Нострадамус ба бид

Нострадамусын аймшигт зөгнөлд та итгэдэг үү? Наполеон, Гитлерийн хүчирхэгжилт, 9 сарын 11-ний террорист халдлага, Берлиний хана нурах үйл явц, өөрийн цаг үеэс алс хол ирээдүйг нүдээр үзсэн мэт зөгнөн хэлсэн гэгдэх Нострадамус юуны төлөө 1000 гаруй зөгнөлийг бичих болов. "Би бурхны зарлигийг хүлээн авч, сүнслэг нөлөөнд автсанаар урт удаан цаг хугацааны үйлд сэтгэл зовниж эхэлсэн. Тэр бол одоогоос 3797 он хүртэлх төгсгөлгүй зөгнөл юм" хэмээн өөрт төрсөн сэтгэгдлийн тухай тэмдэглэн үлдээсэн гэх. Түүний 62 жилийн нууцлаг амьдрал, зөгнөлийн мөн чанар юунд байсан талаар сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ. Нострадамус буюу Мишэл Нострадам 1503 онд өмнөд францын Провинс нутагт мэндэлжээ. Христийн шашинд итгэгч эцэг, эх нь түүний боловсролд анхаарч, өөрөө ч суралцах чадвар сайтай нэгэн байв. Их сургуульд одон орон, зурхай зэрэг байгалийн шинжлэл, утга зохиолын чиглэлээр суралцсан байна. Сургуулиа төгсөөд 8 жилийн туршид францын нутгаар тэнүүчилж явахдаа тухайн үед олон хүний аминд хүрсэн тахлын эмчилгээ хийж байсан гэдэг. Харин 40-өөд насандаа зурхайчийн ажил хийх болсон байна. Нар, од гаригсын хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүйг унших технологи болох зурхай нь 16-р зууны үед анагаах ухаантай салшгүй холбоотой шинжлэх ухаанд тооцогдож байв. Зурхай болон анагаах ухаанаар хүний биеийн бүхийл хэсгийг од эрхэс эрхшээж байдаг, жижиг ертөнц болох хүний бие аварга том одот орчлонгийн орднуудад харгалзаж, нөлөөнд нь автаж байдаг хэмээн итгэдэг байжээ.


Иймд од эрхсийн байрлалаас хамааран өвчтөн ямар өвчин туссан, түүнийг эмчлэх хугацаа болон аргыг тодорхойлдог байв. Нострадамус 40-өөд насандаа амьдарч байсан байшинг түүний гэр музей болгосон байдаг. Салон Дэ Провинс хотод байрлах уг музейд түүний бүтээсэн зурхайн ном хадгалагдаж байна. 1550 онд хэвлэгдсэн "Алманак" нь оддын хөдөлгөөнд үндэслэн бүтээсэн цаг тооны бичиг бөгөөд хүмүүсийн өдөр тутмын ажил, амьдралын үйлийг заасан байв. Халаасалж явахад тохиромжтой жижиг хэмжээ бүхий уг ном энгийн хүмүүсийн дунд тархаж, сарны хөдөлгөөнөөс үүдэн, үр тариа тарих, ургац хураахад тохиромжтой цаг хугацаа, цаг агаарын төлөв, шашны зан үйлийг тодорхойлсон байв. Тухайлбал өдөр бүрт богино хэмжээний тэмдэглэл хийж, "4-ний өдөр манан татна", "10-нд хэн нэгэн амиа алдах шахна", "15-нд эмчид үзүүлэх, усанд ороход ээлтэй" гэх мэтчилэн өдөр тутмын зурхайг илэрхийлсэн байв. Харин 40-өөд насны сүүл үеэс зурхайн номондоо хэрэглэх болсон бяцхан заль нь түүний ирээдүйг ихээхэн өөрчлөхөд хүргэнэ. Тэрээр сар бүрийн зурхайн эхэнд тухайн сарын дүр төрхийг илүү урт өгүүлбэрээр, дэлгэрэнгүй өгүүлэх болсон байна. "8 сар, урьд үзэгдээгүй ширүүн борооны нөлөөгөөр малын үнэ буурч, эмэгтэйчүүд үхлийн аюулаас зайлна. Гэвч зарим газар орох хүчтэй мөндөр, борооны эрхээр хүний амь сүйдэж, бусад нь чин сэтгэлээсээ илүү их хичээж ажиллах шаардлагатай болно". Ийнхүү цаг тооны бичиг дэх өдөр тутмын богино зурхай ойрын ирээдүйд тохиох үйл явдлын зөгнөл болон хувирчээ.


Мөн уянгын халил бүхий өгүүлбэрүүд уншигчийн сэтгэлийг эзэмдэж, зурхайн халаасны ном ихээхэн амжилт олов. Үүнээс санаа авсан Нострадамус 51 насандаа бүрэн хэмжээний зөгнөлийн ном хэвлүүлэхээр шийдсэн байна. Дараа жил нь буюу 1555 онд Нострадамусын зөгнөл "Ёхан" хэвлэгдсэнээр "зөнч Нострадамус" мэндлэв. 4 мөртөөр илэрхийлэгдэх 100 багц, 10 бүлэг бүхий нийт 1000 гаруй зөгнөлийг уг номд багтаажээ. Нострадамусын зөгнөл нийтэд нэр алдар олоход тухайн үеийн нийгмийн байдал ихээхэн нөлөөлсөн байна. 16-р зуун Италиас эхлэлтэй сэргэн мандалтын зэрэгцээгээр халдварт тахал түгэх, эрх мэдлээ булаацалдсан тэмцэл олон газарт өрнөх зэргээр хүмүүсийг айдас хүйдэст автуулсан цаг үе байв. Ялангуяа газар дундын тэнгисийн эргэн тойрны газар нутгийг эзлэн хүчээ нэмэгдүүлж байсан Османы эзэнт гүрэн өмнөд Францчуудад тулгарч болох бодит аюул занал байв. Нострадамусын үл ойлгогдох зүйлсийн тухай айдас төрүүлхүйц, учир битүүлэг үгсийг чадмаг хэрэглэсэн байдал нь илүү ихийг мэдэх гэсэн хүмүүсийн хүслийг өдөөж, яг л өнөөгийн бидний аймшгийн кино таашаах мэт сонирхлыг татаж байв.


Иймэрхүү хүсэл сонирхол хааны гэр бүлийг ч тойрсонгүй, Францын 2-р Хэнри хааны хатан Катерин дэ Мэдисигийн таалалд Нострадамус нийцжээ. 50 гарсан хойноо зөнчөөр тодорч, хатан хаан болон хан хөвгүүдийн ирээдүйг зөгнөх болсон түүний нэр хүндийг хожим огцом өргөх үйл явдал удалгүй тохиов. 1559 онд морин дээр жадаар тулалдах тэмцээний явцад залуу сурвалжтаны жад 2-р Хэнри хааны алтан дуулгыг нэвтэлж, өрөөсөн нүдийг нь сүлбэснээс үүдэн таалал төгсчээ. 7 жилийн дараа Нострадамус нас барав. Зөгнөлийн номоо хэвлүүлснээс хойш арваадхан жил амьдарсан түүний амьдралын ихэнх хугацааны түүхийг харвал агуу зөнчийн дүр төрхөөс тэс өөр байгааг мэдэж болно. Гэвч 28 жилийн дараа, 1594 онд Нострадмусыг зөгнөгч хэмээн тунхагласан нэгэн ном хэвлэгдэн гарчээ. "1-р бүлгийн 35. Залуу арслан хөгшинг довтолж ялна, ганцхан дайралтаар дуусах тэмцлийн талбарт алтан хайрцаган доторхи хоёр нүд нь урагдана, хоёр цэрэг нэг болж үхнэ". Хэдийгээр таарч тохирохгүй үгс байгаа ч эдгээр мөрүүд 2-р Хэнри хааны үхлийг урьдчилан зөгнөсөн мэт. Нострадамусын шавь Жан Дэ Шабини "Францын яанс 1-р төрх" номдоо түүхэн үйл явдлуудыг зөгнөлтэй харьцуулан үзээд "түүнийг нас барснаас хойш 250 гаруй зөгнөл нь биелсэн" хэмээн дүгнэжээ. "Яанс" нь өнгөрсөн ирээдүйг холбогч бурханы нэр юм.

Удалгүй Носртадамусын шавь, залгамжлагч нар түүний амьд ахуйд тохиож байгаагүй үйл явдлын тухай домог зохиох болсон байна. Тухайлбал "нэгэн өдөр залуу санваартантай таарсан Нострадамус гэнэт сөгдөн ёсолж, та ромын эзэн хаан болно гэжээ, залуу сүүлд ромын хаан 5-р Сикстосоор тодорсон" гэх мэт домог яриаг нотлох түүхэн баримт өдийг хүртэл олдоогүй байна. Цаашид Нострадамусын нэр хүнд нэмэгдэхийн хэрээр түүний зөгнөлийг тайлах хүмүүсийн тоо олширч, зөгнөлийн олон янзын хувилбарууд гарах болжээ. Гэхдээ иймэрхүү тайлбар номын тоо түүхэн томоохон үйл явдлуудын үед эрс нэмэгдэж байв. 1789 онд францын хувьсгал тохиож удам залган хаанчлах засаглалын хэлбэр өөрчлөгдөв. 1799 онд Наполеон засгийн эрхийг булаан авч, олон түмэнд найдвар, түгшүүрийг нэгэн зэрэг төрүүлэв. 1812 онд орост довтолж, Франц улс богино хугацаанд уруудан доройтов. Нострадамусыг нас барснаас хойш 200 гаруй жилийн дараа, зөвхөн 18-р зууны сүүлийн хагасыг авч үзвэл дээрх 3 үйл явдлын үед Нострадамусын зөгнөлийг тэдгээртэй холбон тайлбарласан номын хэвлэгдэх давтамж эрс нэмэгджээ. Түүхийг донсолгосон томоохон үйл явдлын нөлөөгөөр улс орны ирээдүй бүрхэг болж, нийгмийг түгшүүр эзэмдэх болгонд Нострадамус нэрд гарч байв.

Нострадамусыг нас барснаас хойш 370 жилийн дараа дэлхийн 2-р дайн эхлэв. Адольф Гитлерийн удирдсан нацист нам зөнч Нострадамусын зөгнөлд тулгуурласан далд тактикийг боловсруулжээ. Дайсан орон Францыг агаараас бөмбөгдөхийн зэрэгцээгээр зөгнөлийн нэгэн хэсгийг хэвлэсэн ухуулах хуудсыг цацав. "6-р бүлгийн 34, Тэнгэрт нисэх галт машин бүслэгдсэн хүмүүсийн их удирдагчдыг цухалдуулхаар ирнэ, дотоодын явуулга гайхалтай байх бөгөөд нухчин дарагдсан хүмүүс цөхрөлд автана". "Германы армийн довтолгоонд францчууд өртөж сүйрэх тавилантай" хэмээн итгүүлэх сэтгэлзүйн дайралт байв. Германчууд мөн нэрт зурхайч Карл Эрнст Крафтаар Нострадамусын зөгнөлийн шинэ тайлбар номыг бичүүлжээ. Зөгнөлийн дундаас 36-г сонгон авч түүхэн баримттай таарсан байгааг нотлон, Гeрманы дайсан улс Английн мөхөл ч аль хэдийн зөгнөгдсөн хэмээжээ. Уг номыг 6 хэлээр орчуулан европын улс болгонд тараав. Тэгвэл Англи ч мөн адил гайхалтай хариу арга хэмжээ авч байсан нь 2008 онд олон нийтэд толилуулагдсан нууц баримт бичгээс тодорхой болжээ. Германы тэнгэрт английн бөмбөгдөгч онгоцноос цацсан ухуулах хуудсанд "Бархасдбади хилэнцийн ордод орох үед том хэмжээний үүр түүнийг сонгосон явдалд гашуудна. Хистагийн төгсгөл ойртоно." хэмээн бичсэн байв. Гэхдээ эдгээр мөртүүд Нострамусын зөгнөлд байдаггүй бөгөөд английн засгийн газрын хүсэлтээр тухайн үед орчин цагийн нострадамус гэгдэж байсан зурхайч Луй Дэ Войлийн зохиосон зүйл байв. 30 сая хүний аминд хүрсэн, хэмжээлшгүй айдас, түгшүүрийн дунд өрсөлдөгч улсууд Нострадамусын нэрийг ашиглан суртал ухуулгын дайн дэгдээж байв. Өмнө нь ихэвчлэн хувь хүмүүс, судлаачид л зөгнөлийг тайлахыг оролдож байсан бол засгийн газрууд тодорхой зорилгын дагуу өөрчлөн тайлбарлаж, нэмж зохиох болсноор дэлхийн хэмжээний хоёр ч удаагийн дайн тохиож, цөмийн зэвсгээр сөргөлдөгч 2 их гүрний өрсөлдөөн ганцхан товчлуурын даралтаар хүн төрөлхтнийг мөхөөх айдаст автуулсан 20-р зуунд  "агуу зөгнөгч" "дахин төрөх" болно.

Нострадмус зөгнөлөө өөрийн амьдарч байсан тухайн цаг үеийн түүхэн үйл явдлуудад тулгуурлан бүтээсэн байж болохыг судлаачид нотлодог. Нострадамусын зөгнөлийг зөв "тайлж ойлгох"-ын тулд түүний амьдарч байсан цаг үе болон хуучин франц хэлний тухай мэдлэг шаардагдлагатай. Учир нь тухайн үеийн хэллэгийг орчин үеийнхээр төсөөлөн алдаатай тайлбарлах, хэд хэдэн хэлээр дамжуулан орчуулах явцад утгын өөрчлөлт гарах тохиолдол олон байдаг ажээ. Гитлерийн хүчирхэгжилт, дэлхийн 2-р дайныг зөгнөсөн гэгдэх мөрүүдийг авч үзье. "Сугараас холгүй, ойрын хотод ази африкийн 2 дахь аварга, тэд Райн болон Хистагаас ирсэн гэгдэнэ, орилоон нулимс халина, хуурай газар болон эрэгт". Зөгнөлийг тайлагчид "орилоон нулимс" гэсэн үгсийг "дайн" хэмээн ойлгож, "Хиста"-г "Гитлер" хэмээн тайлжээ.  Гэтэл "Хиста" гэдэг нь үнэндээ Дона мөрний эх орчмын газар нутгийн хуучин нэршил бөгөөд "Хистагаас ирсэн" гэдэг нь бие хүний нэр бус, газар нутгийн нэр гэдгийг давхар тодотгоно. 16-р зууны үед тухайн нутаг ази, африкт газар нутгаа тэлж, европт үе үе довтолж байсан Османы эзэнт гүрний эзэмшил байв. Хэрэв "ази африкийн 2 дахь аварга"-ыг энэхүү Османы эзэнт гүрэн гэж үзвэл "Райн болон Дона мөрний зүгээс Османчууд ирж, европт довтолсон" гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд ямар нэгэн зөгнөл бус, тухайн үед тохиосон үйл явдлын өгүүлэл төдийгөөс хэтрэхгүй.

Нострадамусын биелээгүй зөгнөлийн  томоохон жишээ нь 1999 онд тохионо гэгдэж байсан "хүн төрөлхтний мөхөл" билээ. "1999 оны 7 сард тэнгэрээс аймшигийн хаан ирнэ, Анголмын их хааныг сэрээж Марсын өмнө болон дараах амжилтад эзэмдүүлнэ" хэмээсэн мөрүүд олон хэлээр орчуулагдаж, хүмүүсийг айдаст автуулж байсан нь саяхан. Тэгвэл айдсын хаантай холбогдож, жинхэнэ утгыг үл мэдэх бидэнд түгшүүр төрүүлэх Анголм гэдэг үгний талаар жирийн франц хүнээс асуухад газар нутгийн нэр гэдгийг хэлж өгнө. Үүнээс гадна уг зөгнөлийн үндсэн эхтэй харьцуулж үзэхэд орчуулга ихээхэн алдаатай болсныг Токио их сургуулийн профессор, дундад зууны францын соёлоор мэргэшсэн Отака Ёрио нотлож байна. Үүнд "7 сарын хугацаа (fept mois)"-г "7 сар", "төлбөр төлөх (deffraieur)" -ийг "айдас (d'effraieur)", "3-р сар (Mars)"-ыг "дайны бурхан" хэмээн тус тус алдаж орчуулсан байв. "Анголм (Angolmois)" нь 16-р зууны үеийн францын хаан 1-р Франсуагийн төрсөн нутаг юм.


Зөв орчуулга нь "1999 он магадгүй 3 сар хүртэлх 7 сарын хугацаанд тэнгэрээс мөнгө төлөгч их хаан бууна, 1-р Франсуа шиг их хааныг дахин төрүүлж, сайн хувь тавилангаар эрхшээнэ". "Төлбөр төлөгч их хаан" нь тухайн үед 1-р Франсуатай сөргөлдөж, хэд хэдэн удаа дайтаж байсан 5-р Карлыг илэрхийлсэн байж болно. 1999 хэмээх оныг францын дөрвөн мөрт шүлгийн бичлэгийн дүрэмд захирагдан тохиолдлоор сонгож авсан байх магадлалтай ажээ. Дүрмээр шүлгийн нэг мөрийг 10 үг буюу үеээс бүрдүүлж, 1 болон 3, 2 болон 4-р мөрийн төгсгөлийг холбодог байна. Хэрэв 3-р мөрийг "Angolmois" үгээр төгсгөсөн бол 1-р мөрийг "fept mois"-оор төгсгөж, эхний мөрийн эхлэлд 1999 хэмээх оныг сонгосноор 10 үе бүрдэж байв. Нөгөө талаас тухайн үеийн Франц улсад дайн, зэвсэгт бослогууд удаа дараалан гарч, халдварт тахал дэгдэн, хаант засаглалын эсрэг үзэл бодол газар авч байв. Нострадамус тухайн үеийн нийгмийн эргэлзээг шүлгээр илэрхийлэх тохиолдолд, хаан болон сүм хийдийн эсрэг тэрсэлсэн хэрэгт тооцогдож, амиа алдах эрсдэлтэй учрах тул зориуд ирээдүйг зөгнөсөн хэлбэрээр бичсэн байж болохыг үгүйсгэдэггүй. 3797 он хүртэл тодорхой заасан он тоолол мэт бидэнд ойлгогдох тоонууд нь эдгээр шалтгааны улмаас өсөх дарааллаар санамсаргүй сонгогдсон байх магадлал өндөр юм.


Он тоолол буюу санамсаргүй байдлаар сонгогдсон байж болох тоонуудаас бусдаар Нострадамусын зөгнөлд тодорхой зүйл бараг байдаггүй. Энэ тухай болон Нострадамусын зөгнөлийн талаар зөгнөл, зурхайн зэрэг зан үйлийн хүний сэтгэхүй, оюун санаанд үзүүлэх нөлөөллийг сэтгэлзүйн үүднээс судлаж буй профессор Кикүчи Сатору шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг өгч байна. Нострадамусын зөгнөл ямар ч утгаар тайлбарлаж болохуйц бүрхэг, олон утгатай, тодорхойгүй, эргэлзээтэй үгсийн тусламжтайгаар хүний сэтгэлзүйд нөлөөлөх арга (multiple out)-ыг чадварлаг ашигласан байна. "Италийн ойролцоо нэгэн хаан мэндэлж эзэнт гүрэнд ихээхэн хохирол учруулна, түүнээс хойш түүнтэй хамтрахаас татгалзаагүй хүмүүс ч түүний тухай баатраас илүүтэйгээр алуурчин хэмээн цуурна" хэмээх мөрийг Наполеоны тухай зөгнөсөн хэмээн тайлбарласан байдаг. Гэхдээ энд сэтгэлзүйд нөлөөлөх дээрх арга (multiple out)-ын 2 онцлог тод илэрдэг байна.

Эхнийх нь цаг хугацааг тодорхой заагаагүй, хэдийгээр Италийн ойролцоо гэж байгаа боловч газар нутгийг мөн л тодорхой заагаагүй. Дараагийнх нь мэдээжийн зүйлийг зөгнөсөн байдал юм. Өнгөрсөн түүхийг авч үзвэл бараг бүхий л цаг хугацаанд, бараг бүхий л улс оронд шинэ хаан мэндэлж, хүчирхэгжиж, дайтаж, доройтон мөхсөөр ирсэн байдаг билээ. Харин зөгнөлд итгэгчид зөвхөн өөрсдийн хүссэн, эсвэл үнэмшсэн үйл явдалд хамаатуулан ойлгож, хүлээн авдаг байна. Нөгөө талаас өнгөрсөн цаг үед хамаарах зөгнөлийг үнэн байсан эсэхийг хайх хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд зөгнөлтэй төстэй мэт үйл явдал өнгөрсөн түүхээс заавал олддог. Иймэрхүү байдлаар өөрийн үнэн гэж итгэсэн жишээг нотлохын тулд бодит байдлыг сулруулан хуурмагаар ойлгох процессийг нотолгооны гажуудал (confirmation bias) хэмээн нэрлэдэг. Үнэн чанартаа зөвхөн Нострадамусын зөгнөл ч бус бусад төрлийн мэргэ төлөг, зөгнөлүүд хүмүүст үнэн мэт санагдах нь сэтгэлзүйн энэхүү механизмын нөлөө байдаг ажээ.

Ийнхүү Нострадамусын зөгнөл нь ирээдүйг жинхэнээсээ зөгнөсөн зүйл биш бөгөөд түүнээс хойших цаг үеийн судлаачдын өөр өөрсдийнхөөрөө тайлбарласан зөгнөл болж таарна. Тэгвэл Нострадамус яг юуны учираас иймэрхүү зүйл бичиж үлдээх болов гэдэг асуулт тодорхойгүй үлдэнэ. Нострадамус залуудаа тэнүүчилж, өвчин зовлонд учирсан олон хүнтэй уулзан, тахлаар өвчлөгсдийг эмчлэхийг оролцож байхдаа хүмүүсийн сэтгэлзүйн онцлогуудтай тодорхой хэмжээгээр танилцаж байв. Аливаа зүйлд суралцах болон утга зохиолын авьяастай тэрээр зурхайн номноос гадна хоол, гоо сайхны зааварчлага бүтээж амь зуулгаа залгуулж байсан ч сүүлд зөгнөлийн номоор олонд танигдсан нэрт зохиолчийн дүр төрхийг агуулах болжээ. Энэ бүхэнд тулгуурлан үгийн урлагийн тусламжтайгаар ирээдүйн биднийг ч өөрийн зөгнөлд итгүүлж, гайхашруулах зорилготой байсан байж магадгүй юм. Нострадамусын зөгнөлийн дийлэнх хэсэг нь хар бараан үйл явдлыг дүрсэлсэн байдаг. Иймдээ ч айдас, түгшүүр төрүүлэм үгсийг олноор ашиглажээ. Тухайлбал "тэмцэл" хэмээх үг 107 удаа, "цус" 115 удаа, "үхэл" 153 удаа тус тус дурдагдсан бол бусад сүнс, чөтгөр, хямрал, тахал зэрэг сэтгэл тавгүйтүүлэм үгс олон удаа давтагдсан байдаг.

Бид зөгнөлүүд дундаас сүйрэл, мөхөл, үхэл зэрэг бараан зүйлсийг илүү хүндээр тусгаж авдаг. Үүнд бидний сэтгэлзүйн нэгэн гайхалтай механизм нөлөөлж байв. Жишээ 1. Өмнөд солонгосын нэгэн шашны бүлгийн тэргүүлэгч Лий Чамни 1992 оны 10 сарын 28-ны  оройн 11 цагт дэлхийн сүйрэл ирж, зөвхөн итгэлтэй шүтэн бишрэгчид л амьд үлдэнэ хэмээн зарлажээ. Тухайн үед солонгос даяар 8000 гаруй итгэгч гудамжинд гарч эмх замбараагүй байдал үүсгэснээс цагдаагийн хүчнээс гадна армийг дайчлах хэрэг гарсан байна. Гэвч дурдсан өдөр юу ч болсонгүй, шашны бүлэг андуурснаа зарлаж, тарсан байна. Жишээ 2, 1997 оны 3 сарын 26-нд АНУ-ын Сандиэго хотод Сэбэнзгэйт хэмээх шашны бүлгийн итгэгч 39 хүн хамтаар амиаа хорлосон байна. Бүлгийн удирдагч Маршал Аплвайт тухайн үед ойртон ирсэн сүүлт од дэлхийг сөнөөх тул бузартсан бие махбодио орхихийг итгэгчиддээ тушаасан байв. Иймэрхүү байдлаар сүйрэл, мөхлийн тухай зөгнөлүүд түүхэнд олон гарсан боловч бүгд биелээгүй байдаг. Гэвч бид шинэ шинэ зөгнөл гарах бүрийд итгэсээр байдаг билээ. Мөхлийн тухай онолыг шашны янз бүрийн урсгалууд номлодог, сүсэг бишрэлтэнгүүд хожим сайн төрөл олохын тулд зөв амьдрах шаардлагатай гэх зэргээр сэтгэлзүйн нөлөөллийг хүртэж байдаг. Тэгвэл хар бараан зөгнөлд итгэх хандлага  шүтлэггүй хүмүүсийн дунд ч өргөнөөр ажиглагддаг бөгөөд үүнд бидний сэтгэлзүйн хэд хэдэн онцлог мехнизм нөлөөлдөг байна.  

Бид ирээдүйд тохиолдож болох сайн зүйлсээс илүүтэйгээр саар муу зүйлд анхаарал хандуулдаг. Энэ нь саар муу зүйлд эртнээс бэлтгэлтэй байвал тохиох тухайн үед нь өөрийн сэтгэлзүйд тусах сөрөг нөлөөллийг багасгана гэсэн итгэл буюу сэтгэлзүйн хамгаалах механизм (psychological defense mechanism)-ийн нөлөө юм. Маш чухал шалгалтын өмнөх сэтгэлзүйн байдлыг төсөөлж үзье. Олон хүн шалгалтын үр дүн тааруу байхаас эмээдэг. Хэрэв хангалттай өндөр оноо авна гэж найдаж байтал бодит байдалд тааруухан байвал бидний сэтгэлзүйд ирэх цохилт (гутрал) харьцангуй их байна. Харин шалгалтын оноо тааруу байж магад гэж бодож байгаад адил үр дүн гарсан тохиолдолд сэтгэлзүйн хувьд урьдчилан бэлтгэлтэй байх учир сөрөг нөлөө багатай байна. Эсрэгээр үр дүн сайн байвал амтлах баяр хөөр хэд дахин нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хүн ирээдүйд тохиож болох сөрөг зүйлд бэлтгэлтэй байхын тулд хамгийн муу үр дагаврыг өөрийн мэдэлгүйгээр хүлээж авах хандлагатай байдаг байна.

Хүмүүс бид үргэлж ямар нэгэн түгшүүрт автаж байдаг. Үүнийг өөрөө мэдэрч байгаа ч яг юунаас шалтгаалж байгаа, яг юунд санаа зовж байгаагаа тодорхой мэддэггүй. Харин иймэрхүү ойлгомжгүй, түгшүүртэй байдал, сэтгэл зовнилийг ямар нэгэн хэлбэрээр илэрхийлж байж тайвширдаг. Өөрөөр хэлбэл хүн тодорхойгүй түгшүүрт ямар нэгэн тодорхой хариултыг яг таг оноон өгч, танин мэдэхүйн тодорхойгүй зөрчлийг багасгадаг (reduction in cognitive discord) байна. Тухайлбал тамхи татдаг хүмүүс эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь мэдэх хэдий ч тэр болгон тамхиа хаяж чаддаггүй. Ийм тохиолдолд тамхинд дуртай гэх сэтгэл, тамхи эрүүл мэндэд муу гэх мэдээлэл түүний сэтгэл дотор зөрчилдөж байдаг. Энэ нь танин мэдэхүй зөрчилдөж байгаа хэрэг бөгөөд үүнээс үүдэн сэтгэл тавгүйтдэг. Тэгээд зөрчлийг шийдвэрлэх үүднээс өөр төрлийн мэдээллийг эрж хайн, тамхи татсан ч урт насласан хүн бий, тамхинд ч бас ашигтай тал бий гэх мэтээр өөрийн сэтгэлийн түгшүүрийг зөөллөх мэдээллийг илүү их хүлээж авдаг.

Хар бараан зөгнөлд итгэгчдэд сэтгэлзүйн дээрх 2 механизм нөлөөлдөг байна. Хүн болгонд ирээдүйн цалин орлого, эрүүл мэнд, хайр сэтгэлийн талаар сэтгэлдээ ямар нэгэн түгшүүрийг агуулж байдаг. Энэ нь хүний амьдралын туршид салахгүй дагах бөгөөд хүн өөрөө түүнээс бүрэн хагацаж чадахгүй. Учир нь бид ирээдүйгээ мэдэхгүй, бидний ирээдүй тодорхойгүй. Зовнил, түгшүүр байгаад байдаг, гэтэл шалтгааныг нь яг тэр гээд хэлж чаддаггүй учир зөрчил үүсдэг. Зөрчлийг тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргаж байж арилгаж болно. Тэгвэл хичнээн хичээсэн ч түгшүүрээс салж чадахгүй, эсвэл хичээхийг хүсдэггүй хүмүүс юу хийх вэ. Тэд зөрчлийн шалтгааныг, сэтгэл зовнил, тодорхойгүй түгшүүрийн шалтгааныг хаа нэгтээгээс эрж хайж эхэлдэг. Тэгээд ямар нэгэн зүйлд оноож, би үүнд санаа зовж байсан юм байна хэмээн тайвшрах бөгөөд тэр нь ихэнхдээ хар бараан зөгнөл, мэргэ, төлөг байдаг ажээ. Энэ нь хичээл зүтгэл гаргалгүйгээр, түгшүүрээс салах хамгийн хялбар арга юм.

Гэхдээ хэдийгээр сэтгэлзүйн хувьд сөрөг зүйлд бэлтгэлтэй болох боловч зарим тохиолдолд шашны бүлэглэлүүдийн дээр дурдсан жишээ мэтээр сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Мөн хэт итгэсэн хүний өөрийнх нь үйлдэл өөрийнх нь ухамсараас хамааралгүйгээр өөрчлөгдөж, зөгнөлийн дагуу үйлдэл хийгдэхэд хүргэж магадгүй талаар эрдэмтэд анхааруулдаг. Үүнтэй дүйцэх тохиолдол ч түүхэнд гарч байжээ. 1939 он, Нацист германы удирдагчдын нэг Геббэлсийн эхнэр Магда 1922 онд хэвлэгдсэн Нострадамусын зөгнөлийн тайлбар номыг уншиж байв. Тэнд Герман, Англи, Франц, Польшийг хамарсан их дайн 1939 онд эхлэнэ хэмээн зөгнөсөн мэтээр бичигдсэн байв. Үнэндээ Герман тэр үед Польшийг эзлэхээр бэлтгэж байсан ч бусад улс руу дайрах төлөвлөгөөгүй байв.

Зөгнөл үнэн гэдэгт итгэсэн Магда дээр дурдсан Хистагийн тухай мөрүүдийг олж уншаад догдлон байж нөхөртөө мэдэгджээ. Энэ тухай дуулсан Геббэлс нацизм, гитлерийн гэрэлт ирээдүйн баталгаа хэмээн итгэж, нийт ард түмэнд сурталчилснаар дэлхийн дайн эхэлжээ. Хэрэв энэ үнэн бол зөгнөл өөрөө хүнийг удирдаж өөрийгөө биелэл болгосон гэмээр. Хар бараан зүйлд итгэсэн нэгэн нэгэнт ирээдүйгүйгээс хойш сүүлчийн хүслээ гүйцээлдүүлнэ хэмээн гэмт үйлдэл хийж ч магад. Эсвэл сэтгэл санаагаар унаж, амьдралаас уйдах хүн ч гарч магад. Өөрийгөө олон өнцгөөс харж, гаднаас хүлээн авах дутуу дульмаг, хуурмаг мэдээлэлд хэт автаж, түүнд жолоодогдохгүй байх нь чухал юм. Хар бараан зөгнөл жинхэнээсээ биелэх үү, эс биелэх үү, зөвхөн таны, бидний дотоод сэтгэл шийдэх хэрэг ажээ.

эх сурвалж; NHK болон Nippon TV

,

5 сэтгэгдэл:

Ёстой гоё нийтлэл байна шүү Баярлала

хариулах...

Bayarlalaa. Gunee hundetgey :)

хариулах...

Кэйси Ванга Мессинг зэрэг бусад "зөнчүүдийн" талаар тулхтай тайлбар байна уу?

хариулах...

Кэйси Ванга Мессинг зэрэг бусад "зөнчүүдийн" талаар тулхтай тайлбар байна уу?

Cаарал хариулав... 2/25/16, 12:46 AM

Эх сурвалж байвал орчуулж оруулна. Саранд хүн очсон уу, нострадамус худал уу, хувьслын онол бодит уу гэх мэтчилэн нетээс хайлт хийдэг. Үр дүнгийн 99% нь үгүйсгэсэн байдаг учир үлдэх 1%-ийг хайна. Одоогоор Ванга, Мессинг хайлтын үр дүн 100% эсрэг талд гарч байна даа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх