Ухаалаг утсанд зориулан дүрс таних үйлчилгээ гаргажээ

NEC компани ухаалаг утас хэрэглэгчдэд зориулан дүрс таних Gaziru хэмээх үйлчилгээг энэ сараас эхлэн гаргажээ. Уг үйлчилгээ утасны камераар авсан фото зургийг мэдээллийн сантай харьцуулан зурган дээрх обектийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх зорилготой юм. Технологийн хувьд обьектийн дүрсийг таньж ухаалаг утсанд суулгах програм хангамжийн тусламжтайгаар үр дүнг шууд үзүүлэх, мөн таньсан дүрсийг сервер буюу үүлэн дэх мэдээлэлтэй харьцуулсан боловсруулалт хийх замаар үр дүнг үзүүлэх хоёр хувилбарыг бүтээжээ.

Уг систем фото зургийг таних чадварын хувьд дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн хэмээн үйлдвэрлэгчид нотлож байна. Үүнээс гадна мэдээллийг шахаж харьцангуй бага хэмжээний хадгалах багтаамж ашиглах, боловсруулалтыг аль болох бага хэмжээгээр хийж санах ой бага эзлэх технологийн боломжыг тус тус бүрдүүлж үүрэн төхөөрөмжид тохиромжтой байлгах тал дээр томоохон ахиц гаргажээ.

Gaziru үйлчилгээний хэрэглээний хувьд бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулагч компаниудад тохиромжтой бөгөөд сурталчилгааны зах зээлийн илүү өргөн боломжийг нээж байна. Тухайлбал хуучин автомашин борлуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаалах, түрээслэх үйлчилгээнд ашиглаж болно. Эдгээр тохиолдлуудад хэрэглэгч автомашин болон байшин барилгын нэр, хаягийг бичиж, хайлт хийх шаардлагагүй бөгөөд фото зургийг авч, илгээх товчийг дарах төдийд дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Эсвэл өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ жор бүхий шпагетти хийж, фото зургийг авсан тохиолдолд сүлжээгээр дамжуулан сервер дээрх зургуудаас хайлт хийх замаар хамгийн илүү төстэй байж болох мэдээллүүдийг илгээнэ. Тэдгээрийн үндсэн дээр хоолны төрлөөс авахуулаад, голлох материалуудыг ч ойролцоогоор мэдэх боломжтой юм байна.





эх сурвалж, diginfo

,

9 сэтгэгдэл:

Энэ чинь миний яриад байсан Google-ийн хайлтын шинэ арга зам байхгүй юу даа. Одоо л дөнгөж технологи нь гарч байгаа юмуу. Үүнийг Гүүгл ашиглах хэрэгтэй шд. Жишээ нь би нэг алдартай зургийг хэний ямар зургийг мэдэхгүй байна мэдмээр байна, зургийг нь авлаа Гүүгл рүү оруулаад хайлаа үр дүн нь гарч ирлээ. Газар орон байшин барилга өөр юу ч байж болно шд. Энэ технологийг Гүүгл авмаар юм. Би Гүүглийн хайлтын системийг шинэчилмээр санагдаад байгаа шд. Зөвхөн үгэн өгөгдлөөр мэдээлэл хайх бол одоо бидний хэрэгцээг хангахгүй болоод байна.

Cаарал хариулав... 6/13/12, 7:10 PM

Гүүгл зургаар хайлт хийдэг шүү дээ, эсвэл тэрнээс өөр хайлтын тухай яриад байна уу?

Хүрэлхуяг Магсар хариулав... 6/15/12, 11:04 AM

Googles апп-ийг хэрэглээд үзээрэй. Гүүгл аль хэдийн апп хийчихсэн

хариулах...

Үгүй ээ, яг таны хэлснийг л хэлээд байна л даа. Гүүглийн зураг хайлт нь тухайн зурагтай ижил өнгөний сонголт бүхий, эсвэл тэр зураг байгаа вэб хуудсыг л харуулдаг болохоос зурган дээр байгаа биетийг таньж чаддаггүй шд. Жишээ нь би нэг машины маркийг мэдэхгүй байя. Тэгээд тэр машины зургийг гар утсаараа аваад гүүгл рүү оруулаад хайнгуут гүүгл тэр зурган дээрх машиныг detect хийгээд түүнтэй ижил төстэй байж болох машинуудын зургийг эсвэл мэдээллийг харуулдаг ч юмуу. Эсвэл би нэг алдартай байшинг мэдэхгүй байж гэж бодъё. Тэгээд тэр байшингийн зургийг оруулаад хайхад тэр байшинг мэдрээд энэ цагаан ордонтой адилхан байна гэж мэдрэнгүүтээ холбогдох мэдээллийг гаргаж ирдэг байх ч юмуу.

Cаарал хариулав... 6/17/12, 1:13 AM

Зураг боловсруулах хэд хэдэн арга байдаг. Гүүгл болон дээрх үйлчилгээ яг ямар аргыг ашиглаж байгааг ухаж төнхөж үзсэнгүй. Зургууд төстэй эсэхийг шалгахад хамгийн түгээмэл ашиглагддаг гистограмын аргыг ашиглаж байгаа байх гэж таамаглаж байна. Энэ нь ихэвчлэн өнгөний мэдээлэлд тулгуурладаг учир зургийг тэр болгон сайн таниж чаддаггүй.

Үйлдвэрийн автоматжуулалт, роботын технологид ихэвчлэн хар цагаан зураг авч түүний хүрээгээр дүрсийг таних арга өргөн ашиглагддаг. Энэ тохиолдолд таних дүрсийг урьдчилан авч бэлтгээд түүнтэй харьцуулах замаар танилт хийгдэнэ. Дээрх үйлчилгээнд машин, барилгын зургийг танихад энэ аргыг ашиглаж байгаа байх. Харин шпагеттиг танихад гистограмийн арга илүү тохиромжтой.

Япончууд жишээ нь хүнсний дэлгүүрт бүтээгдэхүүнийг баар код уншуулах бус, камераар дүрс боловсруулалт хийж таних системийг боловсруулж байна. Гэхдээ энэ нь бас л гисторграм ашиглаж байх жишээтэй. Тэгэхээр Нараагийн хүсч байгаа шиг боломж бүхий зураг таних технологи хараахан бий болоогүй байна гэж ойлгож болох байх.

хариулах...

Надад бас нэг хүсэлт байгаа. Гэхдээ энэ аль хэдийн гарсан, эсвэл ойрын хугацаанд гарчих байхаа. Манай тв нэтэд холбогддог л доо, гэхдээ зөвхөн хязгаарлагдмал функцээр. Skype, youtube-ын хязгаарлагдмал аппликешн л байгаан.
Одоо манай гэрийнхэн нэтээр их кино үзэж байна л даа. Тэгээд яаж байна гэхээр ноутбүүкээ HDMI залгуураар тв-тэйгээ холбоод дэлгэцээ шууд тв дээр гаргаад нэтээр кино үзэж байгаа юм. Заримдаа надад миний энэ хуучин ноүтбүүк хэрэг болоод байдаг, гэтэл манай хүүхдүүд өгдөггүй. Одоо бүр байнгын тв-тэй холбоотой нэг DVD тоглуулагч шиг л байж байдаг болсон. Тэгээд энэ тв нь өөрөө яг РС шиг чөлөөтэй нэт орж болдог бас янз бүрийн медиаг (CD, DVD, MP3, мөн бүх төрлийн медиа файлууд) ажиллуулж үзэж болдог болоосой гэж их хүсэх юмаа. Тийм тв аль дээр гарсан байх л даа. Гэхдээ яг РС шиг хэрэглэж болдог нь байдаг юм болов уу?

Cаарал хариулав... 7/6/12, 6:25 PM

Яг тийм төхөөрөмж байдаг эсэх талаар дуулаагүй юм байна. Хаард диск, флаш диск зэргийг холбоод тэдгээрт бичигдсэн кино видеог дижитал зурагтад үзэж болдог тоглуулагчууд бол гарсан байсан. Мөн ТВ, радиогийн онлайн дамжуулалтийг үзүүлдэг тоглуулагч байдаг. Харин интернетийг компьютер мэт иж бүрэн хэрэглэж болох ТВ хараахан гараагүй байна. Танайхныг монгол сайтуудад байрлуулсан шууд үзэж болдог кинонуудыг үзэж байгаа байх гэж бодож байна. Энэ тохиолдолд гар утас, компьютер мэтийг HDMI-аар холбож үзэхээс өөр сонголт байхгүй. Сонирхуулахад сүүлийн үед таблетүүд маш хямдхан болсон байна. Амазон энэ тэрээс харж байхад хямд нь 4000 иен гэж байна, гэхдээ хүмүүсийн сэтгэгдлээс харахад чанар муу бололтой. 10000 иен орчимд судлаж байгаад боломжийн таблет авч болох байх. Тэгвэл гэртээ суурин интернеттэй тохиолдолд түүнээ вай пайгаар холбоод монгол сайтын кинонууд зурагт дээрээ үзэж болно.

хариулах...

Таныг тийм тв-ны тухай сонсож байсан байж магадгүй л гэж бодоод.

хариулах...

augmented reality технологи гээд байгаа шүү дээ тэр дүрсээ яаж боловсруулдаг юм бол мэдэх юм байвал хэлж өгч туслаач

хариулах...

Сэтгэгдэл үлдээх