Барилгын ганхалтын хугацаа стандартаас 13 дахин давсан

3-р сарын 11-ний газар хөдлөлтийн үед Токио хотын Шинжүкү дүүргийн 54 давхар, 223м өндөр барилгад 13 минутын турш ганхалт ажиглагдаж тус улсын өндөр барилгын газар хөдлөлтийн эсэргүүцлийн нормын үзүүлэлтээс 13 дахин илүү гарсан байна. Барилгын ганхалтын хэмжээ хамгийн дээд давхарт 1м-ээс илүү байсан бол 60 м (20 давхар)-ээс дээш өндөртэй барилгуудын ганхалтын хэмжээ стандартаар газар хөдлөлтийн хүчнээс хамааралгүйгээр 1 минут орчим үргэлжилэхэд тэсвэртэй байхыг шаарддаг байна. Гэхдээ сүүлийн үеийн судалгааны үр дүнг тооцож Токио, Осака, Нагоя хотын өндөр барилгуудыг 8 мин хүртэл хугацаагаар үргэлжлэх ганхалтад тэсвэртэй байлгах нөхцөлөөр Зам харилцаа, дэд бүтцийн яамнаас энэ жилд багтаан стандартын хэмжээг өөрчлөхөөр төлөвлөж байжээ. Харин энэ удаагийн газар хөдлөлт төлөвлөж байсан шинэ стандартын хэмжээнээс мөн адил давсан тул дахин судалгаа хийж хэмжээг шинэчлэн тогтоохоос өөр аргагүй болсон байна. 1997 онд Кобэ хотын орчимд болсон газар хөдлөлтийн үед барилгын ганхалтын үргэлжлэх хугацаа 6 минут орчим байжээ.

Газар хөдлөлт үндсэн голомтод мэдрэгдсэнээс хойш ойролцоогоор 3 минутын дараа барилгууд ганхаж эхэлсэн бөгөөд 6 минутын дараа хамгийн их ганхалт ажиглагдаж 3 секундийн дотор 108 см-т хүрч байжээ. Гэхдээ эдгээр өндөр барилгуудад ганхалтаас үүдэн ямар нэгэн ноцтой гэмтэл гараагүй юм. Тухайн барилгуудад суурилагдсан газар хөдлөлтөөс хамгаалах төхөөрөмжийн хүчин чадал 3 секундийн хугацаанд 140 см хүртэлх хэмжээний ганхалтын нөлөөллийг арилгах чадвартай юм. Газар хөдлөлтийн үед тэдгээр барилгуудын дээд давхаруудад байрлаж байсан хүмүүс хөл дээрээ зогсож чадахааргүй болтол барилга ганхаж байсан тухай ярьжээ. Япон улсад 60 м-ээс дээш өндөртэй барилга 1100 орчим байдаг. Тэдгээрийн хэдэн арваас 100-аар тоологдох барилгад ханын зарим хийц ховхорч унах, барилга тэнхлэг хазайх зэрэг согог илэрч цаашид газар хөдлөлтөөс сэргийлэх арга хэмжээг илүү сайжруулах шаардлагатайг харуулсан байна.



эх сурвалж; asahi

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх