Ирээдүйн хувийн тээврийн хэрэгслүүд

Хот дотор буюу харьцангуй хязгаарлагдмал орон зайд ашиглагдаx ирээдүйн тээврийн хэрэгслүүдийн чиг хандлагыг тодорхойлсон шинэ бүтээлүүдийн тухай танилцуулья. Одоогоор ашиглагдаж байгаа болон судлагаа сайжруулалтын (concept) шатанд байгаа хувийн буюу нэг хүний тээврийн хэрэгслүүд нь байгальд хоргүй, цахилгаанаар ажилладаг, унаж буй хүний биеийн хүндийн төвийн шилжилтийг мэдэрч тэнцвэрийг хадгалах зарчимаар ажилладаг байдлаар хийгдэж байгаа ба удирдаж ажиллуулахад төвөгтэй үйлдэл бүхий жолоо, хурд, тормозны механизм шаардлагагүй бөгөөд хүссэн чиглэл рүүгээ биеэр налж, биеийн хүндийн төвийг шилжүүлэхэд л хангалттай юм. Мөн эдгээр тээврийн хэрэгслүүд нь бүхээггүй, овор хэмжээ багатай учир зун буюу цаг агаарын тааламжтай нөхцөлд хот дотор, эсвэл том хэмжээний барилга дотор ашиглах боломжтой байх ажээ.

1. "Segway" - Хоёр дугуйт цахилгаан тээврийн хэрэгсэл
Өнгөрсөн наадмын үеэр хамгаалалтад гарч буй цагдаа нар нар унаж олон хүнийг гайхашруулж байсан "segway" нь энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийн анхдагч нь юм. Америкийн "Segway" компани 2001 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хамгийн анх нийтийн хэрэгцээнд нэвтэрч, өнөөдөр олон оронд төрөл бүрийн зориулалтаар ашиглагдаж байгаа юм. Хоёр ширхэг хазайлтын, 5 ширхэг тэнцвэрийн мэдрэгч, хос компьютер, олон дахин цэнэглэх лити-ион батерейгээр тоноглогдсон бөгөөд хамгийн дээд хурд нь 20 км/ц юм. Тэнцвэрийн систем нь алхах үеийн хүний биеийн тэнцвэрээ олох үйл ажиллагаатай төстэй ажээ. Шигтгээ болгоход америкчууд том биетэй, том байшинтай, том машинтай, ерөнхийдөө том юманд нугасгүй улсууд билээ. Тэгвэл америкийн "том" хувийн тээврийн хэрэгслийг жолоодоход ямархуу байдгийг дараах видеоноос сонирхно уу.



2. "Winglet" - Хүний биеийн хөдөлгөөнийг дэмжих босоо хэлбэрийн тээвэрлэгч робот.
Тоёота компани одоогоор судлагаа сайжруулалтын шатанд байгаа "Winglet" хэмээх тээврийн хэрэгслийг өнгөрсөн жилийн 8-р сард танилцуулсан билээ. Олон нийтийн газар ашиглах зорилгоор овор хэмжээг аль болох багасгахыг зорьсон бөгөөд хэрэглээгүй үед эвхээд гартаа барьж явж болохоор хийдсэн байна. Энэ хэмжээгээр харьцангуй бага хурдтай дээд хурд нь 10км/ц юм. "Winglet"-ийг 2010 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд L, M, S гэсэн гурван төрлийн загвартай ажээ.



3. "U3-X" - нэг дугуйт цахилгаан тээвэрлэгч
Хонда компани өнөөдөр "U3-X" хэмээх тээврийн хэрэгслийг танилцуулсан байна. Энэ тээврийн хэрэгсэл нь маш энгийн авсаархан загвартай бөгөөд онцлог шинж чанар бүхий дугуйн тусламжтайгаар хажуу тийш болон диагонал гэх мэт дурын чиглэлд хөдлөгөөн хийх боломжтой болсон нь дэлхийд анх удаа шийдэгдсэн технолгийн шийдэл болсон байна. Дээр дурдсан "Segway" болон "Winglet" нь зогсоо байдлаар унах учир удаан хугацаагаар ашиглах тохиолдолд хөл чилэх, ядрах тохиолдол ажиглагдаж болох юм. Тэгвэл "U3-X"-г хүн суугаа байдлаар унах учир хүний биед болон хөлөнд ямар нэгэн ачаалал ирэхгүйгээрээ давуу талтай юм. Энэ тээврийн хэрэгсэлд "Asimo" роботын тэнцвэр хадгалах технологийг ашигласан бөгөөд 10 кг жинтэй, бүрэн цэнэглэлтээр 1 цаг ажиллах хүчин чадал бүхий лити-ионы баттерейгээр тоноглогджээ.


,

3 сэтгэгдэл:

Зун наадмаар манай цагдаа нар нэг ийм юм унаж давхиад байсан. Шинэ технологи хурдан л орж ирдэг юм байна.

хариулах...

Нэлээд хэдэн саяын үнэтэй юм дуулдсан, шинэ юм, шинэ технологи хэрэглээд дэвшилттэй мэт санагдавч нөгөө талаас манайд зуны гуравхан сар хэрэглэх гэж тийм юм авч байснаас эргүүлийн ганц эксел авсан нь дээр байсан болов уу гэж бодож сууна.

хариулах...

Цагдаа нарт хэрэггүй зүйл дээ, ямар тэрүүгээр хүн хөөнө гэх биш, хэхэ. Эргүүлд тийм юм унаад гарна гэдэг ч зохихгүй зүйл.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх