Киборг 2 - HAL

Хөгжингүй орнуудад жил ирэх тусам төрөлт багасч, хүн амын дундаж наслалт уртсан, өндөр настны эзлэх хувь эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өндөр настнуудад чиглэсэн бизнес тогтвортой өргөжиж, энэ талын судлагааны ажлууд маш олон мэргэжлийн чиглэлээр хийгдэж, шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд бий болсоор байна. Булчин болон үе мөчний эрхтнүүдийн доройтолд орсон өндөр настай хүний биеийн хөдөлгөөнийг дэмжих, сэргээн засах зорилгоор өнөө үеийн киборг гэж нэрлэж болох HAL (hybrid assistive limb) робот-хувцасыг Японы CYBERDYNE компани зохион бүтээж, үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн байна.

Энэхүү робот хувцас нь босох, суух, алхах, шатаар өгсөх уруудах гэх мэт хүний биеийн өдөр тутмын үйл хөдлөлийг дэмжиж, хүний биеийн физик хүч чадлыг нэмэгдүүлэх зорилготойгоор бүтээгджээ. Жишээ нь хөлний шахалт (бодибилдингийн дасгал)-аар 100кг жинтэй зүйлийг арай ядан өргөж байсан хүн уг робот хувцасыг өмссөнөөр 180 кг-ыг чөлөөтэй өргөх, гар дээрээ авч явж буй 40 кг-ийн ачаа хүний гарт хэдхэн кг мэт мэдрэгдэх ажээ. Мөн хүний хөлөнд үйлчлэх биеийн жингийн ачааллыг хөнгөлснөөр хол зайд, удаан алхах тохиолдолд бараг ядрахгүй бөгөөд робот хувцасны өөрийнх нь жин 24 кг боловч өмссөн хүнд ямар ч ачаалал мэдрэгддэггүй байна. Ерөнхийдөө хүний булчингийн чадлыг 2-10 дахин нэмэгдүүлж чадвартай юм.

Робот-хувцас ямар зарчимаар ажилладаг вэ. Хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхийн өмнө тархинаас мэдрэлийн системээр дамжуулан булчингуудад мэдрэлийн дохиоллууд илгээгддэг. Энэ үед булчингийн арьсны гадаргад маш сул био-цахилгаан дохиолол ирдэг байна. HAL робот-хувцасны дотор талд байрлах мэдрэгчүүдийн тусламжтайгаар дээрх дохиоллыг мэдрэх бөгөөд түүнийг үндэслэн хүн ямар хэлбэрийн хөдлөгөөнийг ямархуу хүчээр хийх гэж байгааг компьютерээр тооцоолно. Дараа нь ямар хэмжээний эргэлтийн хүч үүсгэхийг тооцоолон үр дүнг хүчний элемэнт (цахилгаан хөдөлгүүр)-үүдэд дамжуулан робот-хувцасны үе мөчүүдийг хөдөлгөдөг ажээ. Гэхдээ дээрх үйлдлүүд маш хурдан буюу эгшин зуурын төдий хугацаанд хийгддэг, өөрөөр хэлбэл хүний булчингийн хөдөлгөөн эхлэхээс өмнө хүн ямар хөдөлгөөн хийх гэж байгааг урьдчилан мэдэрч роботын үе мөч хөдлөж эхэлдэг ажээ. Мөн хүний биеийн үе мөчнүүдийн хөдөлгөөнийг загварчилан робот-хувцас
ыг программчилсан байдаг учир хүн ямар нэгэн үйлдэл хийе гэж бодох төдийд булчингууд хөдөлгөөнд ороогүй байсан ч робот-хувцасны дэмжлэгтэйгээр үе мөчүүдээ хөдөлгөж чаддаг байна.

HAL робот-хувцасыг сэргээн засах эмчилгээ, үйлдвэрийн хүнд хүчир хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн өдөр тутмын үйл хөдлөлийг дэмжих, аврах болон энтэртэймэнт гэх мэт маш олон хэлбэрээр ашиглаж болох юм. Робот-хувцас нь 1.6 м өндөртэй бөгөөд 100В хүчдэлээр цэнэглэгдэх баттерэйгээр ажилладаг, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 5 цаг хүртэл хугацаагаар ажилуулах боломжтой ажээ. Робот-хувцас нь бүтэн биеийн ба хөлний гэсэн хоёр хэлбэртэй бөгөөд 4200 доллараар худалдаж байгаа юм байна.




, , ,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх