Дэлхий дээр амьдрал үүссэнээс хойш ойролцоогоор 4 тэрбум жилийн дараа хүнтэй төстэй анхны амьтад үзэгдэж эхэлсэн гэдэг. Хүн төрөлтөн эртний өвгөөсөө ойролцоогоор 10 сая жилийн өмнө салбарлажээ. Гэвч тэдний бүх биеэр үс бүрхэж, одоогийн хүнээс хамаагүй өөр дүр төрхтэй байв. Тэд тодорхой цаг хугацааны дараа толгой зэрэг хэдхэн хэсгийг эс тооцвол биенийхээ үснээс салж өнөөгийн төрхийг олжээ.
Үсгүй болсон хүн төрөлтөн байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан хувцас өмсөх шаардлагатай болох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ хүний хувцас ч, үс ч ямар нэгэн ул мөр үлдээдэггүй учир яг хэзээ үснээсээ хагацаж, хувцас өмсч эхэлсэнийг тодорхойлох боломжгүй юм. Гэвч саяхнаас эдгээр ул мөрийг илрүүлэхэд төсөөлж ч байгаагүй "хамтрагчид" маань туслаж байна. Түүхийн уртад баларч арилсан ул мөрүүдийг сэргээж өгсөн амьтан бол хөөрхөн гэж хэлэхэд хэцүү, бяцхан шимэгч бөөс юм.
Бөөс бол хүн төрөлтөн үүссэн цагаас эхлэн хамт оршин байж, хамт хувьсан өөрчлөгдсөөр ирсэн амьтан юм. Хэрэв хүүхдийнх нь үснээс бөөс олдсоныг сонсвол ихэнх эцэг эхчүүд уурлаж бухимдахаа урьтал болгоно. Харин эцэг эх нь хувьсал судлаач эрдэмтэн бол арай өөрөөр хүлээж авдаг байж магадгүй юм. Манчестерийн их сургуулийн Хувьслын судалгааны хүрээлэнгийн судлаач Марк Стонкингэд хүүхдийнх нь сурч буй сургуульд толгойн бөөс илэрсэн тухай мэдээлэл ирсэн байна.
Сургуулиас ирүүлсэн материалууд толгойн бөөсний тухай маш чухал мэдээллүүдийг агуулж байв. Түүний сонирхолыг "толгойн бөөс зөвхөн толгойд л байрлаж үрждэг", "хүний цус сорохгүй бол амьдрах нөхцөлгүй" гэсэн 2 зүйл татаж багахан судалгаа хийж үзээд сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Бөөс, хүн дөнгөж үүссэн цаг үед хамаарах нууцыг агуулж байв. Хүний үүсэл, хувьслын тухай ихэнх мэдээллийг булш, бунхануудаас илрүүлдэг. Эрдэмтэд эртний хүний араг ясыг судлаж жижигхэн биетэй, үсэрхэг амьтад хэрхэн том хэмжээний тархи бүхий хүн болон хувирсан нууцыг нээсээр ирсэн.
Гэвч араг ясыг хичнээн судалсан ч мэдэх боломжгүй асуудлууд гэж байдаг. Жишээ нь хүн яг хэзээнээс хувцас өмсч эхэлсэн бэ. Энэ асуултад хариулт өгөхөд туслах шууд нотлогоо ширхэг ч байхгүй бөгөөд байх ч боломжгүй мэт төсөөлөгдөнө. Хүн хувцас өмсч эхэлсэн хугацаа эрдэмтэдийн хувьд маш чухал бөгөөд магадгүй балар эртний хүмүүс хэзээ африк тивээс нүүдэллэн бусад тивүүдэд тархсаныг нотлоход хүргэж ч магадгүй юм.
Хувцастай холбоотой хамгийн эртний цаг үед хамаарах олдвор нь ойролцоогоор 40 мянган жилийн өмнөх ясан зүү байсан юм. Гэвч хүн түүнээс хамаагүй эрт, цаг агаарын ялгаатай нөхцөл бүхий өргөн уудам нутагт тархан суурьшсан нь эртний хүний булшны олдворуудаас нотлогддог. Биеийн үсээ гээсэн хүн төрөлтөн хүйтнээс биеэ хамгаалах зорилгоор анх хувцас өмсч эхэлжээ. Энэ цаг хугацааг тогтооход бөөс туслана. Мөн түүний туслалцаатайгаар хүний хувьслын үе шатуудад хамаарах нууцлаг мэдээллүүдийг ч тодорхойлох боломжтой юм.
Марк Стонкинг толгойн бөөснөөс гадна хувцасны бөөсийг ч бас судлажээ. Тэдгээр нь хоорондоо адил төстэй мэт харагдавч хэд хэдэн томоохон ялгаа бий. Хувцасны бөөс зөвхөн хувцас болон орны хэрэглэлд өндөглөж, үрждэг. Толгойн бөөснөөс ялгаатай нь хүнийг үхэлд ч хүргэх аюултай халдварт өвчнүүдийг тараах эрсдэлтэй. Үүнд гэдэсний хижиг, халуун хумхаа, дахидаг хижиг өвчнүүд орно. Наполёон Оростой дайтах үед хувцасны бөөснөөс үүдэлтэй хижиг өвчин дэгдэж түүний армийн маш олон цэргийн амь насыг авч одсон байдаг.
Хувцасны бөөс нь толгойн бөөстэй нэг гарал үүсэлтэй бөгөөд яг хэдийд 2 зүйлд хуваагдан салсаныг мэдэх замаар хүн хувцас өмсч эхэлсэн хугацааг тодорхойлох боломжтой юм. Өөрөөр хэлбэл хүн хувцас өмсч эхэлсэнээр бөөс амьдрах шинэ орчин бүрэлдэж, түүнд дасан зохицож, хувьсан өөрчлөгдөхөд хүргэжээ. Флоридагийн Байгалийн Түүхийн музеийн судлаач Дэвид Рийд толгойн болон хувцасны бөөс өөр өөр төрөл болон салсан цаг үеийг олохын тулд "Молекулын цаг" хэмээх генийн судалгааны аргачлалд тулгуурлан цаг хугацааны хэмжилтийг хийсэн байна.
Судалгаагаар эртний бөөс 170 мянган жилийн өмнө хоёр төрөлд хуваагдан салсан нь тодорхойлогдов. Энэ нь мөн адил цаг хугацааны үечлэлд хүн хувцас өмсч эхэлсэнийг илтгэж байгаа хэрэг юм. Тухайн үед эртний хүмүүс африк тивд байсан гэж үздэг боловч тэд аль хэдийн хувцас бүтээх технологийг эзэмшсэн байжээ. Магадгүй энэ нь бусад тивүүд рүү нүүдэллэх урьдчилсан нөхцөл болсон гэж эрдэмтэд үзэж байна.
Бөөсний судалгаа хүн хувцас өмсч эхэлсэн хугацаанаас гадна хэзээ биеийнхээ үснээс салсаныг тодорхойлох боломж олгож байгаа юм. Энэ нь хувьсал судлаач эрдэмтэдийн хувьд маш сонирхолтой сэдэв боловч өмнө нь хэн ч судлаж байгаагүй ажээ. Судалгаанд толгойн бөөснөөс дутахгүйгээр хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг умдагний бөөс туслав. Бөөсний энэ төрөл зүйл зөвхөн хүний бэлэг эрхтний орчимд л амьдрана. Умдагны бөөс нь биедээ харьцангуй их хэмжээний үстэй байдгаараа онцлог бөгөөд толгойн болон хувцасны бөөснөөс тэс өөр төрөл зүйл юм.
Хүнээс өөр төрлийн, тухайлбал горилла сармагчний бөөстэй тун төстэй, түүний ойрын төрөлд тооцогддог. Гориллагаас хэрхэн хүний биед шилжсэн нь тодорхойгүй байдаг боловч үүрэнд нь байрлах, эсвэл махыг нь хүнсэндээ хэрэглэх үед шилжсэн хэмээх таамаглалуудыг эрдэмтэд дэвшүүлдэг. Хүн төрөлтөн биеийн үсээ гээснээс шалтгаалан толгой болон биеийн доод хэсгийн хооронд бөөсний хувьд туулж баршгүй хил хязгаар бүрэлдэн тогтжээ. Хэрэв тиймгүй бол магадгүй тэдгээр бөөснүүд толгойд ч, бэлэг эртхэн орчимд ч холилдон амьдрах учиртай юм.
Иймд умдагний бөөс хүний биед нутагших болсон цаг үеийг тодорхойлбол хүн үсээ гээсэн хугацааг ч бас мэдэх боломжтой. Дэвид Рийд хүний умдагний болон гориллагийн бөөсний ДНХ-ийн шинжилгээ хийж үзээд тэдгээр нь 3 сая жилийн өмнө хоёр төрөл зүйл болон салсан гэдгийг тогтоосон байна. Хүн мөн адил 3 сая жилийн өмнө биеийнхээ үсийг гээжээ. Өмнө нь эрдэмтэд энэ хугацааг 1 сая жилээс багагүй гэж үзэж байсан бол түүнээс ч эрт гэдэг нь тодорхой болов. Хүн үсээ гээснээр биеийнхээ арьсаар дамжуулан хөлсийг маш үр ашигтайгаар ялгаруулах болж, биеийнхээ температурын хэмжээг тохируулах боломжтой болсон юм.
Үүний үр дүнд илүү хол зайд гүйх чадварыг эзэмшин ан амьтан агнаж, их хэмжээний уургийг хүнсэндээ хэрэглэх болсоноор тархины хэмжээ томрох нөхцөл бүрджээ. Үсээ гээсэн явдал нь хүний хувьсалд маш чухал үүрэг гүйцэтгэж, орчин үеийн ухаант хүн үүсэхэд түлхэц болсон юм. Иймэрхүү байдлаар хүний хувьслийн түүхийн цагаан хуудсуудыг сэргээн бичихэд бидний хорсолт "хамтрагч" бөөс туслаж байна. Тэд бидэнд маш чухал мэдээллүүдийг дамжуулан өгч байна. Иймд бид бөөс үзвэл няцлахыг урьтал болгодгоо больсон ч буруудахгүй буй заа.
эх сурвалж, WGBN Where did we come from & NHK Генетик, Физиологи
14 сэтгэгдэл:
Нэг юм санагдчихлаа. Jurrasic park дээр модны давирхайд ороод үлдчихсэн эртний шумуулнаас үлэг гүрвэлийн цус буюу ДНК-г нь олсон гээд байдаг шиг тэр үеийн хүнийг хазаад мөс давирхай ямар нэг хадгалж болохуйц зүйлд ороод хадгалагдчихсан шимэгч хорхой байхгүй юм байх даа. Тэгвэл тэр үеийн хүний ДНК олдох болов уу.
Арслан зааны чулуужсан өндөг өө? Өндгөн эс юмуу?
Нэг бараг бүтнээрээ шахуу тугал олдсон ш дээ тээ. Тэр чинь одоо тэр чигээрээ л ДНК биз дээ. Түүнээс арслан зааныг дахиад бүтээж болохгүй юм байх даа.
Odoogoos 100 jiliin omno boosgui hun delhiid ih hovor baisan gej oilgoj bolno baih. Bidnii uye chine boosgui hunii shine torliin dongoj 3-4 dehi uye n. Ter baitugai odor bur usand ordog humuus buyu amerikuud ch boostdog. Mongoliin dund surguuluidad haaya huuhed boostoh uzegdel tohiolddog getel amerikt ch gesen surguuluidad tiim yums tohiolddog hichineen aruin tsever ondor baigaad yalgaagui. Bidnii biye chine mash tom eko-sistem olon torliin parasit amitad tejeedeg bio-orchin l doo yah arggui.
тэхээр би бөөстөх боломжтой байх нь , гэхдээ яг хаанаас хэхэ тэр нь сонин юм
нэг эргэлзээтэй зүйл байна. хүн үс ноосноосоо 3 сая жилийн өмнө нь салсан юм бол бараг 3 сая шахам жил хувцасгүй явсан хэрэг болж таарч байна уу? хувцасны бөөс 170 мянган жилийн өмнө үүссэн гэхээр тэгэж л таарна биз дээ?
Иймд бид бөөс үзвэл няцлахыг урьтал болгодгоо больсон ч буруудахгүй буй заа.
Юу гэж ойлгох уу. Тэжээгээд л байх уу, Хааяа хааяа томруулдаг шилээр харчихаад л толгой руугаа сүрэгт нь буцааж тавиад байхаас.
бөөс, бөөсөөр дамжин халдварладаг өвчнүүд, human migration оор судалгаа хийдэг хүн байна уу эсвэл энэ чиглэлээр судалгаа хийдэг хүнийг танидаг бол naran07@gmail.com d bicheerei
Сэтгэгдэл үлдээх