Фүкүшима Дай-Ичи АЦС-д осол гарсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Ослоор реакторуудад цөмийн түлшний хайлалт (melt down) явагдаж түүнээс үүдэн гарч болох цацраг идэвхт бодисын алдагдал өнөөдөр ч дэлхий дахиныг түгшээсэн хэвээр байгаа билээ. Мөн реакторуудын орчимд цацраг идэвхжилийн хэмжээ хэт өндөр байгаа нь хүн ажиллах нөхцөлгүй болгож, реактор доторхи нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид ослын хор уршигийг арилгах ажлыг робот техникт даатгахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм.
Харамсалтай нь роботын технологиор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг гэгддэг Япон улсад АЦС-д ажиллах чадвартай робот ширхэг ч байсангүй. АЦС аюулгүй гэдэгт япончууд хэт их итгэлтэй байсан явдал нь ослын үед ажиллах робот бүтээх байтугай, ослын нөхцөл байдлыг хүндрүүлж их хэмжээний цацраг идэвхт бодисын алдагдал гарахад нөлөөлсөн хэмээн олон хүн дүгнэж байна. Мөн нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа өнөөдрийг хүртэл реакторуудын дотор ямархуу байдалтай байгааг хэн ч тодорхой мэдэж чадаагүй байгаа юм.
Ослын үед реакторуудад гарсан устөрөгчийн дэлбэрэлтийн дараа 4-р сарыг хүртэл хөргөлтийн ажиллагааг бүрэн сэргээж чадаагүй бөгөөд реакторын усны температур нэмэгдэж хэзээ ч дахин дэлбэрэлт болох нөхцөл байдал үргэлжилж байсан юм. Тухайн үед усны температурыг аль болох хурдан 100 хэмээс багасгаж буруулах шаардлагатай байв. Гэвч АЦС-ын барилгын реакторын хэсэгт өндөр хэмжээний цацраг идэвхт бодис тархсан байснаас ажилчид реакторын орчинд очиж хөргөлтийг сэргээх боломжгүй байв.
Нэгэнт өөрсдийн гэсэн роботгүй учир Токио Дэнрёкү компани Америкт үйлдвэрлэгдсэн Packbot роботыг 4 сарын 17-нд реакторын барилгад оруулав. Уг роботын хийсэн дүрс бичлэгүүдээс 1-р реакторын барилга доторхи нөхцөл байдлыг анх удаа бодитоор тодорхойлж чадсан юм. Мөн цацрагийн хэмжилт хийж хамгийн өндөр хэмжээ 1200 млзв/ц-т хүрч байгааг, барилгын зарим хэсэгт 10.5 млзв/ц буюу хүн богино хугацаагаар ажиллах боломжтой газруудыг ч бас тодорхойлов.
Эдгээр мэдээлэлд үндэслэн 5 сарын 9-нд ослоос хойш анх удаа ажилчид реакторын барилгад орж реактор доторхи усны түвшин, даралтын хэмжүүрүүдийг засварлав. Мөн тэдгээр хэмжүүрүүдийн заалтад үндэслэн реакторт түлшний хайлалт болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Түүгээр ч зогсохгүй хайлсан түлш реакторын их биеийг гэмтээж гадагшлан, төмөр бетон хамгаалах хийцийн доод хэсэгт тунасан байх магадлалтайг тогтоожээ. Энэ нь дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд тохиолдож байгаагүй реакторын хамгийн том гэмтэлд тооцогдож байгаа юм.
Цаашид роботын туслалцаатайгаар авсан мэдээлэлд үндэслэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсанаар 1 болон 2-р реакторын усны температурыг зохих хэмжээнд хүртэл амжилттай буулгаж чадсан юм. Харин 3-р реакторын хөргөлт хүссэн хэмжээнд хүрээгүйгээр барахгүй 6 сарын 10-нд усны температур 180 хэмд хүрч дахин дэлбэрэлт үүсэх нөхцөл бий болов. Хөргөлтийн усны хэмжээг нэмэгдүүлэх тохиолдолд их хэмжээний цацраг идэвхт бодис шингээсэн ус реактор орчмоос алдагдаж далай болон хөрсөнд шингэхэд хүрчээ.
Тухайн үед Токио Дэнрёкү компани реакторын ослын үеийн хөргөлтийн 1-р системийг ажиллуулахаар шийдсэн юм. Уг систем нь реакторын дээд хэсгээс шүрших замаар бага хэмжээний усаар харьцангуй үр дүнтэй хөргөлт явуулах боломжтой байв. Гэхдээ түүнийг ажиллуулахын тулд реакторын барилгын 2 давхарт байрлах хаягдал хийг зайлуулах хоолой бүрэн бүтэн эсэхийг шалгах хэрэгтэй болсон юм. Гэтэл Packbot роботод 2 давхарт хүрэх огцом, өгсүүр шатаар авирах чадвар байсангүй.
Иймд тухайн үед туршилтын шатанд байсан Quince роботыг ажиллуулахаар шийдэв. Уг робот нь ямар ч замд гайхалтай туулах чадвар сайтай бөгөөд гамшигийн үед ашиглахаар төлөвлөн Чиба Коогё их сургууль зэрэг байгууллагууд хамтран бүтээж байв. Quince ердийн нөхцөлд радио долгионы удирдлагаар ажиллах боловч долгион АЦС-ын барилгын зузаан бетонон ханыг нэвтэлж чадахгүй учир утсан холболт бүхий удирдлагыг ашиглах болсон байна.
Улмаар Quince 7 сарын 26-нд 3-р реакторын барилгад орж, шатаар төвөггүй өгсөн 2-р давхарт байрлах хоолойнуудыг ноцтой гэмтэл аваагүй болохыг тодорхойлов. Мөн үргэлжлүүлэн хийсэн хэмжилтээр цацраг идэвхжил богино хугацаагаар хүн ажиллаж болох хэмжээнд байгааг тогтоов. Дараагийн өдрөөс ажилчид ээлжлэн барилгад орж хаягдлын хоолойг залган, хөргөлтийн 1-р системийг ажиллуулсанаар реакторын усны температурыг бууруулж чадсан юм. Quince түүнээс хойш реакторын барилга дотор үргэлжлүүлэн ажиллаж байсан боловч 10-р сард удирдлагын кабель нурангад орооцолдсоноос гацаж, өнөөдрийг хүртэл АЦС дотор хөдөлгөөнгүй хэвээр байна.
Packbot |
Quince |
үргэлжилнэ ... Робот техник, Фүкүшима
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх