1Тб багтаамжтай оптик диск бүтээгджээ

TDK компани өөрсдийн бүтээж буй 1Тб багтаамжтай оптик дискний туршилтын загварыг Ceatec Japan 2010 үзэсгэлэнд танилцуулжээ. Уг диск нь хоёр талдаа 32 Гб багтаамж бүхий бичлэгийн 16 давхаргыг агуулдаг (нийлбэр багтаамж 1024 Гб) байна. Харин Blu-ray диск 4 бичлэгийн давхаргыг агуулдаг. Гэрлийн өндөр дамжуулалт бүхий онцлог материалыг ашигласнаар шинэ дискний багтаамжийг ихэсгэх боломж бүрдсэн байна. Зөвхөн нэг давхарга нь гэрлийн 95.1 хувийг дамжуулдаг бол нийт 16 давхаргад гэрлийн дамжуулалт 72.6 хувь байдаг байна.

Энэ материал нь Blu-ray дискний бүтцэд мөн агуулагддаг бөгөөд бат бөх зэрэг үзүүлэлтүүдийн хувьд ямар нэгэн асуудалгүй хэмээн TDK компаний төлөөлөгч хэлжээ. Дискний нэг давхаргаас бичлэг унших хурд нь Blu-ray дисктэй адил байх юм. Харин одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа хүндрэлтэй асуудал нь дискний зузааныг хангалттай багасгаж чадаагүй байгаа явдал юм. Blu-ray дискний бичлэгийн давхаргын зузаан 100 микрон болон түүнээс бага байхыг шаарддаг бол шинэ дискнийх 260 микрон байгаа нь оптик линзийг гажилтад оруулах нөлөөтэй ажээ. Уг диск хэрэглэгчдийн гарт хэр зэрэг хурдан хүрэх нь үйлдвэрлэгчдээс хамаарах төлөвтэй байна.


Зурагт шинэ оптик дискийг (голд нь) адил хэмжээний багтаамж бүхий Blu-ray диск болон DVD-тэй харьцуулан харуулжээ. Дашрамж дурдахад өмнө нь DVD-ээс 1000 дахин их багтаамжтай оптик диск, терабит хэмжээтэй флаш диск бүтээгдэж байгаа тухай тус блогт мэдээлж байсан билээ. Эдгээр нь мэдээлэл хадгалах зөөврийн төхөөрөмжүүдийн багтаамж терабитээр хэмжигдэх цаг ойртож байгааг харуулж байна. Тун удахгүй бид мэдээллийн хэмжээнээс үл хамааран түүнийг хадгалах асуудалд санаа зовохгүй болохнээ.


эх үүсвэр; phileweb

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх