Япон улс Фүкүшима АЦС-ын ослоос үүдэн эрчим хүчний шинэ бодлогоо тодорхойлж, 2030-аад оны үеэс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд АЦС-ын ажиллуулах хугацааг 40 жилээр хязгаарлаж байгаа учир одоо ажиллаж байгаа станцууд дурдсан хугацаанд ашиглалтаас бүрэн гарах юм. Мөн нэмж өргөтгөл хийх, шинээр АЦС барьж байгуулахгүй боловч цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологийн хөгжүүлэлтийн ажлыг үргэжлүүлэн хийхээр шийдвэрлэв.
14-ний өдрийн орой хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр "Атомын станцаас хамааралгүй нийгмийг аль болох хурдан бодит зүйл болгоно, 2030-аад оны үеэс АЦС-уудыг бүрэн зогсоохын төлөө төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" хэмээн засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. Үүнд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл голлох хувийг эзлэх төлөвтэй байна.
Нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх цөмийн эрчим хүчний хэмжээг 2030 он гэхэд 0%, 15%, 20-25% болгох 3 хувилбараар, тус улсын олон нийт, засгийн газрын болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд явуулсны эцэст энэхүү шийдвэрийг гаргаж байна.
Фүкүшимагийн осол нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст хамаарагддаг тус улсын АЦС-уудыг байгалийн гамшигаас найдвартай хамгаалах боломжгүй гэдгийг нотлон харуулсан юм. Мөн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа дээрх шийдвэрт ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал сүүлийн саруудад долоо хоног бүрийн баасан гаригт ерөнхий сайдын ажлын байрны ойролцоо АЦС-ыг эсэргүүцэгчдийн цуглаан тогтмол хийгдэх болсон юм.
Гэхдээ эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд засгийн газрын шийдвэрийн эсрэг байр суурьтай байна. Тэд цөмийн эрчим хүчнээс татгалзсанаар эрчим хүчний хангамжид удаан хугацааны ноцтой доголдол үүснэ хэмээн мэдэгдэж байгаа юм. Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа атомын станцуудад шаардлагатай мэргэжлийн ажиллагсадыг хадгалж үлдэхэд саад болно гэжээ.
2010 оны байдлаар тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүч 26%, сэргээгдэх эрчим хүч 10%, байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүнээр ажиллах станцууд 63%-ийг тус тус эзлэж байсан юм. Мөн ирэх 20 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 45%-д, сэргээгдэх эрчим хүчийг 20%-д тус тус хүргэхээр ослоос өмнө төлөвлөж байжээ.
эх сурвалж, technologyreview болон NHK Фүкүшима, Эрчим хүч
2 сэтгэгдэл:
japan uud sain bna. harin odoo mongold acs barih geed zarim neg japanuud guigeed baigaag boliulah heregtei. ygad gevel 3 say hurehgui huntei mongold acs hereggui shuu dee
Yoponuud ug n dalaigaas erchim huch huraah tehnologuud gargahgui hachirhaltai yum ug n ted hedem myanga km urt dalian ergiinhee 1000km-d n dalai erchim huch huraagch tavichihval tal heregleegee hangachij magadgui dee. Evropt end tend nileen ih dalain uusguuruud tavigdaad baina.
Сэтгэгдэл үлдээх