Энэ сарын 23-ны орой Хятадын зүүн өмнөд зүгийн Wenzhou хотын ойролцоо хурдан галт тэрэгний осол гарсанаас 43 хүний амь үрэгдэж 200-аад хүн гэмтэж бэртсэн байна. Ослын шалтгаан одоогоор бүрэн тодорхой болоогүй байгаа боловч мөрдөн шалгаж буй цагдаагийнхны мэдэгдэж байгаагаар аянга цахилгаантай ширүүн борооны улмаас түр зогсолт хийж байсан хурдан галт тэрэгний хойноос дараагийн галт тэрэг ирж зогсож амжилгүй мөргөлдсөн хэмээн таамаглаж байна. Хурдан галт тэрэгнүүдэд тэдгээрийн хоорондын зай 7000 м-ээс илүү ойртох тохиолдолд хурдыг сааруулж улмаар галт тэргийг зогсоох хамгаалалтын автомат систем суурилагдсан байдаг боловч ослын үед уг систем тодорхойгүй шалтгаанаар ажиллаагүй байна. Мөргөлдсөн галт тэрэгний хөдөлгүүрийг германы Бомбардиер болон Сиеменс компаний хөгжүүлсэн технологид тулгуурлан хятадууд бие даан бүтээжээ.
Харин өнөөдөр өглөөнөөс осол болсон шугамыг ажиллагаанд оруулсан байна. Ослын шалтгаан тодорхой болоогүй, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байхад дахин галт тэрэг явуулж эхэлсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлж төмөр замын байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахад хүргэж байна. Хятадын хурдан галт тэрэгний эхний шугам 2008 оны Бээжингийн олимпийн өмнө ашиглалтад орж байсан бол угсралтын ажил эхэлсэнээс хойш 6 жилийн дотор хурдан галт тэрэгний шугамын нийт урт 9000 км-т хүрээд байна. Эдийн засгийн огцом өсөлтийг хангахын тулд төмөр замын тээвэр, тэр дундаа олон хотыг хурдан галт тэрэгний шугамаар холбох шаардлага гарч богино хугацаанд их хэмжээний бүтээн байгуулалт хийгдсэнээс энэ тэргүүнд тавигдах ёстой аюулгүйн асуудал зарим талаар орхигдсоны илрэл нь энэ удаагийн осол байж болох юм.
Хятадын хурдан галт тэрэгний технологийг японы технологид суурилан бүтээсэн тухай өмнө мэдээлж байсан билээ. Сонирхуулахад Япон улсад анхны хурдан галт тэрэгний шугамыг 1964 оны Токиогийн олимпийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Тус улсад хурдан галт тэрэгний төмөр замын угсралтын ажил эхэлсэнээс хойш 52 жилийн хугацаанд шугамын нийт урт 2500 км болоод байгаа юм. Хятадтай харьцуулахад хүн болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ хэд дахин бага байдаг боловч харьцангуй их хугацаа зарцуулж аюулгүйн болон бусад шаардлагуудыг хангаж ирсэнээс осол аваари багатай, найдвартай ажиллаж ирсэн хэмээн японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Дашрамд дурдахад news.mn сайтад энэ ослын тухайд "гэрэл дохионд түгжирсэн галт тэрэгтэй мөргөлдсөн" гэж мэдээлсэн байх юм. Төмөр зам, тэр тусмаа хурдан галт тэрэг Улаанбаатар хотын автомашины зам шиг гэрэл дохион дээр түгжрээд байна гэдэг юу л бол...
эх сурвалж; NHK news Мэдээлэл, Технологи
3 сэтгэгдэл:
Ingeh geed baisan yumaa hujaa nar
цөмийн хаягдал , ураны хор уршигын талаар мэдээлэл тавиж өгөөрэй ахаа ;)
Дүүгээр их яригдаж байгаа бололтой . Бүр албаны хүмүүс АНУ гын невада мужийн цөмийн хаягдал хадгалах байгууламж руу туршлага судалхаар явах сурагтай
baga bagaar tgd uhej baiaval taarna/
Сэтгэгдэл үлдээх