Ахуйн цахилгааны хэрэглээг цахилгаан машинаас хангана

Цахилгаан машинтай холбоотой яригдсаар ирсэн нэгэн асуудал нь түүнийг хэрхэн цэнэглэх тухай юм. Гэхдээ саяхныг хүртэл зөвхөн нэг чиглэлд, тодруулбал ахуйн цахилгаан сүлжээнээс цэнэглэх боломжтой болоод байгаа билээ. Тэгвэл Тоёота компани эсрэгээр нь цахилгаан машинаас ахуйн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжийг туршиж байна.

Тоёотагийн бүтээсэн V2H (vehicle to home) систем Prius Plug-in автомашиныг ахуйн сүлжээнээс цэнэглэх болон түүнээс хувийн сууцны цахилгааны хэрэглээг хангах боломжийг зарим талаар бүрдүүлсэн, хоёр чиглэлээр цэнэглэх технологи юм. Автомашинд зориулагдсан жижиг оврын батерей хувийн сууцны цахилгааныг бүрэн хангах боломжгүй нь мэдээж. Гэхдээ шаардлагатай тохиолдолд аваарын үеийн нөөц эх үүсвэр маягаар ашиглах боломжтойг тэд олж харжээ.

Нөгөө талаас цахилгааны хэрэглээ багатай үед машины батерейг цэнэглэж, оргил ачааллын үед түүгээр сууцны цахилгааны хэрэглээний зарим хэсгийг хангах замаар цахилгааны төлбөрийг бууруулах боломжтой юм. Тоёота компаний мэдэгдэж байгаагар Prius Plug-in автомашины батерейд хуримтлагдах цэнэгээр дундаж хэрэглээ бүхий япон айлын 4 хүртэлх хоногийн цахилгааны хэрэглээг хангах боломжтой ажээ.

V2H системийн туршилт нь тус улсын Эдийн засаг, Худалдаа Үйлдвэрлэлийн яамнаас Тоёота хотод хэрэгжүүлж буй ухаалаг грид системийн төслийн хүрээнд хийгдэж байна. Тоёота хот нь тус яамнаас хэрэгжүүлж буй эрчим хүчний шинэ төрлийн системийг турших бүс нутгийн нэгээр сонгогдсон юм. Төслийн хүрээнд хувийн 40 орон сууцыг хамруулан нарны батерей, цахилгаан хадгалах төхөөрөмж, ахуйн эрчим хүчний зохицуулалтын систем, автомашинаар хоёр чиглэлд цэнэглэх технологийг тус тус ашиглаж цахилгааны эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах боломж, хэрэглээний оновчтой, ухаалаг хэлбэрийг судлаж байна.

Харин Тоёота компаний V2H системийг 10 загвар орон сууцанд туршиж байгаа ажээ. Тоёота, машин болон орон сууцны хооронд цэнэглэх технологи дээр ажиллаж байгаа цорын ганц компани биш юм. Ниссан мөн адил Leaf машинаас ахуйн цахилгааны хэрэглээг хангах технологийг хөгжүүлж байна. Тэдний хувьд дундаж япон айлын 2 хоногийн цахилгааны хэрэглээг автомашинаас хангах боломжийг бүрдүүлээд байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн газар хөдлөлт, цунамигийн гамшигаас хойш ийм төрлийн технологи Япон улсад олон төрлөөр боловсруулагдаж байна. Тухайлбал зурагт, богино долгионы зуух, хөгжим зэрэг ахуйн цахилгаан хэрэгслүүдийг залгаж ажиллуулах боломжтой цахилгаан автомашины загварууд бүтээгдээд байна. Ийм төрлийн автомашиныг манай хөдөө орон нутагт болон аялал жуулчлалын байгууллагуудад ашиглахад тохиромжтой санагддаг юм.



эх сурвалж,  gizmag

, ,

5 сэтгэгдэл:

Хасах хэмд тэсвэртэй болгочихвол харин энэ цахилгаан машин чинь л их зүгээр санагдаад байгаа юм даа. Би ийм машинтай л болмоор байна, даанч их үнэтэй бас манай нөхцөлд батарей нь тэсвэргүй гээд байх юм.

Cаарал хариулав... 6/19/12, 1:40 AM

Хүйтэнд тэсвэр муутай гэдэг зөвхөн цахилгаан машинд л хамаатай асуудал биш. Манайд өвөл машин унадаггүй хүн олон байдаг. Дулаан гарааж, машин халаах мэтийн асуудал бол машины буруу биш, цаг агаарын буруу юм. Бодит байдалд цахилгаан машины батерэй -20 градуст хэвийн ажилладаг ч байж магадгүй. Тэгэхээр өвөл унадаггүй машинтай бараг адил хугацаанд ашиглах боломжтой байж ч магагдүй. Дээр нь цас зуд ихтэй өвөл хөдөө орон нутаг руу машинаар яваад байх хүн цөөн байдаг. Аялал жуулчлал, хөдөө орон нутагт ашиглана гэдэг нь иймэрхүү нөхцөлүүдийг тооцож үзсэн хэрэг.

хариулах...

Сэргээгдэх эрчим хүчитэй холбоотой бас нэг дэвшил нь Герман нарны цацрагийн эрчээр азиас 2-3 дахин доогуур сул эрчтэй гэхдээ одоо Германы зарим жижиг хотууд нар салхийг хослуулаад хотоо бүрэн хангаад илүүдлээ улсынхаа төв шугаманд нийлүүлээд орлого олж байгаа 2010 оны мэдээ бий. Германд одоогоор хэдэн арван мянган өрхүүд нарны эрчим хүчиний систем суулгаад илүүдлээ гадагш нийлүүлж жилдээ давгүй хэдэн мянган еврогийн орлого олж байгаа туршлага бас дуулдаж байгаа. http://inhabitat.com/german-village-produces-321-more-energy-than-it-needs/wildpoldsried/

Cаарал хариулав... 6/27/12, 8:56 PM

Сэргээгдэх эрчим хүчний тухай яриа гарах болгонд манайхан Германы жишээг дурдах дуртай байдаг. Гэхдээ 2 гол нөхцөлийг огт тооцож үздэггүй. СЭХ-ний төхөөрөмжүүд маш өндөр өртөг шаарддаг. Мөн цаг агаарын нөхцөлөөс хамааран дулаан орнуудад байшин барилгын цахилгааны хэрэглээг бараг бүрэн хангах боломжтой байдаг бол хүйтэн цаг агаартай улс оронд хүндрэлтэй.
Герман маш хүчирхэг эдийн засагтай улс гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн номер 1, 2 эдийн засгууд хүртэл хямраад өөрсдийгөө ч яая гэж байхад байхад өнөөдөр Герман бараг ганцаараа шахуу Грекийг тэтгэж байна. Ийм эдийн засагтай улс ямар ч өндөр өртөгтэй технологийг хөгжүүлж чадна. Дээр нь цаг агаарын нөхцөлийг манайхтай харьцуулаад түүнээс хамаарах цахилгааны хэрэглээ, эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах, хэрэглэх төхөөрөмжүүдэд тавигдах нөхцөл, шаардлагуудыг харьцуулаад үзэхэд илүүдэхгүй байх. Гэхдээ үүний тулд зарим нарийн мэргэжлийн мэдлэг, мэдээлэл шаадлагатай болно. http://dusal.blogmn.net/83709/%224-deh-huvisgal%22-barimtat-kino-%28mongol-heleer%29.html#2012-2-16

хариулах...

ЯПОНУУД САЙН БАЙНА,ЦӨМИЙН ТЕХНОЛОГИУДЫГ ЧИНЬ ШАЛГАСАН НАЙДВАРГҮЙ БАЙНА.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх