Эртний өвөг дээдсийг тодорхойлох генетикийн атлас бүтээжээ

Эзэнт гүрнүүдийн мандал, мөхөл, цэргийн довтолгоо, боолчлол зэрэг үйл явдлууд дэлхий даяар хүмүүсийг "цус холилдоход" хүргэжээ. Ийм үйл явдлууд хүний геномд бичигдэн үлдсэн байдаг боловч урт удаан хугацаанд зааглаж ойлгоход төвөгтэй, нарийн нийлмэл төрхийг олсон байдаг. Тэгвэл генетикч эрдэмтэд сүүлийн 4000 жилийн хугацаанд дэлхий даяар явагдсан хүмүүсийн цус холилдолт буюу этникийн групууд нэгдэн нийлэхэд хүргэсэн үйл явдлуудыг статистикийн шинэ аргачлалаар тодорхойлж, түүхчдийг шинэ төрлийн эх сурвалжаар хангаж байна.


Генетикийн шинэ аргачлалаар ард түмнүүдийн цус холилдоход хүргэсэн үйл явдлын цаг хугацааг тодрхойлох боломжтой болжээ. Дэлхийн бүх хүн генийн хувьд адил боловч ДНХ-ийн нэгжийн дарааллын ялгаа буюу геном дахь мутацын онцлогоор ялгагддаг. Мутаци нь эцэг эхээс үр хүүхдэд дамжин нийтлэг ард түмэнд төстэй хэлбэрээр илэрдэг. Нөгөө талаас хүүхэд эцэг эхийн өвгийн геномын томоохон хэсгийг өвлөн авдаг байна. Генетикчид энэ онцлогт тулгуурлан ямар өвөг дээдсээс гаралтай болохыг хүний геномын шинжилгээгээр тодорхойлдог ажээ.


Оксфордын их сургуулийн Саймон Майерс, Лондоны их сургуулийн Гаррет Хэлэнтал, Германы Эволюцийн Антропологийн Макс Планк Хүрээлэнгийн Даниэл Фалуш нарын ахласан судалгааны баг "хүний цус холилдолтын генетикийн атлас"-ыг бүтээж, энэ тухай өгүүллийг Сайэнс сэтгүүлд нийтлүүлжээ. Тэд дэлхий даяар авсан хүмүүсийн генийн дээжээс 95 ялгаатай онцлог бүлгийг тодорхойлсон байна. Харин Майерийн ахалсан баг хромсомын сегментийн уртыг хэмжих статистик аргачлалыг боловсруулж, хүмүүсийн цус холилдоход хүргэсэн үйл явдлын цаг хугацааг тодорхойлсон байна.

Цус холилдоход хүргэсэн үйл явдлуудыг хэдийгээр генетикийн үүднээс тодорхойлсон боловч түүхийн баримтуудтай таарч байгаа юм. Тухайлбал газар дундын тэнгисийн хойд хэсэг болон ойрхи дорнодын хүмүүс африкаас гаралтай, тэдгээр этникийн групууд 659 - 1900 оны хооронд холилдсон болохыг генетикийн аргачлалаар тооцоолон гаргажээ. Энэ нь 7-р зууны үеэс эхэлсэн арабын боолын худалдаатай давхцаж байгаа юм. Өөр нэг жишээ нь Европ хэлбэрийн ДНХ МЭӨ 990 - 210 оны хооронд Пакистаны калаш хүмүүсийн ДНХ-д нэгдсэн явдал юм. Энэ нь МЭӨ 326 онд Александр хааны Энэтхэг лүү хийсэн довтолгоотой цаг хугацааны хувьд дүйцэж байна.

Xамгийн өргөн хүрээг хамарсан үйл явдлуудын нэг нь Монголын Их Гүрний үе бөгөөд Афганистаны хазар, төв азийн уйгар, турк хүмүүст монголын эртний өвгийн цус холилдсон байна. Энэ үйл явдал генетикийн аргачлалаар 22 үеийн өмнө явагдсан бол 14-р зууны үед эхэлсэн Монголын Их Гүрний өргөжин тэлсэн цаг хугацаатай тохирч байна. Тэгвэл европчууд америк тивийг колончилсон үйл явдал мая болон индианчуудын геномд бичигдэж үлджээ. Мөн эртний европчууд хятадуутай цус холилдсон явдал 11-14 зууны үед тохиосон нь торгоны замын цэцэглэн хөгжсөн үетэй тохирч байгаа юм.

