Сүүлт одны хэлтэрхий буюу амьдрал сансараас үүдэлтэй

Цаг уурын болон орчны тохиромжтой нөхцөлүүд бүрэлдсэн үед дэлхий дээр амьдрал байгалийн жамаар үүссэн хэмээх таамаглал судалгааны хүрээнд зарим талаар батлагдсан байдаг билээ. Тэгвэл дэлхийн амьдрал үүсэхэд чухал шаардлагатай түүхий эд сансараас тээвэрлэгдэн ирсэн байж болохыг НАСА-гийн эрдэмтэд өнгөрсөн онд нээсэн юм. Зууны шилдэгүүдийн нэгт тооцогдох энэхүү нээлт хийгдэхэд сүүлт од, түүнд тулгуурласан судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ.

Шөнийн тэнгэрт гэрлэн зурвас татуулан, хэдхэн мөчийн дотор харван одох мэт харагдах тэнгэрийн эрхэсийг бид "харваж буй од" хэмээн нэрлэдэг. Түүнийг энгийн нүдээр ажиглахад тэнгэрийн ододтой ойролцоо хэмжээтэй харагдах учир хүмүүс "од" хэмээн нэрлэсэн бизээ. Гэвч тэдгээр нь хэмжээ, бүтэц, гарал үүслийн хувьд одноос тэс өөр. "Харваж буй одод" нь үнэн чанартаа сүүлт одны хэлтэрхий юм. Дэлхийн ойролцоо нисэн өнгөрөх сүүлт одны хэлтэрхийнүүд агаар мандалд орох үедээ хурц гэрэлтэн шатаж, бидэнд "харваж байгаа од" болон харагддаг.

Сүүлт одны хэлтэрхий ямархуу хэмжээтэй байдаг бол. Түүний гэрэлтэлтийн байдлаас овор хэмжээг нь тодорхойлох боломжтой. -1.7 түвшин буюу энгийн нүдээр ажиглагдах дундаж хэмжээний гэрэлтэлт бүхий сүүлт одны хэлтэрхийн овор хэмжээг тооцоолж үзвэл 0.6 см гарна. Ийм жижиг хэмжээтэй биет юуны учир од мэт хурц гэрэлтдэг юм бол. Эрдэмтэд туршилт хийж үзэв. 6мм-ийн диаметртэй бөмбөлгийг сүүлт одны хэлтэрхий агаар мандалд орж ирэхтэй адил 5 км/с-ийн хурдаар харвахад нүд сохлом хурц гэрэл гарчээ.

Их хэмжээний гэрлийн нууц нь плазм хэмээх бодисын төлөв байдлаас үүдэлтэй юм. Асар өндөр хурдтай сүүлт одны хэлтэрхий агаар мандалд орж ирэхдээ өмнөх агаарыг огцом шахаж, түүний молекулийг плазмын төлөвт оруулсанаар хурцаар гэрэлтүүлдэг байна. Харин гэрэл нь нүдэнд үл ажиглагдам жижиг хэмжээтэйг тооцвол дэлхийн агаар мандалд хоногт сүүлт одны 20 тэрбум ширхэг хэлтэрхий орж ирдэг ч бараг бүгд 80км хүртэлх өндөрт шатаж алга болдог.

НАСА  1999 оны 2 сард Стардаст хэмээх сансарын станцыг хөөргөжээ. 7 жилийн аялалын дараа Юта мужид газардсан тус станцын капсул сүүлт одноос 100 мянгаар тоологдох дээжийг авч ирсэн юм. Тэдгээр дээжид глицин хэмээх амин хүчил агуулагдаж байгааг судлаач  Даниел Главин илрүүлжээ. Энэ нь дэлхийн амьдралын түүхий эд сансараас ирсэн байж болохыг илэрхийлэх нотлогоо болж байна. Үүсэн бий болоод удаагүй дэлхийд амьдрал үүсэхэд чухал шаардлагатай амин хүчил зэрэг органик нэгдэлүүд огт байгаагүй юм.

Халуун, хайлмаг чулуулгаас бүрдэх дэлхийн гадаргад амьдралын түүхий эд хаанаас хүрч ирэв. Ийм нөхцөлд органик нэгдэлүүд үүсэх, оршин тогтнох боломжгүй, оршин байлаа ч хормын төдийд задрах ёстой. Харин дэлхийн гадаргын орчин харьцангуй тааламжтай нөхцөлд шилжсэн үед сүүлт одны хэлтэрхийтэй хамт сансараас ирсэн амин хүчлүүд илүү нийлмэл бүтэц бүхий органик нэгдэлүүдийг үүсгэж дэлхийд амьдрал үүсэх урьдчилсан нөхцөл болжээ. Гэхдээ сүүлт одны ихэнх хэлтэрхийнүүд агаар мандалд орж ирэхдээ шатаж алга болдогийг мартаж болохгүй.

Амин хүчлүүд ч бас хамт шатах учиртай. НАСА-гийн профессор Майкл Золенский амин хүчлийг агуулах сүүлт одны хэлтэрхий газрын гадаргад бууж ирдэг эсэхийг шалгахаар шийджээ. Тэрээр сүүлт одны хэлтэрхийг барих төхөөрөмжийг нисэх онгоцонд суулгаж туршилт хийв. Онгоц 15 км-ийн өндөрт хөөрөх үед төхөөрөмжийн баригч ялтасыг агаарт гаргана. Хэрэв 80 км өндөрт шатаж дуусах учиртай сүүлт одны хэлтэрхийнүүдийг 15 км өндөрт барьж чадвал тэд газрын гадарга хүртэл бууж ирдэг гэдгийг батлана.

Туршилтаар төхөөрөмжийн ялтасанд наалдаж тогтсон тоосонцорыг шинжилж үзээд, дэлхий дээр бол байж боломгүй өндөр агууламж бүхий хүхрийг илрүүлжээ. Тоосонцрууд сүүлт одны хэлтэрхийг агуулж байв. Тэдгээрийн томоохон хэсгүүд 80 км өндөрт шатах боловч тоосонцорын хэмжээтэй жижиг хэсгүүд газрын гадаргад бууж ирдэг нь тодорхой болов. Золенский түүнээс хойш янз бүрийн аргаар сүүлт одны хэлтэрхийг цуглуулсаар байна. Үр дүнд нь газрын гадаргад бууж ирдэг хэлтэрхийнүүд хэмжээгээр жижиг, жин багатай, нийтлэг шинж чанарыг агуулж байгааг анзаарчээ.

Тоосонцорын хэмжээ 0.01 мм-ээс бага байв. Энэ нь гэрэлтэн шатах, "харваж буй од"-ноос 100 дахин бага хэмжээ юм. Жин бага байгаа нь нягт багатай, үлгэрлэвэл хөвөн мэт хөвсгөр гэсэн үг. Ийм хэмжээний тоосонцор агаар мандалд орох үед агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр хурдаа огцом алдана. Цасан ширхэгийг хичнээн хүчтэй шидлээ ч хол явдаггүйтэй адил юм. Ийм хэмжээний тоосонцор шаталгүйгээр газрын гадаргад бууж ирнэ. Түүний хэмжээ жилд 30 мянган тоннд хүрдэг байна. Энэ нь 1 квадрат м талбайд өдөр бүр тоосонцорын 1 ширхэгт унадаг гэсэн үг.

Дэлхийн амьдралын түүхий эд сансараас сүүлт одны хэлтэрхийнд тээвэрлэгдэн иржээ. 4.6 тэрбум жилийн өмнө нарны аймаг үүсэх үед, сансарын орон зайд их хэмжээний хий болон сансарын биетүүд тархаж байв. Тэдгээр нь амин хүчил мэтийн органик нэгдэлүүдийг их хэмжээгээр агуулж байв. Сансарт цацраг идэвхт туяа зэрэг өндөр энергийн нөлөөгөөр химийн урвал хялбар явагдаж, органик бодисууд амархан үүсэх боломжтой байжээ.

Органик бодисийг агуулах сансарын биетүүд нэгдэн нийлж нар болон гариг эрхэсийн үндэс суурь болжээ. Улмаар сансарын биетүүд нэг нэгэндээ татагдан нэгдсээр дэлхийг үүсгэв. Тэдгээрийн мөргөлдөөнөөс үүсэх дулааны энерги органик бодисуудыг бүрэн задлажээ. Гэвч нарны аймгийн сүүлт оддын бүст нөхцөл байдал өөр байв. Тэнд мөргөлдөөн бараг болсонгүй. Харин сансарын биетүүд мөс болон нэгдэн бөөгнөрөх болов. Түүн дотор органик бодисууд ч хөлдөлтийн байдалд түгжигдэн хадгалагдах болжээ.

Эдгээр сансарын биетүүд тодорхой траектороор нарыг тойрон эргэлдэж сүүлт однуудыг үүсгэв. Наранд ойртох үед мөсний зарим хэсэг нь хайлж органик бодисууд сүүлт одны сүүл хэсэг рүү цацагдана. Харин амьдрал үүсэх хүртэлх хугацаанд дэлхий сүүлт одны траекторыг олон дахин дайран гарсан байж таарна. Дэлхийн ойролцоо өнгөрсөн сүүлт одны хэлтэрхийнүүд ДНХ-г бүрдүүлэгч органик бодисуудыг дэлхийд авч ирж, амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.


эх сурвалж, NHK

,

ганцхан сэтгэгдэл:

endees neg simple dugnelt hiij bolohoor bna hari garigiin amidral gej baigaa ene bol hodloshgui unen. Od bolgon barag l hed heden daguultai bna gej baigaa tegeed ted naraas ni ali neg ni zaaval altan bused bairlaj baihad shans garch l taaraa tegeed sansar maani ooroo amidral tugeegch yum bna shd tegeed yaaj iij baigaad amidral uuslee l bol garigaa oorchlood yavchdag gej baigaa tegeheer zovhon biy biyniigee olohod oron zai technologi saad bolj bna esvel genetiin gai ih dairdag baih garig ni amarhan suirdeg baih magadlaltai manaih chin barhasbdi garigiin hamgaalaltad baidag gej biagaa. Hamgaalchihaar tom gariggui ooroo mass ihtei garig deer amidral uusvel hetsuu l dee hoghjih gej baital aguu aguu suirluud bolood amar zaya uzuuldeggui baih. Aa tiim bas technology talaas ni yarihad manaihtai tostei chigleliin materiallag technologytoi garig bol aylaad yavaad bn gehed hetsuu sanagddag uchir ni gerliin hurdiig jishee ni neelee gehed ene ih sansriin hog baga garig helterhiinuudiig yaaj toirch niseh ve? har ercheeree ochij morgoo l suireed bh baih daa bolomjgui gej bodoj bna gerliin hurdaar nisne gedeg bol.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх