Нойрон дунд саажих үзэгдлийн учир

Хэд хоног дараалан илүү цагаар ажилласан эмэгтэй А ердийнхээс нэлээд оройтож орондоо оржээ. Нойрондоо автаж эхэлсэн тэрээр орных нь хөлний ойролцоо ямар нэгэн чимээ гарахыг мэдэрч, өндийж харахыг хичээсэн боловч биеэ огт хөдөлгөж чадахгүй байв. Гэнэт хаа нэгтээгээс нялх хүүхдийн уйлах дуу сонсогдож эхлэхэд тусламж дуудахыг оролдсон ч дуугарах чадваргүй болсон байв. Энэ үзэгдэл хэдэн минут үргэлжлээд дахиж мэдрэгдээгүй байна. Зуны амралтаар ганцаар аялалд гарсан оюутан Б зочид буудлын өрөөнд орондоо орж, гүн нойронд автаж эхэлж байв. Гэвч нойрноос гэнэт сэрсэн тэрээр хэн нэгэн биеийг нь хөдлөх аргагүй болтол дарж, амьсгал нь давчдахыг мэдрэхийн хамт учир битүүлэг айдаст автсан байна. Нүдээ арай ядан хөдөлгөж, харцаа шилжүүлтэл үл таних эмгэн цээжин дээр нь даран суухыг харжээ.

Унтаж байгаад гэнэт сэрж, биеэ хөдөлгөх байтугай дуугарч ч үл чадах иймэрхүү үзэгдлийг баруунд нойрон дунд саажих (Sleep paralysis) үзэгдэл хэмээн нэрлэдэг. Хүмүүс эрт дээр үеэс мэдэрч, сүнс сүүдэр, чөтгөр шулмын нөлөө хэмээн ойлгосоор ирсэн энэ үзэгдэл зөвхөн нэг улс, нэг бүс нутгаар хязгаарлагддаггүй бөгөөд дэлхийн олон орны иргэд гэрчилж, тухайн улс орны үлгэр, домог яриатай холбож ойлгосоор иржээ. 18-р зууны үеийн "The Nightmare" хэмээх зураг үүний нэг жишээ юм. Нойрон дунд саажих үзэгдлийн олон жишээг судлаж үзэхэд хэд хэдэн онцлог төрх нийтлэг ажиглагддаг байна. Үүнд 1. Энэ үзэгдэл зүүд бус бодит байдал мэт санагдаж, өрөөнд байх эд зүйлс тодорхой харагдаж мэдрэгддэг. 2. Нүднээс бусдаар биеийнхээ ямар ч хэсгийг хөдөлгөж чаддаггүй. 3. Биеийг дээрээс нь хэн нэгэн хөдөлгөөнгүй дарж байгаа мэт санагддаг. 4. Аялах, зочид буудал зэрэг өөр газарт хоноглох үед элбэг тохиолддог.


Тэгвэл нойр судлаач эрдэмтэд нойрон дунд саажих үзэгдлийн учрыг шинжлэх ухааны үүднээс хялбархан тайлбарлаж, тэр ч байтугай туршилтын хүрээнд зохиомлоор үүсгэж байна. Энэ удаагийн туршилтад жирийн нэгэн эмэгтэй оюутанг оролцуулж, хэдэн хоногийн туршид ердийн үеийнхээс илүү хэмжээний эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийлгэжээ. Туршилтын үед унтаж буй оролцогчийн биед тархины долгион, цусны даралт, амьсгалын тоо, нүдний хөдөлгөөн зэргийг хэмжих мэдрэгчүүдийг биед нь байрлуулж, тодорхой хугацааны давтамжтайгаар хүчээр сэрээж байв. Оролцогч нэг удаа сэрээд буцаж унтсанаас хойш 6 минутын дараа нойрон дунд саажих үзэгдэлд орсныг хэмжих багажууд зааж байв. Туршилтад оролцогч өөрөө ч үүнийг нотлосон байна. Хүн унтаж эхлэх үед бага багаар гүн нойрсолтод шилждэг. Энэ үед тархи амралтын горимд шилжинэ. Харин 60-90 минутын дараа илүү гүн нойрсч, зүүдлэж эхэлдэг. Зүүд нь тархи ажиллаж байгаагийн илэрхийлэл бөгөөд унтаж байгаа ч нүдний идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах нойрны энэ үеийг Рэм нойрсолт (Rapid eye movement sleep) гэнэ.

Шөнийн турш унтаж байх хугацаанд тархи амрах Рэм бус болон зүүдлэх Рэм нойрны горим ойролцоогоор 90 минутын давтамжтайгаар ээлжилж байдаг. Тэгвэл унтаж эхлэж буй хүний нойр Рэм бус горимыг алгасч шууд Рэм горимд шилжих (sleep onset rem) үед нойрон дунд саажих үзэгдэл тохиолддог байна. Өөрөөр хэлбэл сэрүүн байх үеийн тархины ажиллагаа Рэм нойрсолтын үеийн тархины ажиллагаатай шууд холбогддог. Ингэснээр хүн сэрүүн байгаа эсвэл зүүдлэж байгаа эсэхээ ялгаж мэдрэх чадваргүй болно. Туршилтаас тодорхой болсон өөр нэгэн сонирхолтой зүйл нь нойрон дунд саажих үзэгдлийн үед тархинаас альфа долгион ялгарч байсан явдал юм. Уг долгион хүнийг зөвхөн сэрүүн байх үед ялгарах боловч нойрон дунд саажих үзэгдлийн үед хүний бие махбод унтаж байлаа ч тархи нь бараг сэрүүн үеийнхтэй адил хэмжээгээр ажиллаж байдгийг илтгэнэ.

Хүн унтах үедээ нойрны Рэм бус горимыг алгасч шууд гүн нойрсолтын Рэм горимд шилжих үед нойрон дунд саажих үзэгдэл үүсдэг. Сэрүүн байхдаа харж байсан өрөөн доторхи болон орчны дүр төрх хэдхэн мөчийн дараах зүүдэнд тэр хэвээр бууснааас хүн өөрийгөө сэрүүн байгаа мэтээр ойлгодог ажээ. Рэм нойрсолтын үед булчингийн ажиллагаа хамгийн сул түвшинд байх учир хүний бие бараг хөдлөдөггүй. Энэ нь нойрон дунд саажих үзэгдлийн үед ажиллагаатай байгаа тархинд булчинг удирдаж хөдөлгөж чадахгүй мэт хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг байна. Рэм нойрсолтын үед хэдийгээр булчингийн ажиллагаа сулрах ч зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын давтамжинд өөрчлөлт ордог. Түүгээр ч зогсохгүй туршилтад оролцсон эмэгтэйн амьсгал 28 секундын турш тасалдаж байв. Энэ байдал нь цээж давчдаж амьсгалахад хүндрэлтэй байгаа мэт санагдахад хүргэж, бие дээрээс нь дарж байгаа мэт хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг байна. Мөн энэ үед айдаст автдаг нь амьсгалын дутагдалд орох зэргээс сэргийлсэн бие махбодын хамгаалах механизмын нөлөө юм.

Нойрон дунд саажих үзэгдэл дунджаар 5 - 20 минут үргэлжилж, аяндаа арилдаг. Энэ нь ихэвчлэн нойрсолтын горим Рэм-ээс Рэм бус горимд шилжсэний үр дүн юм. Нойрон дунд саажих үзэгдэл зарим тохиолдолд тухайн хүний ой дурсамж, зарим мэдрэмтгий хүлээн авсан мэдээлэлтэй холбогдож, харь гаригийнхан, чөтгөр сүнстэй харьцаж буй мэтээр илрэх тохиолдол бий. Уг үзэгдэл хэдийгээр хүний биед шууд үзүүлэх ямар нэгэн сөрөг нөлөө үгүй боловч нойрны дэглэм алдагдаж байгааг илэрхийлдэг. 24 цагийн ээлжийн ажил, шөнө орой болтол сууж ажиллах, тоглоом тоглох зэргээр хүний биеийн биологийн цагтай зөрчилдөх амьдралын хэлбэр уг үзэгдлийн жинхэнэ шалтгаануудын нэг юм. Ажил амралтаа зохицуулж, дадаж хэвшсэн нойрны дэглэмээ баримтлах, хажуу тийш харж унтах зэргээр нойрон дунд саажихаас сэргийлэх боломжтой ажээ.

эх сурвалж; Nippon TV

,

ганцхан сэтгэгдэл:

Сайн байна уу? Сүүлийн үед түгээмэл яригдах болоод байгаа Астрал гэх зүйлийн талаар шинжлэх ухааны үүднээс оновчтой тайлбар байдаг уу

хариулах...

Сэтгэгдэл үлдээх