Шөнийн тэнгэрийн баруун хаяанд тод гялалзах цувраа гурван од бол эрт үеэс нүүдэлчин монголчуудын цаг хугацааг баримжаалах хэрэгслүүдийн нэг болж үлгэр домогт ч тусгалаа олсон байдаг Гурван марал (Orion) од юм. Эдгээр оддын баруун дээд талд байрлах тод улаан одыг Бетельгейз (Betelgeuse) гэх бөгөөд дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд байрлах энэ аварга улаан од мөхлийнхөө сүүлийн шатанд шилжиж тун удахгүй асар их хүчээр дэлбэрэх гэж байна. Бетельгейзийн гадаргын температур 3800 хэм боловч хэмжээний хувьд нарнаас 1000 дахин том юм.
Энэ одны гэрэл тодорч бүдгэрэн, гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгддөг шинж чанар нь дээр үеэс эрдэмтдийн сонирхлыг татсаар иржээ. Түүнийг английн одон орон судлаач John Herschel анх ажиглаж эхэлсэн байдаг. Тэрээр оддыг гэрэлтэлтийн хэмжээгээр ангилахыг оролдож ажиглалт хийж байх явцдаа Бетельгейзийн гэрэлтэлт тогтмол өөрчлөгдөж байгааг илрүүлжээ. 1836 онд хийсэн түүний ажиглалтаар гэрэлтэлтийн ангиллын 3-р түвшинд байсан бол 8 сарын дараа хамгийн тод гэрэлтэлттэй болж байжээ.
Түүнээс хойш 80-аад жилийн дараа америкийн физикч Albert Michelson гэрэлтэлтийн өөрчлөлт нь одны овор хэмжээ өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж байна хэмээн таамагласан байна. Тэрээр гэрэл ойлгогч хос толь бүхий сансарын дурангийн тусламжтайгаар хэмжилт хийж уг одны хэмжээг нарнаас 300 дахин том гэж зарласан боловч гэрэлтэлтийн өөрчлөлтийн нууцыг тайлж чадаагүй юм. Харин энэ нууц 40 жилийн дараа хийгдсэн судалгаагаар тодорхой болжээ. Бетельгейзийн гадарга болон гүний хооронд шилжин хөдлөх хийн урсгалын халж тэлэх, хөрч агших хөдөлгөөний нөлөөгөөр түүний овор хэмжээ 7 орчим хувиар ихэсч багасдагаас гэрэл нь тодорч бүдгэрч харагддаг байна.
Токио их сургуулийн профессор Номото Кэничигийн удирдсан судалгааны хэсэг шинжлэх ухааны үндэслэлтэй онолын судалгаанд үндэслэн Бетельгейзийн дэлбэрэлтийн үеийн өнгө, хэлбэр, гадаргын хэм хэрхэн өөрчлөгдөхийг тогтоосон байна. Одны мөхлийн эхний шатанд температур эрс нэмэгдсэнээс өнгө нь улаанаас хөх болж хувирна. 1 цагийн дараа дэлбэрэлт эхэлж шөнийн ямар ч одноос илүү тод гэрэлтэн, энгийн нүдээр анзаарагдах хэмжээнд хүрнэ.
Аварга улаан од дэлбэрэлтийнхээ үед асар их хэмжээний цацраг идэвхт гамма туяаг сансар огторгуйд цацаргадаг. Иймэрхүү цацрагийн нөлөө дэлхийн амьдралыг эрс өөрчилж байсан талаархи баримт судалгаагаар олджээ. Дэлхий дээр 440 сая жилийн өмнө амьдарч байсан шавьж хэлбэрийн амьтадын ихэнх нь богино хугацаанд устаж үгүй болсон байна. Харин Америкийн Washburn их сургуулийн сансарын физикч Bryan Thomas тэдгээр амьдатын мөхлийг аварга улаан одны дэлбэрэлтээс үүссэн сансарын туяаны нөлөө гэж үзэж байна.
Эцэст нь Бетельгейзийн дэлбэрэлт яг хэзээ болох гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Дээр дурдсанаар дэлбэрэх магадлал 99.99%-д хүрээд байгаа, тун удахгүй дэлбэрнэ гэж үзэж байгаа боловч дэлбэрэлтийн хугацааг яг таг хэлэх боломжгүй. Магадгүй маргааш дэлбэрч болно, эсвэл 10 мянган жилийн дараа ч байж болно. Нэгэнт дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд байрлах учир аль хэдийн дэлбэрчихээд гэрэл нь бидэнд хүрэх замдаа явж байж ч магадгүй. Юутай ч сансарын энэхүү сонирхолтой үзэгдэл ойрын хугацаанд тохиовол түүнийг ажиглах, улмаар шинэ шинэ нээлтүүд хийх хүсэл одон оронч эрдэмтэдийг эзэмдсээр байна.
эх сурвалж; NHK Одон орон, Сансар судлал
4 сэтгэгдэл:
Аль хэдийн дэлбэрчихсэн бөгөөд цацраг нь манай дэлхий дээр 2012 оны 12-р сарын 21-нд ирнэ.
За за тоглосон юм шүү. Дэмий балай юм бодохоо больё. Блог дээрээ ямар нэг шинжлэх ухааны мэдээллийн юм тавих гэхээр дандаа муу мэдээ тавьчих гээд байх юм.
saihan mede bn
Сэтгэгдэл үлдээх