Телевизор "ухаалаг" болж эхэллээ, гэвч ...

Шинэ үеийн ухаалаг телевизорууд хэрэглэгчдэд "Ууртай шувуу" тоглох, танилуудынхаа авсан фото зургуудыг тэр дор нь үзэх, бусдад түгээх, кибер хувцасыг ямар нэгэн тоглоомын консол болон тусгай төхөөрөмжгүйгээр өмсөж үзэх боломжийг олгож байна. Мөн суваг солих, нэвтрүүлгийн хайлт хийхийг хүсвэл гараа зангах төдийд, эсвэл дуу хоолойгоороо удирдах болно. Телевизор үйлдвэрлэгч нар 3 жилийн өмнөөс интернет холболт бүхий ухаалаг телевизорууд бүтээж Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн (CES)-д танилцуулж ирсэн нь телевизорын технологийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна.

Өмнө нь зөвхөн тооцоолох төхөөрөмжид л агуулагдаж байсан хүчирхэг микропроцессор, иж бүрэн үйлдлийн систем, уламжлалт алсын удирдлагаас тэс өөр чамин удирдлагын системийг ухаалаг телевизорын хамгийн дэвшилтэт загварууд агуулах болов. Компьютер үйлдвэрлэгч Леново компани сүүлийн үеийн ухаалаг утаснуудад л харагдах болсон Гүүглийн андройд үйлдлийн системийн шинэ хувилбар, хос цөмт процессор зэргийг агуулсан шинэ загварыг танилцуулсан бол LG компани андройдын нэг төрөл болох хамгийн сүүлийн үеийн Гүүгл ТВ програм хангамж бүхий ухаалаг телевизор бүтээлээ.

Самсунг компани Майкрософтын XBOX-ын кинект удирдлагатай төстэй камерт суурилсан хөдөлгөөн мэдрэгч бүхий телевизорыг танилцуулсан бол Nuance Communications компани Apple-ийн Айфон 4S утасны Сиритэй адил төрлийн дуу хоолой таних боломжтой телевизор бүтээв. Мөн Bodymetrics компани кинекттэй төстэй төхөөрөмжөөр өөрийн зочны өрөөг хэрхэн кибер хувцасны өрөө болгон хувиргаж болохыг харуулав. Үүгээр хэрэглэгчид өөрийн дүрслэлийг телевизороор харж янз бүрийн кибер хувцасуудыг сольж өмсөж үзэх боломжтой болов.

Гэвч хэрэглэгчдийн хувьд эдгээр ухаалаг телевизоруудын аль төрлийн хэрэглээг түлхүү сонгох нь тодорхойгүй байгаа юм. Гүүгл телевизийн төхөөрөмж гэхэд л эхний загварууд 2010 оны эхээр худалдаанд гарсан боловч борлуулалтын байдал тийм ч сайнгүй байна. Олонхи хэрэглэгч Netflix мэтийн онлайн кабелийн сувгийг өөрийн телевизороор үзэхийг илүүд үзэх боловч технологи шүтэгсэд веб хуудсуудаар аялж, твиттерээ шалгахаас авахуулаад ухаалаг утасныхтай адил апликэшнүүдийн хэрэглээг сонирхох нь мэдээж.

Технологийн эрс шинэчлэлүүд нь үйлдвэрлэгчдийн борлуулалтын хэмжээ болон ашигт хэрхэн нөлөөлөхөөс илүүтэйгээр хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангалттай хэмжээнд татаж чадах эсэх нь үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшээж байна. Гэхдээ шинэ нэмэлтүүд телевизорын үнийг өсгөж борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж тэд найдаж байгаа юм. 3D технологи хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй бол ухаалаг телевизорууд тэдний эрэлтийг хангана гэж үзэж байна. Мөн үйлдвэрлэгч нар энэ жилийн CES үзэсгэлэнд оролцоогүй Apple компаниас ихээхэн болгоомжилж байна.

Apple хэдэн жилийн өмнөөс ухаалаг телевизорийн технологи дээр ажиллаж байгаа бөгөөд Стив Жобс ч "бид төхөөрөмжийн удирдлагын арга хэрэгсэлд эргэлт хийх интерфейсийг бүтээсэн" хэмээн энэ талаар өөрийн намтар бичигч  Walt Isaacson-д хэлж байсан тухай мэдээлэл байдаг. Өнгөрөгч арваад жилийн хугацаанд Apple компани зөөврийн хөгжим тоглуулагч, хөдөлгөөнт утас, компьютерийн бизнесийг ор үндсээр нь хэрхэн өөрчилснийг бид бэлхнээ мэдэж байгаа билээ. Харин телевизор үйлдвэрлэгч бусад компаниуд өрсөлдөөнд тэсч үлдэхийг оролдож байна. Тэд ухаалаг телевизорын шинэ үе ирсэнийг дөнгөж хүлээн зөвшөөрч эхэлж байгаа боловч яг ямар дүр төрхтэй байх талаар нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй байгаа юм.

Үйлдвэрлэгчид, нэмэлт үйлчилгээ үзүүлэгч компаниуд, програм хөгжүүлэгч нар, шинжээчид хэрэглэгчдийг шинэ үеийн ухаалаг телевизортой хэрхэн харьцах, түүнийг хэрхэн хүлээж авах зэрэг суурь асуудлууд дээр санал зөрөлдөж байна. Мөн техникийн нэгдсэн стандарт боловсруулах тал дээр ч тохиролцож чадаагүй байна. Тухайлбал ухаалаг телевизорын удирдлагын олон хэлбэрүүд гарч ирсэн боловч телевизорын загвар, үйлдвэрлэгч компаниас хамааруулан гараараа зангах хөдөлгөөнд суурилсан удирдлага хэрэглэх уу, ухаалаг утсаа кибер удирдлага болгон ашиглах уу, эсвэл хэмжээг нь багасгасан бүрэн хэлбэрийн гар (кийборд)-аар удирдах уу гэдгийг ярилцаж тэдгээрээс хэрэглэгчдийн таашаалд нийцэх хэлбэрийг сонгох шаардлагатай байгаа юм.

Энэ бүхний үр дүнд зочны өрөөний телевизор унтлагын өрөөнийхөөс өөр хэлбэрээр удирдагдана, нэг үйлдвэрлэгчийн загварууд байлаа ч удирдлагын болон үйлдлийн систем өөр өөр байна гэх мэтээр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай юм. Технологид дурлагчдын хувьд эдгээрийг турших үзэх нь гайхалтай санагдана. Гэвч энгийн хэрэглэгчдэд зориулсан зарим төрлийн стандартжуулалт хийгдээгүй тохиолдолд ухаалаг телевизорын зах зээлийг бүтэлгүйтэлд хүргэх магадлал их биш ч тодорхой хэмжээгээр байгаа гэж үзэж болно. Эцэст нь телевизор ухаалаг байх шаардлагатай эсэхийг зөвхөн хэрэглэгчдийн хүсэл сонирхол л шийдэх болно.

Дашрамд хэлэхэд зурагтны удирдлагын шинэ хэлбэрүүдийн тухай өмнө нь тус блогт мэдээлж байсан билээ. Харин тэдгээрээс ихэнх нь өнөөдөр биелэлээ олоод байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.


эх сурвалж; physorg

, ,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх