PlayStation Vita

Sony компани PlayStation Vita-г худалдаанд гаргаснаар уламжлалт зөөврийн тоглоомын хэрэгслүүдэд ухаалаг утас болон таблетийн зарим боломжуудыг нэмж ийм төрлийн төхөөрөмжүүдийг түгээмэлжүүлэхийг оролдож байна. Харамсалтай нь иймэрхүү оролдлого элдэв технологийн эв хавгүй цуглуулга болж хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрөгч сард худалдаанд гаргасан Sony Vita гадна байдлаараа 7 жилийн өмнөх "өвөг эцэг" PlayStation Portable-тэй төстэй болжээ.

Харьцангуй том хэмжээний дэлгэцийн хоёр талаар тоглоомын удирдлагын товчлууруудыг байрлуулсан байна. Гэхдээ ухаалаг утасны зарим боломжийг зээлдэж даралт мэдрэх дэлгэцийг агуулах болжээ. Ийм төрлийн дэлгэцийн давуу тал нь хөлбөмбөг тоглох үед бөмбөг дамжуулах, тулаант тоглоомд цохилт хийх зэрэг зарим төрлийн үйлдлүүдийг хялбар гүйцэтгэх боломж олгож байна.

Мөн хос камер суурилуулагдаж фото зураг авах, бодит болон хийсвэр орчинг хосолсон тоглоом тоглох, найз нартайгаа видео чат хийх боломжтой болсон байна. Үүнээс гадна тоглоомын их биеийн хазайлтыг мэдрэх хөдөлгөөн мэдрэгчийг агуулж байна. Мөн WiFi болон 3G утасгүй сүлжээнд холбогдож интернетээр аялах, апликэшн програм татаж авах боломжтой болжээ. Тэдгээр апликэшнүүд нь Facebook, Twitter-т холбогдож, ойролцоо байрлах Vita тоглоом сонирхогчийг эрж олоход туслана.

Карт хэлбэрийн уламжлалт тоглоомуудаас гадна ухаалаг утасны апликэшнтэй адилаар Vita-д зориулан бүтээсэн тоглоомуудыг интернетээс татаж авч тоглох боломжтой. Үүгээр хэд хэдэн тоглоомыг мемори картад нэгэн зэрэг хадгалж, хүссэн тоглоомоо тоглоомын картгүйгээр тоглох боломжийг бүрдүүлжээ. Үүнд Vita-д зориулан бүтээгдсэн 25 шинэ тоглоомоос гадна 275 PSP тоглоомыг Sony-гоос татаж авах боломжтой.

Хэрэв та ухаалаг утсандаа хэдэн мянган тоглоом суулгаж тоглодог бол түүнтэй харьцуулахад цөөхөн санагдаж магад. Гэхдээ уламжлалт тоглоомын консолын стандартын хувьд хангалттай тоо юм. Тэгээд ч илүү чанартай тоглоомуудыг харьцангуй урт хугацаанд тоглох боломжтой. Харин апликэшний хувьд харьцангуй цөөхөн, одоогоор зөвхөн 20 төрлийнх байна.


SONY PLAYSTATION VITA тоглоом
Давуу тал; Өндөр нягтрал бүхий дэлгэц, дундаж үнэ, хос товчлуурууд, өндөр чанартай тоглоомууд.

Сул тал; Нарийн төвөгтэй, ойлгомжгүй удирдлага, болхидуу интерфейс, цөөхөн апликэшн, зөвхөн нэг төрлийн мемори карт шаарддаг, зөөврийн төхөөрөмжийн хувьд харьцангуй том хэмжээтэй.

Үзүүлэлтүүд; 5 инчийн OLED даралт мэдрэх дэлгэц, хос аналог жойстик удирдлага, ар талын даралт мэдрэгч, урд болон ар талын камерууд

Үнэ; WiFi загвар нь 250 доллар, WiFi болон 3G дэмжих загвар нь 300 доллар.
Веб: us.playstation.com

Vita-д зориулагдсан шилдэг 5 тоглоом
WipeOut 2048
Ирээдүйн дүр төрхийг агуулсан өмнө байгаагүй уралдаант тоглоом, гоёмсог график дүрслэл, хангалттай арвин агуулга, өндөрлөг зам болон хурдны гайхалтай мэдрэмж.


Rayman Origins
Хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдийг ч дурлуулах сэтгэл татам 2D орчин. Гэгээлэг, гоемсог график дүрслэл нь Vita-гийн OLED дэлгэцийн төгс чанарыг илтгэнэ.


Ultimate Marvel vs Capcom 3
Хавтгай орон зайд тулалдах Capcom төрлийн тоглоомын сүүлчийн хувилбар.


Uncharted: Golden Abyss
Тулаант болон адал явдалт төрлийн тоглоомын энэ гайхалтай хувилбар PlayStation 3-аас хойш хийгдэж буй эрс өөрчлөлтийг илтгэнэ.


Super Stardust Delta
Сэтгэл догдлуулсан тоглоомын удирдлага тоглогчийг Vita-гийн орчинд орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ.


эх сурвалж; physorg & gizmag

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх