Дэлхийн хамгийн жижиг МР3 тоглуулагч

Зөөврийн электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний нэг гол үзүүлэлт нь төхөөрөмжийн овор хэмжээг багасгах явдал юм. Энэ өрсөлдөөнд саяхныг хүртэл iPod shuttle аудио тоглуулагчаараа Apple компани тэргүүлж байсан билээ. Мөн сүүлийн үед спортын дасгал хийх үедээ хөгжим сонсох сонирхолтой хүмүүс олширч байна. Ийм сонирхол бүхий хүмүүст зориулагдсан, та бүхний харж буй дэлхийн хамгийн жижиг МР3 тоглуулагч Micro Sports өнгөрөгч 9-р сараас японд худалдаалагдаж эхэлсэн байна. Энэ тоглуулагч нь ердийн чихэвчнээс яльгүй том бөгөөд 8-хан грам жинтэй юм. Мөн асааж унтраах, гүйлгэх (дуу сонгох), дууг ихэсгэх багасгах гэсэн гуравхан товчлууртай юм. Тоглуулагчийн лити-ион баттерейг компьютерийн USB оролтоос цэнэглэх бөгөөд 1 цагийн хугацаанд бүрэн цэнэг авч 4 цаг тасралтгүй ажиллуулах боломжтой юм. Одоогоор 2гб, 4гб багтаамжтайгаар 2980, 5980 иений үнэтэйгээр худалдаалагдаж байна.






эх үүсвэр; thanko

Зурагтны удирдлагатай холбоотой шинэ мэдээллүүд

Бидний хэрэглэдэг уламжлалт зурагтны удирдлагууд маш олон товчлуурыг агуулж, удаан хугацаанд ашиглах тохиолдолд заримынх нь мэдрэх чадвар муудаж хэрэглэхэд хүндрэлтэй болгодог. Тэгвэл энэ хүндрэлийг арилгах дэвшилтэт алсын удирдлагын концептийг Панасоник компани интернетэд суурилсан телевиз болон бусад вэб хэрэглээнд зориулан өнгөрсөн онд танилцуулж байсан байна. Телевизорын дэлгэц дээр үзүүлэх дүрсүүд энэ удирдлагын товчлууруудын үүргийг гүйцэтгэх бөгөөд даралт мэдрэх дэвсгэр (touchpad)-ийн тусламжтайгаар уг дүрслэлүүдээс сонголт хийж маш хялбар, уян хатан хэлбэрээр удирдах боломжтой юм. Зөвхөн уламжлалт телевизорын функцүүдийг агуулахаас гадна фото зураг үзэх зэрэг интернетэд суурилсан бусад үйлчилгээнд компьютерийн хулганыг орлож чадах ажээ.



Орчин үеийн хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулахад зурагтны удирдлага багагүй нөлөө үзүүлсэн гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байгаа байх. Тэгвэл Хитачи компани хөгжүүлж буй Gesture Remote Control буюу дохио зангааны удирдлага нь бага хэмжээгээр ч гэсэн таныг хөдөлгөөний дутагдлаас ангижруулахыг эрмэлзжээ. Өөрөөр хэлбэл та гараараа элдэв хөдөлгөөн хийж телевизороо удирдана гэсэн үг юм. Энэ удирдлагын ажиллагааны үндсэн зарчим нь телевизорын доод хэсэгт байрлах 3D камерийн тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таньснаар удирдлагын үйлдлүүд гүйцэтгэгддэг ажээ. Харин зурагт үзэж байх үед таны өмнүүр хүүхдүүд гүйгээд байвал зурагт тань асч унтраад янз бүр болоод магадгүй сөрөг тал байж болох юм. Энэ удирдлагыг гэрэлтүүлэг, айр кондишн зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг удирдахад мөн адил ашиглах боломжтой юм. Видеонд өгүүлж байгаагаар хэрэглээний өөр нэг жишээ нь үзэсгэлэн, дижитал музейн үйл ажиллагаанд ашиглаж боломжтой юм. Жишээ нь дэлхийн бөмбөрцөгийн дүрслэлээс хүссэн тивээ сонгоод, тэнд амьдардаг ан амьтдын тухай мэдээллийг өөрөө хайж олоход ашиглаж байгаагаар танилцуулжээ.




NEC Electronics болон Soundpower компаниуд хамтран гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдэд зориулагдах батерейгүй алсын удирдлага зохион бүтээж туршилтын хувилбарыг Embedded Technology 2009 үзэсгэлэнд танилцуулсан байна. Уг алсын удирдлагын товчлуурыг дарах үед үүсэх чичиргээг ашиглан бага хэмжээний цахилгаан энерги үүсгэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ энерги нь зурагтыг удирдахад шаардагдах радио долгионыг үүсгэхэд хүрэлцээтэй юм. Хамтарсан судалгааны ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд одоогоор бүтээгдээд байгаа загвар нь 15x7.5x3см хэмжээтэй буюу ердийн удирдлагаас 2 дахин том байгаа юм. Цаашид овор хэмжээг багасгахыг зорьж ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байгаа ажээ.


эх үүсвэр; бичлэг доторхи линк болон видео

Утасгүйгээр цэнэглэгдэх анхны компьютер худалдаалагдаж эхлэв

Dell компаний Latitude загварын зөөврийн компьютерүүд нь Apple-ийн macbook-ийг хуулбарласан хэмээн шүүмжлэгдэж байгаа боловч ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс давуутай олон үзүүлэлтээр "хамгийн" хэмээн нэрлэгдэж хэрэглэгчдийг татаж байгаа билээ. Тус компани дэлхийд хамгийн анх утасгүйгээр цахилгаан дамжуулах технологи (индукцийн арга) ашиглан цэнэглэх Latitude Z зөөврийн компьютерийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн одоогоор 16 инчийн дэлгэц бүхий дэлхийн хамгийн нимгэн, хамгийн хөнгөн (2кг жинтэй) компьютерээр тодроод байгаа юм.

Хэрэглээний ихэнх үйлдлүүд болон медиа тохируулгуудыг touchpad ашиглан гүйцэтгэх боломжтой юм. Мөн хоёр үйлдлийн системийг зэрэг ачаалах боломжтой хос хатуу диск, авто фокус бүхий 2мегапиксел камер, ердийн телефонтой адил чанар бүхий чанга яригчаар тоноглогдсон бөгөөд өндөр чанар бүхий видео конференц явуулах боломжийг бүрдүүлсэн байна. Latitude Z зөөврийн компьютер хойд америк, европ болон азийн зах зээлд 1999 доллараар худалдаалагдаж байгаа юм байна.




эх үүсвэр; dell

LCD vs OLED display

Аливаа шинэ техник, технологи хуучиныхаа алдаа, дутагдалыг арилгахыг эрмэлзэж, илүү сайжирсан, дэвшилттэй хэлбэр лүү тэмүүлж байдаг. LCD буюу шингэн кристалл дэлгэц болон түүний дараагийн шатны технологи болох OLED дэлгэцийн бат бэхийг харьцуулан шалгах туршилтыг солонгосын Unseen лабораторийн нэг нөхөр хийжээ. Үр дүнг дараах бичлэгээс сонирхоно уу.




Зурагт, гар утас, зөөврийн видео тоглуулагч зэрэг дэлгэц бүхий электрон төхөөрөмжөө алхаар нүдэх тэнэг санаа хэнд л төрөв гэж хэмээн маргамаар санагдаж байна уу. Гэхдээ хийж буй зүйлдээ хэт төвлөрсөнөөс алдаа эндэгдэл гаргахыг үгүйсгэх аргагүй юм. Үүнийг дараах нөхрийн жишээ тод томруун харуулж байна. Wii тоглоомын удирдлаганы оосорыг зөв хэрэглээгүй түүний буруу ч гэсэн хэрэв илүү сайн дэлгэц бүхий зурагттай байсан бол ...




Интел таны тархинд чип суулгахыг хүсч байна

Интел компанийн Pittsburgh дахь судалгааны төвд компьютерийг гар болон хулгана ашиглалгүйгээр, бодол санаагаар удирдахад зориулан хүний тархинд суулгах чипний судалгаа хийгдэж байна. Энэ чипний тусламжтайгаар гар утас, телевизор болон бусад электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болох юм. Гэхдээ одоогоор ийм чипний ямар нэгэн хувилбар бүтээгдээгүй байгаа бөгөөд ойролцоогоор 10 жилийн дараа гэхэд хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой тухай судлаачид ярьж байна.

Тархины үйл ажиллагаа ямар зарчимаар хэрхэн явагддаг нь бүрэн танигдаагүй байгаа боловч онолын үүднээс хүмүүс ижил төрлийн үг яриа хэрэглэх, дүрслэлийг төсөөлөн бодох үед тэдний тархины идэвхжил ижил хэлбэртэй байдаг ажээ. Мөн сайн дураар судалгаанд оролцсон хүмүүсийн тархины бичлэгээс бодол санааны адил төстэй байдал ажиглагдсан байна.

Үүнтэй төстэй Тоёота компаний хэрэгжүүлж буй тэргэнцэрийг бодол санаагаар удирдах судалгаа, Pittsburgh-ийн их сургуулийн эрдэмтийн боловсруулж буй тархинд нь суулгасан чипний тусламжтайгаар роботыг сармагчингийн бодол санаагаар удирдуулах судалгааны үр дүнгээс ийм төрлийн чип бүтээх боломжтой нь харагдаж байгаа юм. Судалгааны хүрээнд одоогоор шийдэгдээгүй нэг гол асуудал нь чипний овор хэмжээг хангалттай хэмжээнд хүртэл багасгаж чадаагүй байгаа явдал юм.


эх үүсвэр; popsci

2012 онд галав юүлэхгүй

Сүүлийн үед 2012 онд болох дэлхийн сүйрэл олон хүний ярианы голлох сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Мөн энэ тухай кино, ном, зохиолууд гарч мэдээллийн хэрэгслүүдээр элдэв утга агуулгатай мэдээлэлүүд олноор нийтлэгдэж байна. Эдгээр мэдээллүүд нь өсвөр насны, шашин шүтлэгтэй, эмзэг зан чанартай, мөн боловсрол нимгэн хүмүүсийн сэтгэлзүйд сөрөгөөр нөлөөлж байна. Дэлхийн сүйрэлтэй холбоотой айдас олон хүнийг хамарч, ийм төрлийн мэдээлэл бүхий сайтуудад бичигдсэн сэтгэгдлээс ажиглавал зарим нэг нь сэтгэл санаагаар унаж, амьдрах итгэлээ алдах дээрээ тулаад байгаа бололтой.

2012 оны дэлхийн сүйрэлтэй холбоотой мэдээллүүд нь анх элдэв домог үлгэр, далдын хүч сонирхогчдын хүрээнд, мөн бизнесийн зорилгоор олон нийтэд тараагдаж эхэлсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон байдаг. Энэ зорилгоо ч амжилттай биелүүлж чадаж байгаа бололтой. 2006 оны тавдугаар сард “The Return of Quetzalcoatl” ном хэвлэгдэн мөн оны эцсээр Мэл Гибсоны найруулсан “Apocalypse” кино бүтээгдсэнээр 2012 оны сүйрлийн тухай дэлхий даяар шуугиж эхэлсэн билээ.

2008 онд гэхэд л "Temple At The Center Of Time: Newton’s Bible Codex Finally Deciphered and the Year" ном amazon.com сайтын шилдэг борлуулалт бүхий 100 номын тоонд багтаад зогсохгүй түүхийн сэдэвтэй бестселлерийн No1 номоор шалгарч байсан байна. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "2012" кино гэхэд л 65 сая долларын орлого олж box-office-ийн долоо хоногийн жагсаалтыг хол тасархай тэргүүлж байна.

Ингээд дэлхийг сүйрэлд хүргэнэ хэмээн таамаглаж буй хүчин зүйлүүдийн хэр үнэн бодитой талаар НАСА-гийн албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг чадан ядан орчуулсанаа өөрийн дуулж сонссон бусад мэдээллээр баяжуулан тоймлож хүргэе. Хэрэв та дээр онцлон дурдсан шинж чанар бүхий хүмүүсийн нэг бол энэ мэдээлэл таныг айдсаас чинь бага ч болов салгахад туслах байх хэмээн найдаж байна.

Сүйрлийн тухай таамаглалын эх үүсвэр
Дэлхийн сүйрлийн тухай таамаглахад хүргэсэн анхдагч мэдээлэл нь эртний соёл иргэншлүүдийн домог үлгэр дээр үндэслэгдсэн зохиолоос үүдэлтэй юм. Нэгэнт домог ярианаас үүдэлтэй зүйлд итгэж үнэмших нь шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн үед амьдарч байгаа бидний хувьд туйлын тэнэг хэрэг болно. Домог, үлгэрт өгүүлсэн зүйлс үнэхээр тохиолддог бол өнөөдрийг хүртэл дэлхий хэд дахин сөнөж мөхөх хангалттай хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд түүхийн урт хугацааг ямархуу байдлаар туулж ирсэн нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой юм. Эдгээр домгийн чанартай эх үүсвэрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Галааридын блогоос уншина уу.

Nibiru, Planet X, Eris хэмээх гаригуудын дэлхийтэй мөргөлдөх магадлал
НАСА-гийн эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар Nibiru, Planet X хэмээн нэрлэгдэх гаригууд огт байдаггүй байна. Хэрэв ийм гариг байгаад 2012 онд дэлхийтэй мөргөлдөхөөр байгаа бол одон орончид хамгийн багадаа арван жилийн өмнөөс илрүүлж, уг гариг нь энгийн нүдэнд харагдах хэмжээгээр дэлхийд ойртож ирсэн байх ёстой гэнэ. Харин Eris хэмээх гариг бий боловч өөр нарны аймагт хамаарагддаг бөгөөд дэлхийтэй мөргөлдөх байтугай хамгийн ойрхондоо 6.4 тэрбум км зайтай зөрж өнгөрдөг ажээ.

Сүүлт од унах аюул
Дэлхийн агаар мандалд олон тооны сүүлт од, тэдгээрийн үлдэгдэл орж ирдэг боловч томоохон хэмжээний солир маш ховор тохиолддог. Хамгийн сүүлчийн томоохон солир 65 мянган жилийн өмнө дэлхийн гадаргад унаж үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн гэж үздэг. Одоо ашиглагдаж буй НАСА-гийн сансрын аюлгүйн хяналтын "Spaceguard Survey" систем нь дэлхийд ойртож ирсэн томоохон солирыг хангалттай хол зайнаас илрүүлж чаддаг ажээ. Уг системийн тусламжтайгаар ойрын хугацаанд дэлхийд ойртон ирэх томоохон солир байхгүйг тодорхойлсон байна. Үүнтэй холбоотой мэдээллүүд НАСА-гийн NASA NEO Program Office веб хуудсанд тогтмол нийтлэгддэг бөгөөд 2012 онд ямар нэгэн солир унахгүй гэдгийг хүсвэл та өөрөө ч шалгаж болох ажээ.

Мааяа нарын он тооллын төгсгөл
Мааяа нарын он тоолол бүрэн төгсчихөөгүй бөгөөд зөвхөн урт хугацааны тооллын нэгэн үе 2012 онд дуусч, дараа оны 1 сарын 1-ээс дахин шинэ урт хугацааны тоолол эхэлж байгаа юм. Тэгээд ч өнөөдрийг хүртэл олон календарын хуудас дуусгасан та бидэнд ямар нэгэн сүйрэл гамшиг тохиолдоогүй байгааг бэлхнээ мэдэж байгаа бизээ.

Гариг эрхсийн жагсаалын нөлөө
Ойрын хэдэн арван жилийн хугацаанд гариг эрхэсийн ямар нэгэн жагсаал болохгүй юм байна. Мөн дэлхий 2012 онд галактикийн хавтгайг хөндлөн гарахгүй бөгөөд гаригуудын жагсаал болсон ч дэлхийд үзүүлэх нөлөө маш өчүүхэн байх болно. Харин жил бүрийн 12 сард дэлхий болон нар галактикийн сүүн замын тэнхлэгтэй давхцдаг боловч тухайн үед болдог үйл явдалд сөрөг хэлбэрээр ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй юм.

Туйлуудын шилжилт, дэлхийн гадарга богино хугацаанд 180 градус эргэх
Эрдэмтдийн өгүүлж байгаагаар ийм шилжилт байх боломжгүй ажээ. Эх газрууд урт удаан хугацааны турш аажим шилждэг (жишээ нь антарктид тив 100 мянган жилийн өмнө экваторын ойролцоо байрлаж байсан) боловч туйлууд эргэж, шилжих ойлголт байдаггүй. Харин соронзон орны шилжилт 400 мянган жилийн хугацаагаар үргэлжлэн явагддаг боловч энэ нь дэлхий дээрх амьдралыг сүйрэлд хүргэх хэмжээний нөлөө үзүүлдэггүй байна. Соронзон орны хамгийн ойрын мэдэгдэхүйц шилжилт хэдэн мянган жилийн дараа болох ажээ.

Нарны соронзон шуурганы аюул
Нарны идэвхжил тогтмол хугацаанд адил давтамжтай явагддаг бөгөөд хамгийн өндөр идэвхжил ойролцоогоор 11 жилд нэг удаа тохиолддог байна. Өндөр идэвхжилийн үед зарим тохиолдолд хиймэл дагуулын холбоо тасрах зэрэг үзэгдэл ажигалагддаг боловч дэлхийн хүн амьтанд мэдэгдэхүйц хэмжээгээр нөлөөлөөд байдаггүй. Нарны дараачийн өндөр идэвхжил 2012-2014 оны хооронд тохиолдох боловч сүйрэлд хүргэх хэмжээнд хүрэх боломжгүй, урьд нь тохиолддогтой мэдэгдэх төдий байж ажээ.


Хөгжилтэй санаачлагын уралдаан

Thefuntheory.com сайтаас хүмүүсийн амьдралд өдөр тутам хэрэглэгддэг, заримд тохиолдолд үл анзаарагдам, энгийн зүйлсийг илүү хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр өөрчилж хүмүүст бага ч гэсэн инээмсэглэл бэлэглэх зорилгоор шинэлэг санаачлагын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд хүссэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд өөрийн шинэ санаагаа ноорог зураг, тайлбар, фото, видео гэх мэт хэлбэрээр илэрхийлэн илгээх шаардлагатай юм. Уралдаанд оролцох бүтээлийг 12-р сарын 15 хүртэл хүлээж авах бөгөөд шалгарсан хүнийг 2500 еврогоор шагнаж бүтээлийг олны хүртээл болгох ажээ. Маш хялбархан технологи ашигласан хөгжилтэй санаануудын жишээ болгон дараах видеонуудыг сайтад байрлуулсан байна.

Ямар нэгэн урамшууллын хэлбэр байдаггүй учир хүмүүс хаягдал шилэн лонхыг хоёрдогч түүхий эд болгон тушаахад хойрго ханддаг байна. Харин лонх цуглуулах савыг автомат тоглоом шиг болгочихжээ. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бол, үр дүнг нь сонирхоно уу.



Хогийн сав байсан ч байгаагүй ч хаа тааралдсан газраа хогоо хаячихдаг зуршилтай хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл "дэлхийн хамгийн гүн хогын сав" эдгээр хүмүүсийн зуршлыг өөрчилж чадсан болов уу.



Цахилгаан болон энгийн шат зэрэгцээд байрлаж байвал ихэнх хүмүүс цахилгаан шатыг сонгодог. Тэгвэл хүмүүсийг энгийн шат ашиглах дуртай болгож чадах болов уу.



Харин пиано шат шинэ зүйл биш бөгөөд америкийн Миннесота хотын шинжлэх ухааны музей болон японы Токиод байрлах Сони компанийн үзэсгэлэнгийн барилгад бас байдаг бололтой юм.


Хүүхэд яагаад уйлсаныг iPhone хэлж өгнө

Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон "Cry translator" программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. Эдгээр нөхцөлүүдээс үүдэлтэй хүүхдийн уйлах дууны давтамж нь хэл, соёлоос хамааралгүйгээр нийтлэг хэлбэртэй байдгийг судлаачад 6 жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Жишээ нь ямар нэгэн зовиураас шалтгаалан уйлж буй хүүхдийн дуу богино хугацаанд чангарч, хүчтэй дуугарч байснаа аажим суларч, дараа нь дахин чангардаг бол өлссөнөөс уйлж буй хүүхдийн дуу өндөр нугалаатай, эрч хүчтэй байдаг байна. "Cry translator" программ нь эмнэлгийн нөхцөлд 96 хувийн магадлалтайгаар туршигдсан бөгөөд 9.99 доллараар нөгөөдрөөс худалдаалагдаж эхлэх ажээ.

Цөмийн түлш бүхий сансрын хөлөг бүтээнэ

Оросын сансрын агентлаг Марс гариг руу аялах зорилгоор цөмийн түлш бүхий жолоодлогот сансрын хөлөг бүтээхээр төлөвлөж байна. Сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминовийн мэдэгдсэнээр 2012 оноос эхлэн 9 жилийн хугацаанд үргэлжлэх уг төсөлд 600 сая доллар зарцуулах бөгөөд төслийг гүйцэтгэснээр олон хүнийг гайхшруулах технологийн шинэ түвшинд хүрэх болно гэжээ. Олон улсын сансрын станцад багийн бүрэлдэхүүнийг хүргэх зорилгоор одоогоор ашиглаж буй оросын пуужин тээгч хөлгийн технологи нь 40 жилийн өмнө боловсруулагдсан боловч олигтой шинэчлэгдээгүй байгаа юм. Төлөвлөж буй цөмийн түлш бүхий хөлөг нь МВ (мегаватт) хэмжээний цөмийн реактороор тоноглогдох ажээ. Хүйтэн дайны үед оросын тагнуулын хиймэл дагуулуудад хэдхэн кв (киловатт) чадал бүхий цөмийн реакторыг ашигладаг байсан ба тэдгээр нь нэг удаагийн цэнэглэлтээр бүтэн жилийн хугацаагаар тасралтгүй ажиллах чадвартай байжээ. Сансрын хөлөгт ашиглах ирээдүйн цөмийн түлш нь уламжлалт түлшнээс 2 дахин илүү үр ашигтай байх юм.

Цахилгааныг утасгүйгээр дамжуулах тухай

Бидний өнөөдрийн амьдралыг цахилгаан эрчим хүч, цахилгаан хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нэг айлын зөвхөн зочны өрөөнд гэхэд л зурагт, видео тоглуулагч, хөгжим, гар утас, компьютер, принтер гээд маш олон төрлийн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд өдөр тутам ашиглагддаг. Эдгээр төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийг холбох утаснууд багагүй зай талбай эзэлхээс авахуулаад, хөлд орооцолдох, цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй болгох, зарим тохиолдолд халалт үүсч гал түймрийн болон цахилгаанд цохиулах эрсдэл үүсгэдгийг хэн бүхэн мэднэ.

Цахилгаан энерги буюу цахилгаан цэнэг нь цахилгаан дамжих чадвар бүхий хатуу биет, хий, шингэн бодис болон вакум орчинд хүртэл дамждаг тухай бид дунд сургуулийн физикийн хичээлээс мэддэг. Гэтэл дээр дурдсан цахилгаан хэрэгслүүдийг эмх замбараагүй орооцолдсон утасгүйгээр, жишээ нь агаараар цахилгаан дамжуулаад холбочихож болоогүй юм байх даа гэсэн бодол зарим хүнд төрж магад. Тэгвэл гэр ахуйн болон оффисийн зориулалтаар ашиглагдах электрон төхөөрөмжүүдийн төрөл, тоо хэмжээ олшрохын хэрээр нэмэгдэх дээр дурдсан хүндрэлүүдээс зайлсхийх үүднээс сүүлийн үед цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулах талаар олон төрлийн судалгааны ажилууд хийгдэж түрүүчээсээ хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Ингээд эдгээр судалгаануудын талаар товч танилцуулъя.

Цахилгаан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах оролдлого 100 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн байна. Серби гаралтай инженер Nikola Tesla амьдралынхаа ихэнх идэвхтэй үеийг Теслагийн ороомог зэрэг цахилгааныг утасгүйгээр дамжуулах туршилтад зориулж байсан боловч 1904 онд төсөл нь зогссоноор мөрөөдөл нь эцэс болжээ. 1975 онд Bill Brown богино долгион ашигласан утасгүй цахилгаан дамжуулалтыг амжилттай туршсан бөгөөд 30кВ энергийг 82.5%-ийн үр ашигтайгаар 1.6км зайд дамжуулж чадсан байна. Түүнээс хойш хэсэг хугацаанд ийм төрлийн туршилт судлагаа бараг хийгдээгүй бөгөөд 2007 оноос Massachusetts их сургуулийн физикийн салбарын эрдэмтэд цахилгаан ороомог ашиглан цахилгаан эрчим хүч дамжуулах судалгааг амжилттай хийж эхэлсэн байна. Тэдний хийсэн туршилтаар 80см диаметр бүхий ороомог ашиглан 2 м зайд 60вт цахилгаан энергийг 40%-ийн үр ашигтайгаар дамжуулсан байна.

2008 онд Intel компани харьцангуй богино зайд цахилгаан чийдэн асаах хэмжээний энергийг 75%-ийн үр ашигтайгаар дамжуулж чадсан байна. Мөн онд зарим компаниуд утасгүй технологийг ашиглан зөөврийн компьютер, Iphone зэрэг электрон төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээх туршилтын хувилбаруудыг танилцуулсанаар энэ төрлийн судалгааны ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар цахилгаан дамжуулах хэлбэр, дамжуулалтын үр ашиг, цахилгаан чадал болон дамжуулах зайгаар хоорондоо ялгаатай үндсэн 5 аргын хүрээнд туршилт судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнд;

1. Индукцын холбоо (Inductive Coupling)


Энэ арга нь уламжлалт трансформатортой адил бөгөөд дамжуулагч ороомгийн орчинд бий болсон соронзон орны нөлөөгөөр үүсэх индукцын гүйдэл тодорхой зайд байрлах хүлээн авагч ороомог хүртэл дамжих зарчимаар цахилгаан дамжуулалт явагдана.
Дамжуулагч ороомог нь компьютерийн хулганы дэвсгэр (mouse pad) шиг хэлбэртэй бөгөөд хүлээн авагч ороомог нь цахилгаан төхөөрөмжүүдэд байрлах юм. Энэ аргаар хэдэн см зайд цахилгааныг дамжуулах боломжтой ба дамжуулалтын үр ашиг 50-75 хувь орчим байдаг ажээ. Powermat компаний судлаачид энэ аргаар 6 төрлийн аудио, видео төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээж туршсан байна. Энэ арга нь ямар нэгэн цацрагийн долгион ашигладаггүй учир хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.
2. Радио давтамж (Radio-frequency)
Энэ арга нь бидний сайн мэдэх радиодолгионы давтамжын арга бөгөөд хананд байрлах дамжуулагчийн тусламжтайгаар радио долгион ялгаруулдаг байна. Уг долгионыг антенийн тусламжтайгаар хүлээн авч бага хэмжээний цахилгаан гүйдэлд хувирган цахилгаан төхөөрөмжүүдийг тэжээнэ. Радио долгионы дамжуулалтын зай харцангуй их боловч дамжуулах энергийн хэмжээ бага юм. PowerCast компани энэ аргаар 3вт хүртэлх хэмжээний энергийг 25м хүртэлх зайд дамжуулсан байна. Гэхдээ энэ аргаар энерги дамжуулах тохиолдолд радио долгион эргэн тойрны бүх чиглэлд тархдаг учир дамжуулалтын үр ашиг муутай юм.

3. Лазер (Laser)
Энэ арга нь лазерийн гэрэл ялгаруулах диод ашигладаг бөгөөд цахилгааныг xарьцангуй хол зайд дамжуулах боломжтой юм. Гэхдээ зай холдох тусам лазерийн гэрлийг цахилгаан төхөөрөмжид байрлах хүлээн авагчид онож тусгахад хүндрэлтэй байдаг байна. Мөн хөдөлгөөнт төхөөрөмжид ашиглах боломжгүй ажээ.
PowerBeam компаний судлаачид энэ аргаар чийдэн болон зургийн электрон жаазанд цахилгаан дамжуулж туршсан бөгөөд 1.5вт цахилгааныг 10 м зайд дамжуулж чадсан байна. Энэ нь LED гэрлийг асаах чадалтай боловч зөөврийн компьютер зэрэг харьцангуй их энерги зарцуулдаг төхөөрөмжүүдэд хүрэлцэхгүй юм.
4. Дамжуулагч дэвсгэр (Conductive Pad)
Энэ арга нь уламжлалт буюу дамжуулагч утас ашиглан цахилгаан дамжуулах аргатай адил учир дамжуулагч болон хүлээн авагчид нь хоорондоо шүргэлцэж байх шаардлагатай юм. Boulder компани WildCharge хэмээн нэрлэгдэх дамжуулагч дэвсгэрийн аргаар 150вт хүртэлх хэмжээний энергийг дамжуулж туршсан байна.
5. Соронзон орны хосолмол резонанс (Magnetically Coupled Resonance)
Хос үүсгэгчээс ялгарах цахилгаан соронзон долгион ресонанс үүсгэх зарчим дээр үндэслэгдсэн энэ арга нь одоогоор судлагдаж буй аргуудаас үр ашиг хамгийн өндөртэй нь юм. Ренонанс үүсэх үзэгдлийн энгийн жишээ нь хэн бүхний мэдэх хүүхдийн савлуур юм. Нэгэнт савлаад эхэлсэн тохиолдолд савлуурын хөдлөх чиглэлтэй давхцуулан багахан хүчээр биеэ хөдөлгөхөд улам өндөр, улам хол зайд савлуулж чаддаг бөгөөд энэ нь механик резонансын нэг хэлбэр юм.
Дээр дурдсан Massachusetts их сургуулийн эрдэмтэд анх энэ аргыг ашиглан 60Вт-ийн чийдэнг 2 м зайнаас туршсан бөгөөд дамжуулалтын үр ашиг 40% байсан байна. Мөн LCD телевизор, Ipod зэрэг төхөөрөмжийг утасгүй цахилгаанаар тэжээж туршсан бөгөөд энэ технологийг WiTricity хэмээн нэрлэжээ.

Ирээдүйд цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг олон хэлбэрээр ашиглаж болох бөгөөд нэг сонирхолтой жишээ нь Мицүбиши компанийн дэвшүүлж 2007 оны Tokyo motor show үзэсгэлэнд танилцуулсан цахилгаан машины баттерейг богино долгион ашиглан утасгүйгээр цэнэглэх хувилбар юм. Уг хувилбар нь индукцийн холбоог ашигласан бөгөөд үндсэн зарчим нь автозам дээр байрлах дамжуулагч ороомог болон цахилгаан машины бампер дор байрлах антенийн тусламжтайгаар явдал дунд нь утасгүйгээр цэнэглэх юм. Өөрөөр хэлбэл цахилгаанаар цэнэглэх станцыг зам дээр байрлуулах хэлбэр юм.


Цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг ашигласан гар утас, зөөврийн компьютер зэрэг бүтээгдэхүүнүүд энэ оноос худалдаанд гарч эхлээд байгаа бөгөөд эдгээр бүтээгдэнхүүнүүдийн тухай дараа танилцуулах болно. TED Conference 2009-д танилцуулагдсан утасгүй цахилгаан дамжуулалтын тухай сонирхолтой илтгэлийн бичлэгийг үзнэ үү.



эх үүсвэр; powerbeaminc.com болон бусад

"Аалзан үрэл"

Оношлогоо болон эмчилгээний зорилгоор эмнэлгийн салбарт ашиглагдах бичил роботын тухай өмнө нь нийтлэж түүнийг удирдан жолоодох боломжгүй, мөн эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүй байгаа тухай дурдаж байсан билээ. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэсэн аалзан үрэл (spider pill) буюу утасгүй капсул робот бүтээгдэж гахайн гэдсэнд амжилттай туршигдсан байна. Энэ робот нь 27 мм урттай бөгөөд диаметр нь ердийн ходоодны дурантай адил 11мм хэмжээтэй юм. Мөн 8 хөлтэй, нийтдээ 72 эд ангиас бүрддэг байна. Аалзан үрэл нь бие эрхтэн дотор минутад 50мм хурдтай хөдлөх бөгөөд операторын удирдлагын дагуу татах хүчний эсрэг босоо гэх мэт дурын чиглэлд хөдлөх чадвартай юм. Роботыг хүний биед ашиглах тохиолдолд шинжилгээ өгч буй хүний хувцасанд байрлуулсан соронзон орон үүсгэгчийн тусламжтайгаар утасгүй технологиор эрчим хүчээр хангах боломжтой ажээ. Хэрэв энэ робот хүний биед туршигдан их хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхэлбэл хоол боловсруулах замын эрхтнүүдийн оношилгоог ямар нэгэн зовиургүйгээр, хялбархан хийлгэдэг болохнээ.

Сэтгэл гутралыг харилцуурын цаанаас тодорхойлно

Сэтгэл зүйч эмч нарын удаан хугацааны ажиглалтын үр дүнд сэтгэл гутрал (depress)-д нэрвэгдсэн хүмүүс харьцангуй түгдэрч, удаан темпээр ярьдаг болохыг тодорхойлсон байдаг. Мөн тусгай дасгал, сургуулилт хийсэн хүмүүс хүний энгийн харилцан ярианаас сэтгэл гутралын шинж тэмдэгүүдийг илрүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Тэгвэл дуу хоолойн шинжилгээний программ хангамжын тусламжтайгаар утсаар ярьж буй өвчтөнүүдийн сэтгэл санааны байдлыг харилцуурын цаанаас тодорхойлж мэдээлэх боломжтой болсон байна. MIT's Media Lab-ын боловсруулсан программ хангамжийн алгоритм нь дуу авианы нягтрал, ярианы эрчим, дууны долгионы энерги зэргийг хэмжиж аливаа өвчлөлтэй холбоотой сэтгэл зовнил, шаналалыг илрүүлэх чадвартай ажээ. Уг программыг Cogito Health эмнэлэгт сувилагч болон өвчтөнүүдийн телефон ярианы явцад ашиглаж туршиж эхэлсэн байна.