Рио Тинто компани дэлхийд анхны, холын зайн, хүнд даацын автомат жолоодлогот төмөр замын сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ. Уг сүлжээ баруун австрали дахь төмрийн хүдрийн уурхайг далайн боомттой холбох юм. Нийт 518 сая долларын өртөг бүхий төслийг 2014 оноос эхлэж 1 жилийн хугацаанд гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь баруун австралийн уул уурхайн Pilbara бүс нутагт төмрийн хүдрийн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрсдэл багатай, богино хугацаанд өртөгөө нөхөх хөрөнгө оруулалт болно гэж гүйцэтгэх захирал Sam Walsh хэлжээ.
Төмөр замын сүлжээнд бүрэн автоматжуулалт нэвтрүүлэх нь илүү үр ашигтай, хямд арга замаар өсөн нэмэгдэж буй Азийн зах зээлд эзлэх тус компаний байр суурийг хадгалахад туслах ажээ. Харин автомат галт тэрэгний шугам ашиглалтад орсноор 500 орчим ажлын байрыг цомхотгоход хүргэнэ гэсэн түгшүүр ажиллагсдын дунд гарч байна. Өнгөрөгч сард мэдээлснээр жилийн нийт орлого нь 5.8 тэрбум долларт хүрч буй тус компанийн автоматжуулалтын төслийн хүрээнд жолоочгүй том хэмжээний 150 тэргэнцэр, алсын удирдлагатай өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг байгуулна гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар тус компани төмрийн хүдэр тээвэрлэх зориулалттай 9400 тэргэнцэр, 148 зүтгүүрийг тус тус оролцуулаад нийт 41 галт тэргээр уурхайгаас боомт хүртэлх 1500 км урт бүхий сүлжээгээр тээвэрлэлт явуулж байна. Дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг Рио Тинто баруун австрали дахь уурхайн бүсийн олборлолтын жилийн хүчин чадлыг ирэх оны дунд үе хүртэл 230 сая тонноос 283 саяд хүргэхээр төлөвлөж байгаа бол 2015 оны дунд үе гэхэд хүчин чадлыг 353 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад дэлхийн хөгжингүй орнуудад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үүднээс төмөр замын тээвэрлэлтэд шатах түлш ашиглахаас татгалзах болж, цахилгаан тэжээлд бараг бүрэн шилжээд байна. Манайд томоохон уурхайнуудаас хил хүртэл төмөр зам татах, цаашид баруун аймгуудыг холбосон төмөр замын сүлжээ байгуулах томоохон төслүүд яригдаж зарим нь эхлэлийн шатандаа явж байгаа билээ.
Автомат төмөр зам байгуулахаа байг гэхэд ядаж зүтгүүрүүдээ цахилгаанаар ажилладаг болговол томоохон дэвшил болно. Үүнд шаардагдах цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламжуудын ажил тодорхой хэмжээгээр шинэ ажлын байруудыг бий болгож, хүмүүсийн орлого, амьдралын түвшинг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлөх учиртай билээ.
эх сурвалж, physorg Мэдээлэл, Технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх