Королевийн мөрөөдөл буюу Зөвлөлтийн сансарын алтан үе (төгсгөл хэсэг)

3. Хүн төрөлхтөнг сансарт хүргэсэн нь (эхний хэсгийг энд дарж уншина уу)

1960-аад оноос Королев дараагийн шинэ даалгавар биелүүлэх ажилдаа оржээ. Тун удахгүй хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа сансарт нисэх болно. Шинээр бүтээсэн сансарын хөлөг Востокт сансарын нисгэгчийг суулгаж, Р7 пуужингаар хөөргөхөөр төлөвлөв. Сансарын хөлөг ойролцоогоор 90 минутын хугацаанд дэлхийг нэг бүтэн тойрно. Үүний дараа эсрэг тийрэлт үүсгэх хөдөлгүүрээр хурдаа сааж, пуужингаас салсаны эцэст дэлхийд эргэн ирнэ. Энэ үед тулгамдсан хамгийн том асуудал нь сансарын жингүйдлийн орчин хүний биед хэрхэн нөлөөлөхийг тодорхой мэдэхгүй байсан явдал байв.

Зарим эрдэмтэд жингүйдэлд орсон хүн ухаан мэдрэлээ алдах болно гэж үзэж ч байв. Иймд эрүүл мэндийн хувьд хамгийн сайн 3000 залуусаас сансарын анхны нисгэгчийг сонгохоор шийджээ. Шалгаруулалтад оролцогсод тухайн үеийн хамгийн шилдэг технологийн тусламжтайгаар сургуулилт хийв. Сансарын хөлөг хөөрөх үеийн ачаалал болон хүндийн хүчний өөрчлөлтийг даах туршилт, аюултай нөхцөл байдал тохиолдсон үед самгардахгүй байх үүднээс сэтгэлзүйн бэлтгэл ч хийв. Харин Королев цоо шинэ систем бүтээхээр эрчимтэй ажиллаж байв.

Москвагийн ойролцоо оросын сансарын нисгэгчийн хувцасны үйлдвэр бий. Тухайн үед Королевийн удирдлагад ажиллаж байсан гурван инженер одоо ч тэндээ ажилласаар байна. "Королевийн хүссэн зүйл бол сансарын нисгэгч ямар нэгэн аюулд өртлөө ч түүнийг эсэн мэнд дэлхийд авч ирэхэд туслах төхөөрөмж байсан юм" хэмээн Герман Леосев ярьж байна. Королев сансарын нислэгт шаардагдах бүхий л төхөөрөмжийг бүрэн автоматжуулахаар шийджээ. Нэр бүхий гурван инженерт оногдсон үүрэг бол системийн хамгийн чухал хэсэг болох сансарын хөлгийн суудлыг бүтээх ажил байв.


Хөлөг дэлхийд эргэн ирэх үед нисгэгчийг хөлгөөс салгаж, шүхрээр буухад туслах төхөөрөмж бол хөлгийн суудал юм. "Буух үед нисгэгчийг сансарын хөлгөөс дор хаяж 100 м зайд шидэж чадах систем бүтээх нь бидний даaлгавар байсан" гэж Арнольд Валерий хэлэв. "Суудлын ажиллагааг бүрэн автоматжуулах шаардлагатай байсан. Бид өндөр найдвартай төхөөрөмжийг зөвхөн цахилгаан хэлхээний тусламжтайгаар бүтээсэн. Компьютер, электроник, тэр ч байтугай тооны машин ч бүтээгдээгүй байсан цаг үед шүү дээ" хэмээн Борис Михайлов дурсан ярьж байна.

Королев нисгэгчийг эсэн мэнд эргэн ирүүлэхэд шаардагдах бүхий л арга хэрэгслийг эрэлхийлж байв. "Тэднийг сансарт илгээж, эсэн мэнд буцааж ирүүлэх ёстой. Ийм хэмжээний хариуцлага үүрэх чадвар надад бий билүү. Тийм гэсэн итгэл төрөхгүй байна" хэмээн анхны нислэгээс хагас жилийн өмнөх захидалдаа бичиж байв. Боломжгүйг бодит зүйл болгосоор ирсэн суут эрдэмтэн тухайн үед хүний амь насны хариуцлагын хүндийг ухамсарлаж байжээ.

1961 оны 4 сарын 12, Королевийн сонгосон нисгэгч Юрий Гагарин сансарт хөөрөх болно. Хэт их сэтгэл хөдлөлд автах хугацааг богиносгох үүднээс сонголтыг нислэгээс дөрөвхөн хоногийн өмнө хийжээ. Королев залуу нисгэгчийг чанга тэвэрч, өөрийн хүслийг түүнд дайж явуулах болно. Сансарын анхны нислэгийн үед Гагарин Королев нарын харилцаж байсан дуу бичлэг хадгалагдан үлдсэн байдаг. Гагарин нислэгийн нөхцөл байдлыг илтгэж, Королев түүнээс ямархуу сэтгэгдэлтэй байгааг асууж байв. Удалгүй хамгийн их сэтгэл зовоож байсан жингүйдлийн байдалд оров. Гагарин "жингүйдэл үнэхээр гайхалтай юм, бүх зүйл хөвж, нисч байна" гэжээ.

Хүн сансарт амьд байж чадна. Энэ бол хүн төрөлхтөнд сансарын үүд хаалгыг нээсэн мөч байв. Гэвч анхны нислэг дуусахаас өмнө урьдчилан төлөвлөөгүй аюул тохиолдов. Дэлхийг бүтэн тойрсон сансарын хөлөг хурдаа сааж, пуужингаас салах ёстой байсан боловч тэдгээрийн хоорондох кабел салгагдсангүй. Пуужингийн хэсэг хөлгийн хамт агаар мандалд орж ирэх үед эргэлдэж, Гагариний биед дэлхийн татах хүчнээс 10 дахин их, аймшигтай ачаалалд орно. Энэ байдал кабел агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр шатаж, тасрах хүртэл 10 минут хугацаанд үргэлжлэв. Туршлагатай нисгэгч ч ийм ачаалыг илүү удаан тэсвэрлэхэд бэрх байдаг.


Харин Гагаринг аварсан зүйл бол Королевийн санаачилсан хөлгийн суудал байв. Хурууныхаа үзүүрийг ч хөдөлгөх чадваргүй болсон Гагарин суудлын хамт унаж буй хөлгөөс аюулгүй зайд шидэгджээ. Гагариний газардах төхөөрөмжийн долгионыг барьж авлаа хэмээх мэдээлэл нислэгийг удирдах төвөөс ирэх үед инженерүүд (дээр дурдсан)-ийн санаа амарчээ. Энэ нь тэдний бүтээсэн суудал ямар нэгэн асуудалгүй ажилласныг илтгэнэ.

108 минут үргэлжилсэн сансарын анхны нислэг амжилттай дуусч, Гагаринг Москвад баатрын ёсоор угтав. Гагарин сансарын нислэгийн тухай илтгэж, Хрушевоос шагнал гардан авах үед энэ мөчийг хамгийн их хүсэн хүлээж байсан Королев тэнд байгаагүй юм. "Аав маань олны өмнө ил гарах эрхгүй учир иргэдийн жагсаалын хамгийн сүүлийн машинд сууж таарсан. Хүмүүс зайгүй шигжсэн байсан тул улаан талбайд ч орж чадаагүй, гэртээ эргэн ирж үйл явдлыг зурагтаар үзсэн" хэмээн Королевийн охин Наталья дурсан ярьжээ. Түүхийн сүүдэрт нуугдсан Королев дараа нь илүү том төлөвлөгөө боловсруулж эхлэх болно.

4. Королевийн мөрөөдөл

Анхны хиймэл дагуул хөөргөх, анхны хүнийг сансарт нисгэх өрсөлдөөнд ялагдсан Америк шинэ төлөвлөгөө боловсруулав. Ерөнхийлөгч Кеннеди 1960-аад ондоо багтааж саран дээр хүн буулгах Аполло төслийг 1961 танилцуулжээ. Энэ үед төмөр хөшигний нөгөө талд өөр нэгэн төсөл эхэлж байв. Үүнийг нотлох зүйл одоо ч Байконурын сансарын буудалд бий. 24м-ийн өндөртэй аварга тээвэрлэгч Н1 пуужинг угсрах үйлдвэрээс нислэгийн талбайд хүргэх зориулалттай юм. Сансарт анх удаа хүн нисгэсэн Королев шинэ төрлийн пуужин бүтээж эхэлжээ.

Р1-ийн дараа бүтээгдсэн Н1 пуужингийн өндөр 105 м, хөдөлгүүрийн тоо 30, зөвлөлтийн үеийн хамгийн том пуужин байв. Королев энэ аварга пуужингаар юуг хөөргөхийг хүсч байсан бол. Тухайн үед түүний удирдлагад ажиллаж байсан зохион бүтээгч Владимир Бугуровт нэгэн тэмдэглэлийн дэвтэр хадгалагдан үлджээ. Тэр бол Н1 пуужингийн төслийн үед хэрэглэж байсан нууц дэвтэр юм. Түүнд 1959 оноос хойш Королевийн оролцсон бүх төслийн тухай мэдээлэл бичигджээ.


Гагаринг сансарт нисэхээс 2 жилийн өмнө бичигдсэн дэвтэрийн хуудсанд сонин хэлбэртэй сансарын хөлгийн дүрс олон тооцоо, томьёоллын дунд зурагдсан байдаг. Мөн хуудасны буланд "Бидний зорилго бол дэлхийг тойрон эргэх биш, саранд хүрэх ч бас биш, харин гариг хоорондын нислэг юм" хэмээн бичигдсэн байна. Королев Ангарагт хүн нисгэх талаар 1959 оноос эхлэн төлөвлөж байжээ. Түүний насан туршдаа нандигнаж байсан нэгэн ном бий. Королев өөрийг нь сансарт тэмүүлэхэд хүргэсэн Циолковскийн "Собрание сочинений" номыг олон дахин уншихдаа хуудас болгоны захад олон удаа тэмдэглэл хийсэн байдаг.

"Хүн төрөлхтөн эх дэлхийдээ мөнхөд оршин суухгүй, эхлээд агаар мандлыг нэвтэлнэ. Цаашид гэрэл, орон зайг мөшгөн хөөж, нарны аймгийг бүхэлд нь туулна" хэмээн уг номын эхний хуудсанд бичигдсэн мөрүүд Королевийн хамгийн дуртай үгс байв. Гариг хоорондын нислэг хийж, нарны аймгийг танин мэдэхийг хүссэн Циолковскийн мөрөөдлийг Королев өвлөн авч, бодит зүйл болгох нь түүний хувьд нэгэн насны амьдралынх нь зорилго байжээ.

Гэвч Ангараг хүртэл дэлхийтэй хамгийн их ойртох үед ч сар хүртэлх зайнаас 150 дахин хол, 56 сая км зайтай. Төсөөлөхөд ч бэрх сансарын алс холын аялалыг Королев хэрхэн бодит зүйл болгохоор төлөвлөж байв. 500 тонн жинтэй, аварга хөлгийг дэлхийгээс хөөргөх боломжгүй. Иймд хөлгийн хэсгүүдийг тус тусад нь хөөргөөд сансарт угсрахаар төлөвлөжээ. Үүний тулд 75 тонн жинтэй ачааг тойрог замт хүргэх чадалтай Н1 пуужинг зохион бүтээсэн байна.


Хөлгийн үзүүрийн шүхэр хэлбэртэй хэсэгт нарны зай угсарч, шаардагдах энергийг удаан хугацааны турш хангах, хөлөг доторхи хүлэмжинд хүнсний ургамал тариалахаар тус тус төлөвлөжээ. Мөн сансарын хөлгийн эх загварыг ч бүтээгээд байв. Гэвч алс холын гаригт хүрэхийг зорьсон Королевийн мөрөөдөл бодит төлөвлөгөө болох эхлэлийн шатандаа зогсох болно. Шалтгаан нь Хуршевт байв. Тэрээр алс холын гаригт хүрэхээс илүүтэйгээр америкийг даван гарахыг чухалчилж байсан юм.  "Хэрэв уг төлөвлөгөө үргэлжлэн хэрэгжсэн бол 1985 он гэхэд хүн Ангарагт хүрэх бүрэн боломжтой байсан" хэмээн зөвлөлтийн сансар судлалын түүхийн амьд гэрч болсон Бугуров нотлож байна.

Сансарын аливаа төсөл эрх мэдэлтнүүдийн таалалд нийцээгүй бол хэрэгжих боломжгүй гэдгийг Королев ч сайн ойлгож байв. Иймд зорилгоо өөрчлөх болно. Москвагийн нисэхийн их сургуульд хүйтэн дайны үед бүтээгдсэн нэгэн сансарын хөлөг хадгалагдаж байна. Тэр бол Королевийн удирдлагаар бүтээсэн саран дээр газардах хөлөг юм. Хрушев америкчуудтай адил хугацаанд саран дээр хүн буулгах шийдвэрийг 1964 онд гаргажээ. Гэвч зөвлөлтчүүд Аполло төслөөс 3 жилээр хоцорч байсан учир яаравчлах шаардлагатай байв.

Саран дээр хүн буулгах зөвлөлтийн төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол сансарын нисгэгч Алексей Леонов юм. Саран дээр анхлан газардахаар аль хэдийн сонгогдсон байсан тэрээр тухайн үед газардах сургуулилтын багийг давхар удирдаж байжээ. Леонов 1965 оны 3 сарын 18-нд түүхэн үүрэг гүйцэтгэж, анх удаа задгай сансарт гарав. Дэлхийгээс 500 км зайд, сансарт 12 минутыг өнгөрүүлэх үед түүнийг хөлөгтэй цорын ганц утас холбож байсан юм. Энэ үйл явдал хүнийг саран дээр буулгах бэлтгэл ажлын хүрээнд хийгджээ.


Шинэ пуужин бүтээх цаг хугацаа байгаагүй учир Королев саранд хүрэхэд Н1 пуужинг ашиглахаар төлөвлөжээ. 30 хөдөлгүүртэй, 3000 тоннын жинтэй уг пуужингаар сансарын 2 нисгэгч бүхий хөлгийг эхний шатны хөдөлгүүрээр хөөргөнө. 2,3-р шатны хөдөлгүүр хөлгийг тойрог замд оруулахад ашиглагдана. Харин 4-р шатны хөдөлгүүр хөлгийг саранд хүргэнэ. Хөлөг сарны тойрог замд орох үед сансарын нэг нисгэгч задгай сансарт гарч, газардах төхөөрөмжинд шилжин байрлана. Газардах төхөөрөмж сарны гадаргад ойртох үед сансарын нисгэгч цонхоор харж, буухад тохиромжтой газрыг сонгоно. Королевийн төлөвлөгөөний дагуу саранд америкчуудаас түрүүлэн газардах бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилсээр байв.


Гэвч 1966 оны 1-р сарын 5-нд Королев ухаан алдан унав. Цөллөгт байх үед өвчилсөн зүрх нь амралтгүй ажилласан 22 жилийн ачааллыг даасангүй. Королев 9 хоногийн дараа хийгдсэн мэс заслын үед нас барж, 59 жил тээсэн мөрөөдөл нь тасарсан юм. Түүнийг зөвлөлтийн ард түмний хамгийн том хүндэтгэл болгон, улаан талбайд оршуулжээ. Зөвлөлтийн сансар судлалын тэргүүн шугаманд байсан Королевийн нэрийг тухайн үед л хүмүүс мэдэх болж, түүнтэй салах ёс гүйцэтгэхээр улаан талбайг зорьж байв.

Королевийг нас барсны дараа саран дээр газардах төлөвлөгөө үргэлжилж, Н1 пуужингийн туршилтыг 1969 оны 7 сараас эхлүүлэв. Гэвч дараалан хийсэн 4 удаагийн туршилт бүгд бүтэлгүйтэж, зөвлөлтийн сансар судлал маш том хөдөлгөх хүчээ алдсаныг илтгэв. Мөн оны оны 7 сарын 20-нд Аполло 11 хөлөг саран дээр газардаж америкчууд сансарын өрсөлдөөнд тэргүүлж эхэлсэн юм.

Марс-500 хэмээх төсөл 2 жилийн өмнө орост хэрэгжиж дууссан билээ. Төсөл Ангараг гариг руу хийх нислэгт зориулагдаж, удаан хугацааны аялалын үед сансарын нисгэгчдийн эрүүл мэнд, сэтгэлзүйд гарах өөрчлөлт, мөн нислэгийн үеийн хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсийг хэрхэн хангах талаар судалсан юм. Уг төсөл ч 50 жилийн өмнө Королевийн гаргасан санаачлагын үр дүн ажээ. Королев тухайн үед ийм судалгаанд ашиглагдах туршилтын модулыг ч бүтээж байсан  байна.

Королевийн амьд ахуй үеийн дуу бичлэг хадгалагдаж байдаг. Бичлэгт "тун удахгүй сансарын аялал хүн төрөлхтний хувьд ердийн тээврийн хэрэгсэл нь болно. Бодит байдалд туйлын хурдан тээврийн хэрэгсэл байх болно. Ердөө хагас цагийн дотор л дэлхийн нөгөө өнцөгт хүрнэ гэвэл итгэмээргүй сонсогдож байна уу. 15 жилийн өмнө 200, 300 км/ц-ийн нислэг аймшигтай зүйл байсан. Тэгвэл одоо тийрэлтэт нисэх онгоц бүтээгдэж түүнээс ч илүү хурдалж байна. Иймд хэзээ нэгэн цагт гариг хоорондын аялал бодит байдал болно. Энэ бүхнийг би Зөвлөлт улсын төлөө, Зөвлөлтийн ард түмний төлөө, нийт хүн төрөлхтний ашиг тусын тулд зориулагдахыг хүсч байна" гэжээ.


Одоогоос 50 гаруй жилийн өмнө, Зөвлөлт хэмээн нэрлэгдэж байсан улсын сансар судлалын алтан үеийн төлөөлөл болсон Королев хэмээх суут эрдэмтэн амьдарч байсан юм. Түүний мөрөөдөл, хүсэл эрмэлзлэлийг өнөөдөр дэлхийн сансар судалтай холбоо бүхий олон хүн үргэлжлүүлсээр байна. (Дашрамд дурдахад мэдээллийг 2 жилийн өмнөх эх сурвалжаас бэлтгэсэн тул цаг хугацаатай холбоо бүхий зарим мэдээлэл хуучирсан байж болохыг анхаарна уу)

Эх сурвалж, NHK

,

6 сэтгэгдэл:

хариулах...

үнэхээр сонирхолтой байлаа баяраллаа

хариулах...

Гайхалтай

хариулах...

Королев үнэхээр агуу хүн.Жаахан урт насалсан бол бүр их гайхамшиг бүтээх байсан.Сайхан нийтлэл байна.

хариулах...

сайхан болж

хариулах...

Үнэхээр гайхалтай.
Амжилт хүсий.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх