Хамгийн ойр байгаа сонирхол нэгтнээ олоход туслах Grindr хэмээх үйлчилгээг ижил хүйстэнгүүдэд зориулан гаргасан байдаг. Мөн сүүлд ердийн хүмүүст зориулагдсан Blendr хэмээх хувилбар гарсан. Эдгээр нь ухаалаг утасны GPS-ийн мэдээлэлд тулгуурлан газарзүйн байрлалын хувьд хамгийн ойр байгаа хүмүүсийг олоход тусладаг. Ийм боломжуудыг сүүлийн үеийн зарим болзох сайтууд ч өргөнөөр ашиглаж байна.
Тэгвэл Фэйсбүүк үүнтэй төстэй үйлчилгээг энэ 7 хоногийн эхээр идэвхжүүлсэн боловч нэг хоногийн дараа зогсоожээ. Find Friends Nearby (анх Friendshake гэгдэж байсан) нь ухаалаг утас бүхий хэрэглэгчдэд хамгийн ойр байгаа танилуудаа олоход туслах боломж юм. Гэхдээ энэ үйлчилгээ хүмүүсийг мөрдөж мөшгихөд хүргэнэ хэмээн блогууд тайлбарлаж байна.
Харин үүнийг "үйлчилгээг албан ёсоор гаргаж байгаа хэрэг бус, инженерүүдийн хийсэн туршилтын нэг хэсэг байсан" хэмээн Фэйсбүүкийн төлөөлөгч мэдэгдсэн тухай Wired magazine сэтгүүлд мэдээлжээ. Мөн "туршилт хийсэн бүхэн бүтээгдэхүүн болж үйлчилгээнд гардаггүй, энэ талаар одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй ч бид хүмүүсийг хооронд нь холбосоор байх болно" гэж тус сэтгүүлийн ярилцлагад дурдсан байна.
Find Friends мэтийн боломжууд нь хүн тус бүрээр, цаг хугацаа зарцуулж хайлт хийлгүйгээр зөвхөн товчлуурын ганцхан даралтаар тодорхой бүлэг хүмүүстэй нэгэн зэрэг танилцаж боломж олгодог. Зарим хүмүүс үүнийг шинэ танилтай болох хялбар боломж гэж үзэж байгаа бол зарим нь хувийн нууцад халдаж, хүсээгүй хүмүүсийн анхааралд өртөхөд хүргэнэ хэмээн болгоомжилж байгаа юм.
Find Friends Nearby боломжийг Фэйсбүүк одоогоор идэвхжүүлээгүй хэвээр байгаа боловч http://www.fb.com/ffn хаягаар орж гараар идэвхжүүлэх боломжтой юм байна. Хэрэв та өөрийн ухаалаг утаснаас фэйсбүүкт нэвтэрч, веб хөтчид дээрх URL хаягийг оруулбал адил хуудсанд хамгийн сүүлд холбогдсон, хамгийн ойр байрлах хүмүүсийн жагсаалтыг харуулах болно. Мөн тэдгээр хүмүүст тэр дор нь танил болох урилга илгээх боломжтой юм байна.
Дашрамд дурдахад боломжийг өөрийн утаснаас туршиж үзсэн боловч хоосон цагаан хуудас л нээгдэж байна. Гар аргаар идэвхжүүлэх боломжийг хаасан байж магадгүйгээс гадна зөвхөн АНУ-ын нутагт дэвсгэрт ашиглах зэргээр улс орнуудын онцлогт тохируулан хязгаарлалт хийгдсэн байж магадгүй юм.
GPS-ийн байрлалын мэдээллийг гадаад орнуудад, ялангуяа үйлчилгээний байгууллагууд хаяг тодорхойгүй болон хөдөлгөөнтэй байрлалд байгаа хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд ашиглаж эхлээд байна. Манайд жишээ нь, наадмын морь барианы газар байгаа ухаалаг утас бүхий наадамчдад түргэн хугацаанд халуун хуушуур хүргэж өгөх мэтийн онцлог үйлчилгээний боломжууд цөөнгүй байж болохыг зарим хүмүүс анхааралдаа авахад илүүдэхгүй буй заа.
эх сурвалж, mailonline Интернет, Технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх