Талибанчуудыг "ухаантай" сумаар устгана

Америкийн арми энэ сараас эхлэн радио долгионы удирдлагатай "ухаантай" сумыг Афганистанд буюу анх удаа хэрэглэж эхлэхээр шийдвэрлэсэн байна. XM25 загварын гранат харвагч винтовын програмын удирдлагатай сум нь буудах зайг тохируулсан тохиолдолд нуугдсан эсэхээс үл хамааран байг олж устгах чадвартай ажээ. Уг винтов нь уламжлалт винтовоос илүү хол зайд (700м) буудах чадвартай бөгөөд саадыг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох чадвартай зай хэмжигч лазерын төхөөрөмж (овоо хараа)-өөр тоноглогдсон байна. Цэргүүд винтовны гохны ойролцоо байх товчлуурын тусламжтайгаар лазерын харааны хэмжсэн зайг 3м-ээр ихэсгэx, багасгах боломжтой юм. Лазерын хараа нь ямар ч хол зайд хэмжих чадвартай бөгөөд цэргүүдийн тохируулсан зайд байгаа саадны ард нуугдсан байг саадтай хамт дэлбэлж устгах чадвартай юм. Мөн уг винтов нь хананы ард болон булангын цаана нуугдсан дайсанг устгах зэрэг гудамжны байлдаанд төгс зэвсэг байх ажээ. Америкийн арми энэ жил XM25 загварын 12500 мянган винтов худалдаж авах бөгөөд энэ нь бүх явган цэрэг болон тусгай хүчнийхнийг зэвсэглэхэд хүрэлцэх юм. Энэхүү винтовын нэг бүр нь 35 мянган доллараар үнэлэгдэж байна.





эх сурвалж; MailOnline

Батерейгаар ажилладаг телевизор үйлдвэрлэнэ

LCD болон LED телевизоруудын нэг давуу тал нь өмнөх үеийн телевизоруудаас эрчим хүчний хэрэглээ эрс бага байдаг явдал юм. Зарим тооцоогоор CRT телевизортой харьцуулахад цахилгааны хэрэглээ 10 дахин бага байдаг бөгөөд энэ үзүүлэлтээр Самсунг зэрэг компаний сүүлийн телевизорууд тэргүүлж байна. Харин Тошиба компани батерейгаар ажилладаг анхны телевизор үйлдвэрлэх тухай өнөөдөр зарлалаа. Power TV хэмээн нэрлэгдэх REGZA PC1 загварын телевизоруудыг ирэх оноос азийн заx зээлд худалдаалахаар төлөвлөж байна. Уг телевизорийн батерейг бүрэн цэнэглэсэн тохиолдолд ойролцоогоор 2 цаг хугацаагаар ажиллуулах боломжтой байна.

Энэ нь хөлбөмбөгийн тоглолт буюу бүрэн хэмжээний кино үзэхээд хангалттай хугацаа юм. Мөн уг телевизорт 2 төрлийн шинэ төхөөрөмж суурилуулах ажээ. “Auto Signal Booster” хэмээх төхөөрөмж нь нэвтрүүлгийн долгион сул үед түүнийг нэмэгдүүлэх зорилготой бол “Auto View” төхөөрөмж нь телевизорын дүрсний тохируулгыг эрчим хүчний хэмнэлттэй горимоор тохируулах үүрэгтэй юм. Эхний ээлжинд 24 болон 32 инчийн телевизорууд үйлдвэрлэх бөгөөд тус тус 290, 400 долларын үнэтэй байх ажээ.



эх сурвалж; toshiba

Уурссан хакерууд цахим хуудсанд халдав

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Азийн тэквондогийн холбооны цахим хуудсанд хятад, солонгосын далбааны өмнө дунд хуруу бүхий зураг болон "гутамшиг", "бидний алтан медалийг буцааж өг" гэх мэт үгс хэсэг хугацаагаар байрлуулагдсан байна. Харин тэквондогийн холбооныхон цахим хуудас хэт ачаалалтай байсан, тодорхойгүй шалтгаанаар ажиллаагүй гэж мэдэгдэж байсан боловч үнэн хэрэгтээ хакерүүдийн халдлага байжээ. Гуанжоугийн азийн тоглолтын тэквондогийн хагас шигшээ тоглолтод Тайваний тамирчин Яан Шу Чун өрсөлдөгчөө 9-0 онооны харьцаагаар буюу илт давуу хошуучилж яваад тоглолтын цаг дуусахаас 12 секундын өмнө тэмцээнээс хасагдсан юм. Тоглолтыг шүүж байсан өмнөд солонгосын шүүгч тамирчинг оймсондоо нэмэлт мэдрэгч байрлуулсан шалтгаанаар тоглолтоос хасах шийдвэр гаргасанд уурссан тайваний хакерууд дээрх халдлагыг зохион байгуулжээ.

Мөн уг явдлаас улбаалан солонгосын эсрэг үзэл газар авч 350 мянган тайваньчууд Facebook-т нэгдэн өөрийн тамирчинаа дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Тэд зориудаар тэмцээнээс хасах шийдвэр гаргасан гэж өмнөд солонгосын шүүгчийг буруутгаж байгаа юм. Мөн спорт сонирхогч тайваньчууд солонгосын телевизийн олон ангит кино үзэх, солонгосын импортын бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж байгаагаас зарим рестораны ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай мэдээлэгдэж байна. Тайванийн спортын түүхэнд олимпын алтан медал хоёрхон байдаг бөгөөд тэдгээрийг 2004 оны Атений олимпоос 2 тамирчин нь хүртэхэд олонхи тайваньчууд нулимс унагаж байжээ.




эх сурвалж; physorg

Xөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан робот

Америкийн Ithaca коллежийн эрдэмтэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөдөлгөөнт робот бүтээсэн байна. Уг робот нь Pioneer 3 робот, Wii тоглоомын тэнцвэрийн тавцан болон ердийн сандалаас бүрджээ. Тэнцвэрийн тавцан нь булангууддаа Bluetooth холболт бүхий даралт мэдрэгчүүдийг агуулах бөгөөд хүүхдийн биеийн хүндийн төвийн шилжилтийг мэдэрч хөдөлгөөнт роботын удирдлага хэлбэрээр ашиглагддаг байна. Хөдөлгөөнт роботыг 7 сараас дээш насны буюу сууж сурсан хүүхэд хэрэглэхэд тохиромжтой юм. Мөн эцэг эхчүүд болон асрагчдад зориулан утасгүй холболт бүхий joystick удирдлагаар хангах боломжтой юм. Энэхүү робот нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүссэн зүгт хөдлөх боломж олгож, хүрээлэн байгаа орчинтой харьцаж сургахад эерэг нөлөө үзүүлдэг байна.




эх сурвалж; GearLog

Саальчин робот бүтээжээ

Английн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Lely компани Astronaut-4 хэмээх үхрийн саальчин робот бүтээсэн байна. Зохион бүтээгчид уг роботыг үхрийн сүү саах хамгийн натурал арга гэж мэдэгдэж байна. Учир нь үхрүүд саалгахад бэлэн болсон үед "өөрсдийн хүслээр" роботод очиж саалгах шийдвэр гаргадаг байна. Энэ үед үхрийн хөдөлгөөнийг 3D камер болон хөдөлгөөн мэдрэгчээр хянахаас гадна үхрийн дэлэнг автоматаар таних систем давхар ажиллаж саах үйл ажиллагаа явагддаг. Саальчин робот бүхий фермд хүний оролцоо зөвхөн компьютерээр хяналт хийх хэлбэрээр хязгаарлагддаг бөгөөд үхэртэй ямар нэг байдлаар шууд харьцдаггүй байна.

Astronaut-4 саальчин робот нь сүү саах ажлаас хүнийг бүрэн чөлөөлөхөөс гадна, сүүний чанарын шинжилгээг саах явцад хийх, мөн үхрийн дэлэнгийн эрүүл ахуйн байдал, сүүний гарц зэрэг мэдээллийг фермерийн гар утсанд мэдээлэх боломжтой юм. Мөн саахын өмнө үхрийн дэлэнг сойздон цэвэрлэдэг бөгөөд энэ нь энэ нь үхрийн oxytocin гормоныг ялгаруулахад (ивлэхэд шаардагдах) сайн нөлөөтэй ажээ. Мөн Astronaut-4 робот суурилуулсан загвар ферм байгуулан сонирхсон хүмүүст үзүүлэх ажиллагаа зохион байгуулж байна. Бяслаг үйлдвэрлэх зориулалттай уг ферм 180 үхэртэй бол 3-хан фермер ажилладаг ажээ.

Тус компани цаашид бүрэн автомат ажиллагаатай ферм байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үхэрт ямар нэгэн төвөг удалгүйгээр цэвэрлэгээ хийх робот, үхрийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй автомат гэрлэтүүлгийн системт зэргээр тоноглох юм. Lely компани өнгөрсөн жилийн дүнгээр 10000 орчим нэгж Astronaut автомат саалийн машин (Astronaut-4 роботын өмнөх загвар) үйлдвэрлэн дэлхий даяар худалдаалсан бөгөөд нэгж автомат машинаар хоногт сааж боловсруулсан сүүний хамгийн дээд үзүүлэлт 2500 л-т хүрдэг байна.





Эх сурвалж; lely, ulemj

RAV 4 EV цахилгаан машин

Тоёотагийн хоёрдогч шатны RAV 4 EV цахилгаан машины загвар Los Angeles Auto Show 2010-т танилцуулагдлаа. Тус загварын автомашиныг Тоёота компани Америкийн Tesla motors компанитай хамтран 2012 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн тухайгаа өнгөрөгч 6-р сард зарлаж байсан бөгөөд энэхүү загвар нь цахилгаан автомашины хөгжилд нэгэн шинэ дэвшил болж байгаагаараа онцлог юм. Өмнө нь үйлдвэрлэгдэн худалдаалагдаж ирсэн цахилгаан автомашинууд хүч чадал, багтаамж багатай, шатахуунт хөдөлгүүр бүхий автомашинтай зүйрлэвэл ихэвчлэн 600-1000 сс хэмжээний хөдөлгүүр бүхий машинуудтай адил үзүүлэлттэй байсан юм.

Тэгвэл RAV 4 EV нь Тоётагийн уламжлалт RAV-4 загварт тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд нийтийн хэрэгцээнд зориулагдан их хэмжээгээр үйлдвэрлэгдэх хамгийн анхны SUV (бидний нэрлэж заншсанаар дунд оврын жийп) машин болж байгаа юм. Автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд SUV төрлийн машины концепт загваруудыг танилцуулж байсан боловч их хэмжээгээр үйлдвэрлэгдэх тухай одоогоор хараахан зарлаагүй байгаа билээ. Tesla компани RAV 4 EV машины цахилгаан тэжээл, цахилгаан хөдөлгүүр, батерей, электрон хэсгүүд, хурдны хайрцаг болон программ хангамж зэрэг машины зүрх болсон хэсгүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

Эхний шатны RAV4 EV машинууд 1997-2003 оны хооронд 1,484 ширхэг үйлдвэрлэгдэн хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгдэж байсан бөгөөд одоогийн байдлаар эдгээрээс 746 ширхэг нь ашиглагдсан хэвээр байгаа юм. 2012 оноос үйлдвэрлэх шинэ загварын тухайд лити-метал оксид батерей суурилуулах бөгөөд уламжлалт (шатахуунаар ажилладаг) RAV4 V6 загвараас 100 кг хүнд жинтэй боловч 0-70 км/ц-аар илүү хурдлах чадвартай болжээ. Гэхдээ батерейн нэг удаагийн цэнэглэлтээр туулах зайг хангалттай нэмэгдүүлж чадаагүй, бусад цахилгаан машинуудтай адил 160 км байгаа юм. Одоогоор 30 квт чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэйгээр туршиж байгаа бөгөөд энэ нь 2000 сс шатахуунт хөдөлгүүртэй адил хүчин чадлыг үзүүлэх боломжтой юм.






Дашрамж дурдахад одоогоор худалдаалагдаж байгаа жижиг оврын цахилгаан машинууд нь манай орны автозамын нөхцөлд тохиромжгүй байдаг бол шинэ RAV 4 EV машиныг хөдөө орон нутгийн замд ч унаж хэрэглэхэд тохиромжтой (цахилгаанаар цэнэглэх станцын болон үнийн асуудлыг эс тооцвол), байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, агаар бохирдуулдаггүй, монголчуудын өргөнөөр хэрэглэх шинэ төрлийн тээврийн хэрэгсэл байх боломжтой юм.


эх сурвалж; worldcarfans

Хүн ирээдүйг урьдчилан харах чадвартай юу

Та бидний олонхи нь ирээдүйг урьдчилан тааварлах чадвартай байж болно гэдгийг тогтоосон судалгааны өгүүлэл New Scientist сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт нийтлэгджээ. Америкийн Корнелийн их сургуулийн професор, физикч, сэтгэл зүйч Daryl Bem хүмүүсийн онцгой чадварыг илрүүлэх судалгаа, туршилт хийсэн байна. Тэрээр нэгэн туршилтын хүрээнд оюутнуудад бүлэг үгсийг цээжлэх даалгавар өгсөн байна. Дараа нь тэдгээр үгсээс хэр олныг санаж байгааг шалгаж, дурын дарааллаар цээжилсэн үгсээ бичихийг даалгажээ. Туршилтын үр дүнд оюутнууд тодорхой хэсэг үгсийг илүү сайн тогтоож байгаа нь илэрсэн байна.

Гайхалтай нь тэдгээр үгс нь сүүлд шалгах журмаар асууж, бичүүлэхээр төлөвлөж байсан үгс байжээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд болох үйл явдал оюутнуудын санах ойд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтын дараагийн шатанд оролцогч оюутнуудад компьютерийн дэлгэц дээрх 2 хөшигний зургийг үзүүлж нэгнийх нь ард эротик зураг нуусан байгаа гэж хэлжээ. Харин оюутнууд ихэвчлэн томоогүй зураг нуусан хөшгийг зөв тааж сонгож байсан байна. Онцлог нь зургийн байрлалыг урьдчилан төлөвлөөгүй бөгөөд компьютерийн тусламжтайгаар дурын хөшигний ард байрлуулсан байна.

Зөн билэгт итгэгчид эдгээр дүгнэлттэй танилцаад оюутнууд үнэхээр үрээдүйг харж чадаж байна гэдэгт эргэлзэхгүй бизээ. Харин эдгээр туршилтын үр дүн ихэнх хүмүүст хангалттай итгэл төрүүлэхгүй байж болох юм. Эдгээр санаа бодлыг тооцож үзсэн профессор Bem үнэндээ 8 өөр төрлийн туршилтыг нийт 1000 оюутныг хамруулан хийсний үндсэн дээр хүмүүс ирээдүйг урьдчилан харах чадвартай хэмээн дүгнэсэн байна. Эдгээр туршилтуудын нэгээс бусад нь бүгд эрдэмтний дүгнэлтийг бататгасан үр дүнд хүргэсэн байна.

Дашрамд дурдахад хүний зөн билэг зэрэг нууцлаг чадварын тухай дагнан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалдаг хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагууд одоогоор байдаггүй. Зарим их дээд сургуулуудын цөөн тооны эрдэмтэдийг эс тооцвол ийм төрлийн судалгааг ихэвчлэн сайн дурын хүмүүс нэгдэн (парапсихологийн холбоо гэх мэт) албан бусаар хийдэг бөгөөд судалгааны өгүүллүүд ч бас тэр болгон хэвлэгддэггүй. Өөрөөр хэлбэл ийм төрлийн судалгаа хангалттай явагддаггүй гэсэн үг юм. Иймд манай элдэв гоц авьястан, бөө, удган нарын чадварын тухай иймэрхүү судалгааг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийж сурвал зарим хэлбэрээр амжилтад хүрэх боломж байж болох юм. Нөгөө талаас сүүлийн үед тоогоо алдаад байгаа мэргэч, төлгөч, бөө нарын үнэн дүрийг илрүүлэх боломжтой юм.


эх сурвалж; mailonline

Хүний бодол санааг унших нь

Хүний тархи болон компьютерийн харилцан үйлчлэлийн хэрэгсэл (brain-computer interfeis)-үүд хэзээ нэгэн цагт саажилттай хүмүүсийг ярих боломж олгоно хэмээн төсөөлөгдөх боловч одоогоор ийм төрлийн судалгаа дөнгөж эхлэл төдий байна. Ийм төрлийн өвчтөнүүд ихэвчлэн нүдний анивчих хөдөлгөөнөөр бусад хүмүүстэй харьцдаг бөгөөд энэ нь цаг хугацаа их шаардагдсан, төвөгтэй хэлбэр юм. Америкийн Utah их сургуулийн эрдэмтэд хүний бодол санааг цахилгаан дохиолол хэлбэрээр хүлээн авч унших туршилт хийжээ. Туршилтын хүрээнд оролцогчдын нүүрний булчингуудын хөдөлгөөнийг удирдах болон хэл яриатай холбоотой тархины хэсэгт 16 ширхэг бичил электрод байрлуулсан байна.

Электродууд нь 40 микрон хэмжээтэй бөгөөд миллиметрийг хэд хэд хуваасан хэсгүүдэд бүлэг болгон байрлуулжээ. Дараагийн шатанд тийм, үгүй, халуун, хүйтэн, цангаж байна, өлсөж байна, баярлалаа, баяртай, их, бага гэсэн тодорхой утга агуулга бүхий 10 үгийг сонгон авч эдгээрийг төсөөлөн бодох үед туршилтад оролцогчдын тархинаас ялгарах цахилгаан дохиоллуудыг электродуудын тусламжтайгаар хүлээн авч судалсан байна. Туршилтад оролцогч өвчтөнүүдийг хэр зэрэг ядарсан байдлыг харгалзан үзэж үг тус бүрийг 31 -96 удаа давтаж төсөөлөн бодох үүрэг өгчээ. Туршилтын үр дүнд цахилгаан дохиоллуудаас тухайн үгсийг дунджаар 48 хувийн магадлалтайгаар таньсан байна. Мөн урьдчилан төсөөлөөгүй байсан үр дүн гарсан нь нүүрний булчингийн хөдөлгөөнийг удирдах тархины хэсэг ямар нэг хэмжээгээр идэвхждэггүй болохыг тогтоожээ.

Бодит байдалд хүний хэл ярианы үед тархины илүү өргөн хүрээнд идэвхжил ажиглагддаг бөгөөд энэ удаагийн туршилтаар дохиолол хүлээн авах тоног төхөөрөмжийн боломжоос шалтгаалан тухайн идэвхтэй хэсэс бүрийг хамруулж чадаагүй нь үр дүнд нөлөөлсөн хэмээн үзэж байна. Юутай ч хүний бодол санааг унших эхлэл тавигдаж энэ удаагийн судалгаа техник хангамжийн сайжруулалт зэрэг дараагийн шатны үйл ажиллагаанд нэмэр болохуйц үр дүнд хүрсэн хэмээн судлаач эрдэмтэд үзэж байна.





эх үүсвэр; technology review

Kinect

Өнгөрөгч 6-р сард Electronic Entertainment Expo 2010 үзэсгэлэнд анх танилцуулагдаж байсан Майкрософтын Xbox 360 тоглоомд зориулсан Kinect удирдлагын төхөөрөмж энэ сарын 4-нөөс эхлэн Америк, Европын болон Австрали зэрэг улсуудаас эхлэн худалдаанд гарч, эхний өдөртөө 450 мянга, эхний арав хоногийн дүнгээр 1 сая ширхэг тус тус худалдаалагдсан байна. Шинэ техник, технологийн тухай сүүлийн үеийн мэдээллүүдэд олон дахин ишлэгдэх болсон Том Крусын Minority Report киноны нэгэн зөгнөлийн биелэл нь Кинэкт гэж хэлж болох юм. Удирдлагын ерөнхий зарчим нь камерын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таних чадвартай бөгөөд өмнө мэдээлж байсан дохио зангааны удирдлагатай төстэй боловч зөвхөн гар хуруу бус тоглогч бүхэл биеэр тоглоомыг удирддагаараа онцлогтой юм. Энэ нь нөгөө талаас тоглогч өөрийн биеэр тоглоомонд оролцохоос гадна зөвхөн тоглох зугаацах бус, Wii тоглоомтой адил спорт хийх болон бусад шинэ энтертэймэнт боломжуудыг олгож байна.

Кинэктийг Израйлын PrimeSense компаний хэт ягаан туяны загвараас 3Д дүрслэл бий болгох технологи болон Майкрософтийн программ хангамжийг хослуулан бүтээжээ. RGB буюу улаан, ногоон, хөх өнгө мэдрэх камер, зайн хэмжигч, микрофонуудаар тоноглосон нь биетийн хөдөлгөөнийг 3 хэмжээст орон зайд мэдрэх, хүний нүүр таних, мөн дуу хоолой таних боломжуудыг тус тус бүрдүүлсэн байна. Кинэктэд хэд хэдэн микрофонууд байрлуулсан нь орон зайн өөр өөр хэсгүүдээс ирэх дууны долгионыг хүлээн авч олон тоглогчийн дуу хоолойг таних, мөн орчны дуу шуугианыг ялган таньж бууруулах боломжтой болгожээ.





Зайн мэдрэгч нь нь хэт ягаан туяаны лазерийн гэрэл үүсгэгч, хар цагаан өнгө хүлээн авах CMOS мэдрэгчээс бүрдэх бөгөөд эдгээр нь орчны ямар ч гэрлийн нөхцөлд гурван хэмжээст дүрслэл үүсгэх, тоглогчийн хүрээлэн байгаа орчны (өрөөний дотоод байдал) физик дүрслэлийг таних чадвартай юм. Удирдлагын төхөөрөмжийн бүрдэл хэсгүүд тийм ч их өндөр хүчин чадал, үзүүлэлттэй биш бөгөөд өнгөний камер 8 битийн, зайн мэдрэгч 11 битийн VGA дүрслэл тус тус үүсгэх чадвартай бол гаралтын видео дүрслэл нь дөнгөж 30 Гц (секундэд 30 дүрслэл) давтамжтай байх жишээтэй.

Эдгээр тоноглолууд болон кинэктэд зориулан Майкрософтийнхны хөгжүүлсөн хүний бие болон үе мөчний хөдөлгөөн, нүүр царай болон дуу таних программ хангамжууд нь тоглоомыг биеийн хөдөлгөөнөөр удирдах, тоглогчдын нүүр царай, дуу хоолойг ялган таньж 6 хүртэлх тооны тоглогчдыг нэгэн зэрэг тоглуулах боломжийг олгож байна. Үүнээс гадна хүний биеийн хөдөлгөөнт 20 хэсэг буюу үе мөчний хөдөлгөөний онцлогуудад дүн шинжилгээ хийж 2 голлон тоглогчийг таньдаг байна.

Кинэктийн мэдрэх орон зайн ердийн хэмжээ 1.2-3.5м бөгөөд 0.7-6м хүртэлх нэмэлт зайд мэдрэх чадвартай юм. Өөрөөр хэлбэл энэ зайн хүрээнд тоглогч байрлах шаардлагатай. Удирдлагын төхөөрөмж нь хэвтээ чиглэлд 57 градус, босоо чиглэлд 43 градусын өргөнтэй орон зайг мэдрэх бөгөөд 27 градусаар гэдийх, бөхийх хөдөлгөөн хийдэг. Харин энэ хөдөлгөөнд зориулагдсан хөдөлгүүр нь тодорхой хэмжээний цахилгаан энерги шаарддаг, USB-ээс тэжээх боломжгүй учир нэмэлт цахилгаан залгуур суурилуулсан байна.

Одоогийн байдлаар энэхүү удирдлагыг ашиглахад тохиромжтой 20 орчим тоглоомыг бүтээж худалдаалж эхлээд байна. Зарим нэг онцлог тоглоомыг дурдвал Dance Masters тоглоом нь хип хоп, блюз, поп зэрэг хэд хэдэн төрлийн 30 бүжгийг дууриан бүжиглэж болохоос гадна өөр шинэ хувилбарыг холбогдох сайтаас татаж авах боломжтой байх юм. Мөн спортын олон төрлүүд дундаас сонгон тоглох боломжтой Kinect Sports тоглоомын хувилбарыг ч мөн адил худалдаалж байна. Kinectimals нь виртуаль амьтад бөгөөд тэдгээртэй шууд хөдөлгөөнөөрөө харьцаж, ярьж болдог. Тэдгээр амьтад тодорхой хэмжээгээр хүнтэй харьцах чадвартай бөгөөд таны үг болон үйлдэлд өөрийнхөөрөө хариу үйлдэл үзүүлнэ. Кинект удирдлагын төхөөрөмж 150 долларийн үнэтэй бол тоглоом тус бүр нь дунджаар 50 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Майкрософтийнхны мэдэгдэж байгаагаар шинэ удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгчдийн тухай мэдээллийг онолын хувьд цуглуулж авах боломжтой юм. Үүнд хэдэн хүн, ямар өрөөнд, ямар хөдөлгөөн хийж байгааг, баярлаж хөөрч байгаа эсэхийг, мөн тоглогчийн төрх, тоглох болон ярианы онцлог зэрэг мэдээллүүд багтаж болох бөгөөд эргэх холбоо буюу дараа дараачийн тоглоомуудаа илүү сайжруулан, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэх зорилготой хэмээжээ. Харин хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг ямар нэг байдлаар хүлээн авахыг оролдохгүй гэдгийг батлаж байна. Мөн ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаалах, зар сурталчилгаа явуулах зэрэг маркетингийн зорилгоор ашиглахгүй гэжээ.


Шинэ техник болгоныг хаакдаж кайф авах дуртай зарим нөхдүүд Кинектийн нууцад мөн адил нэвтэрсэн тухай зарим мэдээллүүд технологийн сайт, блогуудаар гарч эхлээд байна. Дараах бичлэгүүд тоглогч хүмүүс бид Кинэктийн "нүдээр" ямархуу харагдахыг мэдэх боломжийг олгож байна. Эхний бичлэгт нээлттэй эхийн Mac OS X системд кинектийг холбож хүний биеийн хэсгүүд болон хөдөлгөөнийг хэрхэн ялган таньж байгааг, 2 дахь бичлэгт хүн болон өрөөний байдлыг хэрхэн гурван хэмжээст орон зайн дүрслэлд хувирган таньж байгааг харуулжээ.




Ямар ч техник хэрэгсэлийг зөв, аюулгүй ашиглах зааварчилгаа байдаг ч түүнийг хайхраагүй, мөн анхаарал болгоомжгүйгээс осол эндэгдэлд хүрэх тохиолдол цөөнгүй байдаг. Кинект ашиглан тоглох үед мөн адил багахан хэмжээний осол гарч бичлэг нь youtube-д тавигджээ. Өмнө нь Wii тоглоом тоглох үеийн нэгэн тохиолдлын бичлэгийн хүргэж байсан билээ.



эх үүсвэр; freekiller, wiki & etc.

Хацүнэ Микү

Програм хангамж, мэдээллийн технологи хөгжихийн хэрээр үйлдвэрлэл, олон нийт, гэр ахуй, соёл урлаг гэх мэт бараг бүхий л салбарт нэвтэрч бидний өдөр тутмын амьдралын ердийн хэрэглээ болжээ. Мөн виртуал, хийсвэр, бодит бус гэх мэт үгнүүд сонсогдох болж програм хангамж, компьютер графикийн тусламжтайгаар бүтээсэн, бодит бус хүний зохиомол дүрийг киноны дэлгэцнээс харах болсон билээ. Тэгвэл саяхнаас энэхүү хийсвэр, бодит бус "хүн" тайзан дээр ч бас үзэгдэх болж, түүгээр ч зогсохгүй дуулж бүжиглэн, "жинхэнэ" "амьд" дуучдаас дутахааргүй нэр алдартай болоод амжжээ. 2010 оны 3 сарын 9-нд Токио хотын Zepp концертийн ордонд нэгэн "виртуал дуучин"-ы анхны "бие даасан тоглолт" болж нийт 33 дуу дуулагдсан байна.

2007 оны 8 сарын 31-нд Виндовс системд зориулагдсан Хацүнэ Микү (анхны дуу хоолой, ирээдүй) хэмээх програм хангамж анх худалдаанд гарсан юм. Энэ програм нь Саки Фүжита хэмээх япон жүжигчиний хоолойны өнгөнд тулгуурлан Ямаха компаний "Синтетик дуу хоолойн технологи"-ийг ашиглан бүтээгдсэн бөгөөд хүний хувьд бараг боломжгүй хоолойны нарийн өнгийг ч гаргаж чадах өвөрмөц хоолойгоор дуулдаг, хэрэглээний Desktop Music (DTM) програм юм. Програмын онцлог нь сонсохыг хүссэн дууныхаа нэрийг оруулахад өөрийн хоолойгоор дуулж сонсгохоос гадна хэрэглэгч хэн ч хүссэн дуугаа зохиож дуулуулах боломжтой. Мөн зохион бүтээгчид хэрэглэгчдийн сонирхлыг татахын тулд өөрийн гэсэн дүр төрхтэй болгох үүднээс виртуал дуучинг хөх ногоон үстэй хүүхэлдэйгээр төлөөлүүлэн дүрслэх болжээ.

2007 оны 9 сарын 4-нд Хацүнэгийн дуулсан "Ievan Polkka" дуу НикоНико Доога хэмээх YouTube-тэй төстэй видео сайтад байрлуулагдсан нь үзэгчдийн сонирхолыг татаж тухайн сарын хамгийн их хандалттай видеогоор шалгарсан байна. Энэ үеэс эхлэн уг программыг худалдаж авах хүний тоо эрчимтэй нэмэгдэж нэр алдартай шинэ виртуал дуучин төрөх эхлэл тавигджээ. Тухайн үед DTM төрлийн програмийн худалдаалагдсан тоо бүтэн жилийн нийлбэр дүнгээр 1000 ширхэгт хүрвэл олон нийтийн дунд хит болсон гэж тооцогддог байсан бол нэг бүр нь 150 орчим долларын үнэтэй Хацүнэ худалдаанд гарсаны дараах хоёрхон сарын хугацаанд 3500-4000 хувь худалдаалагдсан байна. 1 жилийн дараа гэхэд энэ тоо 42 мянгад хүрч хэн ч урьдчилан төсөөлж байгаагүй амжилтад хүрсэн юм. Үүнээс гадна Meiko, эрэгтэй хоолой бүхий Кaito зэрэг бусад програмуудын борлуулалтад ч нөлөөлж DTM програмд хандах хүмүүсийн хандлагыг өөрчилж эхэлсэн байна.

Удалгүй интернет хэрэглэгчид, компьютер график сонирхогчид Хацүнэгийн дүр, дуу хоолой бүхий видеонууд бүтээж видео сайтуудад байрлуулах болсоноос гадна мэргэжлийн хөгжмийн зохиолчид хүртэл түүний хоолой, стильд зориулан дуу зохиож эхэлжээ. Энэ үед Хацүнэг зохион бүтээгчид ч бас зүгээр суусангүй, шинэ дуу, цомгууд худалдаанд гаргаж, түүний дүр, хоолойг ашиглах эрхийг бусад компаниудад ч мөн адил төлбөртэйгээр олгож эхлэв. 2009 оны 7 сард Sony Playstation-д зориулсан Хацүнэгийн дүрслэл бүхий Project DIVA тоглоом худалдаанд гарсан бол тухайн үед эхний ээлжинд худалдаалахаар төлөвлөн дэлгүүрүүдэд нөөцлөсөн байсан 58 мянган ширхэг хувь нь хэдхэн хоногийн дотор зарагдаж дуусч байжээ. Энэхүү тоглоомын худалдаалсан тоо ширхэг зөвхөн эхний долоо хоногтоо 100 мянгыг хол давсан байна.

2009 оны 8 сарын 22-нд Япон улсын Сайтама мужын Super Arena цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу тоглолтын үеэр Хацүнэ анх удаагаа 25 мянган үзэгчийн өмнө гарч 2 дуугаа "амьдаар" дуулжээ. 2010 оны 5 сард "EXIT TUNES PRESENTS Vocalogenesis feat Hatsune" цомог худалдаанд гарсан нь японы статистик, дуу хөгжмийн мэдээллийн томоохон хүрээлэн болох Oricon-ы шалгаруулалтаар бусад "жинхэнэ", "амьд" дуучдын цомгуудаас ч илүү гарч долоо хоногийн шилдэг борлуулалтын жагсаалтыг анх удаа тэргүүлж байв. Өнөөдрийг хүртэл Хацүнэгийн 50 гаруй албан ёсны цомог худалдаанд гарсанаас дийлэнх нь шилдэг цомгийн жагсаалтын эхний 20 байрыг тогтмол эзэлсээр иржээ. Мөн түүний дүрс, дуу хоолойг бүрэн болон хэсэгчлэн ашигласан 200-аас илүү тооны цомог iTunes Store дэлгүүрээр худалдаалагдаж байна.

Програмыг зохион бүтээгч нь Crypton Future Media хэмээх дуу хөгжмийн чиглэлээр програм хангамж зохиодог 25-хан ажилчинтай цомхон компани юм. Тус компани Японы Саппоро хотод байрладаг. Хацүнэгийн алдар хүнд өсөхийн хэрээр тус компанийн борлуулалтын хэмжээ ч бас давхар өсч 2 жил хагасын нийлбэр дүнгээр 12 сая долларт хүрсэн байна. Өнөөдөр Хацүнэгийн хэдэн арван мянган дуу, видео, хөдөлгөөнт дүрслэл зэрэг медиа бүтээлүүдийг интернетээс олж үзэж болохоос гадна түүний дүрс бүхий түлхүүрний оосроос авахуулаад, зурагт хуудас, хүүхэлдэйн тоглоом, комик ном, СД, DVD бичлэгүүд хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж, багагүй нэр хүнд бүхий брэнд болоод байгаа юм. Мөн түүнчлэн түүнтэй хамт шинэ залуу, олонд таашаагдсан хөгжмийн зохиолчид төрөн гарч, видео сайтад байрлуулсан тэдний шинэ бүтээлүүд богинохон хугацаанд хэдэн сая удаагийн хандалт авдаг болов.

Хацүнэгийн фэн клубууд японоор тогтохгүй гадаад улсуудад байгуулагдаж шүтэн бишрэгчдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Үүгээр ч зогсохгүй виртуал дуучин маань бичлэгийн эхэнд дурдсанаар өөрийн амьд тоглолтыг хүртэл хийгээд амжжээ. Тоглолтын тайзан дээр дуучны дуулж бүжиглэж буй 3D голограм дүрслэлийг үзүүлэн түүний "жинхэнэ" хоолойгоор дуулуулсан бөгөөд амьд тоглолт гэдэг үүднээс бодит хөгжимчдийг тоглуулсан байгааг доорхи бичлэгээс харж болно.

Тайз, дэлгэцийн од болно гэдэг хэн бүхний хүсэж мөрөөдөж, хичээж хөдөлмөрлөснөөр шийдэгддэггүй, мөн авъяастай үгүй эсэхээс ч хамаардаггүй, зөвхөн үзэгч, шүтэн бишрэгчдийн таашаал, үнэлэмжээр шийдэгдэж болдог гэдгийг Микүгийн жишээ харуулж байж болох юм. Нөгөө талаас ирээдүйд энтертеймент урлагийн зарим салбаруудад бодит хүн хүмүүсийн шүтээн байхаа больж, тэдний орыг хийсвэр жүжигчид, виртуал одод эзлэнэ хэмээх зарим мэргэжилтнүүдийн таамаглалын баталгаа болж байж магадгүй юм.

Нэр: Хацүнэ Микү
Нас: 16
Өндөр: 158 см
Жин: 42 кг
Дуулах стил: Япон поп


Видео сайтад байрлуулагдсан анхны видео "Ievan Polkka"


"Амьд" тоглолтын хэсгээс




Эх үүсвэр; wiki & etc.

Соронзон шингэний урлаг

Энэ робот зараа юу, Lady Gagа-гийн малгай юу, эсвэл зүгээр л нимбэгний шүүс гаргаж авах шинэ арга уу. Та бид тэр болгон хараад байдаггүй энэхүү гайхалтай дүрслэлийг компьютер график сонирхогчид хялбархан бүтээчих мэт санагдаж болох боловч энэ удаад гарт баригдаж нүдэнд үзэгдэх химийн бодис ашиглаж бүтээжээ. Соронзон орны үйлчлэлээр хэлбэр дүрсээ хувиргах онцлог шинж чанартай ферро соронзон шингэн (ferrofluids) хэмээх бодисыг неодум, ган, борын хольц бүхий материалын үүсгэсэн соронзон оронд байрлуулан элдэв хөдөлгөөнт дүрслэлийг бий болгодог бөгөөд уг бодисыг ашиглан хийсвэр урлагын бүтээлүүд хүртэл хийгддэг байна. Ферро соронзон шингэн нь соронзон шинж чанартай нано бүтцүүдийн холимог бөгөөд хорт хавдарын шинжилгээнд зориулагдах микроскопын хэлбэр дүрсээ өөрчлөх чадвартай линз хэлбэрээр ашиглагддаг ажээ.








Эх үүсвэр; NewSceintist

Аналог видеог HD болгон хувиргана

Чип үйлдвэрлэгч NEC компани нягтрал багатай аналог видео бичлэгийг богино хугацаанд HD болгон хувиргах технологийг боловсруулж байна. Шинэ технологийн онцлог нь хальст, туузан кассет болон өмнөх үеийн бусад төрлийн камераар авсан аналоги видео бичлэгийг HD (high-definition) чанартай болгон хувиргах чадвартай юм. Өмнө нь нэг цагийн урттай аналог бичлэгийг хувиргахын тулд 1 сарын хугацаа зарцуулдаг байсан бол NEC-ийн шинэ технологиор 17 дахин хурдан буюу "дөнгөж" 10 цагийн хугацаанд боловсруулдаг болсон байна. Мөн хувиргалтын явцад үүсдэг өнгөны сарнилт болон дүрс сүүмэлзэх хүндрэлүүдийг арилгаж чадсан байна. Энэхүү технологи нь телевизийн салбарт зориулагдсан бөгөөд хяналтын камераас гэмт хэргийн чанартай үйлдлийг илрүүлэх зэрэг бусад төрлийн хэрэглээнд ч мөн адил тохиромжтой юм.

Гэхдээ одоогоор сайжруулалтын шатандаа байгаа бөгөөд үйлдвэрлэлд шилжих хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байгаа ажээ. Телевизийн технологи болон видео төрлийн ихэнх төхөөрөмжүүд дижитал системд шилжиж байгаа өнөө үед хуучин кино, нэвтрүүлэг, үйл явдлын бичлэгүүдийг өндөр чанартай HD болгон хувиргах шаардлага урган гарч байгаа юм. Энэ технологи тун удахгүй нийтийн хэрэглээнд нэвтэрч бидний үнэт дурсамжуудыг агуулсан гэр бүлийн болон хувийн видео бичлэгүүдээ цоо шинээр дахин харах боломжийг олгох бизээ.


эх үүсвэр; techEYE

FlyRad

Германы зохион бүтээгч Thomas Rank 6 жилийн өмнө бүтээсэн FlyRad хэмээх төхөөрөмжийн шинэчилсэн хувилбарыг насанд хүрэгчид, өсвөр болон бага насны хүүхдэд зориулагдсан 3 загвараар гаргасан байна. Энэхүү төхөөрөмж нь тус блогт өмнө мэдээлж байсан хувийн тээвэрлэгч хэрэгслүүд, ганц дугуйтай мопед зэрэг хэрэгслүүдтэй төстэй боловч тэнцвэрээ автоматаар олох чадваргүй бөгөөд роликтой хослуулан спортын зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой юм. Насанд хүрэгчдэд зориулагдсан загвар нь 36В-ийн батерей, 500Вт-ийн цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд 24 кг жинтэй, 40км/ц хүртэл хурдлах чадвартай юм. Мөн илүү аз сорьсон үйлдэлд дуртай хүмүүст зориулан хөдөлгүүрийн чадлыг 1000Вт-д хүргэж хурд болон чадлыг илүү нэмэгдүүлэх, мөн түүнчлэн төхөөрөмжийг зогсоо, суугаа, хагас суугаа зэрэг хэд хэдэн сонирхолтой хэлбэрээр жолоодох боломжтой юм. Уг бүтээл нь 2011 оноос худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд одоогоор тодорхойгүй байна.








эх үүсвэр; gizmodo

Цахилгаан гүйдэл математикийн чадварт нөлөөлнө

Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархиар цахилгаан гүйдэл гүйлгэж математикийн чадварт нөлөөлж болохыг туршилтаар тогтоосон байна. Судалгааны үр дүн эрдэмтдийг гайхашруулсан бөгөөд "сайн" болон "муу" хоёр үр дүн нэгэн зэрэг гарчээ. Туршилтад 20-21 насны 15 оюутан сайн дураар оролцож сэтгэлзүйн туршилтад ашиглагддаг хос тооны их багыг олох, тоонуудын дарааллыг зөв байрлуулах математикийн хоёр төрлийн даалгаврыг долоо хоногийн турш өдөр бүр гүйцэтгэсэн байна. Даалгаврууд нь энгийн хэнд ч хялбар санагдаж болох боловч туршилтын даалгаварт 1-9 хүртэлх цифрүүдийг элдэв дүрсээр орлуулсан байна. Нийт оролцогчдыг гурван бүлэг болгон нэгэн адил даалгавруудыг гүйцэтгүүлжээ.

Даалгаврыг гүйцэтгэхээс 20 минутын эхний бүлгийн оролцогчдын тоо бодоход идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг тархины хэсэгт баруунаас зүүн тийш чиглүүлэн маш бага хэмжээний (1mA) цахилгаан гүйдэл гүйлгэсэн байна. 2 дахь бүлгийн оролцогчдын хувьд цахилгаан гүйдлийн чиглэл эсрэгээр зүүнээс баруун тийш байхаар тохируулжээ. Харин гурав дахь бүлгийн оролцогчдод цахилгааны ямар нэгэн үйлчлэл үзүүлээгүй байна. Туршилтаар эхний бүлгийн гишүүд даалгаврыг маш хурдан хугацаанд, өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэж чадсан бөгөөд 6 сарын дараа мөн адил даалгаврыг гүйцэтгүүлэхэд энэ чадвар нь хадгалагдаж байсан байна. Харин 2-р бүлгийн оролцогчид даалгаврыг дөнгөж 6 настай хүүхдийн хэмжээнд гүйцэтгэсэн бол 3-р бүлгийн оролцогчдын даалгаврын гүйцэтгэл нөгөө хоёр бүлгийн үр дүнгийн дундаж хэмжээнд байсан байна.

Судалгааны багийн ахлагч доктор Roi Cohen Kadosh-ийн хэлсэнээр цахилгаан цочрол нь хүний бусад төрлийн ур чадварт нөлөөлдөггүй байна. Мөн математикийн чадварыг нэмэгдүүлэх энэ аргыг нийтэд хэрэглэхийг шууд санал болгохгүй боловч зарим төрлийн эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ. Нөгөө талаас цахилгаан үйлчлэл нь хүний математикийн чадварыг бууруулж болох нөлөөтэйг харгалзан үүнийг амьдралд нэвтрүүлэх нь ёсзүйн асуудалд харшлах тухай дурдсан байна.

Их британи улсын 15 хүн тутмын нэг нь төрөлхийн тоо бодох сул чадвараас хамааран өдөр тутмын амьдралдаа бэрхшээлтэй тулгардаг байна. Эдгээр хүмүүсээс гадна тархины гэмтлийн улмаас тоо бодох чадвараа алдсан хүмүүсийн эмчилгээнд ашиглахад энэ судалгаа чиглэгджээ. Туршилтад ашиглагдсан transcranial direct current stimulation (TDCS) хэмээх цахилгаан цочролын арга нь осол гэмтлээс шалтгаалан тархины үйл ажиллагаа алдагдсан өвчтөнүүдийн зарим төрлийн эмчилгээнд ашиглагддаг юм.




эх үүсвэр; mail online

Цаг хугацааны аялагч байгаагүй

1928 онд бүтээгдсэн Чарли Чаплины "Цирк" киноны сурталчилгааны нэгэн бичлэг youtube-ийн үзэгчдийн дунд шуугиан тариад байгаа билээ. Энэ тухай мэдээллийг саак, сонин.мн болон бусад гадаад сайтуудаас дэлгэрэнгүй үзэж болно. Мэдээллүүдэд ирландын кино найруулагч George Clarke зэрэг нөхдүүд бичлэгт дүрслэгдсэн эмэгтэйг гар утсаар ярьж байна, улмаар цаг хугацаагаар аялагч өнгөрсөн үед очиж кинонд тоглосон хэмээн нотлохыг оролдож байгаа тухай дурдаж байна.

Үнэхээр цаг хугацаагаар аялагч байсан уу. Ямар нэгэн хүчин зүйл, эсвэл хэн нэг нь гар утсыг зохион бүтээгдэхээс нь хагас зуун жилийн өмнө түүнд бариулав уу. Бичлэгээс хар хувцастай эмэгтэй үнэхээр гар утас барьж байгаа мэт чихнийхээ ойролцоо гараа байрлуулан явж байгааг, инээмсэглэх зэргээр гар утсаар ярих үед л үйлдэгдэх толгой, нүүрний зарим хөдөлгөөнийг ажиглаж болно.

Харин Вашингтон их сургуулийн түүхч Philip Skroska энэхүү шуугианыг эцэс болгох, магадгүй цорын ганц үнэн байж болох хариултыг өгч байна. Бичлэгт дүрслэгдсэн эмэгтэйн барьж явсан зүйл гар утас бус, "сонсголын аппарат" байжээ. Philip Skroska-ийн үзэж байгаагаар уг эмэгтэй 19-р зууны дунд үеэс сүүл үеийн хооронд хэрэглэгдэж байсан сонсголыг дэмжих бүрээ хэлбэрийн аппарат чихэндээ барьж явсан байна.

Мөн эмэгтэй 50 орчим настай учир өмнөх зууны үед олж авсан сонсголын аппаратаа 1928 он хүртэл хэрэглэсэн байж болох бүрэн магадлалтай гэж нэмж хэлжээ. Тухайн үеийн сонсголын аппарат болон эмэгтэйн зургийг харьцуулан үзвэл энэхүү хариулт үнэнд ойрхон очсоныг харж болно. Мөн үүнтэй төстэй аппарат дэлхийн 1, 2-р дайны үед ашиглагдаж байсныг эндээс үзэж болно. Харин сонсголын электрон аппарат дэлхийн 2-р дайны өмнөхөн зохион бүтээгдэж маш цөөхөн тоогоор ашиглагдаж байсан байна.




эх үүсвэр; msnbc

Murata-boy & girl

Унадаг дугуй унах нь ихэнх хүмүүст хялбар үйлдэл мэт санагдаж болох боловч роботыг унадаг дугуй унуулж сургах нь зохион бүтээгчдийн хувьд тийм ч амар байгаагүй нь ойлгомжтой бизээ. Юутай ч роботууд тэнцвэрээ олж дугуйг жолоодож сурсанаас гадна унадаг дугуйн чадварлаг тамирчины ч гүйцэтгэж чадахааргүй төвөгтэй үйлдлүүдийг амжилттай хийж сурчээ. Японы Мурата компаний бүтээсэн Murata-boy, Murata-girl хэмээх ийм төрлийн роботуудын шинэ загварыг CEATEC JAPAN 2010 үзэсгэлэнд танилцуулсан байна. Эдгээр роботууд нь тэнцвэрээ олох гайхалтай чадвараараа хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн юм. Murata-boy робот нь 50 см өндөртэй, 5 кг жинтэй, унадаг дугуй унах чадвартай робот бөгөөд анхны загвар 1990 онд бүтээгдсэнээс хойш тухай бүр сайжруулагдан танилцуулагдсаар ирсэн юм.

Уг роботын тэнцвэрээ олох чадварын нууц нь гиродатчикийн тусламжтайгаар их биеийн хазайлтыг мэдэрч цээжин дэх зээрэнцэгийг хазайлтын чиглэлээс хамааруулан эргэлдүүлдэгт оршино. Энэхүү тэнцвэрийн системийг ашигласнаар ямар нэгэн тулгуургүйгээр хоёр дугуйн дээрээ зогсох, хэт бага хурдаар явах үйлдлийг гүйцэтгэх боломжтой болжээ. Мөн хэт ягаан туяаны мэдрэгчийн тусламжтайгаар зам дээрх саадыг мэдэрч мөргөлдөлгүйгээр зогсож чаддаг байна. Энэ удаад танилцуулагдсан сүүлийн загварын хувьд S хэлбэрийн тахир болон 25 хэмийн өгсүүр нарийхан замаар төвөггүй явж сурсан байна. Үүний тулд роботод суурилуулсан дүрсний датчик (камер)-аар унадаг дугуйн замын хэлбэрийг таньж дүрс боловсруулах программ хангамжаар боловсруулан роботыг удирддаг ажээ.

Murata-boy робот олон нийтэд танилцуулагдсаны дараа яагаад Murata-girl байж бодлоггүй юм бэ гэсэн асуулт, хүсэлт робот сонирхогчдын зүгээс гарах болсоноор зохион бүтээгчид нэг дугуйтай унадаг дугуй унах чадвартай роботын эмэгтэй хувилбарыг 2007 онд бүтээсэн байна. Murata-girl робот нь 50 см өндөртэй, 6 кг жинтэй юм. Murata-boy роботоос ялгарах онцлог нь тэнцвэрээ олохын тулд зээрэнцэг бүхий системээс гадна дугуйн хөдөлгөөнийг ашигладаг байна. Өөрөөр хэлбэл нэмэлт гиродатчикийн тусламжтайгаар их биеийн урагш болон хойш чиглэсэн хөдөлгөөнийг мэдэрч дугуйн эргэлтийн хурдыг тохируулан тэнцвэрээ олдог ажээ. 2010 оны шинэ загварын хувьд Murata-boy роботтой адил дүрсний датчик болон программ хангамжийн тусламжтайгаар нарийхан шулуун болон тахир замаар явж чаддаг болсон байна. Шинэ загварын роботуудын шинэ ур чадварыг дараах бичлэгээс үзнэ үү.





эх үүсвэр; murata