Тархи болон нугасны мэдрэлийн эсийг нөхөн сэргээнэ

Хүний биеийн эд эсүүд үүдэл эсийн ачаар нөхөн төлжих гайхалтай чадвартай байдаг боловч тархины мэдрэлийн эсүүд нэгэнт үхэжсэн тохиолдолд дахин хэзээ ч нөхөн сэргээгддэггүй гэж үздэг билээ. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд үүдэл эсийн тусламжтайгаар хүний санах ой, зан төлөвийг хариуцах тархины хэсгийн гэмтлийн дараа түүний үйл ажиллагааг үүдэл эсийн тусламжтайгаар сэргээх боломжтойг нээсэн байна.

Судлаачид тархины гэмтэл бүхий хулганы тархины дэд ховдол (subventricular zone)-ын хэсэгт ургуулсан үүдэл эсийг санах ойг хариуцсан хэсэг (hippocampus)-т суулгажээ. Үүний үр дүнд хулганы санах ой, зан төлөв, хөдөлгөөний байдал эрс сайжирсан байна. Судалгааны хүрээнд тархиндаа гэмтэл авсанаас хойш 5 хоногийн дараа үүдэл эсүүдийг хулганы тархинд суулгаж, 6 долоо хоногийн дараа эсүүд бүрэн суурилагдсан гэдгийг нотложээ.

"Тархины мэдрэлийн эсийн нөхөн сэргээгдэх чадвар алдагдах үед түүнийг сэргээхэд үүдэл эсийн эмчилгээ тохиромжтой гэдгийг илрүүлсэн боловч үр хөврөлийн болон насанд хүрэгчдийн үүдэл эсийн аль нь илүү нөлөөлдөгийг нарийвчлан судлах шаардлагатай" гэж A&M  хүрээлэнгийн туслах профессор Bharathi Hattiangady хэлсэн байна.

"Бидний судалгаа сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, суралцах чадвар, санах ой, орон зайн мэдрэмжийг удирдах тархины хэсгийн нууцыг нээх түлхүүр болж байна. Энэ хэсэгт суулгасан үүдэл эсүүд амьдрах, шилжин байрлах, хэрэв өмнө нь ой тогтоолтоо алдаж байсан бол түүнийг сэргээх чадвартай гэдгийг мэдэж авлаа" хэмээн A&M хүрээлэнгийн захирал Ashok Shetty онцолжээ.

Санах ойг хариуцсан тархины хэсэг нь алцгеймер зэрэг өвчний үед хамгийн түрүүнд гэмтдэг бол цус харвалт, хүчилтөрөгчийн дутагдал, нугасны үрэвсэл, татах өвчний зарим хэлбэрүүдийн үед ч ийм төрлийн гэмтэл элбэг тохиолддог. Тэгвэл тархины дэд ховдол нь насанд хүрсэн хүн, сармагчин болон мэрэгч амьтадын тархийг өсөн төлжиж буй мэдрэлийн эсүүдээр хангах хэсэг гэгддэг байна.

Мөн тархинаас гадна нугасны мэдрэлийн эсийн үйл ажиллагааг үүдэл эсийн тусламжтайгаар сэргээсэн тухай өгүүлэл Cell сэтгүүлд нийтлэгдсэн байна. Өмнө нь  iPS эсийн тусламжтайгаар нугасны тасарсан мэдрэлийг сэргээсэн тухай тус блогт мэдээлж байсан билээ. Хулганы нугасны мэдрэлийг мэс заслын аргаар таслаж, зориудаар саажилттай болгосон хулганы тасарсан мэдрэлийг үүдэл эсийн тусламжтайгаар нөхөн сэргээсэн байна. Уг судалгаа нугасны мэдрэл нь бүрэн таслагдсан байлаа ч ийм төрлийн өвчний эмчилгээнд үүдэл эс чухал үүрэгтэй гэдгийг нотлож байна.

Судалгааны хүрээнд үр хөврөлийн нугасны мэдрэлийн хэсгээс ялган авсан үүдэл эсийг хулганы нугасны мэдрэлийн гэмтсэн төгсгөлүүдэд суулгажээ. Хүний үүдэл эсүүд гэмтсэн хэсгийг нөхөн сэргээснээр барахгүй, эд эсийн өсөлт хөгжилт явагдах боломжгүй гэгддэг хулганы нугасны тасарсан мэдрэлийн эсүүдийн холбоос сэртэн (axon)-д холбогдсон байна. Үүдэл эсийг Neuralstem компанид үйлдвэрлэжээ.



эх сурвалж, yahoonews болон technologyreview

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх