Нүүрсхүчлийн хийнээс шатахуун гаргаж авна

Агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламжыг нэмэгдүүлж байгаа гол эх үүсвэрүүдийн нэг нь хүний үйл ажиллагаатай холбоотой буюу нүүрс, нефть гэх мэт байгалийн гаралтай түлшний шаталтын үр дүн юм. Тэгвэл энэ нүүрсхүчлийн хийг буцааж түлш болон хувиргах буюу сэргээгдэх эрчим хүчний салбарт хувьслын чанартай гэгдэх шинэ технологийг бий болгосон байна.

АНУ-ын "Joule Biotechnologies" корпораци нарны энергийн тусламжтайгаар нүүрсхүчлийн давхар ислийг шингэн био-түлшинд хувиргах технологи боловсруулсан байна. "Helioculture" хэмээн нэрлэгдэх энэ технологи бүхий хувиргагч нь генетикийн аргаар бий болгосон бичил биетүүдийн тусламжтайгаар фотосинтезийн урвал явуулан шатахуун болгон ашиглаж болохуйц нүүрс-устөрөгч буюу этанолыг ялгаруулдаг байна. Одоогоор бичил биетүүд болон технологийн нарийн үйл ажиллагааны тухай хараахан нийтэд мэдээлэгдээгүй байна.

Энэ технологи нь нарны эрчим хүч болон био-түлшний технологитой харьцуулахад олон давуу талтай юм. Ургамлын гаралтай био-түлшний адил их хэмжээний тарилангийн талбай болон хөдөө аж ахуйн нүсэр үйл ажиллагаа шаардлагагүй бөгөөд нэг жилийн хугацаанд 4 га талбайгаас 60 мянган литр био-түлш үйлдвэрлэх боломжтой ажээ. "Helioculture" технологиор үйлдвэрлэсэн түлшний энергийн агууламж нь нарны энергийн төхөөрөмжөөс илүү бөгөөд энергийг бараг алдагдалгүйгээр дамжуулж тээвэрлэх боломжтой юм. Мөн үйлдвэрлэлийн нийт өрт
өг нь нүүрс, нефть гэх мэт уламжлалт түлшний бүтээгдэхүүнтэй ойролцоо байх ажээ.

Joule Biotechnologies корпораци уг технологийг лабораторын хэмжээнд бүрэн туршиж дууссан бөгөөд туршилтын цахилгаан станц байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Хэрэв энэ ажил амжилттай болвол 2010 оноос этанолын үйлдвэрлэлийг, 2011 оноос нийтийн хэрэгцээнд зориулагдах түлшний үйлдвэрлэлийг тус тус эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Ирээдүйн хувийн тээврийн хэрэгслүүд

Хот дотор буюу харьцангуй хязгаарлагдмал орон зайд ашиглагдаx ирээдүйн тээврийн хэрэгслүүдийн чиг хандлагыг тодорхойлсон шинэ бүтээлүүдийн тухай танилцуулья. Одоогоор ашиглагдаж байгаа болон судлагаа сайжруулалтын (concept) шатанд байгаа хувийн буюу нэг хүний тээврийн хэрэгслүүд нь байгальд хоргүй, цахилгаанаар ажилладаг, унаж буй хүний биеийн хүндийн төвийн шилжилтийг мэдэрч тэнцвэрийг хадгалах зарчимаар ажилладаг байдлаар хийгдэж байгаа ба удирдаж ажиллуулахад төвөгтэй үйлдэл бүхий жолоо, хурд, тормозны механизм шаардлагагүй бөгөөд хүссэн чиглэл рүүгээ биеэр налж, биеийн хүндийн төвийг шилжүүлэхэд л хангалттай юм. Мөн эдгээр тээврийн хэрэгслүүд нь бүхээггүй, овор хэмжээ багатай учир зун буюу цаг агаарын тааламжтай нөхцөлд хот дотор, эсвэл том хэмжээний барилга дотор ашиглах боломжтой байх ажээ.

1. "Segway" - Хоёр дугуйт цахилгаан тээврийн хэрэгсэл
Өнгөрсөн наадмын үеэр хамгаалалтад гарч буй цагдаа нар нар унаж олон хүнийг гайхашруулж байсан "segway" нь энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийн анхдагч нь юм. Америкийн "Segway" компани 2001 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хамгийн анх нийтийн хэрэгцээнд нэвтэрч, өнөөдөр олон оронд төрөл бүрийн зориулалтаар ашиглагдаж байгаа юм. Хоёр ширхэг хазайлтын, 5 ширхэг тэнцвэрийн мэдрэгч, хос компьютер, олон дахин цэнэглэх лити-ион батерейгээр тоноглогдсон бөгөөд хамгийн дээд хурд нь 20 км/ц юм. Тэнцвэрийн систем нь алхах үеийн хүний биеийн тэнцвэрээ олох үйл ажиллагаатай төстэй ажээ. Шигтгээ болгоход америкчууд том биетэй, том байшинтай, том машинтай, ерөнхийдөө том юманд нугасгүй улсууд билээ. Тэгвэл америкийн "том" хувийн тээврийн хэрэгслийг жолоодоход ямархуу байдгийг дараах видеоноос сонирхно уу.



2. "Winglet" - Хүний биеийн хөдөлгөөнийг дэмжих босоо хэлбэрийн тээвэрлэгч робот.
Тоёота компани одоогоор судлагаа сайжруулалтын шатанд байгаа "Winglet" хэмээх тээврийн хэрэгслийг өнгөрсөн жилийн 8-р сард танилцуулсан билээ. Олон нийтийн газар ашиглах зорилгоор овор хэмжээг аль болох багасгахыг зорьсон бөгөөд хэрэглээгүй үед эвхээд гартаа барьж явж болохоор хийдсэн байна. Энэ хэмжээгээр харьцангуй бага хурдтай дээд хурд нь 10км/ц юм. "Winglet"-ийг 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд L, M, S гэсэн гурван төрлийн загвартай ажээ.



3. "U3-X" - нэг дугуйт цахилгаан тээвэрлэгч
Хонда компани өнөөдөр "U3-X" хэмээх тээврийн хэрэгслийг танилцуулсан байна. Энэ тээврийн хэрэгсэл нь маш энгийн авсаархан загвартай бөгөөд онцлог шинж чанар бүхий дугуйн тусламжтайгаар хажуу тийш болон диагонал гэх мэт дурын чиглэлд хөдлөгөөн хийх боломжтой болсон нь дэлхийд анх удаа шийдэгдсэн технолгийн шийдэл болсон байна. Дээр дурдсан "Segway" болон "Winglet" нь зогсоо байдлаар унах учир удаан хугацаагаар ашиглах тохиолдолд хөл чилэх, ядрах тохиолдол ажиглагдаж болох юм. Тэгвэл "U3-X"-г хүн суугаа байдлаар унах учир хүний биед болон хөлөнд ямар нэгэн ачаалал ирэхгүйгээрээ давуу талтай юм. Энэ тээврийн хэрэгсэлд "Asimo" роботын тэнцвэр хадгалах технологийг ашигласан бөгөөд 10 кг жинтэй, бүрэн цэнэглэлтээр 1 цаг ажиллах хүчин чадал бүхий лити-ионы баттерейгээр тоноглогджээ.


Худалч эсэхийг бичгийн хэвээр тодорхойлно

Хүний нүдний болон биеийн хөдөлгөөн, яриандаа хэрэглэж буй үгний сонголтыг ажиглан худал ярьж байгаа эсэхийг таниж болдог. Тэгвэл гараар бичсэн бичлэгийг үндэслэн дээрх аргуудаас илүү өндөр магадлалтайгаар худалч эсэхийг мэдэж болохыг Израйлын "Haifa" их сургуулийн эрдэмтэд тодорхойлжээ.

Судлагаанд сайн дураар оролцсон 32 хүнд үнэн бодит зүйлийн тухай болон зохиомол зүйлийн тухай хоёр хэсэг богино хэмжээний өгүүлэл бичих даалгавар өгсөн байна. Үзүүртээ даралт мэдрэгч бүхий үзэг, компьютер ашиглан хийсэн судлагааны дүнд хүн худал, зохиомол зүйлийн тухай бичихдээ үзгээ цаасан дээр илүү их дарж бичдэг, үсгийн зурлага илүү өндөр бөгөөд урт бичигддэг болохыг тодорхойлсон байна. Эдгээр ялгааг энгийн нүдээр ажиглаж мэдэх боломжгүй бөгөөд компьютерийн программийн тусламжтайгаар тодорхойлох боломжтой ажээ. Харин бичих хурдны хувьд онцын ялгаа байгаагүй байна.

Энэ тухай нь "Applied Cognitive Psychology" сэтгүүлд бичигдсэн өгүүлэлд дурдсанаар ямар нэгэн зүйлийг зохиож бичихэд хүний тархи үнэн бодит зүйлийг бичихээс илүү ачаалалтай ажилладаг гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Судлагаа дөнгөж эхлэлийн шатандаа байгаа боловч цаашид даатгалын нэхэмжлэл хэр үнэн бичсэн эсэх болон зээлийн үйлчилгээ, ажилд орох ярилцлагын үед гар бичлэгийн тест авах, шүүхийн практикт худал ярьж байгаа эсэхийг тодорхойлох зэргээр уг аргыг ашиглах боломжтой ажээ.


Киборг 2 - HAL

Хөгжингүй орнуудад жил ирэх тусам төрөлт багасч, хүн амын дундаж наслалт уртсан, өндөр настны эзлэх хувь эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өндөр настнуудад чиглэсэн бизнес тогтвортой өргөжиж, энэ талын судлагааны ажлууд маш олон мэргэжлийн чиглэлээр хийгдэж, шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд бий болсоор байна. Булчин болон үе мөчний эрхтнүүдийн доройтолд орсон өндөр настай хүний биеийн хөдөлгөөнийг дэмжих, сэргээн засах зорилгоор өнөө үеийн киборг гэж нэрлэж болох HAL (hybrid assistive limb) робот-хувцасыг Японы CYBERDYNE компани зохион бүтээж, үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн байна.

Энэхүү робот хувцас нь босох, суух, алхах, шатаар өгсөх уруудах гэх мэт хүний биеийн өдөр тутмын үйл хөдлөлийг дэмжиж, хүний биеийн физик хүч чадлыг нэмэгдүүлэх зорилготойгоор бүтээгджээ. Жишээ нь хөлний шахалт (бодибилдингийн дасгал)-аар 100кг жинтэй зүйлийг арай ядан өргөж байсан хүн уг робот хувцасыг өмссөнөөр 180 кг-ыг чөлөөтэй өргөх, гар дээрээ авч явж буй 40 кг-ийн ачаа хүний гарт хэдхэн кг мэт мэдрэгдэх ажээ. Мөн хүний хөлөнд үйлчлэх биеийн жингийн ачааллыг хөнгөлснөөр хол зайд, удаан алхах тохиолдолд бараг ядрахгүй бөгөөд робот хувцасны өөрийнх нь жин 24 кг боловч өмссөн хүнд ямар ч ачаалал мэдрэгддэггүй байна. Ерөнхийдөө хүний булчингийн чадлыг 2-10 дахин нэмэгдүүлж чадвартай юм.

Робот-хувцас ямар зарчимаар ажилладаг вэ. Хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхийн өмнө тархинаас мэдрэлийн системээр дамжуулан булчингуудад мэдрэлийн дохиоллууд илгээгддэг. Энэ үед булчингийн арьсны гадаргад маш сул био-цахилгаан дохиолол ирдэг байна. HAL робот-хувцасны дотор талд байрлах мэдрэгчүүдийн тусламжтайгаар дээрх дохиоллыг мэдрэх бөгөөд түүнийг үндэслэн хүн ямар хэлбэрийн хөдлөгөөнийг ямархуу хүчээр хийх гэж байгааг компьютерээр тооцоолно. Дараа нь ямар хэмжээний эргэлтийн хүч үүсгэхийг тооцоолон үр дүнг хүчний элемэнт (цахилгаан хөдөлгүүр)-үүдэд дамжуулан робот-хувцасны үе мөчүүдийг хөдөлгөдөг ажээ. Гэхдээ дээрх үйлдлүүд маш хурдан буюу эгшин зуурын төдий хугацаанд хийгддэг, өөрөөр хэлбэл хүний булчингийн хөдөлгөөн эхлэхээс өмнө хүн ямар хөдөлгөөн хийх гэж байгааг урьдчилан мэдэрч роботын үе мөч хөдлөж эхэлдэг ажээ. Мөн хүний биеийн үе мөчнүүдийн хөдөлгөөнийг загварчилан робот-хувцас
ыг программчилсан байдаг учир хүн ямар нэгэн үйлдэл хийе гэж бодох төдийд булчингууд хөдөлгөөнд ороогүй байсан ч робот-хувцасны дэмжлэгтэйгээр үе мөчүүдээ хөдөлгөж чаддаг байна.

HAL робот-хувцасыг сэргээн засах эмчилгээ, үйлдвэрийн хүнд хүчир хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн өдөр тутмын үйл хөдлөлийг дэмжих, аврах болон энтэртэймэнт гэх мэт маш олон хэлбэрээр ашиглаж болох юм. Робот-хувцас нь 1.6 м өндөртэй бөгөөд 100В хүчдэлээр цэнэглэгдэх баттерэйгээр ажилладаг, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 5 цаг хүртэл хугацаагаар ажилуулах боломжтой ажээ. Робот-хувцас нь бүтэн биеийн ба хөлний гэсэн хоёр хэлбэртэй бөгөөд 4200 доллараар худалдаж байгаа юм байна.




Киборг - бодит зүйл үү

Киборг (cyborg) гэж юу болох талаар хүмүүс зөгнөлт киноноос тодорхой хэмжээний ойлголт, төсөөлөлтэй болсон байдаг. "Robocop" цувралын робот цагдаа, хамгийн сүүлийн жишээ гэхэд "Terminator salvation" киноны Маркус зэрэг хагас хүн хагас роботууд нь энгийн хүнд баймгүй их хүч чадал, физиологийн боломжуудыг агуулсан байдаг билээ. Эдгээр нь киборгийн хөгжлийн эцсийн шатны бүтээгдэхүүнүүдийн тухай төсөөлөл юм.

Ирээдүйд технологийн хөгжлийн өндөр түвшинд хангалттай нарийн төвөгтэй үйлдлүүд гүйцэтгэх чадвар бүхий хиймэл оюун ухаант роботууд бүтээгдэх учир заавал хүний бие махбодыг техниктэй холбосон киборг байх шаардлагатай юу гэдэг асуудал ч бас байдаг. Нөгөө талаас хүнд хүчир ажил гүйцэтгэх, тулгуур эртхний хөгжлийн бэрхшээлтэй хүний үйл хөдлөлийг дэмжих, гар хөл зэрэг осол гэмтэл, өвчинөөс шалтгаалан тайрагдсан, үйл ажиллагаа нь алдагдсан эртxнийг орлуулах гэх мэт зорилгоор ашиглах хувилбар байж болоx юм.

Ингээд зөгнөл мөрөөдлөө түр орхин бидний амьдран байгаа одоо цагийн кибернетикийн салбарт хийгдэж буй зарим нэг шинэ судлагаануудын талаар цувралаар танилцуулъя. Тархи, мэдрэл судлал, физологи, мэдээллийн технологи, робот судлалын хамгийн шинэ ололтуудыг тусгасан эдгээр судлагааны ажлууд нь дээр дурдсан киборг бүтээхэд маш ойрхон байгаа мэт сэтгэгдлийг өөрийн эргүй төрүүлэх болно.

Киборг 1 - Сармагчин роботыг "бодол санаа"-гаараа удирдана.

АНУ-ын "Pittsburgh"-ийн их сургуулийн эрдэмтдийн судлагааны дүнд сармагчин роботыг "бодол санаа"-гаараа удирдаж сурчээ. Тархинд нь суулгасан чипний тусламжтайгаар сармагчин хоол авч ам руугаа хийх, ус уухын тулд крант онгойлгох зэрэг үйдлийг бодол санаагаар удирдагдах робот-гараар чөлөөтэй хийж сурсан байна. Сармагчингийн тархиний гадаргад суулгасан электродууд нь хөдөлгөөнийг удирдах тархины төв хэсгээс дохиоллуудыг хүлээн авна. Уг дохиоллуудыг компьютерийн программ хангамжаар боловсруулан сармагчин ямар үйлдэл хийхийг хүсч байгааг таньж мэдэх боломжтой ажээ.

Дараа нь программаас робот-гар руу аль чиглэлд ямар хурдтайгаар хөдлөж ямар үйлдэл хийх тухай дохиолол илгээгдэгдсэнээр робот-гар хөдлөж эхлэнэ. Хэрэв робот-гар сармагчингийн хүссэн байрлалаас зөрөх тохиолдолд сармагчин робот-гарыг маш хурдан удирдаж үйлдлийг залруулж сурсан байна. Мөн энэ судлагааг ирэх жилээс хүн дээр туршихаар төлөвлөж байгаа гэнэ шүү.



"Ном"-гүй номын сан

144 жилийн түүхтэй америкийн Cushing Academy ахлах сургуулийн захиргаа 20 мянган ном бүхий номын сандаа нэг ч ном байлгахгүй байх шийдвэр гаргасан байна. Сонгодог, уран зохиол, яруу найраг, зарим шинжлэх ухааны олон ботиуд зэрэг бүх номынхоо тал хувийг устгалд оруулан оронд нь зөөврийн компьютерүүд, 18 ширхэг электрон ном уншигч (ebook reader), 3 том хавтгай дэлгэц бүхий телевизор суурилуулан дижитал мэдээллийн төв байгуулсан байна. 21-р зууны номын сан гэдгэх уг мэдээллийн төв цаашид оюутан сурагчдад 1 сая ширхэг виртуал номоор үйлчилэх боломжтой болохоор төлөвлөж байгаа ажээ.

"Чимээгүй" машинаас хараагүйчүүдийг хамгаална

Хосломол хөдөлгүүрт болон цахилгаан автомашинуудын сурталчилгаанд дуу шуугиан маш бага гаргадаг тухай заавал дурддаг. Гэвч энэ нь хараагүй хүмүүсийг автомашинтай холбоотой осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болох юм. Японы хараагүйчүүдийн холбооны хүсэлтийн дагуу засгийн газраас автомашин үйлдвэрлэгчдэд "чимээгүй" машиндаа ердийн хөдөлгүүрийн дуу чимээ, эсвэл гар утасных мэт дуу авиа гаргах аудио төхөөрөмж суурилуулах тухай дүрэм боловсруулж мөрдөж эхлэх тухай зарласан байна. Албан бус судлагаагаар өнгөрсөн жил 52 хараагүй иргэн "чимээгүй" машин ойртож ирж байгааг мэдрээгүйгээс осолд өртөх аюултай нөхцөл байдалд орсон тухай мэдээлэл байгаа боловч одоогоор албан ёсоор ямар нэгэн осол бүртгэгдээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор Тоёота компани 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж буй хосломол хөдөлгүүрт машинууддаа явган зорчигч болон хараагүй хүмүүс ойртох үед мэдэрч дуу чимээ гаргах радарын төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна.
Одоогоор байгальд хорт нөлөө багатай автомашины борлуулалтыг дэмжих татварын болон урамшууллын бодлогын нөлөөгөөр японд хосломол хөдөлгүүрт машины хүмүүс маш ихээр худалдан авч байгаа юм. Хосломол хөдөлгүүрт Тоёота Приус машин сүүлийн дөрвөн сар дараалан борлуулалтын жагсаалтыг тэргүүлж байна.


(эх үүсвэр; yahoo news)