Хөрөнгийн зах зээлийн арилжааг хэн гардан хийдэг вэ

2010 оны 5 сарын 6-ны өдрийн 14 цаг 47 минут 50 секунд. Хөрөнгийн зах зээл дээр нэгэн компаний хувьцааны арилжаа ердийн байдлаар явагдаж нэгж хувьцаа 26.44 доллараар арилжаалагдаж байв. Гэтэл 0.12 секундийн дараа "хэн нэг нь" уг хувьцааг 14.87 доллараар худалдан авах захиалга өгсөн байна. Ердийн нөхцөлд бол бодит ханшаас хэт доогуур үнэлэгдсэн иймэрхүү захиалгын дагуу арилжаа хийгдэхгүй бөгөөд үүнийг хэн ч тоох ёсгүй.

Гэвч 0.6 секундийн дараа өөр "хэн нэг нь" захиалгыг хүлээн авч арилжаа хийгдэв. Дараа нь илүү хямд үнээр худалдахыг хүссэн захиалга дараалан ирэх болж хэдхэн хоромын дотор уг хувьцааны ханш 1 цент болтлоо унажээ. Дөнгөж 4 секундийн дотор ханшны уналт 99%-д хүрсэн байна. Энэ бол зах зээлийн шинжилгээний Monex компанид хадгалагдаж буй арилжааны мэдээллийн нэг хэсэг юм.

Тухайн үед зөвхөн нэг хувьцааны ханш унаагүй бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дундаж ханш 25%-иар буурч, 10-хан минутын хугацаанд нийт алдагдлын хэмжээ 100 тэрбум ам. доллараас давсан юм. Wall street-ийг доргиосон энэхүү үйл явдлыг flash crash гэж нэрлэх болсон бөгөөд түүнээс хойш жижиг хэмжээтэйг оролцуулаад хэдэн зуун удаа тохиолдоод байна. Flash crash нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд компьютер, програм хангамжууд хүнээс илүү үүрэг гүйцэтгэх болсоныг илтгэж байгаа юм.

Үнэн чанартаа ашигтай арилжаа хийхийн тулд секундээс ч богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага урган гарч, түүнийг хангахад  хүний тархины боломж хүрэлцэхгүйд хүрээд байна. Сүүлийн жилүүдийн байдлаар биржүүдэд явагдаж буй арилжааны 70%-ийг компьютерийн програм хангамжууд гардан гүйцэтгэх болсон байна. 2010 оны flash crash-ын үед зөвхөн нэг л компьютерийн алдаатай шийдвэр үл таних нөхцөл байдлыг үүсгэж, улмаар бусад компьютерүүдийг төөрөгдөлд оруулснаас зах зээлийн ханшийг огцом унахад хүргэжээ.

Өнөөдөр програм хангамжууд хүний хувьд боломжгүй хэт өндөр хурдаар их хэмжээний мэдээлэлд боловсруулт хийж, секундыг 1000 хуваасны 1-тэй тэнцэх хугацаанд зөв шийдвэрийг гаргаж байна. Мөн өмнөх 10 хүртэлх жилийн арилжааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ямар ч ерөнхий тохиолдлоос ашиг олох сценарийг олж чаддаг болсон. Үүний тулд "бие даан суралцах" чадвартай ухаалаг алгоритмууд ашиглагдаж байна.

Ихэнх тохиолдолд арилжаанд хүний оролцоо бараг байхгүйтэй адил бөгөөд зөвхөн хянах үүргийг л гүйцэтгэж болжээ. Хэн хамгийн хүчирхэг компьютертэй, хамгийн сайн програм хангамжтай байна, тэр хамгийн өндөр ашгийг олох боломжтой юм.
Оюун ухаант машин техникүүд бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч, зарим хэлбэрээр бидний орон зайг эзлэх нь алс ирээдүйд болох үйл явдал мэтээр хүмүүст төсөөлөгддөг. Гэвч цаг хугацааны хувьд энэ бүхэн аль хэдийн бидний хажууханд ирчихсэн байж ч магадгүй юм.


эх сурвалж, NHK

,

3 сэтгэгдэл:

хариулах...

Тэгэхээр комьпютерийн программ алдаа гаргаад хамгийн өндөр санал хэлснийг нь авах ёстой байтал хамгийн бага санал хэлснийг нь аваад эхэлсэн гэсэн үг үү? Энэ худалдан авах шийдвэрийг хүн хийдэг гэж боддог байсан чинь програм хийдэг байсан юм байна шдээ. Үгүй ядаж прогнозыг нь програм хийж болно, trade товчийг нь хүн дардаг байвал ийм маягийн аюул багатай юм даа. Хүн төрөлхтөн улам бүр л cyberworld-с хамааралтай болоод байх юм. I Robot кино биелэх вий дээ.

Cаарал хариулав... 7/11/12, 9:28 PM

2010 оны flash crash-аас хойш ямар нэгэн хувьцааны ханшны уналт богино хугацаанд 10%-д хүрвэл арилжааг шууд зогсоодог болсон гэсэн. Гэх мэтчилэн хүний оролцоо байгаа ч нэгэнт тархины хурд хүрэхээ больж байгаа учир компьютерт даатгахаас өөр аргагүй болох салбарууд зөвхөн хувьцааны наймаагаар зогсохгүй бололтой.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх