Хүний тархинд чип суулгах нь маш өндөр эрсдэлтэй хэмээн бараг 3 жилийн өмнө бичиж байсан бол өнөөдөр энэ зүйл биелэлээ олж эхэлсэн байна. Cathy Hutchinson нугасны мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн саажилттай болсоноос хойш 15 жилийн хугацаанд гар, хөлөө нэг ч удаа өөрийн хүслээр хөдөлгөж чадаагүй юм. Тэрээр хүний тархины дохиоллын тусламжтайгаар роботыг удирдах BrainGate2 төслийн туршилтад оролцож буй 2 өвчтөний нэг юм.
Туршилтын хүрээнд Cathy робот гарыг өөрийн бие эрхтэний нэгэн хэсэг мэтээр төсөөлөх замаар савтай кофег барьж, өөртөө ойртуулан, уух үйлдийг тус тус хийж сурсан байна. Туршилтыг Brown их сургуульд хэрэгжүүлж буй төслийн 10 жилийн судалгааны үр дүнд бүтээгээд байгаа тархи болон комьютерийн харилцан үйлчлэлийн төхөөрөмжид тулгуурлан хийжээ. 2006 онд, төслийн эхний шатанд өвчтөнийг компьютерийн дэлгэц дээрх курсорыг хөдөлгөх туршилтыг хийж байсан юм.
Төслийн шинжээч, профессор John Donoghue "бидний зорилго хүний мэдрэлийн гэмтсэн системийг алгасч тархийг шууд гадна орчинтой холбоход чиглэж байна, энэ төслийн хүрээнд тархины дохиоллоор гар, хөл бус компютер, робот мэтийн машин техникийг удирдах боломж бүрдүүлэхийг зорьж байгаа" хэмээн Nature сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
BrainGate2 систем нь мэдрэгч, компьютер буюу дохиолол хувиргагч, туслах төхөөрөмжөөс бүрддэг. Мэдрэгч нь 96 ширхэг нарийн электродоос бүрдэнэ. Аспирин эмийн хүүхдэд зориулагдсан таблеттэй адил хэмжээ бүхий уг мэдрэгчийг хүний биеийн хөдөлгөөнийг удирдах тархины хэсгийн гадаргад мэс заслын аргаар суулгадаг. Түүний тусламжтайгаар тархины идэвхжилийн мэдээллийг хүлээн авч, компьютерээр дамжуулан робот гарыг хөдөлгөөнийг удирдах дохиолол болгон хувиргадаг байна.
Cathy 5 жилийн өмнө төслийн өмнөх шатны судалгаанд оролцож байхдаа тархиндаа уг мэдрэгчийг суулгуулжээ. Харин 1 жилийн өмнө кофе буюу аягыг робот гараар барьж, өргөх туршилтийг 6 удаа хийхэд 4 -т нь амжилттай гүйцэтгэж байсан байна. Мөн төслийн бусад оролцогч робот гараар бөмбөлөгт хүрч, барьж авах туршилтыг 30 секундийн хугацаанд гүйцэтгэж сурчээ.
Бодол санаагаар робот гарыг удирдах нь курсорыг хөдөлгөхөөс илүү нарийн төвөгтэй юм. Иймэрхий 2 хэмжээст орон зайн хөдөлгөөнөөс обьектод хүрээд, барьж авах нэмэлт үйлдэл буюу 3 хэмжээст хөдөлгөөн хийх шаардлагатай учир нэмэлт хэмжээс нь хөдөлгөөнийг чөлөөтэй удирдахад хүндрэл үүсгэдэг байна. Хөдөлгөөний нарийвчлалыг нэмэгдүүлэхийн тулд илүү их судалгаа хийх шаардлагатай бол илүү төвөгтэй хөдөлгөөн хийхийн тулд алгоритмийг хөгжүүлэлтийг зохих түвшинд хийх ёстой.
Судлаачид ойрын үед утасгүй мэдрэгчийг бүтээж, робот гараар шүд угаах мэтийн илүү төвөгтэй хөдөлгөөн хийх боломжтой болгохоор төлөвлөжээ. Тэгвэл тэдний цаашдын зорилго компьютерээс ирэх дохиоллыг өвчтөний булчинд дамжуулж, тэднийг өөрийн гар, хөлөө дахин ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь тархи болон компьютерийн харилцан үйлчлэлийн судалгаанд том алхам болох бөгөөд мэдээж мэс заслын болон мэс заслын бус аргууд ашиглагдах болно.
Бодол санаагаараа роботыг удирдах нь өнөөдөр зөгнөлт зохиолын сэдэв төдий байгаа боловч ойрын ирээдүйд нугасны мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн хөдөлгөөний дутагдалд орсон өвчтөнүүдэд зовлонгоосоо ангижрихад туслах болно. Дашрамд дурдахад "хиймэл гар суулгаж эхэлсэн" тухай зэрэг адил төстэй судалгааны талаар тус блогт мэдээлсээр ирсэн билээ.
эх сурвалж, gizmag болон singularityhub Робот техник, Физиологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх