Интернетийн онлайн үйлчилгээ болон компьютер зэрэг электрон төхөөрөмжүүдэд нэвтрэх, тэдгээрт агуулагдах мэдээллийн аюулгүй байдлыг хадгалахад шаардагдах хамгаалалтын энгийн арга хэрэгсэлд нууц үг голлон ашиглагдсан хэвээр байна. Гэхдээ энэ нь хамгаалалтын найдвартай арга биш бөгөөд энэ талаар тус блогт өмнө нь мэдээлж байсан билээ.
Нөгөө талаас хакеруудын ур чадвар болон компьютерийн хүчин чадал өдөр ирсэх тусам өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд нууц үгийн тэмдэгтийн уртыг тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай болж энэ нь мартагдах зэргээр ашиглахад төвөгтэй байдлыг үүсгэдэг. Майкрософт компани гэхэд л иймэрхүү хүндрэлээс зайлсхийх зорилгоор удахгүй гаргахаар төлөвлөж байгаа Виндовс 8 үйлдлийн системдээ зөвхөн тухайн хэрэглэгчийн өөрийн мэдэх зургуудыг нууц үгийн зориулалтаар ашиглах хамгаалалтын аргыг туршиж байна.
Харин банк, бизнесийн байгууллагууд зэрэг өндөр нууцлал шаадлагатай обьектүүдэд нэвтрэх эрх бүхий хүн мөн эсэхийг тодорхойлох биохэмжилтийн аргууд ашиглагдаж байгаа боловч тэдгээр нь зарим онцлог сул талуудыг агуулдаг. Хурууны хээ таних төхөөрөмж гэхэд л хурууны фото зурагт хууртах тохиолдолд цөөнгүй гардаг байна.
Иймд мэргэжилтнүүд таних магадлал өндөртэй боловч өртөг хямд боломжуудыг эрэлхийлэн биохэмжилтийн зарим шинэлэг аргуудыг боловсруулж түрүүчээсээ хэрэглээнд нэвтрэх шатандаа шилжиж байна. Тухайлбал компьютерээр текст бичих үед товчлуур даралтын онцлог шинжүүдийг тодорхойлж тухайн хүн мөн эсэхийг найдвартай таних арга ашиглагдаж эхлээд байна.
Мөн даралт мэдрэх дэлгэц дээр гарын үсэг зурах үед таних ажиллагааг найдвартай хийх боломжтой болжээ. Энэ арга нь бичилтийн хурд, даралтын хүч зэргийг хэмжих учир гарын үсгийг хичнээн сайн дууриалган зурсан ч буруу хүн гэдгийг хялбархан илрүүлж чаддаг байна. Иймд обьектүүдэд нэвтрэхээс авахуулаад ухаалаг утас, таблетүүдээр дамжин онлайн үйлчилгээ ашиглахад тохиромжтой нууцлалын аргад тооцогдож байгаа юм.
Харин Тайваний эрдэмтэд хүний зүрхний цохилтыг нууц үг болгон ашиглах хамгаалалтын систем бүтээсэн байна. Зүрхний цохилт нь биохэмжилтийн дээрх аргуудтай адил хувь хүний давтагдашгүй шинж чанарыг агуулдаг бөгөөд хүн тус бүрт өөрийн гэсэн онцлогтой байдаг байна. Chung Hsing их сургуулийн профессор Chun-Liang Lin-ий удирдсан судалгааны баг хүний хуруунаас авсан зүрхний бичлэгийн мэдээлэлд тулгуурлан тухайн хүн мөн эсэхийг хоромхон зуурт тодорхойлох математик аргачлалыг боловсруулжээ.
Уг аргаар зүрхний бичлэгийн онцлогийг тодорхой тоон утгаар илэрхийлж ашиглах замаар хамгаалалтын өндөр түвшин бүхий системийг бий болгох боломжтойг нотложээ. Харин хүний бүх хуруунаас зүрхний бичлэгийн мэдээллийг урьдчилан авч хадгалах шаардлагатай бөгөөд дараа нь код тайлах шаардлага гарах бүрт түүнийг харьцуулж шалгахад ашигладаг байна. Судлаачдын цаашдын зорилт зөөврийн хатуу диск зэрэг электрон төхөөрөмжүүдэд хуруугаа хүргэх төдийд таних ажиллагаа явагдах боломжтой болгоход чиглэж байна.
эх сурвалж; mailonline & etc. Интернет, Мэдээллийн технологи
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх