Түүхэн зургийн үнэн түүх 2

Шинээр олдсон зургуудын нэгэнд довтлох сургуулилт хийж байгаа цэргүүдийг хажуу талаас нь дүрсэлжээ. Гүйж буй цэргийн цаана цайвар цамц өмссөн цэрэг харагдана. Цагаан цамцтай хүн ганцхан, "унаж буй цэрэг" (эхний хэсгийг энд дарж уншина уу) байх ёстой. Наад талын цэрэгтэй харьцуулахад бууных нь оосор хийсч, зураг нь бүрэлсэн байна. Зургийн зүүн буланд цухуйх бууны үзүүр өөр нэгэн цэрэг ойролцоо гүйж явааг илтгэнэ. Гурван цэргийн дундах цагаан цамцтай цэрэг санамсаргүйгээр тэнцвэрээ алдан, хойш унахын өмнөх мөч зурагт дүрслэгджээ.


Бүсэндээ зүүсэн дашмаг ч "унаж буй цэрэг" гэдгийг давхар нотлоно. Ямар нэгэн зүйлд хальтран, тэнцвэрээ алдсан цэргийн унах мөч Капагийн камерт үлдэж "унаж буй цэрэг" болсон юм биш биз. Эргэлзээг тайлах зорилгоор хоёр зургийг компьютер графикийн дүрслэлд байрлуулж судалсан байна. Зургаас камерийн харааны чиглэлийг нарийвчлан тодорхойлж болно. Цэргийн биеийн өндөрийг 160 см гэж тооцвол зураг авсан хүний байрлалыг олох боломжтой. Шинжилгээгээр тэнцвэр алдаж буй болон унаж буй цэргийн зургийг 1.2 м зайтай хоёр өөр газраас авсныг тодорхойлжээ.

Эхний зурган дээр бууных нь үзүүр цухуйж буй цэргийн гүйх хурдыг 4 м/с гэж тооцвол 2 дахь зурганы кадраас гарахын тулд 0.86 секундын хугацаа шаардагдана. Капа секунд ч хүрэхгүй хугацаанд 1.2 м зай туулж, хоёр зураг дарж амжих уу. Энэ нь хальсыг гараар эргүүлдэг тухайн үеийн камерийн хувьд ямар ч боломжгүй үйлдэл юм. 2 зургийн аль нэгийг Капа бус өөр хүн авсан байж таарна. Тэгэхээр унаж буй зургийг Капа авсан байх магадлал 50% болно. Капатай мөр зэрэгцэн бүлэг цэргийн зураг авч явсан өөр нэгэн зурагчин хэн байв.

Дайн ид үргэлжилж байх дарагдсан нэгэн зурагт хоёр зурагчны дүр санамсаргүй үлджээ. Дайнаас зугтах хүмүүсийн эсрэг чиглэн алхах хосын нэг нь Капа, нөгөө нь түүний найз бөгөөд дайны анхны эмэгтэй зурагчин хэмээгдсэн Герда Таро юм. Герда Капатай адил еврей үндэстэн, фашизмыг эсрэг үзэлтэй нэгэн байв. Тэд Парист байх үедээ танилцаж, хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Капагийн гэрэл зурагчны орлого амьдралд нь хүрэлцэхгүй байсан учир хамтдаа зохиомол нэр бүхий хийсвэр зурагчинг бий болгож илүү сайн ажил олохыг эрмэлзсэн байна.


Роберт Капагийн ард нуугдсан хос камераар зэвсэглэн Испаний дайныг зорьжээ. Тэр хоёр бараг нэгэн эгшинд нэгэн цэргийн зургийг авсан нь тэнцвэр алдаж буй, унаж буй цэрэг байв. "Унаж буй цэрэг"-ээс 10 сарын дараа Герда испанийн дайны хамгийн хүнд цэгт зураг авахаар Капагаас салж ганцаар явсан байна. Гэвч унаж буй цэрэг Лайф сэтгүүлд хэвлэгдэхийн өмнөхөн, 1937 оны 7 сарын 28-нд танкийн довтолгоон өртөн 26 насандаа нас баржээ.

Капа, Герда хоёрын хэн нь тэр өдөр унаж буй цэргийн зураг дарсан бол. 43 зургаас 7 нь Гердагийн дарсан зураг гэдэг нь тодорхой. 1:1 буюу урт өргөн нь тэнцүү хэмжээтэй зургууд нь түүний хэрэглэж байсан Ролефлекс камераар авагджээ. Харин 21 зураг нь Капагийн барьж байсан Лайка-3 камераар авагдсан, 2:3 харьцаатай зургууд юм. Харин хальс нь хадгалагдаж үлдээгүй учир "унаж буй цэрэг" ямар камераар авагдсныг шууд хэлэх боломжгүй.


Уг зургийн эх хальснаас шууд угаасан, эхэд хамгийн ойр гэгддэг цорын ганц хувилбар Нью-Иоркийн нэгэн музейд хадгалагдаж үлджээ. Түүнийг компьютер графикийн дүрслэлд байрлуулан уул, орчны оцлог байдлыг тааруулж, зургийн хэмжээг харьцуулж үзсэн байна. Зураг авагдсан цэгт Лайка-3-ыг тааруулж үзэхэд дарагдах зургийн хэмжээнээс "унаж буй цэрэг"-ийн дээд хэсэг 5%-иар илүү гарав. Харин Ролефлексийн кадрт зураг бүрэн багтсан байна. Ийнхүү тэнцвэрээ алдаж буй цэргийн зургийг Капа авч, "унаж буй цэрэг"-ийг Герда дарсан нь тодорхой болов.

Дайнд үхээгүй цэргийг дүрсэлж, дээр нь өөрийн аваагүй зургаар дэлхийд алдаршсан 22 настай залуу үлдсэн амьдралаа ямархуу хүнд ачааг үүрч өнгөрүүлсэн бол. Түүний сэтгэгдэл Гердаг алагдсаны дараахан нийтлүүлсэн зургийн товхимолд шингэсэн байж магадгүй юм. "Чи испаний дайны тэргүүн шугамд байсан, одоо ч тэндээ бий" хэмээн товхимлын эхлэлд Гердад зориулан бичжээ. Мөн товхимолд "унаж буй цэрэг"-ийг оруулаагүй байв. Магадгүй тэр "унаж буй цэрэг"-ээс илүү сайн зураг авахыг хүссэн байх.


5 дайнд оролцсон Капагийн хувьд хамгийн хүнд үе Нормандад тохиожээ. Тэр өөрийн хүслээр газардах цэргийн тэргүүн эгнээнд орсон байна. 12 мянган нисэх онгоц, 6000 гаруй усан онгоц, 200 мянган цэргийг хамарсан ажиллагаа үүрээр эхлэх үед тэднийг германы 40 мянган цэрэг бүхий хориглолт хүлээж байв. Айдас, дээр нь далайн өвчнөө арай ядан дарж, хүйтэн усанд үсрэн орох цэргүүд дайсны суманд буудуулан унаж байв. Капагийн камер дайчин нөхөд рүүгээ чиглэж, хэдийгээр бүрэлзсэн ч жинхэнэ үхэл, амьдралын заагийг илчилсэн алдарт зургаа даржээ. "Унаж буй цэрэг" авагдах үед Капа 22 настай байсан бол 8 жилийн дараа л түүнтэй эн зэрэгцэх түүхэн зураг авч чадсан юм.

2 сарын дараа германы дарлалаас чөлөөлөгдсөн нэгэн хотод Капа нэгэн зураг авчээ. Германчуудад үйлчилж байсан франц эмэгтэйд ирэх олон хүний хорсол, занал чихэнд сонсогдож, зүрхэнд шивэх мэт мэдрэгдэнэ. Зурагт шударга ёс, худал хуурмаг зэрэгцэн оршсон етөнцийг илэрхийлжээ. Дэлхийн 2-р дайны дараа дайны зурагчингийн амьдрал тийм ч сайн байгаагүй гэдэг. Капа 1954 онд 5 сарын 25-нд мотоциклтэй цэргүүдийн зургыг авсны дараахан минад өртөж, вьетнамын дайны талбарт амь насаа алджээ.




эх сурвалж, NHK

"Токио мотор шоу 2013"-аар сонин юу байна

Энэ өдрүүдэд нээгдээд байгаа Токио мотор шоу үзэсгэлэнд японы автомашин үйлдэврлэгч 14, бусад улсын 18 компани оролцож, жижиг оврын цахилгаан машинуудыг олноор дэлгэн үзүүлж байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь Кавасаки моторс компаний бүтээсэн гурван дугуйт юм. Энэ загварын их биеийн түвшинг жолоодлогын нөхцөлөөс хамааруулан нам болон өндөр байрлалд шилжүүлэн өөрчлөх боломжтой юм.



Дайхацу компаний түлшний батерей бүхий FC Deck загвар гадна байдлаараа туйлын онцлог болжээ. Хүүхдийн тоглоомыг санагдуулах энэ машины урт 3.3 м, өргөн 1.5 м, өндөр нь 1.9м тус тус байна.


Рэйнолт компани 2 хүний суудалтай, эрвээхэй хаалгатай цахилгаан машины DeZir загварыг танилцуулжээ. Энэ машин 180 км/ц хүртэл хурдлах чадвартай.


Ниссан компани 2 хүний суудалтай жижиг оврын цахилгаан машины концепт загварыг танилцуулав.


Тус компаний BladeGlider гурван хүний суудалтай цахилгаан машины концепт загвар өвөрмөц хэлбэрээрээ бидний мэдэх уламжлалт автомашинаас ялгагдана. Машины урд хэсгийг нарийн, гурвалжин хэлбэртэй болгох боломжийг цахилгаан хөдөлгүүрийн хийцийн уян хатан байдал  олгожээ.


Автомашин үйлдвэрлэлтээр дэлхийд хамгийн томд тооцогдох Тоёота компани шингэрүүлсэн хийн хосолмол хөдөлгүүрт JPN TAXI концепт загварыг дэлгэж байна. Уг загварын бүхээг доторхи дэлгэцэнд замын зураг, явж буй чиглэл зэрэг хэрэглэгчдэд зориулагдсан мэдээллийг үзүүлдэг байна.


Мөн FV2 концепт загвар загвар дуу хоолой болон дүрс таних технологийн тусламжтайгаар жолоодлогын горимыг сонгох ажээ. Жолооч энэ машиныг өмнө нь тус компаний бүтээж байсан тээвэрлэгч роботын адил зогсоо байдалд жолоодох учир серфингийн спортыг авто зам дээр хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.



Тус компани мөн устөрөгчөөр ажиллах, байгальд ээлтэй түлшний батерей бүхий FCV загварыг 2015 оноос эхлэн их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Загварын хувьд гадна байдлаасаа авахуулаад хосломол хөдөлгүүрт Приус загвараас бүх талаараа ялгагдана. Энэ машин зөвхөн онцгой хэрэглээгээр зогсохгүй бөгөөд ердийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байна.


Тэгвэл Өмнөд Солонгосын өрсөлдөгч Хьюндай компани Tucson SUV хэмээх түлшний батерей бүхий загварыг ирэх жилээс худалдаалж эхлэх тухай өнгөрөгч долоо хоногт зарлаад байна. Энэ нь адил төрлийн өрсөлдөгчид дундаас олон тоогоор үйлдвэрлэж буй анхны загвар болж байна.


эх сурвалж, mailonline

Утасны онол (эхний хэсэг)

Эйнштэйн нэгдэл (unification)-ийн онолын томьёоллыг хайж, амьдралынхаа сүүлийн мөчүүдийг хүртэл цаас харандаанаас салаагүй гэдэг. Тэр өөрийгөө томоохон нээлтийн өмнө ирсэнийг мэдэрсэн байж магадгүй ч зорьсноо биелүүлж чадалгүйгээр хорвоогоос хальжээ. Түүнээс хойш хагас зуун өнгөрсөн ч нэгдлийн онол физикчдийн хувьд туйлын зорилго хэвээр байна. Гэхдээ үүнд дөхөж очих онол бий болсон нь утасны онол (string theory) юм. Хэрэв энэ онол үнэн бол бид уран зөгнөл мэт гайхалтай ертөнцөд оршин байж таарна. 11 хэмжээст тэнхлэг, яг дэргэд байх паралель ертөнц, утаснаас гарах авиануудаар бүрдэх үзэсгэлэн төгөлдөр орчлон ертөнц гэх мэт. Утасны онолын санаа маш энгийн. Орчлон ертөнц бүхэлдээ цорын ганц элементээс бүрдэнэ. Тэр нь төсөөлөхөд ч бэрх өчүүхэн хэмжээтэй, чичирхийлэх энергийн утас юм. Энэ утасны янз бүрийн хэлбэлзэл янз бүрийн материйг үүсгэнэ. Хөгжмийн чавхдаснаас гарах төрөл бүрийн авиа ер бусын, аварга симфонийг үүсгэх мэт.


1. Эйнштейний биелээгүй мөрөөдөл

Нэгдлийн онолын эрэл хайгуул шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн алдартай үйл явдлаас эхэлжээ. 1665 оны нэгэн өдөр модон дор сууж байсан нэгэн залуугийн толгой дээр тохиолдлоор алим унасан гэгддэг. Үүний үр дүнд Исаак Ньютон шинжлэх ухаанд хувьсгал хийв. Алим газарт унах, сар дэлхийд татагдан, түүнийг тойрон эргэхэд хүргэх хүч нэгэн адил зүйл гэж Ньютон үзэв. Хүндийн болон таталцлын хүч нь нэг л хүч юм. Шинжлэх ухаан таниж мэдсэн хамгийн анхны хүч - хүндийн хүчний ачаар газар тэнгэр хоёрыг холбов. Хэдийгээр 300 жилийн өмнө нээгдсэн боловч хүндийн хүчний хууль маш өндөр нарийвчлалтай учир одоо ч ашиглагдсаар байна. Хүн саран дээр буух үед хүндийн хүчнээс өөр юу ч хэрэггүй байсан юм. Гэвч Ньютоны хууль хүндийн хүчний хэмжээг тодорхойлох боловч бодит байдалд уг хүч хэрхэн үйлчилдгийг тайлбарлаж чадахгүй байв.

1900-аад оны эхээр Швейцарийн патентийн байгууллагад ажиллаж байсан Эйнштэйн патентын баримтуудыг шалгах ажлын зэрэгцээ гэрлийн шинж чанарын тухай бодолхийлж байв. Энэ нь хүндийн хүчний мөн чанарыг танихад хүргэнэ. Тэр 26 насандаа гайхалтай нээлт хийж, энэ орчлонд гэрлийн хурдыг гүйцэх зүйл үгүй гэв. Гэвч уг онолоо нийтлүүлэх үед тэрээр Ньютонтой зөрчилдөж байгааг анзаарчээ. Зөрчлийн тухай ойлгоход дөхөм болгох үүднээс нэгэн туршилт хийж, нарыг гэв гэнэт ор мөргүй алга боллоо хэмээн төсөөлье. Нар алга болонгуут Ньютоны хуулийн дагуу гаригууд нарны хүндийн хүчнээс ангижирч, орчлонгийн орон зайд нисэн одно. Хичнээн хол зайд байрлаж байсан ч хүндийн хүч хормын төдийд биетүүдийн хооронд дамжина гэдэгт Ньютон итгэж байв. Тэгвэл гэрлийн шинж чанарыг нарийвчлан судлаж байсан Эйнштейн гэрэл нэг цэгээс нөгөө цэгт хормын төдийд хүрэхгүй гэдгийг мэдэж байв.

Бодит байдалд нарны гэрэл 150 сая км алслагдсан дэлхийд хүрэхэд 8 минут илүү хугацаа зарцуулна. Хүндийн хүчний тархалт гэрлээс илүү хурдлах учиргүй гэж үзсэн Эйнштейн өөрийн онолд итгэлтэй байсан тул Ньютонд эргэлзэж эхэлсэн байна. Гэтэл Ньютон андуурсан гэж үзвэл гаригууд яагаад өөрийн тойрог замаар тогтвортой эргэлдэнэ вэ. Гаригуудын хөдөлгөөнийг Ньютоны хуульгүйгээр тайлбарлах боломжгүй. Энэхүү эргэлзээг Эйнштэйн 10 жилийн дараа тайлав. Бидний мэдэх хүндийн хүч нь орон зай, цаг хугацааны тэнхлэгийн муруйлтын үр дүн юм. Дэлхий мэтийн гаригууд нарыг тойрон эргэхдээ түүний хүндийн хүчний үйлчлэлд шууд автаж байна гэсэн үг биш. Нарны хүндийн хүчнээс үүдэлтэй тэнхлэгийн муруйлтыг л даган хөдлөж байгаа хэрэг ажээ.

Хүндийн хүчний шинэ онолын хүрээнд дээрх туршилтаа давтан хийж үзье. Нар алга болонгуут түүний хүндийн хүчнээс чөлөөлөгдсөн тэнхлэгийн давалгаа үүснэ. Яг л усанд чулуу шидэхэд үүсдэг давалгаатай адил. Давалгаа дэлхийд хүрч иртэл бид дэлхийн тойрог замаасаа гарахыг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл дэлхий нисэн одохгүй. Хүндийн хүч нь гэрэлтэй адил хурдаар тархана хэмээн тооцоолсон Эйнштэйн Ньютоны онолд эргэлзэх зөрчлийг арилгав. Эйнштэйн үүгээр сэтгэл ханасангүй. Хүндийн хүчийг тухайн үед нээгдээд байсан цахилгаан соронзон хүчтэй нэгтгэхийг зорьжээ. Цахилгаан соронзон хүч нь цахилгаан болон соронзон хүчний нэгдэл бөгөөд аль хэдийн нэгэн хүч гэдгийг тогтоосон байв. Цахилгаан болон соронзны хооронд ямар нэгэн холбоо байгаа нь 19-р зууны үеэс тодорхойлогдож, Самуэл Морз түүнийг ашиглан телеграфын төхөөрөмжийг бүтээсэн байв. Цахилгаан долгион утсаар дамжин хэдэн мянган км зайд байх өөр газарт хормын төдий хүрч, соронзны тусламжтайгаар морзын дохиолол үүсгэгдэнэ. Телеграф гайхалтай бүтээл байсан боловч түүнд ашиглагдсан цахилгаан соронзон хүчний мөн чанар тодорхойгүй байв. 

Цахилгаан болон соронзон хүчийг нэгтгэхийг эрмэлзсэн хүн бол Жорж Максвеил юм. Тэр хоёр хүчний холбоог математикаар тайлбарлаж, тун энгийн дөрвөн томьёо бүтээснээр цахилгаан соронзон хүч нэгтгэгдэв. Энэ нь нэгдлийн онолд хүрэх том алхам байв. Эйнштэйн гэрэл, хүндийн хүч хоёр адил хурдаар тархах учир цахилгаан соронзон болон хүндийн хүчний хооронд ямар нэгэн холбоо байх ёстой гэж үзэж байв. Гэвч тэдгээрийг нэгтгэх судалгаа хийж үзэхэд хүчнүүдийн хоорондын ялгаа хэт их байсан учир хоорондын тэнцвэр (баланс) баригдахгүй байв. Өндөр байшин дээр зогсож байгаа хүний биед хүндийн хүч үйлчилнэ. Хэрэв тэр хүн байшин дээрээс үсэрвэл газрыг цөмлөн, дэлхийн төв хүртэл шигдэхгүй. Энэ бол цахилгаан соронзон хүчний ач тус юм. Хүний бие болон газрын гадарга бүгд нүдэнд үл үзэгдэх атом хэмээх бөөмсөөс бүрдэнэ. Атомын гадарга хасах цэнэгээр бүрхэгдсэн байна. Хүний биеийн атом газрын гадаргын атомтой мөргөлдөх үед цахилгаан хүч тэдгээрийн хооронд үйлчилж харилцан түлхэгдэхэд хүргэнэ. Өчүүхэн атомууд ч бүхэл бүтэн хүний жинг эсэргүүцэх хүчтэй. Тэгвэл түүнтэй харьцуулахад атомын түвшин дэх хүндийн хүчний үйлчлэл өчүүхэн бага хэмжээтэй байна.

Үүнээс гадна тухайн үеийн физикийн салбарт хувьсгал хийсэн онол бий болж, Эйнштэйний төлөвлөгөөнд саад болно. Эйнштэйн агуу онол бүтээж, цаашид ч физикт үнэт хувь нэмрээ оруулна хэмээн хүмүүс найдаж байсан юм. 1920-оод оны үед хэсэг залуу эрдэмтэдийн бүлэг уран зөгнөлөөс ч хэтийдэх нэгэн шинэ санааг гаргажээ. Тэдний төвд байсан хүн бол Данийн физикч Нилс Боор юм. Атом удаан хугацаанд материйн хамгийн жижиг хэсэгт тооцогдож байсан бол түүнээс ч жижиг эгэл бөөмсийг тухайн үед илрүүлжээ. Энэхүү атомоос жижиг ертөнцөд Эйнштэйний онол ч, Максвелийн онол ч үйлчилсэнгүй. Тэгвэл эрдэмтэдийн чармайлтын үр дүнд 1920-оод оны үеэс квант механик хэмээх физикийн шинэ салбар бий болж, эгэл бөөмийн хөдөлгөөний мөн чанарыг тайлбарлав. Гэвч уг онол орчлонгийн тухай тогтсон ойлголтыг үндсээр нь өөрчлөв. Орчлон ертөнц ямар нэгэн тогтсон дүрэм журамд захирагддаг, түүнийг урьдчилан тааварлах боломжтой байна гэж Эйнштэйн үзэж байсан юм. Гэвч эгэл бөөмийн ертөнц мөрийтэй тоглоомын шоо мэт зүйл байв. Тэнд шооны нүх хэд буухыг мэдэхгүйтэй адил яг таг зүйл гэж нэг ч үгүй байв. 

Квант механик нь ямар нэгэн үр дагавар гарах талаар зөвхөн таамаглал дэвшүүлж л чадна. Квант механикийг бидний оршин буй ертөнцөд хувирган төсөөлье. Тэгвэл таньд магадгүй өөрийн эрүүл ухаанаа алдсан мэт санагдана. Бидний мэдэх хачирхалтай үзэгдлүүд ийм ертөнцөд ердийн зүйл байна. Та квант механикийн кафед орж жүржийн жүүс захиаллаа гэж бодъё. Ийм тохиолдолд үйлчлэгч таньд туслахыг оролдоё гэнэ. Учир нь тэр тодорхой захиалга өгөх үйлчлүүлэгчид дасаагүй. Энд бүх зүйл санамсаргүйд захирагдана. Жүржийн жүүс захисан ч үнэхээр өгөх эсэхийг магадлалаас өөрөөр хэлж чадахгүй. Үйлчлэгчийн авч ирсэн ундаа таны захиалга биш байлаа ч санаагаар унах хэрэггүй юм. Учир нь квант механик таны захиалгын хариуд шар, улаан өнгөтэй жүүс ирэх магадлалыг ч бас давхар заана. Бидний ертөнцтэй зэрэгцэн орших өөр ертөнцөд аль аль нь бодит байдалд тохиож болно. Тухайлбал 1000 хувилбар байгаад аль нэгийг биелнэ хэмээн баттай хэлж чадахгүй бол 1000 хувилбар нэгэн зэрэг биелнэ. 

Ердийн хүнд эрүүл бус санагдаж болох ч физикчдийн хувьд эндүүрэл нь үнэн байх тохиолдол элбэг байдаг. Квант механик бидний ертөнцөд байж боломгүй үзэгдэл байх боломжтой гэдгийг ч итгэлтэй хэлж чадна. Тухайлбал эгэл бөөм хана болон саадыг нэвтлэн гарах боломжтой. Квант механикийг ойлгоё гэвэл орчлонгийн тухай өөрийн зөв гэж итгэж явдаг бүхий л ойлголтоо тархинаасаа арчин хаях шаардлагатай болно. Эйнштэйн орчлон ертөнц ямар нэгэн тогтсон дүрэм журамд захирагддаг, түүнийг урьдчилан тааварлах боломжтой гэсэн итгэлээсээ эцсээ хүртэл хагацахыг оролдоогүй юм. Үр дүнд нь нэгдмэл онолын талаар хийсэн түүний бүхий л тооцоо бүтэлгүйтнэ.

Квант механик нь атомоос жижиг ертөнцийг гайхалтай сайн тайлбарлаж байв. Квант механик гайхалтай үнэн зөв, таамаглал болон туршилтын үр дүн зөрсөн тохиолдол өдийг хүртэл нэг ч гараагүй гэдэг. 1930-аад оны үед Эйнштейний судалгаа зогсонги байдалд орсон бол квант механик эгэл бөөмийн нууцыг нээсээр байв. Атомын бүтцийг судлаж, түүн дотор үйлчлэх 2 шинэ хүч байгааг нээв. Хүчтэй хүч нь неитрон, протоныг нэгтгэж, янз бүрийн атомын цөмийг бүрдүүлнэ. Тэгвэл сул хүч нь неитроныг протонд хувиргаж, цацраг ялгаруулахад хүргэнэ. Гэхдээ эдгээр хүчний хажууд хүндийн хүч өчүүхэн бага юм.  Хүчтэй, сул хүчийг 1946 оны 7 сарын 15-нд хийсэн нэгэн туршилтаар анх удаа шалгажээ. Дөнгөж метр хагас диаметртэй анхны цөмийн бөмбөгний дэлбэрэлтийн үр дүнд цөмийн хүчтэй хүч суллагдаж, 20000 тонн (TNT) дэлбэрэх бодисын хөнөөлийг ялгаруулжээ. Хэдийгээр 50 жил өнгөрсөн боловч туршилт хийсэн тэр газарт цацраг идэвжхил ердийн хэмжээнээс 10 дахин өндөр хэвээр байна. Энэ нь цөмийн сул хүчний нөлөө юм. Хүчтэй болон сул хүч нь цахилгаан соронзон болон хүндийн хүчтэй харьцуулахад маш бага орон зайд үйлчилдэг.

1933 онд нацист германаас зугтан ирсэн Эйнштэйн Нью-Жорж мужийн Принстонд амьдрах болжээ. Тэрээр хүндийн болон цахилгаан соронзон хүчийг нэгтгэх судалгаа хийж, амжилтад хүрэхэд тун ойрхон байгаа тухай сонингууд шуугиж байсан боловч ихэнх эрдэмтэд Эйнштэйний үе дууссан гэж бодож байв. Онолын физикчид атомын судалгааг эхлүүлэх үед Эйнштэйн тэднээс сондгойрч үлдсэн юм. Нэгэн цагт дэлхийд нэрээ дуурсгаж явсан суут эрдэмтэн аль хэдийн байр сууриа тавьж өгөх болсон нэгэн муу хөгшин мэт сэтгэгдэл төрүүлж байв. Эйнштэйн нэгдлийн онол бүтээх санаагаа гүйцээж чадалгүйгээр 1955 онд нас баржээ. 1950-аад оноос нэгдлийн онолыг судлах хүн бараг үгүй болж, физикийн салбар хоёр хэсэгт хуваагдсан байна. Нэг хэсэг нь харьцангуйн ерөнхий онолыг баримталж, аварга том одод галактикийг судлаж байсан бол нөгөө хэсэг нь квант механикийг ашиглан өчүүхэн жижиг эгэл бөөмсийг судлах болжээ. Ийм нөхцөлд ч орчлон ертөнцийн судалгаа бага багаар амжилт олсоор байв.

Гэвч нэгдмэл биш л бол өөр ямар ч онолоор тайлбарлах боломжгүй хачирхалтай бүс гарч ирсэн нь хар нүхний "ёроол" байв. Германы одон оронч Карл Шварцшилт 1916 онд хар нүхний тухай таамаглал дэвшүүлжээ. Дэлхийн 1-р дайны тэргүүн шугаманд байж, их бууны сумны траекторийг тооцоолох үүрэг хүлээсэн тэрээр ажлын завсар зайгаар харьцангуйн онолыг судалж, асар том масстай биет жижиг орон зайд нягтарвал тэнхлэгүүдийг хязгааргүй муруйлгах хүндийн хүч үүснэ хэмээн таамаглав. Шварцшилтийн таамаглал хэдэн арван жилийн туршид хоосон төөрөгдөл мэт ойлгогдож байсан боловч сүүлийн үеийн судалгаа, ажиглалтаар бодит зүйл гэдэг нь батлагдаад байна. Тэгвэл аварга од өчүүхэн болтлоо шахагдсан учир хар нүхний ёроолд харьцангуйн онол хүчин төгөлдөр байх уу, эсвэл маш жижиг цэг мэт учир квант механикийг ашиглах уу гэсэн асуудал урган гарчээ. Хоёр онолыг нэгэн зэрэг ашиглахаас өөр аргагүй мэт санагдавч ийм тохиолдолд яалт ч үгүй хоорондоо зөрчилдөнө. Зөрчлийг шийдэх үүднээс тэдгээрийг нэгтгэх хамгийн үнэмшилтэй онол дэвшүүлэгдсэн нь "утасны онол" юм.

Энэ онолоор орчлон ертөнц бүхэлдээ цорын ганц элементээс бүрддэг гэж үздэг. Тэр нь төсөөлөхөд ч бэрх өчүүхэн хэмжээтэй, чичирхийлэх энергийн утас байна. Энэ утасны чичирхийллийн янз бүрийн хэлбэр өөр өөр бөөмийг үүсгэнэ. Яг л хийлийн нэг утас өөр өөр аялгууг үүсгэдэг шиг. Утасны онол саяхныг хүртэл шинжлэх ухаанч бус гэгдэж байсан бүст нэвтэрч, бөөмс, хүчнүүд, орчлон ертөнцийн үүсэл, түүний одоогийн дүр төрхийн талаархи онолуудыг гайхалтайгаар нэгтгэж чадсан юм. Гэхдээ нөгөө талаас эрдэмтдийг сөргөлдөөнд дуудаж байна. Утас оршин байлаа ч бүр хэтэрхий өчүүхэн, түүнийг оршин байгааг шалгах, илрүүлэх ямар ч боломжгүй. Энэ нь утасны онолд үл итгэх байдлыг үүсгэнэ. 



Эрчүүд яагаад том хамартай байдаг вэ

Эрчүүдийн хамрын хэмжээ эмэгтэйчүүдийнхээс 10% илүү байдаг. Ийм ялгаатай байдгийн шалтгаан удаан хугацаанд тодорхойгүй байсан боловч эрдэмтэд учрыг олжээ. Айва их сургуулийн судлаачдын тодорхойлсноор эрчүүдийн бие эмэгтэйчүүдийнээс илүү булчинлаг байдаг, булчингийн өсөлт хөгжилтөд илүү их хэмжээний хүчилтөрөгч шаардагддагаас хамрын хэмжээ томроход хүрчээ.

11 наснаас эхлэн охид хөвгүүдийн бие махбодод ялгаа гарч эхэлдэг. Бэлгийн бойжилтийн үед биеийн өөхлөг бус массын хэмжээ хөвгүүдэд 95% байдаг бол охидод 85% байдаг. Үүний улмаас бие махбодийн ерөнхий хэмжээ ойролцоо байлаа ч хамрын хэмжээ ялгаатай болдог  байна. Энэ судалгаа неандерталчуудын хамар орчин үеийн хүнийхээс харьцангуй том байсны учрыг мөн тайлж байгаа юм.

Европын хоол тэжээлийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар эрчүүдийн биед шаардагдах энергийн хэрэгцээ эмэгтэйчүүдийнхээс 2 дахин их байдаг байна. Мөн орчин үеийн хүн эртний хүмүүстэй харьцуулахад жижиг хамартай байгаа нь хувьслын явцад биеийн хэмжээ багасч, энергийн хэрэглээ буурснаас үүдэлтэй ажээ.

Дээд зурагт эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хамрын хэмжээ адил байгааг харуулсан бол
доод зурагт насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэйн хамрын ялгааг харуулжээ.

эх сурвалж, mailonline

Аалзан робот тоглоом бүтээжээ

Хонконгийн Робагтикс компани Т8X хэмээх аалз хэлбэрийн робот тоглоомын шинэ загварыг бүтээсэн байна. Шинэ загвар нь яг л амьд аалз мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлогтой юм. Түүний их биеийн зураг төслийг CAD програм хангамжийн тусламжтайгаар бүтээж, 3D принтерээр хэвлэж үйлдвэрлэсэн байна. Хуванцар хэсгүүдийг илүү хямд өртөг бүхий цутгалтын технологи ашигласан бүтээсэн тул өртөгийг хямдруулахад нөлөөлжээ.


Мөн XBee утасгүй холбооны технологи, хүртэхүйн мэдрэгч, их биед суурилуулсан цэнгэлэх төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Аалзыг өмнөх загварын адил 26 ширхэг серво моторын хүчээр хөдөлгөнө. 8 хөлийн тусламжтайгаар алхаж, эргэх хөдөлгөөн хийхээс гадна робот бүжиг хийж чадвартай ажээ. Т8X робот бараг бүрэн хэмжээнд угсрагдсан учир хайрцагнаас гаргаад шууд тоглох боломжтой, элдэв нэмэлт програм суулгах, тохируулах шаардлагагүй.



Роботыг удирдах нэмэлт удирдлагыг 85 доллараар худалдаж авах хэрэгтэй болно. Хэдэн сарын өмнө танилцуулж байсан өмнөх загвар нь 1350 доллараар үнэлэгдэж байсан бол энэ удаагийн шинэ загварыг энэ ондоо багтааж урьдчилан захиалах тохиолдолд 499 доллараар худалдаж авах боломжтой. Т8X робот аалз арай хэтэрхий үнэтэй санагдаад байвал 250 долларын үнэ бүхий Ийций загварыг тус компани мөн санал болгож байна.


эх сурвалж, gizmag

Нар нэг л биш байна

Нар нэг л биш байгаа талаар эрдэмтэд өнгөрсөн оноос хойш хэд хэдэн удаа мэдээлж байсан бол энэ удаад мөн адил мэдээллийг НАСА-гийн эрдэмтэд хийжээ. Нарны идэвхжлийн хэлбэр сүүлийн зуугаас ч олон жилийн дүр төрхөөс гажиж, толбоны тоо урьдчилан таамаглаж байснаас тал хувиар бага байгаа ажээ. Нарны идэвхжил оргилдоо хүрэх үед асар их хэмжээний соронзон оронг үүсгэж, түүний толбоны хэмжээ дэлхийн диаметрээс ч томордог. Мөн нарны соронзон орны нөлөөгөөр цэнэгтэй бөөмсийг огторгуйд шидлэж, тэр нь дэлхийд ч хүрэх нарны шуургыг үүсгэдэг. Нарны шуурга хиймэл дагуулын ажиллагаа, үүрэн холбооны долгионыг саатуулж, электрон төхөөрөмжүүдийг ч гэмтээх тохиолдолд бий.

2003 онд тохиосон Халловын хэмээх нарны шуурга сансар судлалын түүхэнд хамгийн их хэмжээтэй нь байв. Уг шуурганы хүч хэдийгээр дэлхийгээс холуур өнгөрсөн боловч японы хиймэл дагуулыг ажиллагаагүй болгож, олон улсын сансарын станцын нисгэгчдийг цацрагаас нуугдан хоргодоход хүргэж, Аляскийн нефт, хийн өрөмдлөгийг зогсоож, GPS навигацийн ажиллагаанд нөлөөлж амжсан байна. Тэгвэл "түүхэн мэдээллээс үзэхэд нарны идэвхжил 11 жилийн давтамжтайгаар хамгийн өндөр хэмжээнд хүрдэг бол энэ жил тохиож буй оргил сүүлийн 200 жилийн үзүүлэлтээс бага хэмжээтэй байна" хэмээн НАСА-гийн нарны физикийн судалгааны багийн тэргүүн Дэвид Хатвеи хэлж байна.

Таамаглалыг будлиантуулж байгаа зүйл нь нарны соронзон туйлын шилжилт хэвийн биш байгаа явдал юм. Нарны хойд, өмнөд соронзон туйлууд 11 жилийн давтамжтайгаар шилжиж, хоорондоо солигддог бол түүний хооронд туйлуудын соронзон орны хүч бараг тэг болтлоо сулардаг байна. "Соронзон шилжилт нь нарны идэвжлийн оргил цэгийг заах учир эрдэмтэд түүнд анхаарлаа хандуулдаг" хэмээн НАСА-гийн сансарын орчны төвийн Дуглас Бисекер хэлжээ. Гэвч энэ удаад соронзон орны туйлуудын шилжилт бас л хэвийн бус байгааг онцолж байна.

Нарны хойд соронзон туйл жилийн өмнө шилжсэн боловч өмнөд туйл урьдын адил соронзон туйлшралыг үзүүлсээр байна. "Хоёр туйлын шилжилтийн хоорондын хугацаа хэтэрхий удаан байна" гэж нарны физикч Карл Шрайвер хэлжээ. Эрдэмтэд өмнөд туйлын шилжилтийг ирэх сараас явагдах байх гэж таамаглаж байнгаа боловч нарны толбо хэтэрхий цөөхөн байгаагийн учрыг тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ олон арван жилийн турш үргэлжлэх тогтсон давтамжийн зөвхөн нэг удаагийн иймэрхүү өөрчлөлт нарны гэрлийн долгионы уртыг бага зэрэг өөрчлөх боловч дэлхийн дулаарлыг сааруулах нөлөө үзүүлж чадна гэдэгт эргэлзэж байгаа юм.



Дашрамд дурдахад нарны идэвхжил цаашид энэ хэвээр хэд хэдэн удаагийн 11 жилийн давтамжийн хугацаанд дараалан буурах тохиолдолд дэлхийг "хүйтрэл"-д хүргэх магадлалтай талаар өмнө нийтлэж байсан мэдээллийг энд дарж уншина уу.

эх сурвалж, the wall street journal

Интернетийн шифрлэлтийн тухай

Өнөөдөр интернетэд төвлөрсөн мэдээллийн аварга ертөнцөд цахим худалдаа, онлайн банкны үйлчилгээ зэрэг янз бүрийн хэлбэрээр их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Гэхдээ кибер ертөнцөд хакерын довтолгоо хэмээх айдас байнга заналхийлж байдаг. 600 компаний сүлжээг хариуцаж, 24 цагийн турш хяналт хийж буй мэдээллийн хамгаалалт аюулгүй байдлыг хариуцсан нэгэн компаний жишээг сонирхоход нэг хоногт 300 сая сэжиг бүхий хандалт илэрдэг байна. Иймэрхүү өдөр тутмын аюулаас бидний нууцыг найдвартай хамгаалах арга хэрэгсэл нь шифрлэлт юм. Тухайлбал бидний кредит картны дугаар тэс өөр тоонд шифрлэгдэн хувирч, банкинд илгээгддэг. Төрөл бүрийн картуудыг төхөөрөмжид уншуулах тохиолдолд бидний мэдээлэл шифрлэгдэн дамжина. Шифр нь зөвхөн илгээгч, хүлээн авагч хоёрын таних тэмдэгт болон тоонууд бөгөөд ямар нэг байдлаар гуравдагч этгээдэд мэдээлэл алдагдах бололцоог хаадаг.


Тухайлбал ямар нэгэн үгийг түүнийг бүрдүүлэгч үсгийн цагаан толгойн дараалал дахь дараагийн үсгээр төлөөлүүлэн шифрлэж болно. Энэ бол Юлий Цезарийн хэрэглэж байсан арга юм. Мэдээлэл боловсруулалтын эцэг хэмээгддэг Клауд Шанонын бүтээсэн шифрлэлтийн загварын дагуу илгээгч мэдээллийг шифрлэн илгээх тохиолдолд гуравдагч этгээд түүнийг олж авсан ч агуулгыг таних боломжгүй байдаг. Хүлээн авагч нь шифрийг тайлах түлхүүрийн тусламжтайгаар мэдээллийн агуулгыг мэдэж чадна. Өөрөөр хэлбэл илгээгч хүлээн авагч хоёр адил үйлдлэл хийж байж мэдээлэл дамжина. Энд тэр хоёрыг нэгтэх зүйл бол шифрийн түлхүүр байх бөгөөд түүнийг хэнд ч алдах ёсгүй. Шифрлэлтийн түүх хамгийн шилдэг шифр бүтээгч, түүнийг тайлахыг эрмэлзэгчдийн тэмцэл дунд өрнөсөөр иржээ. 16-р зууны үед англичуудад барьцаалагдсан шотландын хатан хаан Мэри Стюарт английн хатан хаан 1-р Элизаветийн амь насанд халдахаар төлөвлөж байв. Тэрээр үсгүүдийг үл таних дүрсээр орлуулах шифр хэрэглэж байсан боловч, илгээсэн мэдээлэл нь англичуудын гарт орж шифр тайлагдсанаар цаазаар авахуулж байжээ. Шифрлэлтийн технологийг дэвшилд хүргэсэн зүйл бол дайн юм.

Дэлхийн 2-р дайны үед германчуудын хэрэглэж байсан төхөөрөмж Энигма нэг үгийг 159 000 000 000 000 000 000 өөр хэлбэрээр шифрлэх боломжтой байв. Энигма нь тухайн үеийн хамгийн шилдэг төхөөрөмжид тооцогдож, түүгээр шифрлэсэн мэдээллийг тайлах боломжгүй гэгдэж байв. Гэвч английн суут математикч Алан Тюрингийн аргачлалаар цилиндрийг эргүүлэх замаар шифрийг тайлах төхөөрөмж Бомбэ бүтээгдэв. 37 ширхэг Энигматай тэнцэх хүчин чадал бүхий энэ төхөөрөмж дэлхийн 2-р дайн дуусах хугацааг 2 жилээр богиносгосон гэж үздэг. Эдгээр түүх шифрийн түлхүүрийг хичнээн нууцласан ч түүнийг тайлах боломжтой гэдгийг харуулна. Тэгвэл орчин үед түлхүүрийг олон нийтэд дэлгэн харуулах арга өргөнөөр ашиглагдаж байна. Учир нь түлхүүр байлаа ч шифрийг тайлах боломжгүй. Энэхүү хувьслын чанартай шифрлэлтийн арга 1977 онд Масечусетс их сургуульд боловсруулагджээ. Уг аргачлалыг бүтээсэн Рон Ривест, Ади Шамир, Лэонард Адлмен нарын нэрний эхний үсгээр RSA алгоритм хэмээн нэрлэгдсэн байна.


Шифрлэлтийн энэ арга өнөөгийн мэдээллийн ертөнцийн хамгаалалтын гол тулгуур болж байна. Интернетээр худалдаа хийх үед хөтчийн веб хаягний өмнөх цоожны зураг онлайн дэлгүүртэй хийж буй харилцаа шифрлэгдсэн байгааг илэрхийлнэ. Цоожны зурган дээр даралт хийж, дэлгэрэнгүй мэдээлэл дотроос тоо болон үсэгнүүдийн дарааллыг харж болно. Энэ нь 16-тын тооллоор илэрхийлэгдсэн хэн ч харж болох нийтэд дэлгэсэн түлхүүр юм. Кредит картны дугаарыг оруулах үед нийтэд ил харагдах түлхүүр автоматаар дуудагдаж, дугаарыг шифрлэн дэлгүүрт илгээдэг. Ил түлхүүр үнэхээр аюулгүй байж чадах уу гэсэн эргэлзээ төрнө. Үүний нууц нь зөвхөн нэг чиглэлт функцын үр дүн юм. Бид телефон утасны жагсаалтаас хүний нэрээр утасны дугаарыг олж болох ч, эсрэгээр дугаараас нэрийг олж болдоггүйтэй адил юм. RSA алгоритм анхны тоог ашигладаг. Анхны тоо нь 1, 3, 5, 7, 11 гэх мэтчилэн хязгааргүй үргэлжилнэ. Эрдэмтэд 2500 жилийн туршид бүхий л анхны тоог нэгэн зэрэг илэрхийлэх нэгдсэн томъёог хайсаар ирсэн боловч олж чадаагүй л байна. Энэ нь анхны тоог шифрлэлтэд ашиглах үндэс болжээ.


Зөвхөн анхны тоонуудын үржвэрээр илэрхийлэгдэх тоонууд (бүхэл тооны факториал) бий. Тухайлбал 35=5x7. Гэхдээ ийм тоо томрох тусам ямар анхны тоонуудын үржвэр болохыг олоход хэцүү. Дахин нэг жишээ авч 9991 ямар анхны тоонуудын үржвэр болохыг шалгая. 9991/2, 9991/3, 9991/3, 9991/7 гэх мэтчилэн хуваах үйлдлийг нэлээдгүй урт хугацаа зарцуулан, давтан хийж байж 9991/97=103 гэдгийг олж болно. Дэлгүүр хэрэглэгчийн мэдээллийг нууцлахын тулд урьдчилан 2 анхны тоог сонгодог. Тэдгээрийн үржвэр нь нийтэд үзүүлэх түлхүүр болно. Бидний кредит картны дугаар энэ түлхүүрээр шифрлэгдэн илгээгдэж, дэлгүүр анхны 2 тоог мэдэх учир шифрийг тайлж кредит картны дугаар уншигдана. Нөгөө талаас хакерүүд түлхүүрийг анхны тооны үржвэрт задлаж чадвал кредит картны дугаарыг мэдэж чадах мэт санагдана. Гэвч энэ нь боломжгүй юм. Одоогийн байдлаар RSA шифрлэлтийн түлхүүр нийт 617 оронгоос бүрдэж байна. Энэ нь өнөөгийн ямар ч супер компьютер, хэдэн ч ширхэгийг ашигласан үржвэрийг олох боломжгүй том тоо юм.


RSA шифрлэлтийг санал болгож буй компани түүний аюулгүй байдлыг нотлохын тулд нэгэн уралдаан зарласан байна. Олон орон бүхий тоогоор илэрхийлэгдэх түлхүүрийг зарлаж, түүнийг ямар анхны тооны үржвэр болохыг олох тохиолдолд 200 мянган долларын шагнал өгөхөөр амласан байна. Веб хуудсан дахь мэдээллийг үзвэл 174 орон, 193 орон бүхий тоог анхны тоогоор задлах даалгавар биелэгдсэн байна. Харин 309 орон, 463 орон, өнөөдөр ашиглагдаж буй 617 орон бүхий тоо мэдээж задлагдаагүй байгааг харж болно. Тэгвэл энэ чиглэлийн хамгийн дээд амжилт 2009 онд эвдэгдэж, 232 орон бүхий тоог 2 анхны тооны үржвэрт задласан байна. Үүнд Япон, Швед, Герман, Франц, Ирландын мэргэжилтнүүдийн хамтарсан баг 5 мянган компьютер ашиглан 3 жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Тоог ямар анхны тоонуудын үржвэр вэ гэдгийг мэдэхийн тулд анхны тоог хамгийн багаас нь эхлүүлэн нэг бүрчлэн шалгахаас өөр арга байдаггүй ажээ. Цаашид 617 орон бүхий тоо задлагдах 2-хон нөхцөл бий. Нэг нь компьютерийн хурд жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм. Моорын хуулиар компьютерийн тооцоолох хурд 3 жил тутам 4 дахин нэмэгдэнэ. Хэрэв энэ хурд цаашид хадгалагдана гэж үзвэл 80 жилийн дараа 617 орон бүхий тоог тайлах комьютер бүтээгдэнэ. Нөгөө нэг нөхцөл нь анхны тоог илэрхийлэх томъёог олж нээх тохиолдолд юм. Гэхдээ энэ талаар ямар нэгэн таамаглал хэлэх боломжгүй.

эх сурвалж, NHK

Хорт хавдрын эмчилгээний шинэ аргууд

Хорт хавдрын эмчилгээний үр дүн өвчлөлийн ямар шатанд илрүүлснээс ихээхэн хамаардаг. Япон улсад хамгийн өргөн тохиолддог уушигны хорт хавдар эхний үедээ илэрсэн тохиолдолд өвчтөн 5 жилийн дараа амьд байх магадлал 80.4% байдаг бол 4-р шатандаа орсон тохиолдолд 4.9% байна. Эдгээр үзүүлэлтүүд ходоодны хорт хавдрын хувьд 97.0%, 7.5%, бүдүүн гэдэсний хорт хавдарт 98.7%, 15.0% байдаг бол хорт хавдрын нийт өвчлөлийн хувьд 91.4%, 18.2% тус тус байна. Иймд эрдэмтэн, судлаачид сүүлийн шатандаа орсон хорт хавдарыг эмчлэх судалгаанд анхаарлаа хандуулж, зарим төрлийн эмчилгээний шинэ аргууд ойрын хугацаанд нэвтрэх төлөвтэй байгаа юм.

Эм
Хүний биед шинээр судас салбарлан ургахад VEGF хэмээх уураг нөлөөлдөг байна. Энэ нь бараг бүх төрлийн эст агуулагдаж, эд эсүүд хүчилтөрөгч болон тэжээлийн бодисоор дутагдах үед эсээс ялгардаг. VEGF уургийн ялгарлаар баримжаалан судас салбарлан ургаж, шаардлагатай эд эсүүдэд хүрдэг ажээ. Насанд хүрсэн хүний биед шархтаж гэмтэхээс бусад тохиолдолд шинээр судас ургах шаардлагагүй учир дээрх уураг бараг ялгардаггүй. Гэвч хорт хавдрын эсийн хурдацтай өсөлтийн үед судас мөн адил хурдацтайгаар ургаж, хорт хавдарыг бүрхдэг байна. Хавдар 2 мм-ээс илүү томрох үед хүчилтөрөгч ихээр шаардагдах учир бараг байж боломгүй их хэмжээний VEGF уургийг ялгаруулдаг. Мөн хорт хавдар нь энгийн эсүүдээс гадна судасны эсийн генийн түвшинд хүртэл өөрчлөлт оруулдаг байна. 


Ердийн судасны эс 36 цагт нэг удаа хуваагдах бол хорт хавдрын судасны эс 2 дахин богино хугацаанд хуваагдана. Ердийн судасны эсийг тэжээлийн орчноос салгахад хэдхэн цагийн дотор үхдэг бол хорт хавдрын судасны эс 3 хоног өнгөрсөн ч амьд хэвээр зогсохгүй хуваагдан өссөөр байдаг байна. Өөрөөр хэлбэл хорт хавдар судсыг "зомби" болгон хувиргадаг ажээ. Тэгвэл VEGF уургийн ялгарлыг саатуулж, "зомби судас"-ны өсөлтийг зогсоох замаар хорт хавдрын эсийг тэжээлийн дутагдалд оруулан устгах эм бүтээгдсэн байна. Бевацизумаб (bevacizumab) эм нь бүрэн эмчилгээгүй болж, амьд үлдэх найдваргүй гэгдсэн өвчтнүүдийн эдгэрэх магадлалыг эрс нэмэгдүүлж байна. Энэ эмийг бусад эмүүдтэй хослон хэрэглэхэд тохиромжтой бөгөөд олон хэсэгт үсэрхийлсэн хавдарыг ч үр дүнтэй эмчлэх тохиолдлууд гарч байгаа ажээ. Гэхдээ VEGF уургийг сааруулснаар цусны даралтыг ихэсгэх сөрөг нөлөө үзүүлэх учир зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэл бүхий өвчтөнд хэрэглэхэд онцгой анхаарах шаардлагатай ажээ.


Робот
Хорт хавдрын цацраг туяаны эмчилгээний уламжлалт төхөөрөмжийн дутагдалтай талыг сүүлийн үеийн роботын технологийн тусламжтайгаар нөхөж, эмчилгээний үр дүнд зарим ахиц гаргах болсон байна. АНУ-д бүтээгдсэн Сайбер найф хэмээх роботоор эмчилгээ хийхийн өмнө компьютер томографийн 100 гаруй зургаас хорт хавдрын байрлалыг нарийвчлан тодорхойлж, бусад эрүүл эрхтнүүдээс ялгах заагийг тогтоох шаардлагатай. Улмаар хавдрын эргэн тойронд нийт 1200 чиглэлээр цацрагаар шарж, хавдрын эсүүдийг өндөр нарийвчлалтайгаар устгадаг байна. Нэг удаагийн эмчилгээ 30-45 минут үргэжлэх боловч өвчтөнд ямар ч зовиургүй ажээ. Эхний түвшний ийм төрлийн роботын дутагдалтай тал нь уушиг, элэг гэх мэт амьсгалах үеийн цээжний тэлж агших хөдөлгөөнд оролцдог эрхтнүүдийн эмчилгээ хийх боломжгүй байв.

Тэгвэл сүүлийн үеийн загвар эрхтний хөдөлгөөнийг даган хөдөлж, байгаа алдалгүйгээр, үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой болжээ. Өвчтний биед байрлуулах LED гэрэл бүхий 3 мэдрэгчийн тусламжтайгаар амьсгалын хөдөлгөөнийг робот мэдэрдэг бол хорт хавдрын орчимд алтаар хийгдсэн материалыг суулгаж, цацраг илгээх баримжаа болгон ашигладаг байна. Энэ нь АНУ-ын цэргийн пуужин байг дагах технологид тулгуурлажээ. Сонирхуулахад япон улсад ийм төрлийн эмчилгээний өртөг даатгалд хамрагдаагүй тохиолдолд 7000 доллар орчим байна. Мөн тус улсад сайбер найф роботын тусламжтай эмчилгээг нийт 8 эмнэлэгт хийж эхлээд байгаа юм.



Цацраг
Япон улсдаа ховорт тооцогдох цөмийн реактор бүхий нэгэн судалгааны төв Киото их сургуульд харьялагдаж, цөмийн түлшийг дахин боловсруулах талаар судалгаа хийж байна. Тэгвэл профессор Оно Коожи уг реакторын тусламжтайгаар хорт хавдрын цацрагийн эмчилгээний шинэ аргыг боловсруулахад ашиглаж, 20-оод жилийн хугацаа зарцуулжээ. Цацраг туяаны ердийн эмчилгээ рентген туяагаар хийгддэг бол Оно нейтрон цацрагыг ашиглаж байна. Эмчилгээний нэршлийг BNCT гэх бөгөөд B нь химийн элемент боор, N нь нейтроныг илэрхийлнэ. Нейтрон нь боорын цөмтэй маш өндөр идэвхтэй харилцан үйлчлэлд ордог байна. Боорын нэгдлийг өвчтний биед дуслаар тарихад зөвхөн хавдрын эст цуглардаг. Энэ үед цөмийн реакторт үүсгэсэн нейтрон цацрагаар шарахад цөмийн урвал явагдаж, хавдрын эсийг устгадаг байна. Өнөөдрийг хүртэл Оногийн судалгаанд оролцсон 500 гаруй өвчтний 90%-д нь хавдрын хэмжээ багасах зэргээр эерэг нөлөө үзүүлжээ. Эмчилгээний үед өвчтөнд ямар ч өвдөлт мэдэгдэхгүй. Харин цацрагийн тун өндөр учир эмчилгээг үндсэндээ нэг л удаа хийдэг байна.


BNCT цацрагийн эмчилгээ нь одоогоор туршилтын шатандаа байна. Мөн хамгийн их хүндрэлтэй асуудал нь цацрагийг зөвхөн цөмийн реакторт үүсгэж байсан, аюулгүйн болон хаягдлын асуудлаас үүдэн реакторыг ердийн эмнэлэгт сууриулуулах боломжгүй байдал байв. Гэвч Оно Сүмитомо компанитай хамтран 3 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд нейтрон үүсгэх хурдасгуурын төхөөрөмжийг бүтээжээ. Сайклотрон (сyclotron) хурдасгуур нь протоныг хурдасгаж, тусгай металаар дамжуулах үед нейтроны цацраг үүсдэг байна. Энэ нь реактор ашиглалгүйгээр BNCT цацраг үүсгэх аюулгүй арга юм. Шинэ хурдасгуурын төхөөрөмжид тулгуурласан судалгаа өнгөрсөн жилээс эхэлсэн бол эмчилгээний шинэ аргыг 2018 он гэхэд ердийн эмнэлгүүдэд ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.


Вирус
Нагоя их сургуулийн профессор Нишияма Юкихиро HF10 хэмээх вирус гарган авсан байна. Энэ нь дунд болон ахимаг насны хүмүүсийн 80%-ийнх нь биед агуулагддаг, бидний хомхой долоох гэх нэрлэж заншсан шархыг үүсгэх Хэрпес вирусын ойрын төрөл юм. Энэ вирус нь эрүүл эсүүдэд бараг нөлөөлөхгүйгээр зөвхөн хорт хавдрын эст халдварлаж устгадаг, сүүлийн шатандаа орсон хорт хавдрын эмчилгээний үр дүнтэй арга болно хэмээх найдвар төрүүлж байна. Тэгвэл Такара биотехнологи компани зохих патентийг авч, 2010 оноос уг вируст тулгуурласан эм бүтээхээр судалгаа хийж байна. Мөн шинэ эмийн туршилтыг АНУ-д эхлүүлэхээр холбогдох зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа бол 2018 оны түвшинд эмнэлгийн практикт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

эх сурвалж, NHK

Өмнөд солонгосын захуудад өндөр технологи нэвтэрч байна

Техник технологийн өндөр хөгжил бүхий Өмнөд солонгос улсын захууд болон хямд үнэ бүхий бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн наймаачдад өндөр технологийн төлбөр, тооцооны хэрэгслүүд хүртээмж огт үгүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл саяхнаас тэдний данс тооцооны дэвтрийг таблет компьютер орлох болж, түрийвч нь кредит карт унших төхөөрөмжөөр солигдож эхэлсэн байна.

Юү Хёнжин бол Сөүлийн Жунгок чэйл захад 14 жилийн турш ургамлын тос худалдаалж байгаа жижиглэнгийн наймаачин юм. Тэр 2 сарын өмнө тус улсын үүрэн төхөөрөмжийн хамгийн том оператор СК Телеком компаниас Самсунг Галакси таблетийг үнэ төлбөргүйгээр хүлээн авсан байна. Уг таблет данс тооцооны электрон бүртгэл хийхээс гадна жижиг бизнесийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд туслах програм хангамжийг агуулж байна.


Таблет нь борлуулалт болон бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр хангаж, тооцооллын үр дүнг өдөр, долоо хоног, сараар ангилан харуулах боломжтой юм. Мөн худалдан авагч хүн тус бүрээр худалдан авсан бүтээгдэхүүний мэдээллийг үүсгэж, шинэ бүтээгдэхүүнийг текст мессежээр сурталчлах, үндсэн худалдан авагчдад электрон шуудангаар мэдээлэл илгээх боломжтой ажээ.

"Одоогоор би мэдээлэлд янз бүрийн шинжилгээ хийхийг оролдож байна. Юутай ч шинэ төхөөрөмжийг хүлээн авснаас хойш борлуулалт 30%-аар нэмэгдсэн" хэмээн Юү Хёнжин ярьж байна. СК Телеком компани өрсөлдөх чадвараа хадгалахыг хүсч буй жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг нь ийнхүү жижиг наймаачдыг төлбөр тооцооны тоон хэрэгслээр хангаж байгаа явдал юм.

Өмнөд солонгосын Самсунг, Хьюндай зэрэг гэр бүлийн эзэмшил бүхий аварга компаниуд өөрсдийн шинэ зах зээлийг тэлэхийн тулд жижиг бизнес эрхлэгчдийг хавчин гадуурхаж байна гэх шүүмжлэлд байнга өртдөг. Ялангуяа И-март, Хөөм Плас зэрэг зай талбай ихтэй, агааржуулалтын системтэй, зогсоолын хүрэлцээ сайтай, орчин үеийн сүлжээ дэлгүүрүүдийн тархалт нь тус улсын 300 гаруй захад ажиллаж буй жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн бизнест хүндээр тусдаг байна.


СК Телеком компани өнөөдрийг хүртэл 2 захын 25 наймаачинг таблетээр хангасан бол энэ жилдээ багтаж бусад захуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн кредит карт унших жижиг оврын төхөөрөмжөөр хангаж, уламжлалт захын үйлчлүүлэгчдийн түгээмэл гомдлыг арилгахад туслаж байна. Гэхдээ шинэ технологи нэвтрүүлж байгаа газар нь зөвхөн Жунгок чэйл зах биш юм.

Пусан хотын нэгэн зах орон нутгийн захиргаатай хамтран хямдралын карт санал болгож, 100 дэлгүүр тус бүрийн мэдээлэл, байрлалын зураг, зогсоолыг тус тус заах ухаалаг утасны апликэшн програмыг бүтээж ашиглаж байна. Сувон хотод захын өнцөг булан бүрт үйлчлүүлэгчдийг тоолох чадвартай камер суурилуулж, түүний мэдээллээс хямдралтай худалдаа зэрэг борлуулалтыг дэмжих ажиллагаа явуулахад тохирох цаг болон байрлалыг тогтоож байгаа юм.

эх сурвалж, physorg

Эсийн төрөлжилт

iPS эс нөхөн сэргээх эмчилгээнээс авахуулаад анагаах ухаан, эмийн үйлдвэрлэл, биотехнологийн салбарт ихээхэн найдлага төрүүлж байгаа боловч түүнд тулгуурласан судалгаа дөнгөж эхлэлийн шатандаа байна. Эхний шатанд тулгамдаж буй асуудал нь "эсийн төрөлжилт" буюу iPS эс болон үр хөврөлийн үүдэл эс янз бүрийн эд эрхтний эст хэрхэн хувирах механизмыг тодорхойлох явдал юм. Киото их сургуулийн эрдэмтэд iPS эсийг хулганы хөлөнд тарьж туршсан байна. Туршилтын үед хулганы хөлөнд үүссэн томоохон хэмжээний булдруун доторхи эд эсийн бүтэц аймшигтай гэж хэлэхэд хилсдэхгүй байв.

Хэдийгээр ердийн мэт харагдах эсүүд байх боловч нарийвчлан судлаж үзвэл булдруун дотор булчин, яс, хоол боловсруулах эрхтэн, судас, өөх, цусны улаан бөөмийн эсүүд холилдон үүссэн байв. Энэ нь эсийн төрөлжилт ямар ч жолоодлогогүй явагдаж байгаагийн илрэл юм. Төрөлжилтийн механизм  нь энэ чиглэлийн судалгаанд хамгийн чухал бөгөөд түүний нууцыг тайлсан хүн дараагийн нобелийн шагналтан байх магадлал туйлын өндөр байх болно гэдгийг Яманака Шинья ч хэлж байв. Тэгвэл энэ чиглэлд сүүлийн үед хийгдсэн зарим судалгаа тодорхой хэмжээний үр дүнд хүрчээ. Үүнд юун түрүүнд планариа (Planaria) хэмээх амьтаны өвөрмөц шинж чанар баримжаа болж iPS эсийн төрөлжилттэй сонирхолтой байдлаар холбогдсон байна.


Планариа нь давстай болон цэнгэг устай гол мөрөн, нуур цөөрөмд амьдардаг зөөлөн биетэн юм. Түүний биеийг таслан хуваахад тус тусдаа бие даан амьдрах чадвараа хадгалж чаддагаараа онцлогтой ажээ. Планариаг 3 хэсэгт хуваавал амьд хэвээр байх бөгөөд 2 хоногийн дараа толгой хэсгээс сүүл ургах, сүүл хэсгээс нүд ургах зэргээр 3 тусдаа планариаг үүсгэнэ. Киото их сургуулийн Акио Кёоказугийн судалгаагаар түүний биед үүдэл эс их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоожээ. Энэ нь нөгөө талаас байгалийн iPS эс юм. Планариагийн хуваагдсан бие дахин сэргэж, амьдрах чадварын нууц нь уг эст байв.

Планариа нь эрдэмтэдийн 100 гаруй жилийн турш тайлж чадаагүй өөр нэгэн нууцыг агуулдаг. Генийн судалгаагаар нобелийн шагнал хүртсэн, америкийн амьтан судлаач Томас Морган планариагийн хуваагдсан хэсгүүдийн яг хэрэгтэй хэсэгт хэрэгтэй эрхтнүүд ургаж байгаад анхаарлаа хандуулжээ. Планариагийн биеийг яаж ч хуваахад хуваагдахаас өмнө толгойруу чиглэж байсан хэсгээс шинэ толгой, сүүлрүү чиглэж байсан хэсгээс сүүл тус тус ургаж байв. Морган планариаг урт, өргөний дагуу, дунд хэсгээс гурвалжлан тайрах гэх мэтчилэн 200 гаруй хэлбэрээр хувааж үзжээ. Гэвч хариултыг олж чадаагүй байна.

Тэгвэл түүнээс хойш 100 гаруй жилийн дараа японы эрдэмтэн Ханада Ара нууцыг нээж, хуваагдсан биеэс хоёр толгойтой планариа үүсгэжээ. Өөрөөр хэлбэл сүүл байрлах хэсэгт хоёрдахь толгойг үүсгэсэн байна. Энэ нь эсийн төрөлжилтийн нууцыг танин мэдсэний үр дүн юм. Планариагийн биед hedgehog хэмээх уураг байв. Бие доторхи уг уургийн урсгал толгой хэсгээс сүүл рүү чиглэх бөгөөд таслагдсан биеийн сүүл хэсэгт уураг цугларах учир сүүл үүсэхэд голлон нөлөөлж байв. Нөгөө талаас толгой хэсэгт үүсэх уургийн тасалдал нь шинээр толгой үүсэх нөхцөл болж байгааг тогтоожээ. Ханада уургын урсгалыг зохиомлоор зогсоож, хоёр толгойтой планариа үүсгэсэн байна. Үүнтэй яг адил зарчим iPS эсийн төрөлжилтөд нөлөөлдөг байна.


Өнөөдөр Киото их сургуулийн iPS эсийн судалгааны төвд 200 гаруй хүн ажиллаж байна. Тус төв зүрх, мэдрэл, яс, цус, элэг зэрэг 7 төрлийн судалгааны хэсэгт хуваагдаж байна. Булчингийн судалгааны хэсгийн Сакурай Хидэтоши өнгөрөгч 2012 оны 10-р сард aktivinA хэмээх уургийн тусламжтайгаар iPS эсээс булчингийн завсрын эс үүсгэж чадсан байна. Тэрээр уг уургийг iPS эст суулгаж туршихад 7 хоногийн дараа билчингийн эс үүсэв. Харин aktivinA уургийн концентрацийг бага зэрэг нэмэгдүүлж туршихад огт өөр эс, элэгний эсийг үүсгэх завсрын эс үүссэн байна.

Өөрөөр хэлбэл ямар төрлийн эс үүсэх буюу эсийн төрөлжилт нь уургийн агууламжаас хамаардаг байна. Эсийн гадаргад наалдах уургийн агууламжаас хамаарч химийн тодорхой бодис эст нэвтэрнэ. Түүнээс хамааран эсийн цөмд байрлах тодорхой генүүд өдөөгддөг байна. Хүн болон амьтны үр хөврөлийн эс ч мөн адил хуваагдлын явцад төрөлжих механизм уургийн төрөл болон агууламжаас хамаардаг байна. Хүний биед янз бүрийн эрхтний эсүүд тодорхой дарааллаар үүсдэг (төрөлждөг). Үүний нууц нь мөн адил уураг бөгөөд түүний концентрацийн өөр өөр байдал нь эртхнүүдийн эс үүсгэх дарааллыг шийддэг байна.

Гэхдээ үүгээр төрөлжилтийн асуудал бүрэн шийдэгдэхгүй ажээ. Үр хөврөлийн эсээс биеийн янз бүрийн эрхтнүүд бүрэн бүрэлдэх процесийг аварга модтой зүйрлэж болно. Модны үр болох үр хөврөлийн эсээс янз бүрийн салаа мөчир ургаж, эцэстээ 200 өөр төрлийн эст хувирдаг. Зарим салаа нь шууд ямар нэгэн эрхтний эст хүрэх бол зарим нь завсрын эсүүд үүсгэж, тэр нь цааш хуваагдах замаар олон салаа мөчир үүсгэж байж эрхтэн болон бүрэлдэнэ. Шүдний паалангийн материал уруулын хучуур эстэй тун ойролцоо төрөл. Хумсны эс булчирхайн эстэй нэг адил мөчрөөс салбарлах бол элэг болон гэдэсний эс мөн адил нэг мөчрөөс үүсдэг.

Сакурайн үүсгэсэн булчингийн эс нь дотроо мөгөөрсний эс агуулах учир дахин хэдэн мөчир дамжиж байж цэвэр булчингийн эс үүсгэж чадах юм. Гэхдээ модны гол мөчрөөс шууд салбарлах зарим эрхтний эсийг амжилттай үүсгээд байна. Кэёо их сургуулийн Фүкүда Кэйичи iPS эсээс зүрхний эсийг гаргаж авчээ. Тэрээр хулганы үр хөврөлийн эсийн хөгжлийн явцад зүрхний эс үүсэх процесийг ажигласан байна. Зүрх бүрэлдэж эхэлснээс хойш 7.5 өдрийн дараа noggin хэмээх уураг ажиглагдсан боловч бараг хагас өдөртөө алга болжээ. Дараа нь wint уураг ажиглагдаж зүрх бага багаар хэлбэржиж эхлэв. 10 дахь өдрөөс G-csf уураг ажиглагдаж, зүрхний булчингийн эсийн хөгжилт огцом нэмэгдсэн байна.

Фүкүда яг адил дараалаар шаардагдах уургуудыг iPS эст суурилуулснаар булчингийн эс үүсгэжээ. Тэр ч байтугай үүссэн булчингийн эс цохилох хөдөлгөөн хийж байв. Ямар нэгэн эрхтний эс үүсгэхийн тулд зөв уургийг зөв цагт нь зөв хэмжээгээр эст өгөх шаардлагатай ажээ. Судалгаагаар ихэнх эрхтэн үүсэхэд 4 бүлгийн уураг шаардлагатай болохыг тогтоожээ. Энэ төрлийн судалгааны үр дүн одоогоор туршилтын эхлэлтийн шатандаа байгаа юм. Фүкүдагийн үүсгэсэн зүрхний булчингийн эсийг хулганы зүрхэнд амжилттай суулгаад байна. Мөн iPS эсээс нүдний эвэрлэг үүсгэх туршилт амжилттай хэрэгжиж, ойрын жилүүдэд өвчтнүүдэд шилжүүлэн суулгах хэмжээнд хүргэхээр төлөвлөгдөж байна.

эх сурвалж, NHK