leap 3D - дохио зангааны удирдлагын шинэ төхөөрөмж

Leap Motion компанийн бүтээсэн шинэ мэдрэгч төхөөрөмж дохио зангааны удирдлагын технологийг гайхалтай түвшинд хүргэж байна. Ийм төрлийн удирдлагын системийн анхдагч нь 2006 онд худалдаанд гарсан Nintendo Wii тоглоомын удирдлага юм. Улмаар Майкрософт компани кинект удирдлагын төхөөрөмжийг бүтээж 2010 оны 11 -р сард худалдаанд гаргасан нь Xbox тоглоомын консолыг амжилт олоход голлон нөлөөлсөн билээ.

Дохио зангааны удирдлагын хэрэглээ өмнө нь зөвхөн тоглоомын консол болон телевизорын технологиор хязгаарлагдах мэтээр төсөөлөгдөж байсан бол кинектийн компьютерт зориулсан хувилбар энэ оны эхээр бүтээгдээд байна. Харин Leap удирдлагын мэдрэгчийн нарийвчлал миллиметрийг 100 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээнд хүрсэн нь өмнө бүтээгдсэн адил төрлийн төхөөрөмжүүдээс даруй 200 дахин өндөр үзүүлэлт юм.

Нарийвчлалын ийм түвшинд удирдлагын ямар ч төвөгтэй үйлдлийг хурууны үзүүрээр хялбар гүйцэтгэж боломж бүрдэж байна. Хэт улаан туяаны мэдрэгчийн тусламжтайгаар энгийн нүдэнд ч үл анзаарагдам хөдөлгөөнийг 1.2 метр куб орон зайд өндөр нарийвчлалтайгаар мэдрэх боломжтой. Энэ нь суурин болон зөөврийн компьютертэй ажиллах хамгийн үр ашигтай зайн хүрээг хамарч байгаа юм.

Мөн төхөөрөмжийн овор хэмжээг ч хангалттай багасгаж хоёр ширхэг флаш дискний хэмжээтэй болгожээ. Leap удирдлага хэдийгээр өндөр нарийвчлалтай боловч үнийн хувьд кинектээс 3 дахин хямд, дөнгөж 70 доллораар үнэлэгдэж байна. Одоогоор уг төхөөрөмжийн урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд энэ оны эцсээр хязгаарлагдмал тоогоор худалдаалж эхлэхээр төлөвлөж байна. Майкрософт компани өмнө нь кинект удирдлагын технологийг нууцлаж байснаас түүнийг хакердаж тоглоомоос бусад хэлбэрээр ашиглах оролдлогууд цөөнгүй гарч байсан билээ.

Тэгвэл Leap удирдлагын төхөөрөмж хэрэглээний хувьд хязгааргүй хэмээн зохион бүтээгчид мэдэгдэж байна. Учир нь төхөөрөмжийг чөлөөтэй ашиглах боломжийг технологи хөгжүүлэгчдэд нээлттэй олгож, цаашид өргөн хүрээнд олон төрлийн хэрэглээнд нэвтрүүлэх үүд хаалгыг нээжээ. Мөн програм хангамжийн хувьд ч авсаархан учир ухаалаг утас зэрэг зөөврийн төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой юм байна.

Одоогийн байдлаар шинэ удирдлагын төхөөрөмжийн хэрэглээний хэлбэрүүдийг зохион бүтээгчид дараах байдлаар төсөөлж байна. Үүнд;

  • Хурууны дохих хөдөлгөөнөөр үйлдлийн систем болон веб хөтчийг удирдах
  • Ухаалаг утасныхтай төстэй хэлбэрийн хурууны хөдөлгөөнөөр зургийг томруулж жижигрүүлэх
  • 3D загвартай ажиллах
  • 2 болон 3 хэмжээст зургийг өндөр нарийвчлалтайгаар зурах
  • Төвөгтэй бүтэц бүхий 3D дүрслэлийг удирдах
  • Тоглоомыг өндөр хурд бүхий хөдөлгөөнөөр удирдах
  • Агаарт бичилт хийх замаар дижитал бичиг баримтад гарын үсэг зурах.







эх сурвалж, cnet

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх