Багц мэдээ 3; Ухаалаг буу, Хортой бактери, НАСА-гийн туршилт ...

Ухаалаг гар буу
Арматикс компани үндсэн эзэмшигчээс өөр хүн хэрэглэх боломжгүй ухаалаг буу бүтээсэн байна. Жэймс Бондынхтой төстэй уг буу зөвхөн эзэмшигчийн бугуйн цагны радио долгионыг хүлээн авсан нөхцөлд буудах боломжтой болно. 2012 онд Сэнди Хүүк бага сургуулийн 26 хүүхэд алагдсан хэргийн дараа технологийн компаниудын санаачлан бий болгосон "Ухаалаг Технологийг Дэмжих Сан"-гийн 1 сая долларын шагналд нэр дэвшиж буй технологийн бүтээлүүдийн нэг болох энэ буу хослон ажиллах бугуйн цагийг зүүгээгүй тохиолдолд ердийн тоглоомноос ялгагдахгүй. Дэвшилтэт технологи ашигласан ухаалаг буу зөвхөн Арматикс компанийхаар зогсохгүй бөгөөд хулгайлагдсан эсвэл бусдад ашиглагдсан тохиолдолд эзэмшигчид мэдээлэх төхөөрөмж агуулах Глок гар буу бүтээгдсэн бол Сэнди Хүүкийн хохирогчдийн нэгнийх нь өвөө эзэмшигчийн хурууны хээг таних чадвартай гар буу зохион бүтээсэн байна.


Сансарт ургуулсан хүнсний ногоо аюулгүй
Оросын эрдэмтэд Олон Улсын Сансарын Станцад хэд хэдэн төрлийн хүнсний ногоо ургуулж, тэдгээрийг хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн эрсдэлгүй болохыг тогтоосон байна. Лада хэмээн нэрлэгдэх хүлэмжинд ургуулсан вандуй, давжаа буудай, япон навчит ногооны өсөлт хэвийн, дэлхий дээр ургуулснаас ялгаагүй байжээ. Энэ нь сансарт хүнсний ногоо ургуулах, нисгэгчдийг шинэ ногоогоор хангахад асуудалгүй гэдгийн нотлогоо болж байна. Хүнсний ногоо нь зөвхөн хүнсний хэрэгцээнээс гадна сансарын нисгэгчдийн сэтгэл зүйд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх юм. Лада хүлэмжийн модуль нь зөөвөрлөх боломжтой бөгөөд одоогийн байдлаар хорт бичил биетүүд үржсэн эсэхийг шалгах, зарим засвар хийх зорилгоор дэлхийд ирүүлээд байна. Цаашид цагаан будаа, төмс, чинжүү зэрэг ургамлыг сансарт тариалахаар төлөвлөжээ. Оросын эрдэмтэд өмнө нь ОУСС-д буудай тариалж, түүгээр нэрсэн шар айргийг худалдаалж байсан билээ.


Бээжингийн агаарт хортой бактери илрэв
Бээжингийн агаарт 1300 төрлийн бичин биетэн агуулагдаж байгааг хятадын эрдэмтэд илрүүлсэн байна. Тэдгээрийн ихэнх нь харшил үүсгэх, элэгний өвчний үндэс суурь болох зэргээр хүний биед аюултай юм байна. 2013 оны 1-р сард буюу агаарын бохирдлын хамгийн өндөр үед Бээжингийн агаараас авсан дээжийн ДНХ-ийн шинжилгээгээр бичил биетний аюултай төрөл зүйлийн агууламж хэт өндөр хэмжээнд байгааг тогтоожээ. ДНХ-ийн шинжилгээ нь зөвхөн амьд биетээс гадна хүний арьс, нохойн ялгадас зэргээс агаарт тархах бактерийн үлдэгдлийг ч хамардаг байна. Тэгвэл энэ оны 1-р сарын 31-нээс эхэлсэн хятадын уламжлалт цагаан сарын өдрүүдэд Бээжин, Шанхай зэрэг хотын агаарт агуулагдах тоосонцрын Пи Эм 2.5 үзүүлэлт огцом өсч, стандартаас хэдэн 10 дахин нэмэгдсэн байна. Энэ нь цагаан сарын үеэр их хэмжээгээр хэрэглэдэг ёслолын буудлага, тэсрэгч бодисуудын утаанаас үүдэлтэй юм.


Хүн дэлхийтэй хамт хэр хурдан эргэлддэг вэ
Энэ тухай бодол хэзээ нэгэн цагт таньд төрж байсан уу. АНУ-ын Интеграл Консалтин компаний нэгэн шинжээчийн бүтээсэн графикаас өөрийн амьдарч буй газар нутгийн байрлалаас хамааруулан дэлхийтэй хамт хэр хурдан эргэлдэж байгаагаа мэдэх боломжтой. Эргэлтийн хурд дэлхийн бөмбөрцгийн уртрагийн байрлалаас хамаарах бөгөөд 0-ээс 1674 км/ц (1040 мил/цаг)-ийн хооронд байдаг байна. Графикийг дэлхийг төгс бөмбөрцөг хэлбэртэй хэмээн тооцоолж бүтээсэн бол үр дүнгийн нарийвчлал 1,6 км/ц юм. Дэлхийн экватор орчимд байрлах биет хамгийн урт буюу 40,075 км зайг 23 цаг 56 минут 4 секунд хугацаанд 1674 км/ц хурдаар туулдаг байна. Харин монголчууд бид ойролцоогоор 1125 км/ц буюу секундэд 312 м зай туулах хурдаар эргэлддэг байна.


Орчлонгийн хамгийн хүйтэн цэгийг бий болгоно
НАСА орчлонгийн хамгийн бага (хүйтэн) температурыг ОУСС-д үүсгэхээр төлөвлөж байгаа тухай мэдээллээ. Огторгуйн одод, галактикуудийн хоорондын орон зайд орших хийн материйн температур Кельвиний 3 хэм буюу Целсийн -270 хэмд хүртэл буурдаг. Тэгвэл НАСА түүнээс ч бага, 100 пико келвин температурыг үүсгэхээр төлөвлөсөн байна. Энэ нь атомын дулааны үйл ажиллагаа онолын хувьд бүрэн зогсох абсолют тэг температураас кельвиний нэгжийн 10 тэрбумны нэгтэй тэнцэх хэмжээгээр өндөр юм. Ийм нөхцөлд бодисын хатуу, хий, шингэн төлөвийн тухай ердийн ойлголт хүчингүй болж, тэгээс яльгүй өндөр энерги бүхий атомуудыг агуулах матери квантын онцлог төлөвт шилжих ажээ. ОУСС-ын өчүүхэн бага таталцлын нөхцөл нь дэлхий дээрхээс илүү бага температур үүсгэх боломж өгдөг байна. 2016 онд хөөргөхөөр төлөвлөж буй төхөөрөмжийн тусламжтайгаар хийх энэхүү туршилтын зорилго хэт хөрсөн атом бүхий хийнүүдийг холих замаар квантийн шинэ үзэгдлүүдийг нээж, асар хурдан электрон төхөөрөмж, лазер зэргийг бүтээх боломж бүрдүүлэх найдлага төрүүлж байгаа юм.



эх сурвалж; mailonline, popsci

2 сэтгэгдэл:

Сайхан мэдээллүүд байна. Баярлалаа #Robomec

хариулах...

бүх юм ухаалаг болсоор л би л ухаалаг бишээрээ үлдэждээ :P

хариулах...

Сэтгэгдэл үлдээх