Амьд үлдэхийн тулд хүний тархи "гуравдагч хүн"-ий үзэгдэл (эхний хэсгийг энд дарж үзнэ үү)-ийг үүсгэн бий болгож байгаа юм бол яагаад заавал хөндлөнгийн хүн гэсэн төсөөлөл өгдөг вэ гэдэг асуулт гарна. Учир нь тархи хүний өөрийн биеийн үйл хөдлөлийг хөндлөнгийн хүнийх мэтээр ойлгох тохиолдол цөөнгүй гардаг ч хүмүүс үүнийг анзаардаггүй. Энэ нь аюул эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах шалгарсан арга юм. Хүн өөрийн үйл хөдлөлийг өөр хүнийх мэтээр хөндлөнгөөс харах чадвар нь өөрт мэдрэгдэх сэтгэлзүйн хүндрэлүүдийг даван туулахад тусладаг байна.
1997 онд сансарын нэгэн нисгэгч бараг ердийн гэмээр тайван нөхцөлд "гуравдагч хүн"-ийг мэдэрсэн байдаг. Жерри Линэнжeр Атлантис хөлгөөр сансарт нисч оросын сансарын Мир станцад 132 хоног байрласан юм. Дэлхийг 2000 удаа тойрч 80000 км зам туулсан түүний аялал тийм ч амар хялбар зүйл байсангүй. 11 жил ашиглагдсан Мир станц хуучирч, шаардлагатай сэлбэг хэрэгсэл хүрэлцэхгүйгээс станцыг хэвийн ажиллуулахад хүндрэлтэй байв. Мөн байнга шахуу ямар нэгэн гэмтэл гарч, хөлөг дотор гал гарах, удирдлагаа алдах мэтийн бэрхшээлүүд ердийн үзэгдэл болсон байжээ.
Англи хэлээр барагтаа л бол ойлголцохгүй оросын сансарын 2 нисгэгчтэй хамт байсан Жерригийн хувьд ертөнцийн мухарт орь ганцаар хаягдсан мэт санагддаг байв. Тэрээр сансарт өдөр бүр 1 цагийн хугацаагаар гүйлтийн дасгал хийж хэвшчээ. Харин нэгэн удаа дасгал хийж байх үедээ өөрөөс гадна өөр нэгэн хүн түүний ойролцоо байгааг гэнэт мэдэрсэн байна. Тэр хүн 7 жилийн өмнө нас барсан түүний аав нь байв. Тэгээд "чи мөрөөдлөө биелүүлсэн биз дээ, би чамайг үргэлж үнэлж, итгэж байдаг шүү" гэж хэлжээ. Жерри нойрноос гэв гэнэт сэрсэн мэт стресээс ангижирч тайвширсан байна.
Жерри эмчийн мэргэжилтэй, шинжлэх ухаанд тууштай итгэдэг нэгэн. Гэхдээ тухайн үед аав нь түүнтэй уулзаж, түүнд сэтгэлзүйн хүнд байдлаас гарахад тусласан гэдэгт ч бас итгэлтэй байгаа юм. Харин түүний амьдралд ийм үзэгдэл дахин нэг ч удаа тохиолдоогүй байна. Түүний хувьд бусад хүмүүсийн адил амьдрал үхлийн зааг дээр бус илүү тайван нөхцөлд "гуравдагч хүн"-тэй учирсанаараа онцлог юм.
Олаф Бланк ч мөн адил "гуравдагч хүн"-ийг гүйлт мэтийн удаан хугацааны туршид үргэлжлэх дасгал сургуулилтын үед үүсэх боломжтой гэж үзэж байна. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж байх үед бодол санаа нь огт өөр зүйлд төвлөрөх тохиолдол элбэг байдаг. Мөн хэрэв тухайн хүн урьд өмнө нь аминд тулсан эрсдэлтэй байдалд орж байсан бол тэр нь дахин тохиолдох вий гэсэн айдас ийм үед сэргэдэг байна. Улмаар тухайн хүний бодол санаа өдийг хүртэл амьдарч ирсэн бодит ертөнцөөс хөндийрдөг. Энэ нь бие махбодийг хязгаарлагдмал орон зайд тусгаарлагдсан мэтээр эрсдэлтэй байдалд орохтой төстэй ойлголтыг хүний тархинд үүсгэж "гуравдагч хүн"-ийг харах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Шведийн нейрологич Питер Бругер өвчин болон осол гэмтлээс үүдэн гар, хөлөө тайруулсан хүмүүсийг судлаж байна. Тэдгээр хүмүүсийн 90%-д нь алдсан эрхтэнээ хэвийн байгаа юмшиг мэдрэх, тэр ч байтугай өвдөлтийн мэдрэмж нь хүртэл хадгалагдаж үлдсэн байдаг. Үүнийг "хуурмаг гар, хөл" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүний тархи алдсан эхтэнгүүдээ бүрэн бүтэн байгаа гэж итгэсээр байдаг байна. "Гуравдагч хүн"-ий үзэгдэлийн шалтгааныг үүнтэй холбож тайлбарлаж болох юм биш биз? Үнэн чанартаа "гуравдагч хүн" хүний бүхий л бие, эрхтэнд хамаатай.
Бругер толин хайрцагийн тусламжтайгаар хуурмаг гар, хөлтэй төстэй мэдрэмжийг зохиомлоор хялбархан үүсгэж байна. Туршилтад оролцогчдын 2 гарыг хайрцаганд нуугаад зөвхөн нэг гарынхаа дүрс толинд харагдаж байхаар суулгана. Дараа нь 2 гарт нь өөр байдлаар хүрэх, өөр өөр зүйл бариулах зэргээр ялгаатай мэдрэмж үүсгэх туршилт хийхэд оролцогчид зөвхөн толинд харагдаж байгаа гарынхаа үйлдлийг 2 гартаа нэгэн зэрэг мэдэрч байв. Энэ нь нэг ёсондоо мэдрэхүйн эрхтэнүүдийн мэдээллийн зөрөөтэй байдлаас үүдэлтэй тархины төөрөгдөл юм.
Эмчийн мэргэжилтэй Кэн Кимура хүнд хэцүү нөхцөлд эмчилгээ хийж олон хүний амийг аварчээ. Ердийн нөхцөлд хүний бие амиа алдах эрсдэлтэй нөxцөлд бараг ордоггүй. Бид бараг найдвартай хамгаалагдсан аюулгүй орчинд амьдарч байна. Гэтэл зарим хүмүүс өөрийн хүслээр эрсдэлтэй нөхцөлд орох дуртай байдаг. Кимура өөрөө ч Эверэстэд 36 цагийн турш авирч аюултай нөхцөлд орж байсан туршлагатай хүн юм.
Түүнд уулнаас бууж явахдаа цасан нурангад дайрагдаж 8 хамтрагчаа нэгэн зэрэг алдаж байсан тохиолдол бий. Мөн хүний бие эрсдэлтэй нөхцөл байдалд ямархуу гайхалтай хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдгийг нэг бус удаа өөрийн нүдээр үзжээ. Ийм тохиолдолд хүний бие амьд үлдэхийг эрмэлзсэн онцгой горимд шилждэг байна. Гэхдээ энэ бол ямар нэгэн үзэгдэл бус, хүний тархины гайхалтай чадваруудын нэг гэдэгт тэрээр итгэлтэй байна.
Харин Дифранческогийн тохиолдлыг Кимурагийн үзлээр хэрхэн тайлбарлах вэ? Цамхагийг онгоц мөргөсны дараа барилгаас зугтахыг оролдох үед түүний тархи бие махбодыг эсэн мэнд үлдээхийн төлөөх онцгой горимд шилжинэ. Хэт их хичээл зүтгэл гаргасны улмаас бие махбод энергиэ алдаж эхлэнэ. Улмаар хэт их энерги зарцуулагдах тохиолдолд хүний биеийн эрхтнүүд дотроос хэрэглээ хамгийн өндөр байдаг тархины энергийн хангамж дутагдаж эхлэнэ. Энэ үед тархины нэгэн гайхалтай чадвар ажиглагдах бөгөөд биеийн шаардлагагүй хэсгүүдийн энерги зарцуулалтыг хязгаарлаж тархинд ирэх энергийг нэмэгдүүлэх боловч энэ нь тийм ч их удаан үргэлжлэхгүй.
Тархины зулайн хэсэг энергийн дутагдалд орох нь орон зайтай харьцуулан өөрийгөө мэдрэх мэдрэмжинд ноцтой доголдол үүсэхэд хүргэнэ. Дараа нь чамархайн хэсэг энергийн дутагдалд орж харах, сонсох мэдрэхүйн мэдээлэлд үнэн зөв боловсруулалт хийх чадваргуй болно. Үүний улмаас сэтгэлийн хөөрөлд орж, сандарч мэгддэг. Өөрөөр хэлбэл харах, сонсох мэдрэмжээр хүлээн авсан мэдээлэл болон өөрийгөө оршин байгааг мэдрэх мэдрэмжээр тархинд үүсэх тухайн хүний өөрийн дүрслэлд гажилт гарна. Харин тархи тэдгээр мэдээллүүдийн зөрчилдөөнийг засварлаж, тэдгээрийг нэгтгэн нийлүүлэхийг оролдсон дүрслэл үүсгэдэг. Энэ дүрслэл тухайн хүний ойролцоо "гуравдагч хүн" байгаа мэтээр мэдрэгддэг байна. Дифранческо "гуравдагч хүн"-ийг зөв шийдвэр гаргахад ашиглаж амьд гарах замаа олжээ.
Ээж маань байсан, үл таних хүн байсан, аав байсан, гараа сунгангуут алга болсон, эрэгтэй хүн байсан, бурхан гэдэгт итгэлтэй байна, яаж ч бодсон би өөрөө байсан... Хүмүүс "гуравдагч хүн"-ийг өөрсдийнхөөрөө өөр өөрөөр хүлээж авч байгаа боловч түүнийг оршин байгааг нүдээр үзсэн олон хүн батлаж байна. Эрдэмтэд харин түүнийг таны өөрийн бие махбодын хуурмаг дүрслэл, түүнийг таны тархи үүсгэн бий болгож байгаа хэмээн таамаглаж, шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролдож байгаа боловч үүнийг бүрэн батлах боломж хараахан байхгүй байна. Харин "гуравдагч хүн" хэн бэ гэдгийг яг таг хэлэх боломжгүй ч тэр бидэнд туслаж, бидний амь насыг аварсаар байгааг хэн ч няцааж чадахгүй билээ.
Эх сурвалж; National geographic documentary- Science of angels Мэдээлэл, Физиологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх