



эх үүсвэр; thanko




NEC Electronics болон Soundpower компаниуд хамтран гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд зориулагдах батерейгүй алсын удирдлага зохион бүтээж туршилтын хувилбарыг Embedded Technology 2009 үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг алсын удирдлагын товчлуурыг дарах үед үүсэх чичиргээг ашиглан бага хэмжээний цахилгаан энерги үүсгэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ энерги нь зурагтыг удирдахад шаардагдах радио долгионыг үүсгэхэд хүрэлцээтэй юм. Хамтарсан судалгааны ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд одоогоор бүтээгдээд байгаа загвар нь 15x7.5x3см хэмжээтэй буюу ердийн удирдлагаас 2 дахин том байгаа юм. Цаашид овор хэмжээг багасгахыг зорьж ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байгаа ажээ.
Dell компаний Latitude загварын зөөврийн компьютерүүд нь Apple-ийн macbook-ийг хуулбарласан хэмээн шүүмжлэгдэж байгаа боловч ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс давуутай олон үзүүлэлтээр "хамгийн" хэмээн нэрлэгдэж хэрэглэгчдийг татаж байгаа билээ. Тус компани дэлхийд хамгийн анх утасгүйгээр цахилгаан дамжуулах технологи (индукцийн арга) ашиглан цэнэглэх Latitude Z зөөврийн компьютерийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн одоогоор 16 инчийн дэлгэц бүхий дэлхийн хамгийн нимгэн, хамгийн хөнгөн (2кг жинтэй) компьютерээр тодроод байгаа юм.
Интел компанийн Pittsburgh дахь судалгааны төвд компьютерийг гар болон хулгана ашиглалгүйгээр, бодол санаагаар удирдахад зориулан хүний тархинд суулгах чипний судалгаа хийгдэж байна. Энэ чипний тусламжтайгаар гар утас, телевизор болон бусад электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болох юм. Гэхдээ одоогоор ийм чипний ямар нэгэн хувилбар бүтээгдээгүй байгаа бөгөөд ойролцоогоор 10 жилийн дараа гэхэд хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой тухай судлаачид ярьж байна.
Сүүлийн үед 2012 онд болох дэлхийн сүйрэл олон хүний ярианы голлох сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Мөн энэ тухай кино, ном, зохиолууд гарч мэдээллийн хэрэгслүүдээр элдэв утга агуулгатай мэдээлэлүүд олноор нийтлэгдэж байна. Эдгээр мэдээллүүд нь өсвөр насны, шашин шүтлэгтэй, эмзэг зан чанартай, мөн боловсрол нимгэн хүмүүсийн сэтгэлзүйд сөрөгөөр нөлөөлж байна. Дэлхийн сүйрэлтэй холбоотой айдас олон хүнийг хамарч, ийм төрлийн мэдээлэл бүхий сайтуудад бичигдсэн сэтгэгдлээс ажиглавал зарим нэг нь сэтгэл санаагаар унаж, амьдрах итгэлээ алдах дээрээ тулаад байгаа бололтой.
Thefuntheory.com сайтаас хүмүүсийн амьдралд өдөр тутам хэрэглэгддэг, заримд тохиолдолд үл анзаарагдам, энгийн зүйлсийг илүү хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр өөрчилж хүмүүст бага ч гэсэн инээмсэглэл бэлэглэх зорилгоор шинэлэг санаачлагын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд хүссэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд өөрийн шинэ санаагаа ноорог зураг, тайлбар, фото, видео гэх мэт хэлбэрээр илэрхийлэн илгээх шаардлагатай юм. Уралдаанд оролцох бүтээлийг 12-р сарын 15 хүртэл хүлээж авах бөгөөд шалгарсан хүнийг 2500 еврогоор шагнаж бүтээлийг олны хүртээл болгох ажээ. Маш хялбархан технологи ашигласан хөгжилтэй санаануудын жишээ болгон дараах видеонуудыг сайтад байрлуулсан байна.
Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон "Cry translator" программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. Эдгээр нөхцөлүүдээс үүдэлтэй хүүхдийн уйлах дууны давтамж нь хэл, соёлоос хамааралгүйгээр нийтлэг хэлбэртэй байдгийг судлаачад 6 жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Жишээ нь ямар нэгэн зовиураас шалтгаалан уйлж буй хүүхдийн дуу богино хугацаанд чангарч, хүчтэй дуугарч байснаа аажим суларч, дараа нь дахин чангардаг бол өлссөнөөс уйлж буй хүүхдийн дуу өндөр нугалаатай, эрч хүчтэй байдаг байна. "Cry translator" программ нь эмнэлгийн нөхцөлд 96 хувийн магадлалтайгаар туршигдсан бөгөөд 9.99 доллараар нөгөөдрөөс худалдаалагдаж эхлэх ажээ.
Оросын сансрын агентлаг Марс гариг руу аялах зорилгоор цөмийн түлш бүхий жолоодлогот сансрын хөлөг бүтээхээр төлөвлөж байна. Сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминовийн мэдэгдсэнээр 2012 оноос эхлэн 9 жилийн хугацаанд үргэлжлэх уг төсөлд 600 сая доллар зарцуулах бөгөөд төслийг гүйцэтгэснээр олон хүнийг гайхшруулах технологийн шинэ түвшинд хүрэх болно гэжээ. Олон улсын сансрын станцад багийн бүрэлдэхүүнийг хүргэх зорилгоор одоогоор ашиглаж буй оросын пуужин тээгч хөлгийн технологи нь 40 жилийн өмнө боловсруулагдсан боловч олигтой шинэчлэгдээгүй байгаа юм. Төлөвлөж буй цөмийн түлш бүхий хөлөг нь МВ (мегаватт) хэмжээний цөмийн реактороор тоноглогдох ажээ. Хүйтэн дайны үед оросын тагнуулын хиймэл дагуулуудад хэдхэн кв (киловатт) чадал бүхий цөмийн реакторыг ашигладаг байсан ба тэдгээр нь нэг удаагийн цэнэглэлтээр бүтэн жилийн хугацаагаар тасралтгүй ажиллах чадвартай байжээ. Сансрын хөлөгт ашиглах ирээдүйн цөмийн түлш нь уламжлалт түлшнээс 2 дахин илүү үр ашигтай байх юм.
Бидний өнөөдрийн амьдралыг цахилгаан эрчим хүч, цахилгаан хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нэг айлын зөвхөн зочны өрөөнд гэхэд л зурагт, видео тоглуулагч, хөгжим, гар утас, компьютер, принтер гээд маш олон төрлийн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд өдөр тутам ашиглагддаг. Эдгээр төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийг холбох утаснууд багагүй зай талбай эзэлхээс авахуулаад, хөлд орооцолдох, цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй болгох, зарим тохиолдолд халалт үүсч гал түймрийн болон цахилгаанд цохиулах эрсдэл үүсгэдгийг хэн бүхэн мэднэ.
2. Радио давтамж (Radio-frequency)
4. Дамжуулагч дэвсгэр (Conductive Pad)
5. Соронзон орны хосолмол резонанс (Magnetically Coupled Resonance)
Оношлогоо болон эмчилгээний зорилгоор эмнэлгийн салбарт ашиглагдах бичил роботын тухай өмнө нь нийтлэж түүнийг удирдан жолоодох боломжгүй, мөн эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүй байгаа тухай дурдаж байсан билээ. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэсэн аалзан үрэл (spider pill) буюу утасгүй капсул робот бүтээгдэж гахайн гэдсэнд амжилттай туршигдсан байна. Энэ робот нь 27 мм урттай бөгөөд диаметр нь ердийн ходоодны дурантай адил 11мм хэмжээтэй юм. Мөн 8 хөлтэй, нийтдээ 72 эд ангиас бүрддэг байна. Аалзан үрэл нь бие эрхтэн дотор минутад 50мм хурдтай хөдлөх бөгөөд операторын удирдлагын дагуу татах хүчний эсрэг босоо гэх мэт дурын чиглэлд хөдлөх чадвартай юм. Роботыг хүний биед ашиглах тохиолдолд шинжилгээ өгч буй хүний хувцасанд байрлуулсан соронзон орон үүсгэгчийн тусламжтайгаар утасгүй технологиор эрчим хүчээр хангах боломжтой ажээ. Хэрэв энэ робот хүний биед туршигдан их хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхэлбэл хоол боловсруулах замын эрхтнүүдийн оношилгоог ямар нэгэн зовиургүйгээр, хялбархан хийлгэдэг болохнээ.
Сэтгэл зүйч эмч нарын удаан хугацааны ажиглалтын үр дүнд сэтгэл гутрал (depress)-д нэрвэгдсэн хүмүүс харьцангуй түгдэрч, удаан темпээр ярьдаг болохыг тодорхойлсон байдаг. Мөн тусгай дасгал, сургуулилт хийсэн хүмүүс хүний энгийн харилцан ярианаас сэтгэл гутралын шинж тэмдэгүүдийг илрүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Тэгвэл дуу хоолойн шинжилгээний программ хангамжын тусламжтайгаар утсаар ярьж буй өвчтөнүүдийн сэтгэл санааны байдлыг харилцуурын цаанаас тодорхойлж мэдээлэх боломжтой болсон байна. MIT's Media Lab-ын боловсруулсан программ хангамжийн алгоритм нь дуу авианы нягтрал, ярианы эрчим, дууны долгионы энерги зэргийг хэмжиж аливаа өвчлөлтэй холбоотой сэтгэл зовнил, шаналалыг илрүүлэх чадвартай ажээ. Уг программыг Cogito Health эмнэлэгт сувилагч болон өвчтөнүүдийн телефон ярианы явцад ашиглаж туршиж эхэлсэн байна.