Өмнө нь зөвхөн "Minority Report", "Avatar" мэтийн кинонуудад л дүрслэн үзүүлж байсан хийсвэр ертөнцийн технологи бодит байдал боллоо. Өмнөд Солонгосын Коян хотод дэлхийн анхны 4D сэдэвчилсэн парк өнгөрөгч оны 12 сард нээлтээ хийж виртуал бодит байдлын концептийг шинэ түвшинд гаргаж байна. Медиа энтертеймэнт чиглэлийн D'strict компанийн байгуулсан ‘Live Park 4D World Tour’ парк идэвхгүй хэлбэрийн уламжлалт паркийн үе өнгөрснийг илтгэж байна.
Паркад зочилогсод видео, аудио, 3D харилцан үйлчлэлийг нэгтгэсэн 4D технологийн ертөнцөд өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэж ер бусын адал явдлуудын гол баатар болон хувирах боломжтой юм. Мөн тоглоомын харилцан үйлчлэлийн элементүүд өөрийн түүхийг бий болгож түүнд өөрийн биеэр оролцох боломжийг олгож байна. 10000 метр квадрат талбай бүхий шинэ паркийг байгуулахад 2 жилийн хугацаа зарцуулж нийт 13 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн 3000 үйлчлүүлэгчийг нэгэн зэрэг хүлээн авч хоногт 10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Тус паркаар үйлчлүүлэгчид тэдний биеийн хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолойг таних кинект мэдрэгч болон радио давтамж бүхий бугуйвчийн тусламжтайгаар өөрсдийн аватар дүрслэлийн хамт сэдэвчилсэн 7 үе шат бүхий 65 атракционоор тоглох боломжтой юм. Зарим онцлог атракционуудаас танилцуулбал;
Ender Mirror - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийг үүсгэнэ.
Live360 - Дэлхийн хамгийн том 360 хэмийн стерео театрын турсламжтайгаар олон янзын төгсөл бүхий адал явдалд өөрийн аватар дүрслэлийн хамтаар оролцоно.
Live Square - Үйлчлүүлэгчид өөрсдийн аватар дүрслэлийн хамтаар 150 м-ийн өргөн проекцийн талбайд төрөл бүрийн тоглоомуудаар тоглоно.
Live Holo - чамин голограф дэлгэцээр солонгосын болон гадаадын алдартай жүжигчдийн хийсвэр дүрслэлийг үүсгэнэ.
Syno Star Performance - Үйлчлүүлэгчийг тэдгээрийн аватар болон голограм дүрслэлийн хамт хийсвэр ертөнцөд оруулна.
Mega Live Event - Парк бүхий л үзүүлбэрийн хамтаар шөнийн энтертеймэнт хэлбэрт шилжинэ.
D’strict компани ийм төрлийн паркийг эхний ээлжинд Хятад болон Сингапурт байгуулж улмаар дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. 2000 онд байгуулагдаж 4D бүтээлийн чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа тус компани 3 жилийн дараа азид нээгдэх 1 тэрбум долларын өртөг бүхий олон төрлийн сэдэвчилсэн паркийн цогцолборын сонгон шалгаруулалтад тэнцээд байгаа юм. Өмнөд солонгосчууд мөн дэлхийн анхны робот паркийг байгуулж байгаа тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ.
эх сурвалж; prweb & gizmag Зугаа, Технологи
2 сэтгэгдэл:
Лаг байхдаа? Уул нь ч очоод үзчих боломж ч бий л дээ тийм ээ ккк
Сэтгэгдэл үлдээх