Kinect

Өнгөрөгч 6-р сард Electronic Entertainment Expo 2010 үзэсгэлэнд анх танилцуулагдаж байсан Майкрософтын Xbox 360 тоглоомд зориулсан Kinect удирдлагын төхөөрөмж энэ сарын 4-нөөс эхлэн Америк, Европын болон Австрали зэрэг улсуудаас эхлэн худалдаанд гарч, эхний өдөртөө 450 мянга, эхний арав хоногийн дүнгээр 1 сая ширхэг тус тус худалдаалагдсан байна. Шинэ техник, технологийн тухай сүүлийн үеийн мэдээллүүдэд олон дахин ишлэгдэх болсон Том Крусын Minority Report киноны нэгэн зөгнөлийн биелэл нь Кинэкт гэж хэлж болох юм. Удирдлагын ерөнхий зарчим нь камерын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таних чадвартай бөгөөд өмнө мэдээлж байсан дохио зангааны удирдлагатай төстэй боловч зөвхөн гар хуруу бус тоглогч бүхэл биеэр тоглоомыг удирддагаараа онцлогтой юм. Энэ нь нөгөө талаас тоглогч өөрийн биеэр тоглоомонд оролцохоос гадна зөвхөн тоглох зугаацах бус, Wii тоглоомтой адил спорт хийх болон бусад шинэ энтертэймэнт боломжуудыг олгож байна.

Кинэктийг Израйлын PrimeSense компаний хэт ягаан туяны загвараас 3Д дүрслэл бий болгох технологи болон Майкрософтийн программ хангамжийг хослуулан бүтээжээ. RGB буюу улаан, ногоон, хөх өнгө мэдрэх камер, зайн хэмжигч, микрофонуудаар тоноглосон нь биетийн хөдөлгөөнийг 3 хэмжээст орон зайд мэдрэх, хүний нүүр таних, мөн дуу хоолой таних боломжуудыг тус тус бүрдүүлсэн байна. Кинэктэд хэд хэдэн микрофонууд байрлуулсан нь орон зайн өөр өөр хэсгүүдээс ирэх дууны долгионыг хүлээн авч олон тоглогчийн дуу хоолойг таних, мөн орчны дуу шуугианыг ялган таньж бууруулах боломжтой болгожээ.





Зайн мэдрэгч нь нь хэт ягаан туяаны лазерийн гэрэл үүсгэгч, хар цагаан өнгө хүлээн авах CMOS мэдрэгчээс бүрдэх бөгөөд эдгээр нь орчны ямар ч гэрлийн нөхцөлд гурван хэмжээст дүрслэл үүсгэх, тоглогчийн хүрээлэн байгаа орчны (өрөөний дотоод байдал) физик дүрслэлийг таних чадвартай юм. Удирдлагын төхөөрөмжийн бүрдэл хэсгүүд тийм ч их өндөр хүчин чадал, үзүүлэлттэй биш бөгөөд өнгөний камер 8 битийн, зайн мэдрэгч 11 битийн VGA дүрслэл тус тус үүсгэх чадвартай бол гаралтын видео дүрслэл нь дөнгөж 30 Гц (секундэд 30 дүрслэл) давтамжтай байх жишээтэй.

Эдгээр тоноглолууд болон кинэктэд зориулан Майкрософтийнхны хөгжүүлсөн хүний бие болон үе мөчний хөдөлгөөн, нүүр царай болон дуу таних программ хангамжууд нь тоглоомыг биеийн хөдөлгөөнөөр удирдах, тоглогчдын нүүр царай, дуу хоолойг ялган таньж 6 хүртэлх тооны тоглогчдыг нэгэн зэрэг тоглуулах боломжийг олгож байна. Үүнээс гадна хүний биеийн хөдөлгөөнт 20 хэсэг буюу үе мөчний хөдөлгөөний онцлогуудад дүн шинжилгээ хийж 2 голлон тоглогчийг таньдаг байна.

Кинэктийн мэдрэх орон зайн ердийн хэмжээ 1.2-3.5м бөгөөд 0.7-6м хүртэлх нэмэлт зайд мэдрэх чадвартай юм. Өөрөөр хэлбэл энэ зайн хүрээнд тоглогч байрлах шаардлагатай. Удирдлагын төхөөрөмж нь хэвтээ чиглэлд 57 градус, босоо чиглэлд 43 градусын өргөнтэй орон зайг мэдрэх бөгөөд 27 градусаар гэдийх, бөхийх хөдөлгөөн хийдэг. Харин энэ хөдөлгөөнд зориулагдсан хөдөлгүүр нь тодорхой хэмжээний цахилгаан энерги шаарддаг, USB-ээс тэжээх боломжгүй учир нэмэлт цахилгаан залгуур суурилуулсан байна.

Одоогийн байдлаар энэхүү удирдлагыг ашиглахад тохиромжтой 20 орчим тоглоомыг бүтээж худалдаалж эхлээд байна. Зарим нэг онцлог тоглоомыг дурдвал Dance Masters тоглоом нь хип хоп, блюз, поп зэрэг хэд хэдэн төрлийн 30 бүжгийг дууриан бүжиглэж болохоос гадна өөр шинэ хувилбарыг холбогдох сайтаас татаж авах боломжтой байх юм. Мөн спортын олон төрлүүд дундаас сонгон тоглох боломжтой Kinect Sports тоглоомын хувилбарыг ч мөн адил худалдаалж байна. Kinectimals нь виртуаль амьтад бөгөөд тэдгээртэй шууд хөдөлгөөнөөрөө харьцаж, ярьж болдог. Тэдгээр амьтад тодорхой хэмжээгээр хүнтэй харьцах чадвартай бөгөөд таны үг болон үйлдэлд өөрийнхөөрөө хариу үйлдэл үзүүлнэ. Кинект удирдлагын төхөөрөмж 150 долларийн үнэтэй бол тоглоом тус бүр нь дунджаар 50 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Майкрософтийнхны мэдэгдэж байгаагаар шинэ удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгчдийн тухай мэдээллийг онолын хувьд цуглуулж авах боломжтой юм. Үүнд хэдэн хүн, ямар өрөөнд, ямар хөдөлгөөн хийж байгааг, баярлаж хөөрч байгаа эсэхийг, мөн тоглогчийн төрх, тоглох болон ярианы онцлог зэрэг мэдээллүүд багтаж болох бөгөөд эргэх холбоо буюу дараа дараачийн тоглоомуудаа илүү сайжруулан, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэх зорилготой хэмээжээ. Харин хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг ямар нэг байдлаар хүлээн авахыг оролдохгүй гэдгийг батлаж байна. Мөн ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаалах, зар сурталчилгаа явуулах зэрэг маркетингийн зорилгоор ашиглахгүй гэжээ.


Шинэ техник болгоныг хаакдаж кайф авах дуртай зарим нөхдүүд Кинектийн нууцад мөн адил нэвтэрсэн тухай зарим мэдээллүүд технологийн сайт, блогуудаар гарч эхлээд байна. Дараах бичлэгүүд тоглогч хүмүүс бид Кинэктийн "нүдээр" ямархуу харагдахыг мэдэх боломжийг олгож байна. Эхний бичлэгт нээлттэй эхийн Mac OS X системд кинектийг холбож хүний биеийн хэсгүүд болон хөдөлгөөнийг хэрхэн ялган таньж байгааг, 2 дахь бичлэгт хүн болон өрөөний байдлыг хэрхэн гурван хэмжээст орон зайн дүрслэлд хувирган таньж байгааг харуулжээ.




Ямар ч техник хэрэгсэлийг зөв, аюулгүй ашиглах зааварчилгаа байдаг ч түүнийг хайхраагүй, мөн анхаарал болгоомжгүйгээс осол эндэгдэлд хүрэх тохиолдол цөөнгүй байдаг. Кинект ашиглан тоглох үед мөн адил багахан хэмжээний осол гарч бичлэг нь youtube-д тавигджээ. Өмнө нь Wii тоглоом тоглох үеийн нэгэн тохиолдлын бичлэгийн хүргэж байсан билээ.



эх үүсвэр; freekiller, wiki & etc.

,

ганцхан сэтгэгдэл:

Энүүгээр чинь нэг сайхан тоглох юмсан

хариулах...

Сэтгэгдэл үлдээх