Мухамед Шахид Назир хэмээх 31 настай пакистан эр Лондон хотын нэгэн хүнсний захад загасны наймаа эрхэлдэг байв. Харин түүнийг ажиллуулж байсан дэлгүүрийн эзэн худалдан авагчдыг татах ямар нэгэн шинэ зүйл санаачлах шаардлагатайг зөвлөжээ. Зөвлөгөөний дагуу тэрээр "эзэгтэй нараа нааш ирцгээ, нэг фунтын загас зарж байна" хэмээн дуулах мэт аялгуулан зарлах болсон байна.
Түүний байдал гудамжинд яваа хүмүүсийн анхааралд өртөх болж, хэн нэг нь бичлэг хийж өнгөрөгч оны 4 сард youtube-д байрлуулжээ. Уг бичлэг хүмүүсийн сонирхолыг татаж, хандалтын тоо одоогийн байдлаар 10 саяд хүрээд байна. Тэгтэл бичлэгийг үзсэн дуу бичлэгийн компаний хүмүүс санал тавьсаны дагуу хөгжмийн найруулга хийж, клип бүтээснээр "Нэг фунтын загас" дуу төрөв. Уг бүтээл тэр дороо нэрд гарч Их британийн долоо хоногийн шилдэг 40 дууны жагсаалтад багтжээ.
Шахид Назир телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, нэр хүндтэй сонин хэвлэлийн хуудсанд бичигдэж, од болов. Харин Их британид амьдрах нэг жилийн визны хугацаа нь дуусч түүнийг нутаг буцах үед 250 шүтэн бишрэгч нь цуглаж, одын ёсоор угтан авчээ. Тэр ч байтугай 5 жилийн өмнө алагдсан ерөнхий сайдын дурсгалд зориулсан телевизийн нэвтрүүлгийг дундаас нь таслан байж, нисэх буудлаас хийсэн шууд сурвалжлага Пакистан даяар цацагдав.
Шахид Назир гэр бүлтэй, 4 хүүхдийн эцэг хүн юм. Нутагтаа эдийн засгийн чиглэлээр дээд сургууль дүүргэсэн тэрээр өөрийн эцгийн эрхэлдэг тээврийн компанид ажиллаж байжээ. Харин бизнес сургалтын хүрээнд Их британи улсад 1 жилийн хугацаагаар ажиллаж, амьдрах боломж олдсон нь түүнийг од болох замыг нээсэн байна.
Youtube-ийн шинэ од, интернет ертөнцийн шинэ вайрал, хоёр дахь ганнам стайл гэгдэж буй тэрээр өөрийн бүтээлийн нэрээр "Нэг фунтын загас" хэмээн нэрлэгдэх болов. Өнөөдрийн байдлаар түүний сарын орлого өмнөхөөс 10 дахин нэмэгдэж, түүнтэй хамтран ажиллах санал гадаад улсуудаас ч ирэх болов. Тэрээр гэр бүлийн хамтаар Их британи улсад шилжин суурьшихаар төлөвлөж байгаа боловч багаасаа дуртай байсан дуулах сонирхол, өөрийг нь нэрд гаргасан загасны худалдаагаа аль алиныг нь орхих хүсэлгүй гэжээ.
"Нэг фунтын загас"
2013-01-25
ганцхан сэтгэгдэлтэй
ганцхан сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх