Япон улсын Хөдөө аж ахуйн яам гамшигт нэрвэгдсэн бүс нутагт газар тариалангийн "ирээдүйн ферм"-ийг байгуулахаар төлөвлөж байна. Уг фермийн автомат жолоодлогот тракторууд хортон шавьжтай тэмцэх хэрэгслүүдийг LED гэрлээр орлуулсан талбайд ажиллаж, цагаан будаа, улаан буудай, буурцгийн шош, жимс, хүнсний ногоо тариалан, ургацыг роботоор хурааж авах юм. 250 га хүртэлх хэмжээний тариалангийн талбайд ажиллах машин техникүүдээс ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийг тариалангийн ургацыг нэмэгдүүлэх, химийн бордооны хэрэглээг багасгах зорилгоор дахин ашиглана хэмээн Никкей сонинд бичжээ.
"Мөрөөдлийн төсөл" хэмээн нэрлэгдэх уг төслөөр шаардлагатай эрдэс бодисууд бүхий усан орчинд хөрс шороогүйгээр тариалан эрхлэх технологийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ технологи нь тус блогт мэдээлж байсан ирээдүйн хүнсний үйлдвэрлэлийн технологи (акуапоник)-той адил төстэй байх бололтой. Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтний мэдэгдсэнээр газар дээр нь хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажилд ирэх 6 жилийн хугацаанд 1 тэрбум иен (52 сая доллар) зарцуулахаар төлөвлөжээ.
Токиогоос хойд зүгт 300 км-т байрлах Мияаги мужийн тариалангийн бүс нутаг 3 сарын 11-ний гамшгийн үед далайн усаар бүрхэгдэж 24 мянган га хэмжээтэй талбайн үржил шимт хөрс давс болон агуулахад хадгалагдаж байсан нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсоноос тариалалт эрхлэх боломжгүй болсон юм. Үүнээс гадна Фүкүшимагийн АЦС-ын ослоор тархаж агаар, далайн ус, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд шингэсэн цацраг идэвхт бодис тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлсөн хэмээн олон нийтийн эргэлзээг төрүүлж байна.
АЦС-ын осол болон хөрсний бохирдол нь татварын хөнгөлөлтийн гэрээнд нэгдэхээр төлөвлөж байгаа америк, номхон далайн орнуудтай хийгдэх хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөөнд саад тотгор болж байгаа юм. Төсөлд Panasonic, Fujitsu, Hitachi, Sharp, NEC, Ajinomoto зэрэг өндөр технологийн компаниуд хамтран оролцож байгаа бөгөөд хувийн секторын хөрөнгө оруулалтыг тооцвол төслийн нийт өртөг 10 тэрбум иенд хүрэх юм.
Уг төсөл гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хөдөө ах ахуй эрхлэгчдэд туслахаас гадна үндэсний хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн төсөл хэрэгжих хугацаанд хөрсөнд агуулагдах давсны хэмжээ багасч дахин тариалалт эрхлэх боломжтой хэмжээнд хүрнэ гэдэгт орон нутгийн хөдөө аж ахуй эрхлэгчид найдаж байна.
эх сурвалж; physorg Мэдээлэл
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх