитудын газар хөдлөлт болж үүссэн цунамид 9000 барилга өртөж 22 мянган хүн нас барж байжээ. Харамсалтай нь 1.5 тэрбум долларын өртөгөөр боссон энэхүү аварга байгууламж хотыг энэ удаагийн цунамигийн аюулаас аварч чадсангүй, 4.3 м өндөртэй давалгааны нөлөөгөөр ихэнх хэсэг нь эвдэрчээ.

Хамгаалах байгууламжыг давж орж ирсэн давалгаа Кама-иши хотыг хэрхэн сүйтгэж байгааг дараах бичлэгээс үзнэ үү.


Энэ удаагийн газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн үед Фүкүшима мужийн эргээс 5 км зайд далайд байсан нэгэн хөлөг онгоцны ахмад бичлэг хийж амжсан байна. Давалгааны өндөр 10м орчим байгаа тухай, мөн 2 дахь давалгаа ирж байгаа тухай хөлөг онгоцны багийнхны яриа бичлэгт үлджээ.


Кама-иши хотын далайн хамгаалалт газар хөдлөлтийн өмнө болон дараа



эх сурвалж; japanprobe & etc.

3 сэтгэгдэл:

Далангаас нь өндөр давалгаа ороод ирэхээр аймар л даа

хариулах...

Фүкүшима Атомын Цахилгаан Станц (АЦС)-ын осол дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа цацрагийн тун, тархалт, үүдэж болох хор уршигийн талаарх мэдээллийг зөв ойлгож урьдчилан сэргийлэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах үүднээс Токио Технологийн Их Сургуул (TITECH)-ийн цөмийн болон инженерийн бусад салбарын эрдэмтэн судлаач, оюутан залуусаас мэдээллийн бэсрэг хуудсыг гаргасан байна. Сонирхож байвал эндээс татаж авна уу.

хариулах...

Сайн байнауу Эрчим хүчний сургуулиас эрхлэн гаргадаг ЭРЧИМ ХҮЧ $ ENGINEERING сэтгүүлийн редакц Фүкүшимад юу болов хэмээх нийтлэлийг чинь сэтгүүлдээ нийтлэх гээд сураглаад байна. Өөрийнхөө товч танилцуулгыг явуулахгүй юу зураг хөрөгтэй бол сайн байна Надтай мессенжерээр холбогдоорой :)

хариулах...

Сэтгэгдэл үлдээх