Судалгаа хийсэн эрдэмтэд дэлхийн хүн амын цус холилдолтын зэргийг дүрсэлсэн атлас бүхий веб хуудас бүтээсэн байна. Энд сонирхол татах мэдээлэл нь түүхэн үйл явдлуудын доторхи "Еврази дахь монголын үеийн цус холилдолт" (Mongol era admixture in Eurasia) хэсэгт бичигдсэн өнөөгийн монголчуудын гарал үүслийн тухай юм. Энд монголчууд өөрсдөө эртний өөр өөр групын нэгэн зэрэг явагдсан маш төвөгтэй хэлбэр бүхий цус холилдолтын түүхийн баталгаа гэжээ. Энэ нь 1194 - 1446 оны үед хойд ази болон өмнөд хятадын групуудыг хамран явагдсан байна.


Мэдээллийг атласаас дэлгэрүүлэн харвал өнөөгийн "монгол цус"-ны 14.5 %-ийг "орчон (oroqen)" буюу өөрсдийгөө "гөрөөчин" хэмээн нэрлэсэн эртний овгийнхон эзлэж байна. Энэ овгоос үлдсэн 8600 гаруй хүн өнөөдөр Хятадын Өвөр Монголын ӨЗО, Хармөрөнд амьдарч байгаа гэдэг. Үүнээс гадна якут цус 7.4%,  хазар цус 4.3%-ийг тус тус эзлэж, бусад цөөнхийн хамт бидний хойд азиаас гаралтай өвгийг тодорхойлжээ. Харин өмнөд хятадаас гаралтай өвгийн цус "эртнээс шавалдан сууж ижилсээд дэлхийд хамгийн олон тоотой болсон" хан үндэстний 2 төрөл, монгор (tu), тужя (tujia) өвгийн хамт 49.7 %-ийг эзлэсэн байх юм.


эх сурвалж, nytimesadmixturemap

3 сэтгэгдэл:

sonin l yum Mongolchuudiin ug garval ni oilgomjtoi yum bishu

хариулах...

Блогоо идэвхтэйгээр хөтлөөд байгаарай. Амжилт

хариулах...

Энд эргэлзүүлэхээр 2 зүйл бий. Энэ талаар уншигчдаас сэтгэгдэл хүлээж байсан боловч анзаарсангүй юу эсвэл хүссэнгүй юу. Эхнийх нь хэдийгээр баттай эсэхийг шалгаж чадаагүй ч атлас дээр дүрсэлсэн цэгүүд генийн дээж авсан газар гэж ойлгогдож байна. Монгол гэсэн байгаа газар нь Монголын хилээс гадна, Өвөр Монголын нутагт байгаа. Тэгэхээр сүүлд манжууд, барга зэрэг ястнууд амьдрах болсон газраас авсан дээж монголыг төлөөлсөн болж таарч байна. Генийн дээжийг төв халхаас, боржгон удмын хүнээс авсан бол өнөөгийн монголчуудын өвөг дээдэс арай өөрөөр тодорхойлогдох ёстой. Энэ нь бараг ястан болгонд өөр өөр байж таарна. Цаатангууд якуттай ойр бол баруун монголчууд уйгуртай, зүүн аймгуудын үзэмчин зэрэг ястнууд өвөр монголчуудтай илүү ойрхон гарч магад. Нөгөө талаас судалгаа нэгэнт Чингисийн үеийн цус холилдолтийг үзүүлж байгаа учир ястнуудын хооронд томоохон ялгаа баймааргүй ч юмшиг санагдана. Гэхдээ энэ судалгаа монголчуудыг өвгийг бүрэн тодрхойлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхийн тулд ястан үндэстний бүлгүүд, газарзүйн олон байрлалыг хамарсан илүү олон тооны дээжид шинжилгээ хийх ёстой. 2-р асуудал нь дээж авсан монгол гэгдэх хүний тоо дөнгөж 10 (дэлхий даяар нийт 1600 гаруй) байгаа. Энэ тохиолдолд манай үндэсний үзэлтэнгүүд 10 хужаагаас авсан судалгаа харчихаад битгий дэмийр гэж таарна. Хэт эх орончид л хэлж байгаа болохоос биш үнэн үг.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх