Curiosity-ийн камер таны гар утасныхаас хэд дахин муу

Амьдралын ул мөрийг хайх зорилгоор Ангараг гариг дээр газардсан НАСА-гийн Curiosity сансарын станцын тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн туршид сансар, одон орон, цаашлаад шинжлэх ухаан, технологи сонирхогчдын дунд шуугиан дэгдээж байна. Станц газардлаа, эхний фото зургуудыг илгээлээ, станцыг жолоодож эхэллээ гэх мэтчилэн шинэ шинэ мэдээллүүдийг бид өдөр тутам хүлээн авч байгаа билээ.

Харин тус станцаас илгээж буй Ангараг гаригийн дүр төрхийг харуулсан фото зургууд чанарын хувьд хэр тааруухан байгааг анзаарч байгаа байх. Учир нь Curiosity станцын камерийн дүрсний нарийвчлалын хамгийн дээд үзүүлэлт дөнгөж 2 МП байгаа юм. Тэгвэл сүүлийн үеийн ухаалаг утаснуудын камерийн хувьд энэ үзүүлэлт 8 МП болон түүнээс дээш хэмжээнд хүрээд байна.

2.5 тэрбум доллараар бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн сансарын станцын камер таны гар утасныхаас хэд дахин таруухан үзүүлэлттэй байгаад гайхаж байна уу. Үүнд 2 гол хүчин зүйл нөлөөлсөн тухай мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Эхнийх нь төхөөрөмжүүдийн хөгжүүлэлтэд харьцангуй урт хугацаа шаардагдсан явдал бол удаах шалтгаан нь гариг хоорондын орчинд мэдээлэл дамжуулах боломж хязгаарлагдмал байдгаас үүджээ.

Энэ талаар Curiosity станцын камерийн хөгжүүлэлтийг хариуцан ажилласан Malin Space Science Systems компаний менежер Mike Ravine, Digital Photography сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тус компани 2004 оны эхнээс сансарын станцын камерийн төсөл дээр ажиллаж эхэлжээ.

Сансарын станцад суурилуулсан флэш санах ойн хэмжээ 8Гб байгаа бөгөөд энэ нь бидний өдөр тутам хэрэглэдэг зөөврийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад тийм ч бага хэмжээ биш мэт санагдана. Гэхдээ Ангараг гариг дээр 2 жилийн турш ажиллах станцын хувьд хангалттай хэмжээ биш юм. 2 МП камераар авсан зураг харьцангуй бага хэмжээтэй боловч хэдхэн мянган фото зураг хадгалахад л дээрх хэмжээний санах ойг дүүргэнэ.

Мөн төсөл эхэлсэн 2004 онд 2МП гэдэг тийм ч муу үзүүлэлт байгаагүй бөгөөд Mike Ravine-ий компани нэгэнт батлагдсан НАСА-гийн төлөвлөгөөнд тусгагдсанаас өөр төрлийн камер бүтээх боломжгүй байжээ. 2 дахь хүчин зүйл нь мэдээлэл дамжуулах зурвасын өргөн хязгаарлагдмал байгаа явдал юм. Бодит байдалд гариг хоорондын мэдээлэл дамжуулалт туйлын удаашралтай байдаг нь орчин үеийн шаардлагад тийм ч сайн нийцэхгүй байна.

Curiosity станц эхний ээлжинд мэдээллийг Ангарагийн тойрог замд байрлах хоёр хиймэл дагуулд илгээж байна. Тэдгээр нь дэлхий рүү дамжуулах үүрэг гүйцэтгэх бөгөөд дамжуулалтын хурд дөнгөж 128 Кб/с, нэг хоногт дамжуулах мэдээллийн багтаамж 250 Мб тус тус байна.

Curiosity-ийн камер
Curiosity-ийн илгээсэн эхний зургуудын нэг
Сүүлийн үеийн ухаалаг утасны камер илүү сайн зураг авдаг

эх сурвалж, mailonline

,

2 сэтгэгдэл:

удахгүй марс тв гээд суваг гардаг болох байлгүйдээ хэхэ үнэхээр бахархмаар байлээ шүү

хариулах...

saihan orchuulj :)

хариулах...

Сэтгэгдэл үлдээх