НАСА сансарын хөлөг бүтээхээр өрсөлдөж буй хувийн компаниудыг шалгаруулж, тэдэнд олгох санхүүжилтийн хэмжээг тогтоосон байна. Шинэ загварын дэвшилтэт хөлөг, хөөргөх төхөөрөмж бүтээх, мөн хөөргөлт, газрын болон нислэгийн үеийн удирдлагаар хангах иж бүрэн үйл ажиллагааг хамарч буй Commercial Crew Program төслийн хүрээнд Sierra Nevada корпорацид 212,5 сая доллар, Space Exploration Technologies компанид 440 сая доллар, Boeing компанид 460 сая долларын санхүүжилтыг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Space Shuttle хөтөлбөр дуусгавар болсоноор НАСА өөрийн гэсэн сансарын хөлөггүй болоод байгаа юм. Иймд хувийн компаниудад дэмжлэг үзүүлж, тэдний бүтээж буй арилжааны зориулалт бүхий сансарын хөлгүүдийг сансарын нисгэгчдийг олон улсын сансарын станцад хүргэхэд ашиглахаар шийдвэрлэсэн юм. Дээрх төслийн хүрээнд компаниудын боловсруулж буй технологийг сайжруулж, цаашид 2014 оны 5 сар гэхэд ашиглалтын түвшинд хүргэхээр төлөвлөж байна.
Гэхдээ НАСА 6 сар хүртэлх харьцангуй удаан хугацааны туршид аялал хийх боломжтой, олон төрлийн зориулалт бүхий сансарын хөлгийн Орион, Ангараг гариг, түүний сарууд, дэлхий орчмын жижиг гаригууд руу нислэг хийх боломж бүхий илүү хүнд жинтэй хөлгүүдийг хөөргөх системийн төслийг тус тус бие даан хэрэгжүүлж байгаа юм. Орион төслийн хувьд тойрог замын туршилтын эхний нислэгийг ирэх онд, анхны жолоодлогот нислэгийг 2016 онд тус тус хийхээр төлөвлөөд байна.
Энэ удаад шалгарсан хувийн компаниуд дундаас Sierra Nevada корпорацийн бүтээж буй Dream Chaser сансарын хөлөг илүү танил санагдаж магад. Уг хөлөг нь Space Shuttle хөлгийн жижигрүүлсэн загвар мэт харагдах бөгөөд НАСА-гийн цуцлагдсан төсөлд суурилж, зөвхөн хөлгийн хөөргөх төхөөрөмжийг хамарч байгаа юм. 7 хүртэлх зорчигчийг тээвэрлэх чадвартай Dream Chaser хөлгийг ердийн пуужингийн тусламжтайгаар хөөргөх бол буух үед планер хэлбэрийн нислэгийг ашиглана. Уг хөлгийг 2016 оноос сансарын нислэгт ашиглаж эхлэнэ хэмээн зохион бүтээгчид найдаж байна.
|
Dream Chaser хөлөг ОУСС-тай холбогдох үеийн төсөөлөл зураг |
|
Dream Chaser хөлгийн туршилтын нислэг |
Харин хамгийн өндөр боломж бүхий өрсөлдөгчид сансарын хөлөг бүтээх хагас зуун жилийн туршлага бүхий Boeing компани тооцогдож байна. Тус компаний бүтээж буй CST-100 сансарын хөлөг өмнө нь тэдний оролцож байсан Аполло, Меркури зэрэг төслүүдийн туршлагад тулгуурлаж байгаа бөгөөд хөлгийн капсул Аполлогийн удирдлагын модулын томсгосон загвартай төстэй юм. Хөлөг мөн адил 7 хүртэлх сансарын нисгэгчийг тээвэрлэх боломжтой. Мөн тус компани хөлгийн хөдөлгүүр, ослын үеийн зогсоох систем, нислэг болон газардлагын системийг аль хэдийн боловсруулаад байгаа бол анхны нислэгийг 2016 оны эхээр хийхээр төлөвлөөд байна.
|
CST-100 хөлөг залгагдах үеийн төсөөлөл зураг |
|
CST-100 хөлгийн бүхээг |
Шалгарсан 3 дахь компаний Dragon хөлөг сансарын нислэгт аль хэдийн ашигладаж, Олон улсын сансарын станцад ачаа хүргэх автомат жолоолдогот нислэгийг амжилттай гүйцэтгээд байгаа юм. Уг хөлгийн тээвэрлэх зорчигчын тоо дээрх хөлгүүдтэй адил боловч хөлөг болон хөөргөгч пуужинг олон дахин ашиглах боломжтойгоороо онцлог шинэ загвар юм. Гэхдээ жолоодлогот нислэг хийх түвшинд хараахан хүрээгүй байгаа бөгөөд 2015 он гэхэд ийм боломж бүрдэнэ хэмээн SpaceX компанийхан найдаж байна. НАСА-аас олгогдсон хөрөнгийг ослын нөхцөл үүсэх тохиолдолд хөлгийг пуужингаас салгах зэрэг аюулгүйн дэвшилтэт системүүдийг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.
|
SpaceX компаний Dragon хөлөг |
|
Dragon хөлгийн бодит хэмжээ бүхий загварын бүхээгт |
эх сурвалж,
gizmag
Сансар судлал,
Технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх