Eliica буюу цахилгаан автомашины шинэ үе ирлээ

100км/ц хурдыг 4.1 секундын хугацаанд авч 370 км/ц хүртэл хурдлах чадвартай. Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 300 км хүртэлх зай туулах бөгөөд дөнгөж 3 долларын цахилгаан эрчим хүч зарцуулна. Тус бүр 60 квт-ын 8 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үүсгэх хүч 800 морины хүчтэй тэнцэнэ. Энэ бол шинэ үеийн цахилгаан машины дүр төрхийг тодорхойлсон 4 хүний суудалтай Eliica автомашины 2005 онд бүтээгдсэн 2 дахь загварын үзүүлэлтүүд юм. Шатахуунаар ажилладаг автомашинууд дундаас хамгийн өндөр хурдтай Formula-1 уралдааны машинууд 700 морины хүчээр хөдөлдөг. Зөвхөн үүнтэй харьцуулахад л уг цахилгаан машин ямархуу өндөр хүч чадалтай гэдгийг ойлгож болно. Гэхдээ энэхүү загварыг их сургуулийн лабораторын нөхцөлд гар аргаар бүтээсэн гэхэд хилсдэхгүй бөгөөд хэрэв үйлдвэрлэлийн технологиор бүтээвэл илүү өндөр үзүүлэлттэй байх боломжтой билээ.

1970-аад оны үед тохиолдсон нефтийн хямралын дараагаар үйлдвэрлэгчид болон эрдэмтэд эрчим хүчны шинэ төрлийн эх үүсвэрийг автомашинд ашиглах оролдлогуудыг хийж эхэлсэн байдаг. Тэдний нэг болох Японы Кэйё их сургуулийн профессор Шимизү Хироши 1982 оноос цахилгаан автомашины судалгааг эхлүүлжээ. Тухайн үед цахилгаан энергээр автомашиныг ажиллуулах технологи боловсруулахад хэт өндөр өртөг шаардагдаж байсан учир ихэнх судалгаанууд хангалттай ахиц гаралгүйгээр зогсонги байдалд орж байв. Харин профессор Шимизү 20-иод жилийн судалгааны явцад цахилгаан машины туршилтын 5 загвар бүтээсэн байна. Энэ туршлагадаа тулгуурлан лити ионы батерей бүхий Eliica (Electric Lithium-Ion Car) хэмээх 8 дугуйт шинэ загварын цахилгаан машины эхний загварыг 2002 онд бүтээж 312км/ц хурдлуулжээ. Мөн 2004 онд Eliica Model-H хэмээх 2 дахь загварыг бүтээж дээд хурдыг 370 км/ц-т хүргэж чадсан байна.

Тэрээр машиныг зөвхөн цахилгаанаар хөдөлдөг болгохыг зориогүй бөгөөд хөдөлгүүрийн хүч чадлыг дээд хэмжээгээр ашиглахын тулд автомашины үндсэн бүтцийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн байна. Үүний тулд цахилгаан хөдөлгүүрийг дугуйн дотор (in-wheel motor) байрлуулсанаар дамжуулалтын алдагдал (арааны механизм зэрэг xөдөлгүүрийн хүчийг дугуйнуудад дамжуулах эд ангиудын)-ыг бүрэн арилгаж чадав. Энэ нь машины туулах зайг нэмэгдүүлж, батерейн цэнэгийг ашиглах хугацааг уртасгаx нөхцөл болжээ. Гэтэл эсрэгээрээ цахилгаан хөдөлгүүрийн соронзон орон үүсгэх чадварыг эрс нэмэгдүүлэх шаардлага гарав. Ийм чадвар бүхий цахилгаан хөдөлгүүр болон хүчин чадал сайтай лити ионы батерей бүтээхийн тулд өндөр үнэтэй олон төрлийн материалууд шаардагдаж судалгааны өртөгийг нэмэгдүүлж байв.

Тэрээр судалгаандаа технологийн асуулуудыг шийдвэрлэхээс гадна зорчигчийн тав тухтай байдлыг мөн харгалзан үзэж байжээ. Хөдөлгүүрийн удирдлагын төхөөрөмж (инвертер) болон батерейг машины суурь рамны хэсэгт байрлуулж цахилгаан машины хамгийн энгийн бүтцийг бий болгов. Ингэснээр бүхээгний эзлэхүүнийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн боловч амортизаторын доод талд үйлчлэх жингийн ачааллыг нэмэгдүүлэх нөхцөл болсон байна. Энэ нь амортизаторын ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж машиныг донсолгоотой тав тухгүй болгож байснаас жинг багасгах шаардлага гарсан ч туршилт судалгааны хүрээнд оновчтой хязгаарт хүртэл буруулж чаджээ.

Хэрэглэгчид автомашин худалдан авахдаа үнээс гадна огцом хурд авах чадвар (хурдатгал сайн байх), тохилог байдал, зай багтаамжыг харгалзаж сонгодог байна. Үүний дагуу зохион бүтээгчид Eliica машин эдгээр шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг судалгааны явцад хүмүүсээр жолоодуулж сэтгэгдлийг байнга сонсож байжээ. Эдгээр хүмүүсийн дунд япон улсын тухайн үеийн ерөнхий сайд, эзэн хаан зэрэг нэр хүндтэй хүмүүс ч байв. Мөн дэлхийн хамгийн хурдан гэгддэг шатахуунаар ажилладаг Порш 911 турбо машинтай харьцуулан туршилт хийж илүү богино хугацаанд 100км/ц хурд авч байгааг батлан харуулсан байна.

Шатахуунаар ажилладаг машины сонгодог хэлбэр нь 4 дугуйтай загвар байдаг бол цахилгаан машиныг хэдэн ч дугуйтайгаар бүтээх боломжтой юм. Eliica машиныг 8 дугуйтай болгосноор дугуйн хэмжээ харьцангуй жижгэрч бүхээгний багтаамжыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлжээ. Мөн эргэлт хийх үед машины тогтворжилт сайжирсан байна. Eliica машиныг бүтээх судалгаанд нийт 5 сая орчим доллар зарцуулжээ. Тухайн үед лити, хөнгөн цагаан, зэс, мангани үнэ өртөг өндөртэй материалууд шаардагдаж байснаас зөвхөн батерей болон хөдөлгүүрийг бүтээх зардал машины нийт өртөгийн тэн хагасыг эзлэж байв. Гэвч шатахуунаар ажилладаг машинтай харьцуулахад автомашины энерги зарцуулалтын хэмжээг 4 дахин бууруулж чаджээ. Энерги зарцуулалтын ашигт үйлийн коэффициент шатахуунт машинд дөнгөж 8.6% байдаг бол Eliica 35%-д хүрсэн байна.

Профессор Шимизү өөрийн бүтээсэн цахилгаан машины технологийг амьдралд нэвтрүүлэхээр автомашин үйлдвэрлэгч хэд хэдэн компанид хандсан боловч татгалзсан хариу авчээ. Eliica машины өртөг хэт өндөр байв. Аливаа машин техникт өндөр өртөг бүхий материал, технологи ашигласан байлаа ч их хэмжээгээр үйлдвэрлэх тохиолдолд нэг бүрийн өртөг буурдаг. Автомашин мэтийн том овор хэмжээ бүхий техникийг үйлдвэрлэх тоо хэмжээг 10 дахин нэмэгдүүлэхэд нэг бүрийн худалдаалах үнэ 2 дахин багасдаг байна. Мөн автомашин үйлдвэрлэлд нэг загварын машиныг жилд хамгийн багадаа 100 мянган ширхэгийг үйлдвэрлэж байж хангалттай хэмжээний үр ашигтай ажиллах стандарт байдаг байна. Гэтэл тухайн үед цахилгаан машиныг ийм их хэмжээгээр үйлдвэрлэсэн ч худалдан авах зах зээл байсангүй. Мөн үйлдвэрлэгч нарт татгалзах өөр нэгэн шалтгаан байлаа. Eliica машины бүтэц уламжлалт шатахуунт машиныхаас өөрчлөгдсөн учир үйлдвэрлэлийн дамжлагыг иж бүрнээр нь өөрчлөх шаардлага тулгарчээ.

Үүнээс үүдэн профессор Шимизү өөрөө бие даан үйлдвэрлэл эхлүүлэхээр шийдсэн боловч үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хангалттай туршлага байгаагүй, мөн шаардагдах хөрөнгийн хэмжээ хэт их учир хөрөнгө оруулагч олдох боломж байсангүй. Эцэст нь тэрээр өөрийн боловсруулсан технологийг бодит ажил болгохын тулд нээлттэй эхийн зарчимаар хамтран хөгжүүлж технологийг чөлөөтэй ашиглуулах нөхцөлөөр хэд хэдэн компанитай хамтарсан үйлдэвэрлэл байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл түүнийг энэ тухайгаа нийтэд зарлахаас өмнө компаниуд өөрсдөө хүсэлт гарган богино хугацаанд нэгдэж чадсан байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, америкийн Lehman банкны дампуурлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал эхлэн, автомашины энергийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх цаг хугацааны хувьд тохиромж бүрдсэн явдал байлаа.

2009 оны 8-р сард SIM-drive (Shimizu In wheel Motor-Drive) компани байгуулагдаж жижиг эд ангиуд, батерей, хөдөлгүүрээс авахуулаад автомашин үйлдвэрлэгч томоохон компани хүртэл 20 компаний хамтран оролцсон төслийн 1-р шатны ажил эхлэв. Энэ төслийн хүрээнд батерей болон цахилгаан хөдөлгүүрийн үзүүлэлтүүдийг сайжруулж, хамгийн эхний 4 дугуй бүхий концепт загварыг бүтээхээр төлөвлөжээ. Концепт загварыг ирэх оны 1-р сард багтаан нийтэд танилцуулах төлөвтэй байна. Мөн энэ оноос төслийн 2-р шат эхлэх бөгөөд нийт 32 компани, орон нутгийн 2 байгууллага хамтран, шинэ загвар, шинэ технологи бүхий цахилгаан автомашиныг 2013 оноос эхлэн их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөн ажиллаж байна.

NEC болон Ниссан компаниуд хамтран автомашинд зориулагдсан хямд өртөг бүхий лити ионы батерейн технологи боловсруулж 2009 оноос их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн нь шинэ төрлийн цахилгаан машины үйлдвэрлэлд түлхэц өгч байна. Мөн онд лити батерейг түргэн цэнэглэх технологи бий болж 5 минутад батерейн 90%-г, 10 минутад 100% тус тус цэнэглэх боломжтой болов. Эдгээр болон SIM-drive компаний хэрэгжүүлж буй төслийн үр дүнд хэдхэн жилийн дараа хямд өртөг бүхий шинэ төрлийн цахилгаан машинууд хэрэглээнд нэвтрэх боломжтой болох юм. Тус компаний мэдэгдэж байгаагаар шинэ цахилгаан машин худалдаанд гарах тохиолдолд 14 мянга орчим долларын үнэтэй байх төлөвтэй байна. Үүнд нэг бүр нь 1000 долларын үнэтэй цахилгаан хөдөлгүүр (нийт 4 ш шаардлагатай), 5000 долларын үнэтэй батерейн үнэ ороогүй боловч цаашид худалдаанд гарах хүртэл өртөгийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой юм.

Өнөөдрийг хүртэл цахилгаан болон хосломол хөдөлгүүрт автомашинд никел-металл батерей ашиглагдаж байгаа билээ. Харин энергийн багтаамж илүү сайтай, илүү хөнгөн жинтэй лити-ионы батерейг энэ оноос эхлэн автомашинуудад нэвтрүүлэх болж энэхүү батерейг суурилуулсан Ниссаны Fuga хосломол хөдөлгүүрт машин, Leaf цахилгаан машин тус тус худалдаалагдаж эхлэлээ. Eliica машины адил шинэ загварын цахилгаан машин мөн адил энэ оноос их хэмжээгээр худалдаалагдаж эхлэв. Мицүбишигийн i MiEV ийм төрлийн цахилгаан автомашины анхных нь болоод байна. Өнөөдрийг хүртэл цахилгаан машины туулах зай 160 км-ээрс хэтэрч чадаагүй, хурд, хүч, зай багтаамжын хувьд хэрэглэгчдийн хүссэн хэмжээнд хүрээгүй байгаагаас хангалттай түгэн дэлгэрч чадаагүй байгаа билээ. Энэ нь цахилгаан машинуудыг шатахуунт автомашины уламжлалт загвар дээр туулгуурлан (үлгэрлэвэл шатахуунт хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүрээр солиx төдий) үйлдвэрлэж байснаас энерги дамжуулалтын алдагдал ихтэй зэрэг дутагдлуудыг арилгаж чадаагүйгээс шалтгаалж байсан юм.  Харин Eliica машинтай адил загвар, бүтэц, технологи бүхий цахилгаан машинууд худалдаалагдан, мөн их хэмжээгээр үйлдвэрлэгдэхээр төлөвлөгдөж байгаа нь цахилгаанаар ажилладаг автомашины шинэ үе ирсэнийг харуулж байна.

Эцэст нь хэлэхэд энэхүү шинэ үеийн цахилгаан машины батерей болон удирдлагын төхөөрөмжүүд нь шал буюу суурь раман дотор, цахилгаан хөдөлгүүрүүд нь дугуйн дотор тус тус байрлаж, шатахуунаар ажилладаг машинтай харьцуулахад илүү энгийн хийцтэй, илүү цөөн эд ангиас бүтсэн, илүү өргөн зай талбайг агуулдагаараа ялгагдаж байна. Мөн хурд, хүчний үзүүлэлтүүдээр шатахуунт машиныг гүйцэх хэмжээнд хүрээд байна. Цахилгаан машины цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа, түүний боломж, давуу болон сул талууд, сэргээгдэх тоормос зэрэг нь хосломол хөдөлгүүрт машиныхтай адил учир дахиж нуршихаас татгалзав. Энэ тухай өмнөх мэдээллээс танилцах боломжтой. Энэхүү бичлэгийг 200­9 оны 11-р сарын 30-ны өдөр Токио хотын Худалдаа үйлдвэрлэлийн ордон (東京商工会議所)-д хийсэн профессор Шимизүгийн илтгэлийн бичлэг болон бусад эх сурвалжуудыг үндэслэн бичив.








Краныг хэрхэн угсардаг вэ

Барилга угсралтын нүсэр ажлыг өргөгч крангүйгээр гүйцэтгэнэ гэвэл төсөөлөхийн аргагүй зүйл билээ. Орчин үед даац болон өргөх өндөрийн хамгийн оновчтой харьцаа бүхий цамхаг кранууд хэдэн арван давхар хүртэлх өндөртэй барилгуудын хийцийн материалуудыг зөөвөрлөхөд голлох үүргийг гүйцэтгэж байна. Барилга барьж эхлэхийн тулд эхлээд кран босгох шаардлагатай нь мэдээжийн хэрэг юм. Харин тэр өндөр крануудыг хэрхэн босгодог бол. Цамхаг төрлийн кранууд "өөрийгөө угсрах чадвар"-тай байдаг бөгөөд өргөх өндөрийг уртасгахад шаардлагатай хэсгүүдийг суурилуулан үндсэн их биеийг тухайн кранаар өөрөөр нь өргүүлэн угсардаг байна. Краныг босгох буюу хэрхэн "өөрийгөө угсарч" байгааг дараах хурдасгасан бичлэгт үзүүлжээ.

Кран гэснээс дэлхийн хамгийн том цамхаг краныг хятадууд бүтээж энэ оны 3 сараас ашиглаж эхэлсэн байна. Хөх мөрний гүүрүүдийн засварын ажилд зориулан Zoomlion компаний бүтээсэн D5200-240 загварын аварга кран 240 тонн хүртэл жинтэй ачааг 210 м өндөрт гаргах чадвартай юм. Зүйрлэвэл нас бие гүйцсэн 60 зааныг 70 давхар барилгын оройд нэгэн зэрэг өлхөн гаргачихаж чадах юм байна.


Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж халифа ч мөн адил цамхаг краны тусламжтайгаар баригдсан.


Компьютер, хүмүүсийн харилцан үйлдлийг танина

Оксфордын их сургуулийн эрдэмтэд тэврэх, үнсэх, гар барих зэрэг хүний үйл хөдлөлийг таних чадвартай програм боловсруулсан байна. Энэхүү програм нь кино, телевиз, хяналтын камерын зэрэг видео мэдээллүүдээс хоёр хүний хоорондын харилцан үйл хөдлөлийг автоматаар таних боломжийг олгож байна. Програмыг дүрсний мэдрэгч болон суралцах чадвар олгох алгоритмыг хослуулан бүтээжээ. Програмын суралцах үйл ажиллагаа хэд хэдэн алхамаас бүрдэх бөгөөд эхний ээлжинд хүний биеийн хөдөлгөөний онцлогийг видео мэдээллээс таньж мэдэрдэг байна.

Дараа нь хүний биеийн байрлалын нэгэн эгшний мэдээлэлтэй харьцуулан гараа даллах, нүүр аль чиглэлд хандаж байгааг ялган мэдэрдэг байна. Програмын бүх өгөгдлүүд үйлдэл тус бүрийн хэд хэдэн жишээнээс дундажлан тооцоологдох бөгөөд дараагийн хүний хөдөлгөөнийг таних загвар болон ашиглагддаг байна. Эрдэмтэд эхний ээлжинд хүмүүс хоорондоо гар барих, гараа даллах, тэврэх, үнсэх хөдөлгөөнүүдийг онцолжээ.




Эх сурвалж; oxford

2010 оны теxнологийн салбарын онцлох 10 үйл явдал

2010 оныг эргэн дүгнэхэд зөвхөн технологийн шинэчлэлтийн жил бус олон шинэ технологи нас бие гүйцсэн жил болж өнгөрлөө. Энэ жил нийгмийн сүлжээ зөвхөн үүсч бий болоод зогссонгүй, бидний эмээ нар хүртэл фэйсбүүкт бүртгүүлсэн жил боллоо. Энэ жил Гүүгэл аварга том болоод зогссонгүй, давамгайллаа хадгалахын төлөө тэмцсэн жил байлаа. Энэ жил даралтат дэлгэц бүхий үүрэн төхөөрөмжүүд түгэн дэлгэрсэн жил бус, компьютерийн хэрэглээнд үндсэн өөрчлөлт гарсан жил байлаа. TechNewsDaily сайт 2010 онд техник, технологийн салбарт болсон 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.


10. Andre Geim, Konstantin Novoselov нар графений судалгаагаар Нобелийн шагнал хүртэв
Бидний өдөр тутам хэрэглээний ихэнх бүтээгдэхүүнүүдэд их бага хэмжээгээр агуулагддаг полиэтилин хэмээх хуванцар материалыг 1933 онд анх нийлэгжүүлэн гаргаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл хуванцар нь өнгөрөгч зууны голлох үүрэгтэй материал байсаар ирсэн билээ. Тэгвэл  21-р зууны буюу квантын электроник, нано технологийн эрин үед голчлон ашиглагдах түгээмэл материал нь графен (graphene) юм. Иймдээ ч Andre Geim, Konstantin Novoselov нарын 2004 оноос эхлүүлэн хийсэн графений судалгаанд Нобелийн шагнал олгосон нь энэ оны технологийн салбарын онцлох үйл явдлын нэгэнд тооцогдож байна.


9. Андройд болон Айфон утас хэрэглээнд нэвтрэв
Блакбери , Айфон сүүлд Гүүгэлийн гар утаснууд худалдаанд гарсанаар хөдөлгөөнт утасны үйлдлийн системийн өрсөлдөөнд нэгэн шинэ дэвшил болсон билээ. Аpple-ийн анхлан нэвтрүүлсэн даралтат дэлгэцийн технологид Adobe Flash-ийн боломжуудыг нэгтгэснээр Андройд үйлдлийн систем Айфоноос илүү өргөн хэрэглээ бүхий гар утасны үйлдлийн систем болоод байна.


8. Нийтэд зориулан хямдрал үзүүлэх сайтууд ихэнх үйлчилгээг 25 хувь хямдруулах болов
Энэ санаа маш энгийн боловч өмнө нь хэн ч хэрэгжүүлж байгаагүйгээс олон хүнийг гайхашруулсан билээ. Технологийн шинэ санаачлагыг маш бага хэмжээгээр нэвтрүүлсэн сайтууд интернет массын дийлэнхийг эзлэх болж, хөдөлгөөнт хямдралын картууд хумс засахаас авахуулаад бейсболийн тэмцээний тасалбар, рестораны захиалгын үйлчилгээг хүртэл хамрах болов. Энэхүү үйл ажиллагаа ихэвчлэн хүмүүсийн ажил, амьдралд ойр орон нутгийн бизнест чиглэж байна.


7. Зугаа цэнгэлийн ертөнц 3 хэмжээсээр хэмжигдэх болов
Жэймс Камеруны хөх муурны сүргийг харахаас өмнө бидний ихэнх нь гурван хэмжээст дэлгэцийн бүтээлийн тухай мартсан байсан гэхэд хилсдэхгүй. 2010 оны эхээр Аватар кино гарч, CES-2010 үзэсгэлэнд 3D телевизорууд танилцуулагдсанаас эхлэн медиа төхөөрөмжүүдийн чиг хандлагад томоохон өөрчлөлт гарлаа. Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их орлоготой кино, мөн дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын тоглолтод хүртэл нэвтэрч шинэ технологи эргэлт буцалтгүй ирсэнээ зарлалаа.


6. Хятадууд ховор элементийн экспортод хориг тавив
Та xэзээ нэгэн цагт xenotime, aeschynite хэмээх бодисуудын тухай сонсож байсан уу? Зөвхөн Интел компани болон АНУ-ын армийхан л энэ материалыг мэддэг байсан гэхэд болно. Учир нь Айпадаас авахуулаад пуужингийн залуурын системд хүртэл тэдгээр ховор элементүүдийг агуулах чипнүүд ашиглагддаг. Энэхүү элементийн хамгийн том экспортлогч нь Хятад улс юм. Америкчуудад хэрэгцээ бий, гэтэл нөөц нь хятадуудад байдаг. Энэхүү тэнцвэргүй байдал нь батлан хамгаалахынхны санааг зовоодог ч хятадын монопол түр зуурын л явдал юм. Учир нь АНУ-д хэд хэдэн уурхайг аль хэдийн ашиглаад эхэлчихсэн бөгөөд хятадаас авдаг хэмжээг нөхөхөд хэдхэн жил л шаардагдах болно.


5. Гүүгэл босс хэвээр байхын тулд төлбөр төлөх болов
Гүүгэлийхэн дэлхийн хамгийн том хайлтын систем, хамгийн олон зочинтой сайт, хэдийгээр маргаантай ч дэлхийн хамгийн эрх чөлөөт компанийг бий болгосныхоо дараа л титэм өмссөн толгой хүндэддэг гэдгийг ойлгов. Гүүгэл хятадуудын кибер довтолгоо, Фэйсбүүк зэрэг өрсөлдөгчдөөс ирэх халдлага, европын зарим байгууллагын үл итгэх байдлын эсрэг тасралтгүй тэмцсээр нэгэн оныг үдэж байна. Веб сайтын шүүлтүүрийн асуудал дагалдсаар байсан боловч хятадын зах зээлд нэвтэрч чадлаа. Хамгийн их толгой өвтгөсөн асуудал нь зарим жижиг компаний үл итгэсэн гомдлын мөрөөр 11-р сард европын холбоонд шалгагдсан явдал бөгөөд тэрбум долларын торгууль төлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.


4. WikiLeaks Америкчуудын хөлнөөс чирэгдэв
Daniel Manning нууц материалуудад нэвтрэх эрхтэй жирийн нэгэн дүнсгэр америк цэрэг байсан билээ. Гэхдээ тэр Assange-тай хамтран WikiLeaks-ийг байгуулсанаас хойш интернетэд түймэр асаагч болон хувирсан юм. Assange швед дэх түүний оромжноос цэргийн болон дипломат баримт бичгүүдийг 2010 оны турш интернетээр тараалаа. Ихэнх баримд бичгүүд хэвшил болсон уламжлалт мэдээнүүдийн ард ямар нууц агуулагдаж, засгийн газарт ямархуу илтгэл илгээгдэж байдгийг илчиллээ. Мөн хятадын хакерийн довтолгооны түвшинг илрүүлж, АНУ болон Афганистаны албан ёсны хар тамхины тээвэрлэгчдийн хоорондын хэлхээ холбоо болон энгийн иргэд рүү хийсэн нисдэг тэрэгний довтолгоог олон түмэнд дэлгэв. WikiLeaks-ийн үйл ажиллагааны үр дүнд Обамагийн засаг захиргаа Холбооны засгийн газрын ажиллагсдыг дээрх төрлийн мэдээллийг уншихыг хориглон, Америкийн нисэх хүчнээс Нью Иорк Таймс сонины вэб хуудсанд хийгдэх хандалтыг хааж, онлайн сэтгүүлзүйн ирээдүйг бүрхэгдүүллээ.


3. Нийгмийн сүлжээ дэлхийг бүрхэв
Нийгмийн сүлжээ зөвхөн дунд сургуулийн сурагчдаар хязгаарлагдсангүй. Мөн зөвхөн цагийн гарз байхаа болилоо. 2010 онд ерөнхийд нь хэлбэл нийгмийн сүлжээ, тодорхойлбол Фэйсбүүк зөвхөн залуусын хэрэглээ байхаа больж телефонтой эн зэрэгцэх олон нийтийн харилцааны хэрэгсэл боллоо. Түүнийг үндэслэгч Mark Zuckerberg Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарч, түүний тухай 2 ч киноны бүтээл хийгдлээ. Оны дунд үеэс Фэйсбүүкийн хэрэглэгчдийн тоо 500 саяд хүрч, Friendster зэрэг ижил төрлийн бусад сайтууд азид голлон саяар тоологдох хэрэглэгчдийнхээ тоог хадгалсаар байна.


2. Компьютер үзэгдэхээ больж эхлэв
2010 оноос өмнө таблет компьютерийн зах зээл огт байсангүй. Айпад худалдаанд гарсанаас хойш таблетууд хөдөлгөөнт интернетийн зах зээлд нөөтбүүкийг давж гарлаа. 2010 оноос өмнө хэрэглэгчид үүлэн компьютерийн тухай анзаарж ч байсангүй. Тэгвэл одоо энэ тухай Майкрософт компани зар сурталчингаандаа дурдах болж Амазон үүлэн компьютерийн график картийг санал болгож байна. Эдгээр нь нийлээд компьютерийн хэрэглээний шинэ цаг үе ирсэнийг зарлаж байна. Судлаачдын 20 жилийн өмнө тамааглан хэлж байсан зүйл биелэлээ олж компьютертээ баяртай гэж хэлэх цаг боллоо. Учир нь жилийн дараагаас компьютер бүтээгдэхүүн байхаа больж үйлчилгээ болон хувирна.


1. Stuxnet - кибер дайны ажиллагааг шинэ шатанд гарсаныг харуулав
Интернет нь Америкийн батлан хамгаалах яамны бодлогын хүрээнд цөмийн дайнд ч тэсэн үлдэх чадвартай холбооны хэрэгсэл бүтээх буюу цэрэг дайны зориулалттайгаар анх бий болсон билээ. Үүсэн бий болсоноос хойших хэдэн жилийн туршид кибер дайны шинжээчид интернэтийг зөвхөн зэвсэглэлийн чанартайгаар ашиглана хэмээн таамаглаж байв. Дахин хэдэн жил өнгөрөхөд мэдээллийн хулгайгаас илүүтэйгээр, вэб хуудсыг тохиолдлын чанартайгаар эвдэх, зарим нэг үйлчилгээг хязгаарлах чанартай довтолгоонд өртөхөөс хэтэрч байсангүй. Харин энэ онд ердийн пуужинтай адил үүрэг зориулалт бүхий Stuxnet хэмээх кибэр зэвсэг бий болов. Бид malware програмуудыг хэн зохион бүтээсэн тухай мэдэхгүй ч Ираны цөмийн зэвсгийн програм хангамж гэх мэт урьдчилан төлөвлөгдсөн байг онилж байгааг мэднэ. Ираны уран баяжуулах станцуудыг ажиллагаанаас гаргахаар програмчилагдсан Stuxnet програм барилгын дээвэр дээр тэсрэх бөмбөг хаяхтай адилаар цөмийн байгууламжуудыг жагсаалаас гаргаж байсан билээ. Харин нэг ч хүний амь хохирсонгүй, мөн хаанаас вирус илгээснийг хэн ч төсөөлж чадсангүй. Stuxnet-ийн довтолгооны дараа Иранчууд цөмийн байгууламжуудынхаа үйл ажиллагааг сэргээж чадсан боловч энэ үйл явдал нь дайн байлдааны ажиллагаанд гүнзгий өөрчлөлт орж байгааг харуулав. Нөгөө талаас 10 жилийн турш төсөөлж, урьдчилан хэлж байсан кибер дайны тухай онолыг амьдрал дээр батлалаа. Stuxnet 1 ба 0-оор буу зэвсэгийг эвдэж устгаж болдог гэдгийг харуулж кибер дайн газар, агаар, усан дээр болдог дайн байлдаантай адил бодит зүйл болон хувирлаа.



Эх сурвалж; TechNewsDaily

Цахилгаан машиныг нарны энергиэр цэнэглэнэ

Цахилгаан автомашин түгэн дэлгэрч байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад цахилгаанаар цэнэглэх цэгүүдийг байгуулж эхлээд байгаа билээ. Гэхдээ эдгээр нь цахилгааны төвлөрсөн системээс хангагдаж байгаа учир олон тоогоор суурилуулах тохиолдолд түгээх шугам сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй болох магадлалтай юм.

Харин хамгийн ирээдүйтэй сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр ашиглан цахилгаан машиныг цэнэглэх нийтийн зориулалттай станцуудыг Хонда компани байгуулахаар төлөвлөж байна. Нарны энергиэр цэнэглэх туршилтын станцуудыг Японы Сайтама, Күмигая, Чичибүэ хотуудад байгуулах бөгөөд хэд хэдэн төрлийн цахилгаан машинуудыг хамруулах юм. Total Energy Management гэж нэрлэж буй хөтөлбөрийн зорилго нь айл өрх болон байгууллагуудыг нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, нэг бүрийн, тохилог эх үүсвэрээр хангахад чиглэж байна.

Хөтөлбөрт цахилгаан машин, цахилгаанаар цэнэглэх боломжтой хосломол хөдөлгүүрт машин, цахилгаан мопед, Monpal ML200 загварын дөрвөн дугуйт цахилгаан тэргэнцэрийг тус тус хамруулан нарны энерги хувиргалт болон батерей цэнэглэлтийн үр ашгийг судлах ажээ. Мөн машины батерейн цэнэг агуулалтын байдал, үлдэж буй цэнэгээр туулах боломжит зай зэргийг хэрэглэгчийн гар утсанд мэдээлэх зэргээр дэвшилтэт харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх юм. Үүнээс гадна Хонда компани Fit загварт суурилсан цахилгаан автомашин үйлдвэрлэн 2012 оноос худалдаалж эхлэх тухай зарлалаа.









Эх сурвалж; ecojapan

WordLens - Зурган дээрх үгсийн шууд орчуулга хийнэ

Гадаад улсад зорчиж яваад төөрсөн болон будилуу аялагч нарт тун ч хэрэгтэй байж болох програм Ай фон утсанд зориулагдан бүтээгдсэн байна. WordLens хэмээх энэхүү програм гар утсанд суурилагдсан камерын тусламжтайгаар самбар, зураг зэрэг дүрслэлээс текстийг ялган таньж тухайн эгшинд нь орчуулан дэлгэц дээр харуулах чадвартай юм. Орчуулгыг автомат програм хангамжаар гүйцэтгэдгээс чанарын хувьд тийм ч төгс сайн байж чадахгүй боловч хурд болоод нарийвчлал өндөртэй учир замын тэмдэг, рестораны цэс зэргийг хангалттай хэмжээнд орчуулж чадах ажээ.

Одоогоор зөвхөн англи-испани, испани-англи хэлний хооронд орчуулга хийх хувилбар худалдаалагдаж эхлээд байгаа боловч програм хөгжүүлэгчдийн нэг Otavio Good-ийн хэлсэнээр тун удахгүй бусад хэлнүүдийн хооронд ч мөн орчуулга хийх боломжтой болох юм. Мөн түүнчлэн харааны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан аливаа бичгэн тэмдэглэгээг уншиж сонсгох чадвартай хувилбарыг бүтээх ажээ. Одоогоор бүтээгдээд байгаа програмын худалдаалах үнэ 4.99 доллар байна.




Эх сурвалж; TechCrunch

Кинэкт ба кибер секс

Бараг л худалдаанд гарсан өдрөөс нь эхлэн програм сонирхогчдийн хүрээнд кинэктийн зориулалтыг өөрчилсөн оролдлогууд гарч тухай бүр мэдээлэгдэж байсан билээ. Гэхдээ уг удирдлагын төхөөрөмжийн хэрэглээ зөвхөн тоглож зугаацахаар хязгаарлагдахгүй бололтой. Зарим компаниас 3000 доллар хүртэлх хэмжээний урамшуулал зарласны үр дүнд кинэктэд зориулагдсан нээлттэй эхийн драйвер програмууд хүртэл хэд хэдэн хувилбараар гарч төрөл бүрийн хэлбэрээр чөлөөтэй ашиглах боломж бүрдэж байна.

Зарим төрлийн программ хангамж үйлдвэрлэгч компаниуд ч энэ мэтийн боломжуудыг зүгээр хараад суугаад байсангүй. Насанд хүрэгчдэд зориулсан 3D тоглоом үйлдвэрлэгч thriXXX компани кинэкт удирдлагын тусламжтайгаар урьд нь таны хэзээ ч үзэж, амсаж байгаагүй кибер сексийн боломжуудыг үзүүлж чадна хэмээн амлаж, шинэ тоглоомын демо хувилбарыг танилцуулсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь.

Хэрэглэгчид бүх биеийн хөдөлгөөн, эсвэл зөвхөн гарын дохио зангаа болон дуу хоолойгоор тоглоомыг удирдаж, 2 хүртэлх тооны идэвхтэй тоглогчийг оролцуулан зарим бодит буюу уламжлалт төхөөрөмжүүдтэй хослуулан хэрэглэх боломжтой гэж тус компаний дэд захирал Brad Abram хэлжээ. Ийм төрлийн тоглоом одоогоор програм хөгжүүлэлтийн эхний буюу альфа шатандаа байгаа бөгөөд ирэх оноос thriXXX компанийн бүх төрлийн тоглоомуудад нэвтрүүлэх төлөвтэй байна.




эх сурвалж;  kinecthacks

Voyager-1 станц нарны аймгийн хязгаарт хүрчээ

Сансарын алсын зайн аялалын Voyager-1 станц хөөргөснөөс хойш 33 жилийн дараа 10.8 тэрбум км зайг туулан нарны аймгийн хязгаарт тулж ирээд байна. Тус станцыг нарны гадаргаас ялгарах цэнэгт тоосонцорын урсгал буюу нарны салхийг судлах зорилгоор 1977 оны 9 сарын 5-нд НАСА хөөргөсөн юм. Voyager-1 станц одод хоорондын орон зайн нөлөөгөөр нарны шуурганы эрчим буурах "termination shock" бүсийг 2004 онд өнгөрөн гарахдаа нарны салхины чиглэл муруйдаг гэсэн эрдэмтдийн таамаглалыг батласан юм. Эрдэмтэд станцад суурилуулсан бага энергээр цэнэглэгдэх тоосонцорыг мэдрэх төхөөрөмжийн тусламжтайгаар станц нарны салхины хурд тэгтэй тэнцэх, нарны аймгийн захын "heliosheath" хэмээх бүсэд байрлаж байгааг тогтоосон байна. Тус станц цаашид 4 жилийн турш аялан одод хоорондын орон зайд нэвтрэн орох хүртлээ дэлхийтэй холбоотой байж мэдээллүүдээ илгээсээр байх ажээ.

Voyager-1 станц Бархасвадийг судлахаар хөөргөсөн Pioneer-10 станцын дэргэдүүр 1998 оны 2 сарын 17-нд өнгөрсөнөөс хойш хүн төрөлхтний бүтээсэн техникүүд дундаас хамгийн хол зайг туулсан дээд амжилтыг үзүүлсээр байгаа юм. Voyager-1 болон Voyager-2 станцууд Бархасбадь, Санчир, Далай ван гаригуудын дэргэдүүр өнгөрөх үедээ тэдгээрийн олон арван фото зураг авч дэлхий рүү илгээжээ. Эрдэмтэд зургуудыг судлан Бархасбадийн саран дээр идэвхтэй галт уул байгааг илрүүлсэн зэрэг сансар судлалын сонирхолтой шинэ нээлтүүдийг хийсэн юм. Одоогоор Voyager-1 станц 61 мянган км цаг хурдтайгаар нисч яваа бол Voyager-2 станц арай бага буюу 56 мянган км/ц хурдтайгаар 8.8 тэрбум км зайг туулаад байна. Мөн харь гаригийн амьдралд дэлхийн дуу хоолойг хүргэх зорилгоор 12 инчийн диск бүхий дэлхийн төрөл бүрийн амьдрал, соёлыг илэрхийлэх зураг, бичлэгүүдийг хоёр станцад байрлуулсан билээ.






эх сурвалж; popsci

Хамгийн хүчирхэг их бууг туршжээ

Америкийн тэнгисийн цэргийхэн 160 км хүртэлх зайд байрлах байг устгах чадвартай дэлхийн хамгийн хүчирхэг их бууг туршсан байна. Энэхүү цахилгаан соронзон их буу 9 кг жинтэй сумыг агаарт дууны хурдаас 7 дахин их хурдаар буудах чадвартай юм. Virginia мужийн Dahlgren дахь Тэнгисийн цэргийн хүчний төвд бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар туршилтын их бууны гол төмөрт 33 Мегажоул хүч үүсгэж чадсан нь дэлхийн рекордыг тогтоожээ. Энэ нь 2008 онд тогтоосон өмнөх дээд амжилтаас 3 дахин их үзүүлэлт юм. 1 Мегажоул хүч нь 1 тонн жинтэй автомашиныг 160 км зайд тээвэрлэх хүчтэй тэнцдэг байна.

Уг бууны сум 160 км зайг 1 минутэд туулах бөгөөд байг онох нарийвчлал уламжлалт их буутай адил байгаа ажээ. Одоогоор Америкийн байлдааны усан онгоцуудад суурилагдсан уламжлалт бялт бүхий их бууны тусгал дөнгөж 20 км байдаг байна. Харин шинэ цахилгаан соронзон их буу илүү аюулгүй зайнаас довтлох чадвартайгаас гадна дайсны зэвсэг техникийг өөрсдийнх нь эсрэг ашиглах боломж олгож байна. Өөрөөр хэлбэл цэнэг болон дэлбэрэх нөөцөд нь цохилт өгсөнөөр дайсны байлдааны зэвсэг хэрэгслийг жагсаалаас гаргах ажээ.

Энэхүү туршилтыг амьдралд нэвтрүүлэхэд тулгарч буй гол саад нь сумыг дуунаас илүү хурдлуулахад шаардагдах цэнэгийг хуримтлуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд үүнд зориулсан төхөөрөмжийг бүтээхэд сүүлийн 5 жилийн хугацаанд 221 сая долларын зарцуулсан байна. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд энэ их буугаар усан онгоцуудыг тоноглож эхлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн 2025 он гэхэд цахилгаан соронзон их бууны сумыг 320 км зайг 6 минутын дотор туулах чадвартай болгохоор зорьж байна.






эх сурвалж; wired

Цахилгааны тасалдал сард 110 сая долларын хохирол учруулна

Энэ сарын 8-ны өглөө Япон улсын Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээний хүчдэлийн хэмжээ түр зуур буурсанаас шалтгаалан хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн үндсэн төв болох Ёккаичи хот дахь Тошиба компаний үйлдвэрийн зарим шугам нэг хоногийн хугацаагаар зогсчээ. Үүний улмаас гар утас, дижитал камер зэрэг олон төрлийн электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Зөвхөн тус үйлдвэрт гэхэд л ирэх жилийн эхний улиралд 1 тэрбум 900 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байсан бол захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 20 орчим хувиар тасалдаж, алдагдал сард дунджаар 110 сая долларт хүрэх төлөвтэй байна.

Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд нь өндөр нарийвчлалтай, өндөр хүчин чадалтай, тасралтгүй ажиллагаатай байдаг бөгөөд цахилгаан энергийн тогтвортой хангамж шаарддаг. Цахилгаан хүчдэлийн хэмжээ шаардагдах хэмжээнээс 20-оос дээш хувиар буурч, 0.01 секундээс илүү удаан үргэлжилсэн тохиолдолд эдгээр тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд нэгэнт зогссон тохиолдолд дахин ажиллагаанд оруулахад харьцангуй их хугацаа зарцуулдаг байна.

Мөн японы нефтийн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч Космо сэкюү компаний боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож хэвийн байдалд оруулахад 7 хоногийн хугацаа шаардагдах ажээ. 9-ний өдрийн 1 цагийн мэдээгээр цахилгааны тасалдал Ёккаичи хотын үйлдвэрлэлийн бүс нутаг болон Японы 3 мужын цахилгаан хэрэглэгчдийн үйл ажиллагаанд нөлөөлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон томоохон хэрэглэгчийн тоо 146-д хүрээд байна.

Цахилгаан хүчдэлийн түр зуурын бууралт нь 8-ний өглөө 5 цаг 20 минутын үед цахилгаан станцын хувиргах төхөөрөмжийн залгуурт богино холбоо үүссэний улмаас ослын зогсолтын систем ажиллаж 2 турбин автоматаар зогссоноос шалтгаалсан байна. Харин хүчдэлийн бууралт 0.07 секунд хугацаагаар үргэлжилжээ. Төвийн бүсийн цахилгаан түгээх компаний судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд 340 орчим удаа түгээх сүлжээний цахилгаан хүчдэлийн бууралт тохиолдож байсан бөгөөд ихэнх тохиолдолд аянга цахилгаан зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр болж байжээ. Хамгийн сүүлийн томоохон зогсолт 2009 оны 3 сард тохиолдож 0.04секунд хугацаагаар үргэлжилж байсан байна.




эх сурвалж; asahi.com

Хамгийн хурдан үйлдвэрлэлийн робот

Олон төрлийн машин, техник үйлдвэрлэгч нарын хоорондын өрсөлдөөний нэг гол үзүүлэлт нь бүтээгдэхүүний ажиллагааны хурд байдаг бөгөөд робот үйлдвэрлэгч компаниуд ч мөн адил хамгийн өндөр хурдтай робот бүтээж өрсөлдсөөр ирсэн билээ. Харин энэхүү өрсөлдөөний үр дүнд тухайн бүтээгдэхүүн хэлбэр хийц, бүтцийн хувьд төгөлдөржин тухайн цаг үеийн хамгийн шилдэг шалгарсан хэлбэрийг бий болгодог билээ. Япончуудын нэрлэснээр Kenkotsu буюу нударга хэлбэрийн робот одоогийн байдлаар хамгийн өндөр хурдыг үзүүлж байгаа бөгөөд олон үйлдвэрлэгч ийм төрлийн үйлдвэрлэлийн робот үйлдвэрлэн худалдаалж байна. Fanuc компанийн үйлдвэрлэсэн ийм төрлийн роботын цуврал загварууд Япон улсын Үйлдвэрлэл, Xудалдаа, Эдийн засгийн яам, Тоног төхөөрөмж Үйлдвэрлэлийн холбооны 2010 оны шалгаруулалтаар Шилдэг үйлдвэрлэлийн робот ангилалд тэргүүн байрыг эзлэсэн байна.

Эдгээр нь гар утас зэрэг өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүний угсралт, эд ангийг эмхлэн байрлуулахад тохиромжтой Kenkotsu-1, мөн ажлын талбай харьцангуй ихтэй, 6 кг даацтай буюу өндөр хүчин чадалтай Kenkotsu-3 загварууд юм. Босоо холбоос бүхий нудрага хэлбэрийн бүтэцтэй роботууд нь хүний гарны адил нарийн төвөгтэй хөдөлгөөнийг гүйцэтгэх чадвартай байдаг. Мөн бүх цахилгаан хөдөлгүүрүүд роботын толгой хэсэгт байрлаж, тус бүр холбоос хэсгийн хөдөлгөөнийг удирдах учир роботын үзүүр хэсгийн хөдөлгөөнийг чөлөөтэй тохируулах боломжтой байдаг ажээ. Үүнээс гадна үзүүр хэсгийн жин харьцангуй бага учир өндөр хурдаар хөдлөх боломжтойгоороо давуу талтай юм.

Нударга хэлбэрийн робот нь "олон үе мөчит хэлбэр"-ийн роботтой харьцуулахад үзүүр хэсгийн ажиллагааны чөлөөт талбай механикаар буюу роботын хийцээр хязгаарлагддаг учир аюулгүйн шаардлагыг хангасан, харьцангуй бага орон зайд үйлдвэрлэлийн шугамыг байгуулах боломжийг олгодог байна. Энэ төрлийн робот нь зөвхөн хавтгай орон зайд хөдлөхөөс гадна бүтээгдэхүүний чиглэлийг өөрчлөх, налуу хэлбэрээр атган барьж авах, эргэлдүүлэх зэрэг хүний гарны бугуй хэсгийн уян хатан хөдөлгөөнтэй адил хэлбэрийн хөдөлгөөн үзүүлэх бөгөөд зарим онцлог, төвөгтэй үйлдлүүдийг роботоор гүйцэтгүүлэх боломжтой ажээ.

Kenkotsu загварын роботыг iRVision хэмээх дүрслэлийн мэдрэгчтэй хослуулан хэрэглэснээр хүний харах мэдрэмжтэй адил боломжуудыг роботод суулгаж чаджээ. Жишээлбэл бүтээгдэхүүний өнгө, хэлбэр, төрөл, байрлалыг ялган таньж чаддаг. Мөн миллиметрийг 100 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний нарийвчлалтайгаар хэмжилт хийх чадвартай юм. Эдгээр загварын роботуудыг өнгөрсөн оны хавраас худалдаалж эхэлсэн бөгөөд одоогоор дэлхий даяар 500 ширхэг худалдаалагдаад байна.


Дараах бичлэгээс Fanuc Kenkotsu робот жижиг хэмжээтэй бүтээгдэхүүнүүдийг өнгөөр ялгаж, савлах үйлдлийг өндөр хурдаар хэрхэн гүйцэтгэж байгааг харж болно.


Харин дараах бичлэгт Quattro загварын роботоор дурын чиглэлд дурын хурдаар хөдлөж буй эд ангийн нүхнүүдэд бүтээгдэхүүнийг байрлуулах, түүнээс гаргаж авах үйлдлийг хэрхэн гүйцэтгэж байгааг харуулжээ. Эд ангийг Wii тоглоомын удирдлагын тусламжтайгаар хөдөлгөж байгаа бөгөөд робот дүрслэлийн мэдрэгчээр дамжуулан түүний хөдөлгөөнийг мэдэрч үйлдлийг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэж байна.


Сүүлийн бичлэгт АВВ загварын робот туузан дамжуулга дээрээс бүтээгдэхүүнийг авч саванд байрлуулах үйлдлийг хэрхэн гүйцэтгэж байгааг харуулжээ. Мөн адил дүрслэлийн мэдрэгчийн тусламжтайгаар бүх бүтээгдэхүүн дээрх АВВ тэмдэглэгээг нэг чиглэлд харуулан байрлуулж байна.




эх сурвалж; diginfo & etc.

Мах шулах ажиллагааг автоматжуулжээ

Японы Mayekawa electric компани мах боловсруулах үйл ажиллагааг автоматжуулсан робот бүтээсэн байна. Робот болон автоматжуулалт хангалттай нэвтэрч чадаагүй байгаа үйлдвэрлэлийн салбаруудын нэг нь мах боловсруулах үйл ажиллагаа бөгөөд махны зузаан нимгэн, ясны бүдүүн нарийн, мөн мушгирсан эсэхээс шалтгаалан гахайн гуяаны мах шулах төвөгтэй ажиллагааг өдийг хүртэл зөвхөн ур чадвар бүхий мэргэшсэн ажилтан гүйцэтгэж ирсэн юм.

Энэ нь хүнсний үйлдвэрлэлийн эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлагын үүднээс үйлдвэрлэгч нар боловсруулалтын шатанд машин техник хэрэглэхээс татгалзсаар ирсэн, мөн түүнчлэн хэрэгцээ байсан ч хүний зарим төрлийн ажиллагааны ур чадварыг роботоор гүйцэтгэх буюу автоматжуулахад хүндрэлтэй байдаг зэргээс шалтгаалж байсан юм. Харин HAMDAS-R робот нь мэргэшсэн ажилтны ур чадвар болон мах шулах ажиллагааны онцлогийг хадгалж чадсанаар адил бус олон төрлийн хэлбэр дүрстэй, зөөлөн материалын боловсруулалтын ажиллагааг автоматжуулах үүд хаалгыг нээж өгч байна.

500 ширхэг гуяны мах шулах ажлыг 20 хүн 1 цагийн хугацаанд гар ажиллагаагаар гүйцэтгэдэг бол HAMDAS-R роботыг ашигласнаар хүний оролцоог 2 дахин бууруулсан байна. Мөн роботоор гүйцэтгэх боловсруулалтын горим тогтвортой учир үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөлт найдвартай, баталгаатай байх боломжийг бүрдүүлж байна. Үүнээс гадна загасны мах болон хүнсний ногоо зэрэг олон төрлийн хэлбэр дүрстэй, өөр бусад хүнсний зөөлөн материалиудын боловсруулалтын ажиллагааг автоматжуулахад мөн адил ашиглах боломжтой ажээ.

HAMDAS-R робот нь Япон улсын Үйлдвэрлэл, Xудалдаа, Эдийн засгийн яам, Тоног төхөөрөмж Үйлдвэрлэлийн холбооны 2010 оны шалгаруулалтаар Шилдэг жижиг, дунд бизнес ангилалд тэргүүн байрыг эзлэсэн байна. Уг роботыг цаашид  япон болон европын орнуудад голлон худалдаалахаар төлөвлөж байна.





эх сурвалж; diginfo

2010 оны шилдэг 10 технологи

Цаг хугацаа улиран одсоор 2010 он дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ л үед аливаа улс орон, байгууллага, хүмүүс бүтэн жилийнхээ ажил, бүтээлийг цэгнэж ололт, амжилтаа бататган дүгнэдэг билээ. Техник, технологийн салбарын хувьд 2010 он олон олон шинэ бүтээл, шинэ технологи төрөн гарсан жил болон өнгөрөх гэж байна. Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн Gizmag сайтаас энэ оны хамгийн шилдэг 10 технологийг хамгийн түрүүнд нэрлэлээ. Дашрамд дурдахад энэхүү сайт нь шинэ нээлт, шинэ санаа, шинэ технологийн талаар мэдээлдэг, технологийн салбарын хамгийн нэр хүндтэй сайтуудын нэг юм. Тус сайтад сард дунджаар 1 сая 500 мянган хүн зочилж, хоногт 75 мянган мэйл лист, 250 мянган RSS уншигчид мэдээллүүдээ түгээж байна. Мөн веб үнэлгээний Quantcast корпорацийн шалгаруулалтаар дэлхийн шилдэг 5000 вэбийн нэгээр шалгарсан юм.


10. iPad
Дэлхийн хамгийн анхны таблет компьютер жагсаалтын 10-рт орж байна. Электроник, компьютер үйлдвэрлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн ололтуудын үр дүнд компьютерийн уламжлалт хэлбэрийг эвдэж араасаа ижил төрлийн олон бүтээгдэхүүнийг дагуулах эхлэл болсон энэ бүтээл хэрэглэгчдийн таашаалыг ч мөн адил татаж худалдаанд гарсан эхний өдрөө 300 мянган ширхэг зарагдаж байсан билээ.


9. Чичиргээнээс энерги үүсгэх технологи
Сэргээгдэх эрчим хүч нь ногоон эрчим хүчийг дэлхий дахинд түгэн дэлгэрэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа салбар билээ. Үүний нэг сонирхолтой жишээ нь nPower компаний бүтээсэн зөөврийн электрон хэрэгслүүдийг цэнэглэх зориулалттай цахилгаан үүсгэгч төхөөрөмж юм. 20 см урттай, 250гр жинтэй, цилиндр хэлбэрийн энэхүү бүтээгдэхүүн нь хүний биеийн өдөр тутмын хөдөлгөөний үед үүсэх кинетик энергийг цахилгаан энергид хувиргах чадвартай бөгөөд цүнх, халаасанд хийж авч явахад тохиромжтой юм.
Brother компани мөн адил ажиллагааны зарчим бүхий сэгсрэлтээр цэнэглэгддэг батерей бүтээсэн тухай зарлаж байсан бөгөөд бидний өдөр тутам хэрэглэдэг AA болон AAA батерейг орлох ажээ.


8. Нарны энергийг сансараас цуглуулах технологи
Энэ оны 5-р сараас Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) IKAROS хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслөөр 20м хэмжээ бүхий дөрвөлжин хэлбэртэй мембраны тусламжтайгаар нарны гэрлийн фотоны түлхэлтээс эрчим хүч цуглуулж авах төхөөрөмжийг бүтээж сансарт хөөргөсөн юм. Мөн мембран дээр байрлах нимгэн хэмжээтэй нарны коллектрууд сансарын хөлгийн дотоод хэрэглээг хангах цахилгааныг үүсгэдэг байна. Төслийн ирээдүйн зорилго нь нарны энерги цуглуулах технологи болон өндөр үр ашигтай ионы хөдөлгүүрийг хослуулан бархасбадь гариг руу сансарын аялал хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.


7. ДНК-ээр бүтээсэн молекулын робот
Энэ оны 4-р сард америкийн эрдэмтэд 4 нанометр хэмжээтэй аалз хэлбэрийн наноробот бүтээсэн тухай зарласан билээ. Уг роботын хөдлөж эхлэх, алхах, баруун зүүн тийш эргэх, зогсох зэрэг үйлдлүүдийг нэг ширхэг ДНК-ийн молекулын тусламжтайгаар програмчилан удирдах боломжтой юм. Энэхүү робот нь ойрын ирээдүйд хорт хавдар, диатези зэрэг өвчнийг эмчлэх боломжийг бүрдүүлэх юм.


6. Автомашин түрээсийн систем
Daimler компани хувийн тээврийн хэрэгсэлд хандах хандлагыг өөрчилсөн “car2go edition” хэмээх системийн тухай зарласан. Энэ систем нь автомашиныг хүссэн газраасаа ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд түрээслэн авах боломжийг олгох бөгөөд хоногийн 24 цагийн турш гар утас болон онлайнаар автомашин захиалан авах боломжтой юм. Мөн түрээслэх автомашинуудад даралтат дэлгэц бүхий бүртгэлийн төхөөрөмж суурилуулах бөгөөд түрээслэх, хэрэглэх, буцаах үйлдлүүдийг ямар нэгэн цаас, бичиг баримтны шаардлагагүйгээр хялбар гүйцэтгэх боломжтой. Автомашин түрээслэх, хамтран эзэмших нь шинэ зүйл биш боловч энэхүү систем нь том хотуудын автомашины хэт төвлөрлийг бууруулах шаардлагад нийцэж буй оновчтой шийдэл ажээ.



5. Сансарын жуулчлал
Virgin Galactic төсөл хэрэгжиж эхэлсэнээр сансарын жуулчлалын бизнесийг шинэ шатанд гаргасан үйл явдал болов. Хос хөлгийн нислэг, жолоодлогогүй нислэг хэмээн янз бүрээр нэрлэгдэж байгаа хөлгийн нислэгийн 3км урттай зурвас байгуулж туршилтын нислэгүүд ч амжилттай хийгдлээ. Эхний нислэгийн хугацаа одоогоор тодорхойгүй байгаа боловч ирэх жилийн эхээр хийгдэх боломжтой юм. Virgin Galactic хөлгөөр 15000м өндөрт хөөрч 2 цагийн хугацаанд жингүйдлийн байдалд орохын тулд 20 мянган доллар төлөх шаардлагатай боловч одоогийн байдлаар 80 мянган жуулчин аль хэдийн төлбөрөө хийж захиалгаа өгөөд байна.


4. Хөдөлгөөний удирдлагын технологи
2010 он төхөөрөмжүүдийн хөдөлгөөний удирдлагын технологид эрс өөрчлөлт гарсан жил байлаа. Сони, Майкрософт компаниудын хооронд ширүүн өрсөлдөөн болж шинэ шинэ бүтээлүүд цөөнгүй гаргасан боловч зарим талаар Wii тоглоомд хамааралтай бүтээлүүд давамгайлах хандлагатай байсан билээ. Сони компани PlayStation-д зориулан Eye camera болон удирдлагын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөнийг таних технологи гаргасан бол Майкрософт компани CMOS мэдрэгч, хэт ягаан туяны прожектор, микрофонуудын тусламжтайгаар хүний биеийн хөдөлгөөн, дуу авиа, мөн хэн болохыг хүртэл таньж тоглоомны удирдлагыг хэрэглээнээс халлаа.


3. Нийтэд зориулагдсан анхны тийрэлтэт нисэх төхөөрөмж
Энэхүү төхөөрөмжийг олон хүн, олон жил турш тэсэн ядан хүлээж байсан байх. Шинэ Зеландийн Martin Aircraft компани нийтийн зориулалттай анхны тийрэлтэт хөдөлгүүр бөхий нисэх төхөөрөмжийг худалдаалж эхлэх тухай зарлалааа. 112 кг/с багтаамжтай хөдөлгүүрийн тусламжтайгаар 30 минутын хугацаанд тасралтгүй нислэг хийх боломжтой бөгөөд нислэгийн өндөр 2400 м-т хүрдэг байна. Ердийн шатахуунаар цэнэглэгдэх энэхүү төхөрөмжийг 86 мянган доллараар худалдаж авч болох боловч ирэх жилээс нааш өөрийн гар дээрээ хүлээн авна гэж найдалтгүй ажээ.


2. 3D технологи
Энд онд 3D технологи амьдралд бүрэн утгаараа нэвтэрч эхлэснээс гадна та өөрийн 3D контенцүүдийг бүтээхэд тун ойрхон ирлээ. Панасоник 1-р сард хамгийн анхны мэргэжлийн 3D видео камерийг танилцуулж байсан бол удалгуй ыөрдийн хэрэглээнд зориулагдсан 3D камeрийг худалдаанд гаргаж эхэллээ. Fujifilm компани анхны 3D фото зургийн аппарат нүтээж, Английн The Sun сонины 6 сарын 5-ны дугаар бүрэн эхээрээ 3D хэлбэрээр нүдний шилний хамт худалдаалагдлаа.


1. Анхны зохиомол амьд биет
5-р сард эрдэмтэдийн 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд болсон бие дааж хуваагдах чадвартай бактерийн эсийг зохиомлоор гаргаж авлаа. Америкийн J. Craig Venter Institute-ийн эрдэмтэд зохиомол генийн бүтцийг компьютер загвар дээр туршин, зохиомол генийг лабораторид бүтээж, эцэст нь түүнийг бие даан хуваагдах чадвартай хүлээн авагч эсэд шилжүүлэн суулгав. Энэхүү технологийн зорилго нь зохиомол бактерийг эм, био түлш зэрэг химийн онцгой төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхэд чиглэгдэж байна.