Тархинд цус харвах өвчний тухай (төгсгөл хэсэг)

Тархинд цус алдах хэлбэрийн цус харвалт (эхний хэсгийг энд дарж үзнэ үү) -ын эмчилгээний талаар Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ихара Коожи зөвлөж байна. Цус алдах хэлбэр нь цус харвасан нийт өвчтнүүдийн 30%-д нь тохиолддог. Ийм хэлбэрийн цус харвалтын 70-90 хувь нь цусны өндөр даралтын нөлөөллөөс үүдэлтэй юм. Япон зэрэг хөгжингүй орнуудад цусны даралт ихсэх өвчинтэй эрчимтэй тэмцэж байгаагаас цус алдах төрлийн цус харвалтын тохиолдол жил ирэх тусам буурсаар байна.

Цус алдалт буюу 2-р хэлбэрийн цус харвалтын үеийн эмчилгээ

Ерөнхий тохиолдолд цус харвалтаас хойших 1 цагийн хугацаанд тархины цус алдалт аяндаа зогсох нь элбэг байдаг. Мөн зарим тохиолдолд 6 цаг хүртэлх хугацаагаар цус алдалт үргэлжлэн явагддаг. Иймд цус алдалтыг цаг алдалгүйгээр зогсоох шаардлагатай байдаг байна. Мөн дахин цус алдалт явагдахаас сэргийлэх зорилгоор өвчтний цусны даралтыг тогтмол хэмжээнд барих ёстой. Энэ төрлийн цус алдалтын үед цусны бөөгнөрлийг хянаж, саажилтаас сэргийлэх эмчилгээ голлон хийгдэнэ.

Мэс заслын эмчилгээ хийхээс аль болох зайлсхийдэг боловч өвчтнүүдийн 30 орчим хувьд нь цус алдалд нэмэгдэж мэс засал хийхээс өөр аргагүйд хүрдэг байна. Үүнд хоёр төрлийн мэс засал хийгдэх бөгөөд эхнийх нь гавлын ясыг нээж цусны бөөгнөрөл (Hematoma буюу цусан бундуу)-ийг авдаг. Дараагийнх нь гавлын ясны 2 хэсэгт жижиг хэмжээний нүх гаргаж түүгээр цусны бөөгнөрлийг соруулж авах мэс засал хийнэ. Аль төрлийн мэс засал хийхийг өвчтөний нас, зүрх, дотоод эрхтэн, биеийн эрүүл мэндийн байдлаас хамааруулан сонгодог.



Цус харвалтын 3-р хэлбэр буюу тархины гадарга дагуух цус алдалтын үеийн эмчилгээ

3-р төрлийн цус харвалт нь 100% тархины судасны хатуурлаас үүдэлтэй юм. Тархины салбарласан судасны хана бөмбөлөг хэлбэрээр тэлж, дараа нь хагарсанаас цус алдалт явагддаг. Мөн цус алдалт маш бага хэмжээтэй, бөмбөлөгийн хэмжээ аяндаа багасах тохиолдолд байдаг боловч цус алдалт дахин явагдаж амь насанд ч эрсдэл учруулах магадлал өндөр учир зайлшгүй мэс заслын эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг байна.

Жишээ; Өвчтөн А, 59 настай, эрэгтэй. Нэгэн өглөө утсаар ярьж байх үедээ гэв гэнэт толгойн хүчтэй өвдөлтийг мэдэрч, ухаан алдан унажээ. 30 минутын хугацаанд эмнэлэгт хүргэгдсэн байна. Цус харвалтаас хойш 50 минутын дотор компьютер томографын шинжилгээ хийж, 2 цагийн дотор цус алдаж байгаа хэсэг болон хэмжээг катетерийн шинжилгээгээр тодорхойлжээ. 4 цагийн дараа мэс засалд орсон бол 2 долоо хоногийн дараа тархины даралтыг бууруулах зэргээр бүх биеийн эрүүл мэндийн байдлыг хэвийн хэмжээнд хүргэсэн байна. 44 хоногийн дараа эмчилгээ дуусч эмнэлгээс гарчээ.

Тархины судас бөмбөлөг хэлбэрээр тэлж, улмаар хагарч цус алдсан ч 6 цагийн дотор дахин шинээр бөмбөлөг үүсэх магадлал өндөр байдаг. Иймд катетерийн шинжилгээний дараа өвчтний гэр бүлийн хүмүүс 2 төрлийн мэс заслын эмчилгээний аль нэгийг сонгох шаардлага тулгарна. Эхнийх нь гавлын ясыг нээж судасны бөмбөлөгийн угийг зориулалтын хавчуураар хавчиж, цус алдалтыг зогсоох мэс засал (開頭クリッピング術 ) юм. Энэ мэс засал нь өвчтөний биед зовиур ихтэй, эдгэрэлтэд хугацаа шаардагдах боловч бөмбөлөг дахин томрохоос найдвартай сэргийлдэг байна.


Дараагийнх нь хөлийн судсаар катетер оруулан, түүний тусламжтайгаар төмөр ороомгийг судасны бөмбөлөгт байрлуулж, бөглөх мэс засал (コイル塞栓術 ) юм. Энэ нь өвчтний биед бараг зовиур үүсгэхгүй боловч байнгийн хяналтад байхыг шаарддаг. Цөөн тохиолдолд дахин бөмбөлөг үүсч цус алдалт явагдах магадлалтай юм. Мэс заслын аль төрлийг сонгоход мөн адил өвчтөний нас, дотоод эрхтэнүүд болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай байдаг байна.


Гадны төмөрлөг биетийг хүний тархинд байрлуулах нь аюул эрсдэлтэй мэтээр зарим хүмүүст төсөөлөгддөг. Гэвч эдгээр нь ямар ч аюулгүй юм. Төмөр хавчуурыг титанаар, ороомгийг цагаан алтаар тус тус хийдэг учир харшил үүсгэх зэргээр хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд ямар ч удаан хугацаанд аюулгүй байдлаа хадгалж чаддаг байна. Тархины гадарга дагуу цус алдах үед хийгдсэн мэс заслын дараа 2 долоо хоногийн хугацаанд тархины цусан хангамжинд өөрчлөлт гарч, дахин цус харвалт явагдах эрсдэл маш бага хэмжээгээр үлдэх учир эмчийн хяналтад байх шаардлагатай. Энэ хугацаа нь мөн мэс засал үр дүнтэй болсон эсэхийг баталгаажуулах хугацаа юм. 

Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон сэргээн засалт

Энэ удаад Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн эмч Үэхара Тошиюки зөвлөж байна. Эмчилгээний дараа өвчтөний биед цус харвалтын сөрөг үр дагавар үлдэх тохиолдолд элбэг байдаг ч нөхөн сэргээх эмчилгээг сайн хийвэл тодорхой хэмжээгээр багасгаж болдог. Сөрөг үр дагаваруудад биеийн аль нэг хэсгийн хөдөлгөөний саажилт, мэдрэхүйн хомсдол, хэл яриа болон бусдын яриаг ойлгох чадварт бэрхшээл үүсзэрэг орно.

Хамгийн элбэг тохиолддог нь биеийн аль нэг талын саажилт буюу хөдөлгөөний хомсдол юм. Зарим хүмүүс хөнгөн зүйлийг атгаж, өргөж чаддаг бол зарим хүний гар огт хөдөлгөөнгүй болох зэргээр шинж тэмдэгүүд янз бүрээр илэрдэг. Сэргээн засалтад гар, хөлийг хөдөлгөх, булчинг суллаж агшаах, иллэг, бусад төрлийн дасгал хөдөлгөөнүүд хамаарна. Хэл ярианы бэрхшээл үүсэн тохиолдолд ярих дасгал хийх шардлагатай. Нөхөн сэргээх эмчилгээ болон сэргээн засалтыг 3 хэсэгт хувааж авч үздэг.

1. Яаралтай нөхөн сэргээх эмчилгээ
Нөхөн сэргээх эмчилгээг мэс заслын дараагаас шууд эхлүүлэх шаардлагатай. Ингээгүй тохиолдолд булчингууд богино хугацаанд хатингиршиж, үе мөч хатуурах байдалд хүрдэг. Мөн нэг удаа үйл ажиллагаа нь алдагдсан булчинг сэргээхийн тулд маш урт хугацаа шаарддаг байна. Тухайлбал ажиллагаа нь нэг өдрийн хугацаагаар алдагдсан булчинг сэргээхэд 7 хоног зарцуулах шаардлагатай гэгддэг байна. Иймд булчингийн дасгал хөдөлгөөн, иллэг хийх зэрэг нөхөн сэргээх эмчилгээг мэс заслын дараагаас дунджаар 1 сарын турш үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдаг.

2.  Дунд хугацааны сэргээн засалт
Өвчтөн тус бүрийн онцлог бий боловч ерөнхий тохиолдолд ихэвчлэн 6 сар хүртэл хугацаагаар сэргээн засалтыг үргэлжлүүлэн хийх тохиолдолд эд эрхтэний алдагдсан үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сэргэх чадвартай байдаг байна. Иймд сэргээн засалтыг 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Боломжтой бол сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сувилалын байгууллагаар хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.

3. Урт хугацааны буюу өдөр тутмын сэргэн засалт.
Цус харвалтаас хойш 6 сарын дараагаас эд эрхтэний үйл ажиллагаа өмнөхөөс илүү сэргэх боломжгүй болдог. Гэхдээ дасгал сургуулилтыг зогсоовол булчингууд эргэн хатингарших аюултай. Иймд сэргээн засалтыг өдөр тутам тогтмол хийж хэвших шаардлагатай.

эх сурвалж, NHK

,

4 сэтгэгдэл:

Сайн байна уу хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Манай аав болон манай гэрийнхэн хэл ярианы шинж тэмдэг илрээд байгааг би ойрын үед анзаараад байгаа юм. Жишээ нь үг яриагаа илэрхийлэхдээ доголдолтой юу юу гэж орлуулж ярчих гээд мөн сэргээн санах үйл ажиллагаа нь манай аавын хувьд маш муу болсон байна. Энэ байдал Speech шинжэд нь орох болов уу? Мөн энэ тархины цус харвалтаас хэрхэн сэргийлж болох вэ гэдэг талаар бичвэл их баярлах байна. дахин баярлалаа

Cаарал хариулав... 10/17/12, 7:52 PM

Шинж тэмдэгийн талаар ямар нэгэн байдлаар оношлох, зөвлөгөө өгөх боломж алга. Мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Харин цус харвалтаас сэргийлэх, цусны даралт ихсэх өвчин, үе мөчний өвчин гэх мэтээр манайд элбэг тохиолддог өвчлөлүүдийн талаар, тэдгээрийн сүүлийн үеийн эмчилгээний аргуудын талаар цаашид үргэлжлүүлэн бичихээр төлөвлөж байгаа.

хариулах...

sain bna uu manai aab harvaad odoo 4 jil bolj bna bieiin baruun tal medeegui bolson mash hund hagalgaand orson tuhain ued tegeed 21 honogiin hugatsaand emchilgee hiilgesen bolovch sergeegeui tegeed odoog hurtel jild 1 udaa emnelegt hevtdeg bolovch baruun tal ni medeegui heveer bgaa tiimees bid ymar emchilgee hiilgevel hurdan bosoh ve ta nadaa hariulj tus bolooch heregtei medeellel oruulsan ta buhendee bayrlalaa asuultiin maani hariug zaaval uldegeeree

Cаарал хариулав... 12/6/13, 12:23 AM

Энэ талаар надаас бус мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах учиртайг анхаарна уу. Миний ойлгож байгаагаар цус харвалтаас хойш удаан хугацаа өнгөрсөн хүнийг босгож, бүрэн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй бололтой. Гэхдээ гар, хурууны хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр сэргээж, юм барих боломжтой болгох талаар судалгаа хийгдэж байгаа, хараахан эмчилгээний түвшинд хүрээгүй байгаа тухай мэдээлэл гарч байсан. Удахгүй энэ тухай бичлэг оруулна.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх