Сар биднээс алсан холдвол (эхний хэсгийг энд дарж уншина уу) дэлхийд хэрхэн нөлөөлөх бол. Дэлхийн ирээдүйг төсөөлөхөд хэрэг болох мэдээллийг түүний өнгөрсөн түүх хэлж өгөх болно. АНУ-ын Юта мужийн Биг Коттонвүүд хавцал жил бүр хэдэн мянган цаначин ирдэг аялал жуулчлалын бүс боловч эндхийн хад чулуунд дэлхий болон сарны өнгөрсөн цаг үед хамаарах чухал нууц хадгалагдаж байгааг тэр болгон анзаардаггүй. Эдгээр чулуулаг давхарга эрт үед далайн ойролцоо үүсэн бий болжээ.
Чулуулгийг бүрдүүлэгч элс, шавар дунд далайн таталт, түрэлтийн ул мөрийг илэрхийлэх хамгийн эрт үеийн баримтуудыг агуулдаг. Чулуулгийг ажиглавал өргөн цайвар үеүүд, тэдгээрийн хооронд байрлах нарийн бараан судлуудыг ажиглаж болно. Үүнээс эрт дээр үеийн далайн таталт түрэлтийн давтамжийг мэдэж боломжтой юм. Нар болон сар нэг шугамд байрлах үед тэдгээрийн хоорондын таталцлын хүч хамгийн их хэмжээнд хүрч, далайн түрэлтээр их хэмжээний элс шавар зөөвөрлөгдөнө.
Өөрөөр хэлбэл нар, сарны татах хүч далайн усыг нэгэн зэрэг татах болно. Их түрэлт хэмээн нэрлэгдэх энэ үзэгдэл сард 2 удаа тохиож цайвар өнгийн элс, шаврыг тээвэрлэн түүний ул мөр чулуулагт зузаан цайвар үе болон тогтжээ. Бусад хугацаанд тээвэрлэгдэх элс шаврын хэмжээ бага байх учир нарийхан зурвас болон тогтоно. Энэ нь модны жилийн цагирагтай төстэй зүйл юм. Түүнийг судлаж үзээд тухайн үеийн дэлхийн эргэлт өнөөдрөөс өөр давтамжаар явагдаж байсныг тогтоожээ. Далайн түрэлтийн давтамж одоогийнхоос илүү олон байв.
Тухайн үед дэлхий илүү хурдан эргэж байсан учир хоногийн үргэлжлэх хугацаа богино, жилийн нийт хоногийн тоо илүү олон байв. 4.5 тэрбум жилийн өмнөх дэлхий одоогийнхоос 4 дахин хурдан эргэж, 1 өдрийн урт дөнгөж 6 цаг байжээ. Мөн дэлхийн эргэлтийн тэнхлэгийн налуу 10-хан хэм байв. Энэ нь сар дэлхийд илүү ойрхон байрлаж байсан, үүний улмаас дэлхий түүний татах хүчний нөлөөнд илүү автаж байсан гэсэн үг юм. Үүсэн бий болоод удаагүй сар дэлхийгээс 32 мянган км зайтай байв. Энэ нь одоогийнхоос 12 дахин бага зай юм.
Сарны татах хүчний нөлөө их, дэлхийн эргэлт хурдан байснаас үүдэн далай болон эх газрын хооронд их хэмжээний үрэлт үүсгэж байжээ. Энэ нь дэлхийн эргэлтийг аажимаар сааруулах нөлөөллийг үзүүлж байв. Олон 100 сая жил үргэлжилсэн энэ үзэгдлийн нөлөөгөөр дэлхийн эх газар хуваагдаж эхэлсэн байна. Түүнээс хойш сар дэлхийгээс аажим холдон, дэлхийн эргэлт удааширч, 6 цаг байсан хоногийн үргэлжлэх хугацаа 24 цаг болжээ. Харин одоогоос 1 тэрбум жилийн дараа дэлхийн 1 хоног 30 цаг үргэлжлэх болно.
Дэлхийн татах хүч саранд ч бас нөлөөлдэг. Үүний улмаас сард 1 удаа дэлхийг бүтэн тойрч байна. Түүний дэлхийг тойрон эргэх давтамж дэлхийн эргэлттэй давхцаж байгаа учир сар бидэнд зөвхөн нэг талаа л харуулдаг. Одоогийн сар дэлхийн татах хүчний нөлөөгөөр чанд холбогдож, хөдөлгөөнгүй тогтсон мэт төсөөлөгдөх боловч түүнд төвөөс зугтах хүч үйлчилж байна. Үүний нөлөөгөөр сар дэлхийгээс алслан холдсоор байгаа юм. Чулуулагт агуулагдах мэдээллээс сар дэлхийгээс холдох хурд цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар нэмэгдэж байгаа нь ч бас илэрдэг. 500 сая жилийн өмнө сар дэлхийгээс жилд 2 см-ээр холдож байсан бол одоо энэ хэмжээ 3.5 см-т хүрээд байна.
Сар дэлхийгээс илүү алслан холдвол дэлхийд хэрхэн нөлөөлөх бол. Одоогоор тогтвортой байгаа дэлхийн эргэлтийн тэнхлэг өөрчлөгдөх үү. Эдгээр асуултын хариуг Ангараг гариг бидэнд хэлж өгч магадгүй юм. Ангараг нь дэлхийн ихэр гэгддэг гариг. Түүнд дэлхийтэй төстэй маш олон зүйл бий. Дэлхийтэй бараг адилхан хугацаанд үүсэн бий болсон. Иймд адил төрлийн бодисуудыг агуулдаг. Ангарагийн гадаргын улаан өнгө нь дэлхийд элбэг байдаг гематит хэмээх төмрийн нэгдэлийн нөлөө юм.
Ангарагт бас дэлхийтэй адил мөс бий. 2004 онд Ангарагт буулгасан НАСА-ийн хоёр станц хэд хэдэн шинэ нээлтийг хийсэн юм. Тэдний дундаас голын гольдролтой төстэй гуу жалга олдсон нь сонирхол татдаг. Хэдийгээр ус шингэн хэлбэрээр олдоогүй байгаа боловч түүнийг байж болохыг нотлох чулуулаг (concretion)-ийг илрүүлжээ. Тэдгээр чулуулаг нь эрдэс бодисууд нягтран, хатуурсанаас үүсэх жижиг бөөрөнхий биетүүд юм. Дэлхий дээр бол ус хөрсөнд нэвтрэх үед ууссан эрдэслэг бодисууд дахин хатуурахад адил төрлийн чулуулгууд үүсдэг.
Энэ бүхнээс Ангараг дээр их хэмжээний ус байсан гэж үзэж болно. Нэгэнт ус байсан бол амьдрал үүсэх магадлал өндөр. Хэрэв Ангарагт амьдрал үүссэн бол нэгэнт цагт устаж үгүй болжээ. Нэгэн нарны аймагт хамаарч, зэрэгцээ орших энэхүү гариг дэлхийн ирээдүйн дүр төрхийг харуулж байж ч болох юм. Ангарагийн эргэлтийн тэнхлэгийн налуу 25 хэм байгаа нь дэлхийгээс арай илүү налуу байрласан гэсэн үг. Мөн тэнхлэгийн налуу тодорхой давтамжаар өөрчлөгдөх боловч дэлхийтэй харьцуулахад хэтэрхий ширүүн байдаг.
Дэлхийн эргэлтийн тэнхлэг 100 мянган жилийн өмнө 2 хэмээр өөрчлөгдсөнөөс их мөстлөг эхэлсэн гэж үздэг билээ. Тэгвэл Ангарагийн тэнхлэгийн хэлбэлзэл 60 хэмд хүрдэг. Үүнээс үүдэлтэй хэт ширүүн уур амьсгалын нөхцөлд амьдрал оршин тогтнох боломжгүй юм. Тэнхлэгийн энэхүү хэлбэлзэл нь Ангарагийн дагуулууд дэлхийн сартай адилаар түүнийг тогтворжуулж чаддаггүйтэй холбоотой. Ангарагийн 2 дагуул нь түүний ойролцоо өнгөрөх үедээ татагдан үлдсэн огторгуйн биет юм. Тэгээд ч хэт жижиг учир Ангараг гаригт үзүүлэх татах хүчний нөлөө өчүүхэн бага юм.
Нар болон Бархасбадь зэрэг гаригуудийн татах хүч дэлхийд их хэмжээгээр нөлөөлдөг бол дэлхийн сар Сугар гаригийн татах хүчийг сулруулах үйлчлэл үзүүлдэг. Үүнтэй адил нөлөөлөл үзүүлэх чадвартай дагуул Ангарагт байхгүй. Иймд ойролцоох том гаригийн нөлөөнд амархан автаж эргэлтийн тэнхлэг нь ихээхэн хэлбэлздэг байна. Ангарагийн эргэлтийн тэнхлэгийн налуу одоогийн байдлаар 25 хэм байгаа нь түр зуурын хэрэг юм. Ангарагийн хойд туйл нарны зүгт, эсвэл түүний эсрэг байрлах тохиолдол ч бий. Тэнхлэгийн хэлбэлзэл хэдэн зуун жилийн турш үргэлжилдэг.
Сар хэмээх бамбай үгүй бол дэлхий Бархасбадь хэмээх аварга гаригийн нөлөөлд автах болно. Түүний диаметр дэлхийгээс 11 дахин том, жин нь 300 дахин илүү. Тэр хэмжээгээр татах хүчний нөлөө асар их байх болно. Дэлхийн тэнхлэг одоогийн Ангараг гаригийн адил ихээхэн хэлбэлзэж, цаг уурт эргэшгүй өөрчлөлт гарах болно. Далайн усны гадарга Ангарагт байдаггүй дэлхийн соронзон орны нөлөөнд орж шинээр хэлбэржин тогтоно. Үүнээс шалтгаалан зарим хэсэгт далайн түвшин 100 м-ээс илүү нэмэгдэж, олон хот сүйрлийн аюулд өртөнө. Төсөөлөхөд ч бэрх цаг агаарын өөрчлөлт дэлхийг там болгон хувиргана.
Эрдэмтэд 1,5 тэрбум жилийн дараах дэлхийн эргэлтийн дүр төрхийг компьютерийн симуляцийн тусламжтайгаар судалжээ. Үр дүн нь аймшигтай байв. Эргэлтийн тэнхлэг 0-90 хэмийн хооронд хэлбэлзэнэ. Тухайн үед сар дэлхийн хоорондын зай одоогийнхоос дөнгөж 10% нэмэгдэнэ. 1.54 тэрбум жилийн дараа дэлхий Бархасбадь гаригийн нөлөөнд орно. Эргэлтийн тэнхлэг болон нарыг тойрон эргэх траекторын хавтгай давхцах үед хойд, өмнөд туйлын мөсөн давхарга нарны хурц гэрлийн нөлөөнд орж хайлна. Эх газрын ихэнх хэсэг мөсөөр хучигдаж, европ тив элсэн цөл болон хувирна.
Хойд америкт хүчтэй аадар орж ихэнх амьтад амиа алдана. Бразилийн нийслэлд хагас жилийн турш нар үзэгдэхээ больж, тэсгим хүйтэн өвөл үргэлжилнэ. Далайн түвшин огцом нэмэгдэж эргийн хотууд усанд автана. Тэнхлэгийн хэлбэлзэл урьдчилан тааварлах боломжгүй, тогтворгүй хэлбэрээр үргэлжлэн явагдана. Хэдхэн 100 жилийн дотор цаг уур огцом өөрчлөгдөж, улирлууд эсрэгээрээ солигдоно. Мөстлөг болж байсан газар нутагт аагим халуун шатах болно. Энэ бүхний эцэст дэлхийн амьдрал устаж үгүй болно.
Сар биднээс бага багаар алслан холдсоор байна. Холдох тусам дэлхийд үзүүлэх түүний нөлөө суларсаар байх болно. Гэвч бид сарнаас бүрмөсөн хагацахаас хамаагүй өмнө дэлхийн төгсгөл жинхэнэ утгаараа ирэх болно. Үүнийг гардан гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл амьдралыг тэтгэсээр ирсэн Нар байх болно. 5 тэрбум жилийн дараа хөгширч, устөрөгчийн түлшээ шатааж дуусгасан Нар тэлж эхлэнэ. Тэлж буй Нар дэлхийг оролцуулаад ойролцоох гаригуудаа нэг нэгээр нь залгина.
Нарны нөлөөгөөр эхлээд сар, дараа нь дэлхий задарч, үүсэн бий болохынхоо өмнөх төрхийг олох болно. Эцэст нь Нарны нас дуусах цагт нарны аймаг ч бас төгсгөлөө угтах болно. Ямар гээчийн аймшигт хувь тавилан бэ. Гэхдээ энэ бүхэн 5 тэрбум жилийн дараа болох үйл явдал юм. Одоохондоо дэлхий маань сарны ачаар тогтворжиж, амьд амьтан, амьдралыг хамгаалсаар байна. Тэгэхээр сарандаа зөвхөн талархалаа илэрхийлцгээе.
эх сурвалж, earth without Moon 2010 болон NHK Одон орон, Сансар судлал
3 сэтгэгдэл:
сонирхолтой байлаа баярлалаа
гайхалтай байлаа.
th
Сэтгэгдэл үлдээх