Нисдэг машины өнгөрсөн ба одоо

Хүмүүс эрт дээр үеэс шувуу мэт тэнгэрт дүүлэн нисэхийг хүсч, олон янзын бүтэлгүй оролдлогуудыг давтсаар иржээ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө нисэх онгоц бүтээгдэж, хүний хүсэл зарим талаар биелсэн гэж болно. Мөн газраар хурдлах автомашин бүтээгдэж, морин тэргийг халав. Тэр үеэс хойш нисдэг автомашин бүтээх оролдлого өнөөдрийг хүртэл үргэлжилж, олон арван загвар бүтээсэн ч туршилтын хүрээнээс хэтэрсэн нь нэгээхэн ч үгүй. Нисдэг машинд ердийн автомашинтай адил шаардлага тавигдана. Тэр нь аюулгүй, жолоодоход амар, үнэ өртөг боломжийн байх.

Нисдэг машин бүтээхэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь технологийн хувьд ердийн авомашинаас ялгаатай байдаг явдал юм. Нисэх онгоц бүтээхэд тавигддаг гурван үндсэн шаардлага бий. Эхнийх нь хөдөлгүүрийг тасралтгүй эргэлдүүлж, урагшлах хүч үүсгэх ёстой. Дараа нь далавчны өргөх хүч буюу онгоцыг агаарт хөөргөхөд хүргэх хийцийн хэлбэр юм. Сүүлчийнх нь их биеийн жинг аль болох бага, хөнгөн байлгах ёстой. Тэгвэл автомашины хөдөлгүүрээс дугуйнд хувьсан өөрчлөгдөх хүч өгөгддөг. Мөн машины хэлбэр нь жолоодлогын үед доош чиглэсэн хүч үйлчлэх нөхцөлийг хангах ёстой.

Технологийн эрс тэс шаардлагуудыг нэгтгэж, нисдэг машин бүтээх ородлого 100 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Энэ хугацаанд 300 гаруй загвар бүтээгдсэн боловч цаг хугацаа, хөрөнгө мөнгө дэмий үрэхээс хэтэрсэнгүй. Хамгийн анхны нисдэг машинд дөхөж очих загварыг 1908 онд Жакоб Элихем бүтээжээ. Эвхэгддэг далавчтай уг загвар дэлхийн анхны нисэх онгоц нисч эхэлсэнтэй бараг адил цаг үед хамаарна. Харин 1935 онд анхны нисдэг машин бүтээгдсэн боловч эхний туршилтаар шатаж, оролдлого бүтэлгүйтсэн байна.


Тэгвэл орчин үед нисдэг машины технологийн хувьд гар утас, хиймэл дагуул зэрэгтэй харьцуулахад илүү хялбар болжээ. Хамгийн гол хүндрэл нь маш их мөнгө зарцуулна. Өмнөд африкийн Эквадор улсад өсч хүмүүжсэн Стив Сент нутгийн хүмүүст хамгийн их шаардлагатай зүйлийг бүтээж өгөхөөр шийджээ. Нисэх онгоцноос өөр тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй ширэнгэн ойн нөхцөлд орон нутгийн иргэд хялбар жолоодох боломжтой нисдэг машин хамгийн тохиромжтой зүйл байв. Засварлахад хялбар, хучилттай болон хөдөөгийн замд тохиромжтой, цас, бороо зэрэг цаг агаарын нөхцөлд ашиглах боломжтой анхны загварыг бүтээхэд 8 жил зарцуулагджээ.


Шүхэр, дугуй, хөнгөн хөдөлгүүрийг агуулж, Маверик хэмээн нэрлэгдэх болсон энэ загвар өдийг хүртэл бүтээгдсэн нисдэг машинууд дундаас хамгийн амжилттай, бас хамгийн хөнгөн жинтэй нь юм. Маверикийн хурд газарт 65 км/ц хүрэх үед нисэх горимд шилжих товчлуурыг дарсанаар машин автоматаар хөөрч эхлэнэ. Удирдлага нь тун хялбар бөгөөд хааз гишгэх үед хөөрч, эсрэг тохиолдолд доошлоно. Зөвхөн жолооны хүрдээр залагдах шүхрийн удирдлага нь бусад төрлөөс хамаагүй энгийн байна. Гэхдээ цаана нь компьютерийн автомат тохируулга ашиглагдана. Газардсаны дараа шүхрээ эвхээд авто зам горимд шилжихэд л ердийн автомашин болон хувирна.

Газарт дөнгөж 4 секундэд 100 км/ц хурд авч, 160км/ц хүртэл хурдална. Уг машин технологийн хувьд хангалттай түвшинд хүрсэн боловч үнэ өндөр хэвээр байна. Мөн хамгийн том сул тал нь салхи ихтэй тохиолдолд нисэх боломжгүй. Гэхдээ энэ нь бага оврын нисэх онгоцонд адилхан тохиолддог хүндрэл юм. Нөгөө талаас том хэмжээний шүхэр нь томоохон хотод ашиглах боломжийг хязгаарлана. Нисдэг машины мөрөөдлийн гэмээр өөр нэгэн загвар нь Массечусетсийн их сургуульд бүтээсэн Трансишн юм. Энэ загвар нэг л хөдөлгүүрээр газарт дугуйг, агаарт сэнсийг эргүүлэх боломжтой. Гэхдээ хамгийн төвөгтэй асуудал нь нэг бүрийн үнэ 200 мянган доллараар үнэлэгдэж байгаад юм. 


АНУ-д нисдэг машин бүтээх оролдлого хамгийн өндөр идэвхтэй өрнсөн цаг үе нь 1930-аад он байв. 1934 онд америкийн Тэнгисийн цэргийн хүчнээс энгийн, аюулгүй, 700 долларт багтах хямд өртөг бүхий нисэх төхөөрөмжийн уралдаан зарласан байна. Уралдаанд ирсэн загваруудын нэг Аэробайл нисдэг машины анхны загваруудын нэгт тооцогдоно. Түүний онцлог нь сүүл хэсэггүй загвар юм. Нисэх онгоцны сүүл хэсэгт онгоцыг тонголзох хөдөлгөөн хийхээс сэргийлэх жижиг хэвтээ далавч, хөндлөн чиглэлийн эргэлтийг хязгаарлах босоо далавч нэг ширхэг тус тус байдаг.



Тэгвэл Аэробайлд үндсэн далавчийг урдаас хойш сунаж тогтсон хэлбэртэй болгон, түүний үзүүрт босоо чиглүүлэгч угсарч, сэнсийг их биеийн хойд хэсэгт байрлуулснаар нислэгийн үеийн сүүлний үүргийг бүрэн орлуулсан байна. Нисэх төхөөрөмжийн энэ загвар нь сүүлд зорчигч тээврийн дуунаас хурдан онгоц болон цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцны загваруудад ашиглагдаж болжээ. Мөн Аэробайлын жижиг хэмжээтэй үндсэн далавчийг салгавал автозамаар хурдлах боломжтой. Уг нисдэг машин уралдаанд тэргүүлсэн бүтээлүүдийн нэг боловч тавхан ширхэг үйлдвэрлэгджээ.


1940-оод оны сүүлээр бий болсон Эйрфибиа загварын сүүл хэсгийг салгавал 70 км/ц хүртэл хурдлах чадвартай байв. Уг загварын аюулгүй байдал бүрэн батлагдаж, мөрөөдлийн тээврийн хэрэгсэл гэгдэж байсан боловч 7-оос илүү захиалага авч чадаагүй байна. Нисдэг машины зах зээл байгаагүйгээс гадна түүний өмнөхөн гарсан өөр нэгэн загварын осол хүмүүсийн болгоомжлолыг төрүүлжээ. Эйрфибиагийн өрсөлдөгч нь 1946 онд бүтээгдсэн Эйролокер байв. Нисдэг машин автозамаар явахад гол саад болдог зүйл бол далавч байдаг. Тэгвэл Эйролокер далавчийг хялбар салгаж, угсрах боломжтой хийгдсэнээрээ тухайн үеийн шинэлэг санааг хэрэгжүүлжээ.


Мөн сүүл хэсгийг нисэх буудалд орхих шаардлагагүй бөгөөд чиргүүл хэлбэрээр чирж явах боломжтой. Өөр нэг онцлог нь гурван үзүүрт од хэлбэрийн сүүл юм. Сүүлний ийм хэлбэр автозамаар явах үед газарт шүргэхээс сэргийлнэ. Уг нисдэг машин тухайн үед багагүй нэрд гарч, Мерлин Монро зэрэг алдартнууд хөлөглөж байв. Харин үйлдвэрлэгчид дөнгөж 270 машины захиалга ирсэн нь ашиггүйд тооцогдож, үйлдвэрлэлээ зогсооход хүргэжээ. Тэдний тооцоогоор дор хаяж 500 ширхэгийг үйлдвэрлэж байж ашиг олох байв. Сонирхуулахад уг нисдэг машины 1956 онд үйлдвэрлэгдсэн сүүлийн загвар одоо ч ниссээр байна.



Орчин үед хувийн нисэх онгоц эзэмших хүн олон болсон ч нисдэг машинтай хүн бараг байхгүй. Зарим хүн машиныг өөрчилж, нисгэдэг болгохыг зорьдог бол зарим нь онгоцыг өөрчилж замаар хурдлахыг хүч байна. Харин автомашин онгоц хоёрыг нэгтгэхийн тулд бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй гэж үзсэн хүн бол Жон Браун юм. Тэр залуугаасаа нисдэг машин сонирхож, 30 гаруй жилийн хугацаанд 2000 гаруй загварыг судлажээ. Тэдгээрт тулгуурлан бүтээсэн загвар нь Карплэйн юм. Уг загварын далавчийг их биед эвхэж, шаардлагатай тохиолдолд автоматаар ил гаргах боломжтой.


Загварын үндсэн онцлог нь хоёр хэсэгт хуваагдах их бие юм. Дэргэдэх зорчигчтой шууд ярилцах боломжгүй ч хоёр хүний суудалтай энэ загвар нисэх хөдөлгөөний онолын хувьд төгс загвар гэгдэж байна. Автомашины хүндийн төв дөрвөн дугуйн голд байрлаж, тогтворжилтыг хангадаг. Харин нисэх онгоцонд хойд буюу том дугуйд төвлөрч, газраас тасрах үеийн хөөрөлтийг дэмждэг. Тэгвэл Карплэины далавчны байрлалаас хамааран хүндийн төвийг шилжүүлэх боломжтой. Далавчийг эвхэх үед хүндийн төв дугуйнуудын хооронд шилжинэ. Энэхүү нисдэг машин одоогоор концепт загвар төдий байгаа бөгөөд хэзээ үйлдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа юм.

Нисэх төхөөрөмжийг автомашинаас илүү аюултайд тооцох хүн олон байдаг. Гэхдээ нүүрээ будах,  гар утсаар ярих мэтийн жолоодлогын үед хориглогдсон үйлдлүүдээс үүдэлтэй ослын тоо авто замд буурдаггүй. Технологийн хувьд аюулгүй ч автомашины ослын дийлэнх хувьд хүний хүчин зүйл голлон нөлөөлдөг. Энэ нь нисэх онгоцны ослын үед ч адилхан нөлөөлдөг. Хүний алдаанаас үүдэлтэй ослын тоог бууруулах үүднээс нисдэг машины жолоодлогыг автоматжуулахад чиглэсэн судалгаанууд ч хийгдэж байна. Цаашид нисдэг машин агаарын хөдөлгөөнд оролцох тохиолдолд баримжаа хэрхэн авах явдал анхаарал татдаг. Үүнд зориулагдсан "агаарын туннелийн технологи" бүтээгдэж байна. Хэдийгээр энгийн нүдэнд харагдахгүй ч виртуал орон зайд байрлах тунелээр дамжин нисэх хөдөлгөөнийг аюулгүй гүйцэтгэх боломж ойрын ирээдүйд бүрдэх юм.

Энэ мэтчилэн технологийн саад бэрхшээлүүдийг арилгасаар байгаа боловч зарим томоохон хот, мужийн ойролцоо аль хэдийн нисэх онгоцоор "хахаж цацаж" эхлээд байна. АНУ-д гэхэд л цагт 5000, өдөрт 87 мянган онгоц тус тус агаарт хөөрч байна. Энэ нөхцөлд нисдэг машин, дээр нь шуудангийн болон бусад зорилго бүхий автомат нисэх төхөөрөмжүүд нэмэгдэх үед агаарын тээврийн хөдөлгөөнийг зохицуулах цоо шинэ систем шаардагдана. Одоогоор радарт тулгуурласан систем ашиглагдаж байгаа бол цаашид Жи Пи Эст тулгуурлах төлөвтэй байна. Ийм системд нисэх төхөөрөмж хоорондын нислэгийн аюулгүй зайг өөрсдөө тогтоож, нисдэг машиныг алсын удирдлагаар жолоодох боломж бүрдэх юм.


Маверик нисдэг машин одоогоор 9000 доллараар үнэлэгдэж байна. Хэрэв үйлдвэрлэх тоо хэмжээг жилд 1000-д хүргэвэл нэг бүрийн өртөгийг 6000 доллар болгон бууруулна. Технологийн хувьд нисдэг машин ердийн хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсон. Харин үлдэж буй цорын ганц асуудал нь түүнийг нийгэм хүлээж авах уу үгүй юу гэдэгт л байна.

эх сурвалж, Incredible flying cars 2012.

, ,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх