Хэрэв та зочны өрөөндөө ямар нэгэн дуу сонсохыг хүсвэл юу хийх ёстой вэ. Эхлээд зөөлөн буйдангаасаа босч ханын шүүгээг онгойлгоод, зэрэгцүүлэн өрсөн олон CD-үүд дундаас хүссэн цомгоо эрж хайх шаардлагатай болно. Зөв цомгоо олсны дараа дуу тоглуулагчдаа байрлуулж тоглуулах товчыг дараад, алсын удирдлагаа авч буцаад буйдан руугаа зүглэнэ. Хэрэв CD буруу хавтасанд байвал, эсвэл дараагийн дууг өөр дуучны цомгоос сонсохыг хүсвэл дээрх үйлдлүүдийг эхнээс нь дахин давтах хэрэгтэй болно.
Яг ийм тохиолдолд таныг буйдангаас нэг ч удаа босголгүйгээр хүссэн дуунуудаа үргэлжлүүлэн сонсоход DLNA стандарт туслана. Зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй видео бичлэг, кино, фото зураг, телевизийн нэвтрүүлэг зэрэг медиа контентүүдийг хүссэн төхөөрөмжүүд дээрээ сонгон үзэж хэрэглэх боломжийг мөн адил олгож байна.
Технологийн дэвшлийн ачаар сүүлийн жилүүдэд гэр ахуйн хүрээнд ашиглагддаг медиа контентүүд CD, DVD, Blu-ray дискний төрлүүдээс гадна хатуу диск болон үүлэн үйлчилгээнд төвлөрөх хандлага ажиглагдаж байна. Үүнд зөөврийн болон суурин хатуу диск, SD зэрэг картууд, тэдгээрийг агуулсан видео камер, фото зургийн аппарат, дуу дүрс тоглуулагч, компьютер, тоглоомын консол зэрэг төхөөрөмжүүд хамаарагдана.
DLNA стандарт нь утастай (LAN) болон утасгүй (WiFi) холболтын тусламжтайгаар эдгээр төхөөрөмжүүдийн хооронд мэдээллийг чөлөөтэй дамжуулах зорилготой юм. Хэрэв та уг стандартыг агуулсан (DLNA certified тэмдэглэгээ бүхий) төхөөрөмжүүдтэй бол жишээ нь ухаалаг утаснаасаа удирдаж компьютерийнхээ хатуу дискэнд хадгалагдаж байгаа видео бичлэгийг зурагтныхаа дэлгэцээр үзэх боломжтой болно.
DLNA буюу Digital Living Network Alliance хэмээх ашгийн бус байгууллага 2003 онд Сони компаний санаачлагаар байгуулагдсанаас хойш 26 үүсгэн байгуулагч, дэмжигчээс гадна дэлхийн 250 гаруй компанийг эгнээндээ нэгтгэж байна. Тус байгууллагын гишүүдэд IBM, Intel, LG, Sony, Hewlett-Packard, Samsung Electronics, Sharp, Sony Electronics, Nokia зэрэг цахилгаан бараа, компьютер, автомашин, хагас дамжуулагч үйлдвэрлэгч, интернет үйлчилгээ үзүүлэгч дэлхийн хэмжээний компаниуд хамрагдаж байгаа юм.
Өнгөрсөн оны 1-р сарын байдлаар ахуйн хэрэглээний 9000 төрлийн электрон төхөөрөмжид DLNA сертификат олгогдоод байгаа бол уг стандартыг дэмждэг төхөөрөмжийн тоо энэ онд 440 саяд хүрэх төлөвтэй байна. Сүүлийн үеийн HD телевизор, ухаалаг утаснаас авахуулаад зөөврийн тоглоомын консолууд хүртэл уг стандартыг дэмждэг ахуйн хэрэглээний олон төрлийн төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна.
DLNA төхөөрөмжүүд хэрэглэгч болон сервер гэсэн 2 төрөлд хуваагдана. Сервер нь медиа контентүүдийг хэрэглэгч төхөөрөмжүүдэд түгээх үүрэгтэй. Компьютер, NAS drive, таблет, ухаалаг утас зэрэг нь серверт тооцогддог бол телевизор, компьютер, Blu-ray бичигч, дуу тоглуулагч зэрэг нь хэрэглэгч төхөөрөмжид тооцогдоно. DLNA-ын тусламжтайгаар серверээс контентыг дамжуулахын тулд серверийн програм хангамжыг суулгах шаардлагатай.
Twonky, TVersity, PS3, Media Player, Plex зэрэг компьютерт зориулагдсан серверийн програмууд байдаг бол Media: connect (iOS), UPnPlay (Android), Twonky (Android), Plex (iOS & Android), AirPlayer (iOS) зэрэг ухаалаг утас, таблетүүдэд зориулагдсан апликэшн програмууд байдаг. Мөн серверийн програмын үүрэг бүхий зарим төрлийн апликэшнийг iStore болон Google play-ээс үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой.
Харин NAS drive зэрэг зарим төрлийн төхөөрөмжүүдэд програмыг үйлдвэрлэгчээс суулгаж өгсөн байдаг. Сервер програмыг суулгасны дараа ямар төрлийн контентүүдийг түгээхийг заасан тохируулга хийх шаардлагатай. Хэрэв телевизорт контент түгээх бол эхлээд ямар нэгэн серверийн программ танигдаж байгаа эсэхийг хайлт хийж шалгах хэрэгтэй болно. Хэрэв танигдахгүй байгаа бол өөр төрлийн серверийн програмыг суулгах шаардлагатай болно.
Учир нь үйлдвэрлэгчээс хамаараад телевизорууд зарим төрлийн програмыг дэмждэггүй. DLNA тэмдэглэгээ бүхий ихэнх төрлийн электрон төхөөрөмжүүд уг технологийг дэмждэг боловч зарим хязгаарлалтууд байдаг. Тухайлбал видео контент гэхэд л avi, mpeg2, mpeg4, wmv, DivX мэтийн олон төрлийн формат байдаг боловч телевизорын төрлөөс хамааруулаад заримыг нь дэмжихгүй тохиолдол бий. Мөн 1080p формат бүхий кинонуудыг зарим төрлийн програм болон серверүүд дэмждэггүй.
DLNA стандартыг дэмждэг төхөөрөмжүүдийн жишээ;
Ухаалаг утас
* Samsung Galaxy Note
* Samsung Galaxy SII
* Samsung i9000 Galaxy S
* Sony Ericssson Xperia Arc
* HTC Sensation
* LG Optimus 2X
* Motorola Defy +
* Nokia E5
Телевизор
* BRAVIA™ HD TV (LED & LCD) – HX925 Series
Дижитал медиа тоглуулагч
* LG Media Station MS400
Тоглоомын консол
* Sony Playstation CECHH00
Рүүтэр
* D-link HD Media Router 3000 DIR-857
Сүлжээний холболт бүхий хадгалах төхөөрөмж
* Seagate BlackAmor NAS 220 2TB
Фото камер
* Sony Cybershot DSC-G3
Принтер
* HP Photosmart Premium Fax All-in-One Printer CQ521
Зугаа, Технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх