Сони NEX-3, NEX-5 камерууд худалдаалагдаж эхлэнэ

Сони компани шинэ загварын компакт SLR камер бүтээж байгаа тухай өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ камерийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүд болон худалдаанд гарах хугацаа өнгөрсөн долоо хоногт зарлагдлаа. NEX-5, NEX-3 загварын камерууд ирэх сарын 3, 10-наас худалдаалагдаж эхлэх бөгөөд Сонигийн альфа загварын SLR камеруудад ашиглагддаг Exmor APS CMOS датчик, дүрс боловсруулах BIONZ системийг агуулахаас гадна их бие нь ердийн жижиг оврын компакт камераас ялгагдахгүй байх юм. NEX-5 загвар л гэхэд их биеийн зузаан 24.2мм, жин нь 229гр байх ажээ. Эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн жижиг, хамгийн хөнгөн SLR камер хэмээн нэрлэгдэж байна.

Энэ камер нь мэдээж фото зургийн чанар маш сайн байхаас гадна дүрсний хамгийн сайн үзүүлэлт бүхий видео бичлэг хийх чадвартай байх юм. NEX-5 загварын хувьд дижитал телевиз, blu-ray тоглуулагч зэрэгт тохиромжтой AVCHD (1920x1080), компьютерт ажиллуулахад тохиромжтой MPG-4 (1440x1080, 640x480) формат бүхий дүрс бичлэгийг тус тус хийх боломжтой бөгөөд бичлэг нь memory stick-т файл хэлбэрээр хадгалагдах ажээ. 8 гигабайтын memory stick ашиглах тохиолдолд NEX-5 загварын хувьд дүрсний хэмжээнээс хамааран 1-5 цаг, NEX-3 загвар 2-5 цаг хүртэлх хугацаагаар бичлэг хийх боломжтой байх юм. NEX-3 загварын хувьд зөвхөн MPG-4 форматаар бичлэг хийнэ.

Шинэ камерийн зарим онцлогоос дурдвал 14.2 мегапикселтэй, ISO үзүүлэлт 12800, чичирхийлэл болон дүрсний сарнилтаас хамгаалах функцтэй учир шөнийн болон гэрэл багатай орчинд, трипод (тулгуур хөл) хэрэглэлгүйгээр чанартай фото зураг авах боломжтой юм. Мөн секундэд 7 кадр бүхий үргэлжилсэн фото зураг авах, 226 градусын панорама зураг бүтээх боломжтой. Үүнээс гадна автоматаар HDR зураг авах функц агуулсан байх ажээ. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдэж буй нэг ч камер ийм төрлийн зураг авах чадваргүй байсан бөгөөд зориулалтын программ хангамжын тусламжтайгаар цайвар, дундаж, бараан гэрэл бүхий 3 дижитал фото зургийг нийлүүлэн бүтээдэг байсан. HDR зураг нь гэрлийн үзүүлэлтийн хувьд хүний нүдээр хардагтай хамгийн ойролцоо байдаг. Панорама зургийг ч мөн адил хэд хэдэн фото зургаас программ хангамж ашигласан бүтээдэг байсан юм.

Шинэ камертай хамт E16мм (F2.8), E18-55мм (F3.5-5.6), E18-200мм (F3.5-6.3)-ийн болон бусад төрлийн линз (дуран)-үүд, флаш гэрэл, микрофон зэрэг нэмэлт төхөөрөмжүүдээс сонгон худалдаж авах боломжтой бөгөөд нэмэлт холбогч адаптер худалдан авсан тохиолдолд урьд нь хэрэглэгдэж байсан альфа загварын бусад линзүүдийг ч мөн адил холбож ашиглаж боломжтой ажээ. Мөн ажиллуулахад маш хялбар, ойлгомжтой шинэ хэлбэрийн удирдах товчлуур болон функцүүдийг агуулсан бөгөөд 3 инчийн LCD дэлгэцийг дээшээ 80 градус, доошоо 45 градусаар эргүүлэн байрлуулж болох учир янз бүрийн төвөгтэй байрлалаас хялбар зураг авах боломжийг олгож байна.

NEX-3 загварын камерийг 16мм линзтэй бол 550 доллар, 18-55мм линзтэй бол 600 долларын үнэтэйгээр худалдаалах ажээ. NEX-5 загварын хувьд 16мм линзтэй бол 650 доллар, 18-55 линзтэй нь 700 долараар тус тус үнэлэгдэж байна. Харин 18-200мм-ийн линз нь дангаараа 900 долларын үнэтэй байх бөгөөд энэ оны намраас худалдаанд гарах төлөвтэй байгаа ажээ.

Мөн Сони компани Exmor APS HD CMOS датчикийг агуулахаас гадна NEX загварын дээрх камеруудад зориулагдсан линзүүдийг холбох боломжтой бичлэгийн AVCHD чанар бүхий видео камер бүтээж байгаа тухай мэдээлэгдэж байна. Одоогоор туршилт сайжруулалтын шатанд байгаа бөгөөд худалдаанд гарах тохиолдолд энэ чиглэлийн зах зээлд мөн л анхдагч болох юм. Фото камерт хэрэглэгддэг олон төрлийн линзийг видео камертай холбосноор бичлэгийн чанарын хувьд мэргэжлийн дүрс бичлэгийн камераас бараг ялгагдахгүй болох ба бичлэг хийх явцад зарим төрлийн дүрсний эффектүүдийг үүсгэх боломжтой болох юм.





Дашрамд дурдахад хэрэв та фото зураг сонирхдог, "мэргэжлийн" гэмээр өндөр чанартай зураг авч сурахыг хүсч байвал NEX загварын камер худалдаж авахыг хувийн зүгээс зөвлөж байна. Мэргэжлийн камерууд нь өндөр үнэтэй, овор хэмжээ том учир авч явахад төвөгтэй, учир нь үл олдох олон төрлийн товчлуур, функцүүдтэй байдаг бол шинэ камер илүү авсаархан, энгийн, хялбар болж чаджээ. Үнийн хувьд Nikon D3000, D5000 зэрэг сүүлийн үеийн хямд SLR камеруудтай ойролцоо боловч хэрэглэж байсан линз ашиглах тохиолдолд илүү хямд байж чадах юм. Ихэнх фото зураг сонирхогчид Nikon болон Canon төрлийн камеруудыг хамгийн сайн гэдэгтэй санал нийлдэг. Сонигийн SLR камерууд харьцангуй нэр хүнд багатай боловч нэгэнт SLR камер, дээр нь бусад камеруудад байхгүй онцлог чадваруудыг агуулсан учир фото зураг эхлэн сонирхогч хэн ч худалдан авахад буруудахгүй юм. Мөн ийм энэ камертай бол тусдаа видео камер худалдаж авах шаардлагагүй гэдгийг ч бас анзаарсан бизээ.


эх үүсвэр; sony.co.jp

2 сэтгэгдэл:

Saihan l ed baina avah yumsan. Dandaa shine sorgog medeelel oruuldag chamd bayarlalaa

хариулах...
хариулах...

Сэтгэгдэл үлдээх