Утасгүйгээр цэнэглэх цахилгаан автобусыг туршиж байна

Английн Милтон Кийнс хот утасгүй технологиор цэнэглэх 8 цахилгаан автобусыг туршилтын журмаар ашиглаж эхлээд байна. Жилд 800 мянган зорчигчийг тээвэрлэх, 25 км урт бүхий автобусны шугамын эхлэл болон төгсгөлийн зогсоолд цахилгаан үүсгэгч ялтас байрлуулжээ. Автобусыг утасгүйгээр цэнэглэх уг туршилт Их Британид анхныхад тооцогдож байгаа юм. Туршилтын автобусуудыг шөнийн цагт баазад цахилгаанаар цэнэглэх боловч өдрийн цагт нэмэлт байдлаар утасгүйгээр цэнэглэж байна. Цэнэглэхийн өмнө жолооч автобусны доод хэсэгт байрлах цэнэг хүлээн авагчийг зогсоол дахь цэнэглэгч ялтаснаас 4 см зайд хүртэл буулгана.

Утасгүйгээр цэнэглэх ажиллагаа зөвхөн нэмэлт цэнэгээр хангах хэлбэрээр явагдаж, тээврийн үйлчилгээ эхлэх хүртэлх 10 минутын хугацаанд үргэлжилнэ. Индукцийн цахилгаан дамжуулалт хэмээн нэрлэгдэх энэ аргаар зогсоол дахь ялтасны ороомгоор цахилгаан дамжуулан соронзон орон үүсгэдэг. Уг соронзон орон автобусны ороомогт хүчдэл үүсгэж, батерейг цэнэглэдэг байна. Райтбас компанид үйлдвэрлэсэн эдгээр автобусуудыг туршилтын журмаар 5 жилийн хугацаанд ажиллуулах юм. Хэрэв туршилт амжилттай болвол цаашид нийтийн тээврийн бүх автобусанд хэрэглэхээр төлөвлөжээ. Утасгүйгээр цэнэглэх ийм систем Италийн 2, Герман, Голландийн тус бүр нэг хотод ашиглагдаж байгаа юм.


Мөн өнгөрөгч оноос Өмнөд солонгосын Гуми хотод нийтийн тээврийн автобусыг адил аргаар утасгүйгээр цэнэглэх туршилт эхэлсэн. Гэхдээ цэнэглэх ажиллагаа автобусыг зогсоолгүйгээр авто зам дээрх цэнэглэгчээс жолоодлогын үед хийгддэгээрээ онцлог юм. Өмнөд Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (KAST)-ийн бүтээсэн уг технологи өмнө нь Сөүл парк болон их сургуулийн хотхон зэрэг хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаж байжээ. Туршилт одоогийн байдлаар нийтийн тээврийн 12 км урттай нэг шугамд хийгдэж байна.

Автозам болон автобусны хоорондын утасгүй цахилгаан дамжуулалтын энергийн үр ашиг 100кВ энергид 85% байна. Мөн цэнэглэгчийг автозамын нийт уртын 5 болон 15%-д л байрлуулахад хангалттай юм. Уг технологи автомашиныг хөнгөн, жижиг оврын батерейгаар тоноглож, ашиглалтын үед зарцуулах энергийг их хэмжээгээр бууруулах боломж бүрдүүлж байна. Хэрэв туршилт амжилттай үргэлжилбэл цаашид 10 орчим цахилгаан автобусыг нэмж хамруулахаар төлөвлөжээ.


эх сурвалж, BBC болон Wired

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх