Газар хөдлөлт, цунамигийн гамшигийн дараа Япон улсад олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлт, борлуулалт буурч байна. Автомашины үйлдвэрлэл гэхэд л ердийн үеийнхээс 50 хувь бага үзүүлэлттэй байгаа билээ. Харин гэр бүл болох, хуримлахтай холбоотой үйлчилгээний эрэлт буураагүйгээр барахгүй нэлээд хэмжээгээр нэмэгдэж байна. Тухайлбал зочид буудлуудад зохион байгуулахаар төлөвлөгдсөн элдэв баяр ёслолын ажиллагааны дийлэнх нь цуцлагдаж байхад зөвхөн гэрлэх ёслол хийх захиалгын тоо нэмэгдсээр байна.
Онлайн худалдааны Ракүтэн сайтаар 4-р сард худалдаалагдсан сүйн болон хуримын бөгжний борлуулалтын үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 40% илүү байгаа бол сарын сүүлийн хагаст 2 дахин ихэсчээ. Мөн сард улс даяар гэрлэх ёслолтой холбоотой бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 15 хувь нэмэгдсэн байна. 3-р сард гэр бүл болж, өрх тусгаарласан хүний тоо 20% нэмэгдсэн бол Токио хот болон түүний ойр орчимд амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 63%, эрэгтэйчүүдэд 44% тус тус нэмэгджээ.
Үйлчилгээний байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газар хөдлөлтийн үед ихэнх тээврийн хэрэгслүүд зогсож хүмүүс гэртээ харих боломжгүй болсон, мөн цахилгааны хязгаарлалтын үед ганц бие хүмүүс харанхуй гэртээ айдаст автаж байснаас бусдын өмөг түшгийг эрхэмлэх болсон нь гэрлэх, хуримлахтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Харин зарим эрдэмтэд үүнийг аюул осол тохиолдсон үед нэгдэн нийлж, олны хүчээр гарз хохирол бага амсахыг эрмэлзэн тэмцэж ирсэн бидний адгуусан өвөг дээдсийн "сүргийн инстинкт"-ийн илрэл хэмээн тайлбарлаж байна. Юутай ч олон жилийн өмнөөс алдагсаар ирсэн гэр бүлийн үнэ цэнэ, түүнийг ойлгож ухаарах сэтгэлгээ гамшигийн нөлөөгөөр япончуудын дунд эргэн ирж байгаа бололтой.
эх сурвалж; sankei Физиологи
ганцхан сэтгэгдэл:
Хөгшрөлт их улсад азны юм болсон байна
Сэтгэгдэл үлдээх