6-ны өдөр Япон улсын ерөнхий сайд Кан Шизүока мужид байрлах Хамаока АЦС-ын үйл ажиллагааг томоохон хэмжээний газар хөдлөлт болох, түүнээс шалтгаалан АЦС-д учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн зогсоох хүсэлтийг тус станцыг хариуцагч Чүүбү Дэнрёкү (Төвийн бүсийн Цахилгаан Эрчим хүч) компанид тавьсан байна. Судалгаагаар тус АЦС-ын орчимд ирэх 30 жилийн хугацаанд магнитудын 8 баллын газар хөдлөлт болох магадлал 87%-тай байгаа юм. Хамаока АЦС-ын 1 болон 2-р реакторын ашиглалтын хугацаа дуусч бүрэн зогсоосон байгаа бөгөөд 4, 5-р реакторууд ажиллаж байгаа юм. Харин 3-р реактор засвар үйлчилгээ хийх зорилгоор түр зогсолтын байдалд байгаа бөгөөд ирэх 7 сараас ажиллуулахаар төлөвлөж байсан байна. АЦС-ыг дахин ажиллуулах хугацааны хувьд далан байгуулах зэргээр цунамигаас найдвартай хамгаалах арга хэмжээг бүрэн авах хүртэл ойролцоогоор 2-3 жил шаардагдах төлөвтэй байна. Энэ хугацаанд төвийн бүсийн цахилгаан хэрэглэгчдийн эрчим хүчний хангамж 10 хувь орчим хэмжээгээр дутагдах учир бусад эх үүсвэрээр хангах, хэмнэлтийн горимд шилжих шаардлага гарч байгаа юм. Одоогоор бусад АЦС-уудыг зогсоохоор төлөвлөөгүй байна.
эх сурвалж; mainichi Эрчим хүч
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх