Анх удаа робот ашиглан зүрхний мэс засал хийжээ

Английн Glenfield эмнэлэгт дэлхийд анх удаа робот ашигласан зүрхний мэс заслыг амжилттай хийсэн байна. 4 жилийн турш зүрхний хэм алдагдах өвчнөөр шаналж байсан Kenneth Crocker гэгч 70 настай өвчтөний зүрхний мэс заслын үед түүний венийн судсаар дамжуулан нарийн гуурс суулгах үйлдлийг, өөр өрөөнд байрлах мэс засалч эмчийн алсын удирдлагын дор роботоор гүйцэтгэсэн байна.

Робот нь судсан дахь гуурсны хөдөлгөөнийг маш өндөр нарийвчлалтайгаар удирдах боломжийг олгодог байна. Ердийн нөхцөлд зүрхний ийм төрлийн мэс заслыг цацрагийн өндөр ялгарал бүхий рентген дэлгэцийн хяналттайгаар 8 цагийн хугацаанд гүйцэтгэдэг бол робот ашигласан мэс засал ганцхан цагийн дотор хийгдэж дууссан байна.

2004 онд ерөнхий сайд асан Тони Блейр дээрх өвчтөнтэй адил мэс заслыг эмч нарын гараар хийлгэж байжээ. Англи улсад жил бүр ийм төрлийн өвчтэй 50 мянган хүнд эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд цаашид эдгээр өвчтнүүдийн мэс засалд роботыг өргөнөөр ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Мэс засалд ашиглагдсан Remote Catheter Manipulation System робот нь АНУ-д үйлдвэрлэгдсэн, 530 мянган долларын үнэтэй юм байна.


эх үүсвэр; swns

Дижитал технологи бүхий MEDEA vodka

Саяхандаа, манай нэгэн "үндэсний үйлдвэрлэгч" компани "хэрэглэгчдийн сайн сайхны төлөө" "технологийн хувьсгал" хийсэн 3S бөглөө нэвтрүүлсэн нь олон хүний "таашаалд нийцэж" байсан билээ. Тэгвэл үүнтэй төстэй мэт боловч илүү үр дүнтэй, шинэлэг хэлбэрээр 21-р зууны дижитал технологийг Голландын нэгэн компани өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байна.

18-р зуунаас үйлдвэрлэгдэж эхэлсэн MEDEA архины шилэнд программчлагдах боломж бүхий LED гэрлийн дэлгэцийг байрлуулсан бөгөөд нийт 255 тэмдэгт хүртэлх хэмжээний текстийг бичиж харуулах чадвартай юм. Үүний тулд OnOff, Enter, Up, Down гэсэн дөрөвхөн товчны тусламжтайгаар хүссэн текстээ оруулах боломжтой юм байна. Дэлгэцийн батерей нийт 40 цаг тасралтгүй ажиллахад хүрэлцээтэй бөгөөд энэ нь ойролцоогоор 100 удаа текст бичих оруулах боломжийг олгож байгаа ажээ. Мөн 6 өгүүлбэрийг нэгэн зэрэг бичих боломжтойгоос гадна автоматаар унтрах хүртлээ 3 минутын турш ажилладаг байна.

Бичлэгийг засах болон устгах боломжгүй, нэгэн зүйлийг онцлон анхааруулахад spell check байхгүй учир та бага зэрэг халамцсан үедээ үг үсгийн алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй гэнэ. Хэрэв та ойр дотны хэн нэгэн хүнд зүрх сэтгэлийн үгээ романтик байдлаар илэрхийлэх хэрэгтэй болоод яах учираа мэдэхгүй байгаа бол 40 доллараар худалдаалагдаж буй энэ бүтээгдэхүүн таньд туслаж чадах юм.



Дашрамж дурдахад электрон төхөрөөмжүүдийг хэр зэрэг бага овор хэмжээтэй хийж чаддаг болсныг энэ бүтээгдэхүүн харуулж байна. Манайхан ч гэсэн иймэрхүү төрлийн электрон хэсгүүдийг хятад, солонгос зэрэг улсуудад захиалан хийлгэж өөрсдийн бүтээгдэхүүндээ хэрэглэхэд болохгүй гэx газаргүй юм.


эх үүсвэр; medeaspirits

Виртуал цонх

Плазма дэлгэц ашиглаад виртуал цонх хийжээ. Уг цонх нь Макбүүктэй холбогдсон, Wii тоглоомын алсын удирдлагаар удирдагддаг юм байна. Хүн цонхонд ойртох, хажуу тийш хөдлөх үед 1080 пиксел чанар бүхий дэлгэцээр үзүүлж буй зураг мөн адил дагаж хөдлөн жинхэнэ цонхоор харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Цонхоор харах дүрсээ өөрийн хүссэнээрээ сонгоод Нью-Иоркт, уулан дээр, эсвэл усны ёроолд гэх мэтчилэн "дуртай газраа амьдарч" болохнээ. Плазма дэлгэцүүд үндсэндээ үйлдвэрлэлтээс хасагдаж худалдаалагдахаа больж байгаа билээ. Хэрэв таньд ийм хуучин дэлгэц байгаа бол цонхгүй өрөө болон подвалдаа виртуал цонх хийж ашиглаж яагаад болохгүй гэж.





Multitoe

Даралтат дэлгэц (multitouch screen)-ийг гар утас, компьютер, ширээ, хана зэрэгт суурилуулан ашигласан олон хэлбэрийг та бид мэднэ. Ер нь хавтгай гадаргатай бүхий л зүйл дээр байрлуулчихжээ, шалан дээр хүртэл шүү. Шалан дээр суурилуулсан даралтат дэлгэц бүхий Multitoe хэмээх харилцан үйлчлэлийн хэрэгсэлийг Германы Hasso Plattner хүрээлэнд бүтээсэн байна. Гараар удирдагддаг ихэнх дэлгэцүүд жижиг хэмжээтэй байдаг бол хөлөөр удирдахад арай илүү том хэмжээтэй байх шаардлагатай санагдаж магад.

Харин Multitoe-г удирдахад харьцангуй хязгаарлагдмал орон зай байхад хангалттай юм. Нэг онцлог нь дэлгэцийг хэд хэдэн хүн нэгэн зэрэг удирдах боломжтой бөгөөд хүмүүсийн биеийн тэнцвэрийн шилжилтийн өнцөг, хөдөлгөөн болон гишгэлтийн хүчний байдлаар хөлний онцлогийг таньж мэдэрдэг байна. Мөн хөлөөрөө виртуал кийборд ашиглан үсэг бичих зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэх боломжтой юм. Уг дэлгэцийг музей, үзэсгэлэн болон бүжиг сурах зэргээр ашиглах боломжтой мэт төсөөлөгдөж байгаа боловч доорх бичлэгт компьютерийн тоглоом хүртэл тоглож болохыг харуулсан байна.




эх үүсвэр; Hasso Plattner Institute

600 төрлийн хоол хийх чадвартай робот бүтээжээ

Хятадын Yangzhou их сургуулийн оюутнууд 600 нэр төрлийн хятад үндэсний хоол хийх чадвартай робот тогооч бүтээсэн байна. Уг роботыг ердийн даралтат дэлгэцийн тусламжтайгаар хялбархан удирдах боломжтой бөгөөд ямар төрлийн хоол хийлгэхээс хамааран шаардагдах материалуудыг бэлтгэж байрлуулаад харгалзах программыг сонгож ажиллуулдаг гэнэ. Одоогоор энэ роботын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.



Тогооч роботын бичлэг 0:30-аас...

Дашрамж дурдахад дээрх бичлэгийг ажиглаж байхад олон төрлийн хоол хийх чадвартай гэгдэж байгаа боловч ихэнхдээ боловсруулах арга нь адилхан, хоолны олон төрлийн жижиг материалуудыг хольж, хуурах үндсэн нэг л хэлбэрийн ажиллагаатай байгаа нь ил байна. Хятад үндэсний хоол хийх үндсэн хэлбэр нь хуурах бөгөөд үлгэрлэвэл нэг хоолны орцонд нэг төрлийн ногоо нэмж хийгээд өөр хоол хэмээн тоолж 600 хүргэж байгаа болов уу хэмээн таамаглав.

Хоолны төрөл зүйл, материалын боловсруулалт, хоол хийх аргын онцлогоос хамааран олон төрлийн хоол хийх чадвартай робот болон автомат машин зохион бүтээхэд маш хүндрэлтэй байдаг. Харин нэг буюу адил төрлийн хоол хийх зорилгоор ердийн үйлдвэрлэлийн роботыг программчилан ашигласан жишээ цөөнгүй байдаг. Ийм нэг жишээг гоймонтой хоолоор төрөлжсөн японы нэгэн жижиг хоолны газарт ашигласныг дараах бичлэгээс үзнэ үү.




эх үүсвэр; sina

Хойд солонгосчууд үйлдлийн систем бүтээжээ

Хойд солонгосчууд 2002 онд бүтээсэн Red Start хэмээх "гар хийцийн" үйлдлийн системийн тухай анх удаа дэлгэрэнгүй мэдээлэгджээ. Энэ тухай хойд солонгосын нэгэн их сургуульд суралцаж буй Михайл гэгч блогч орос оюутан ярьсан байна. Уг үйлдлийн системийг Пхенян хотод худалдаалж эхэлсэн бөгөөд 5 долларын үнэтэй байгаа ажээ. Пхеняны Шинжлэх ухаан Технологийн бодлогын их сургуульд бүтээсэн компьютерийн уг үйлдлийн систем нь хэрэглэгчдийн үйлдлийг нарийн хянах боломжтой бөгөөд энэ нь тус улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Мөн асаах зэрэг үйлдэл хийх үед солонгосын ардын дуу эгшиглэдэг бөгөөд календарь нь жолоодогч Ким Ир Сэний төрсөн өдрөөр эхэлдэг байна. Энэ үйлдлийн систем нь линакс дээр суурилсан боловч майкрософтын программ хангамжуудыг дууриасан хэлбэртэй юм байна. Мөн тоглоом, электрон шуудангийн системийг агуулахаас гадна Mozilla Firefox-г хуулбарласан интернет хөтөчтэй ажээ.


эх үүсвэр; BBCnews

Carbon nanotube хүний биед хоргүй

Нүүрстөрөгчийн нано хоолой (ННХ) нь ирээдүйд эмийн бичил тээвэрлэгч болон бусад төрлийн эмчилгээний нано төхөөрөмж хэлбэрээр анагаах ухааны салбарт ашиглагдах боломжтой боловч био бат бэх шинж чанартай учир нь хүний бие дотор уусах болон задрахгүй хэмээн эрдэмтэд үзэж байсан юм. Өөрөөр хэлбэл гангаас хэд дахин хатуу ННХ нь хүний биед хортой, эд эсийг гэмтээхэд хүргэж магадгүй, нөгөө талаас асбесттэй адил 1-2 жилийн дараа элэгний хорт хавдар зэрэг өвчлөлд хүргэж болзошгүй гэж таамаглаж байжээ.

Тэгвэл Швед болон Америкийн эрдэмтэд цусны цагаан бөөм дэх Мyeloperoxidase (MPO) хэмээх нэгэн төрлийн уураг ННХ-г хүний биед хоргүй ус болон хүчилтөрөгчийн давхар исэл болгон хувиргах чадалтайг нээсэн тухай Nature Nanotechnology сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсан байна. Уг уургийн нөлөөгөөр ННХ нь удаан хугацааны үрэвсэл болон ямар нэгэн хавдар үүсгэлгүй, бие махбодийг хордуулалгүйгээр уусан алга болдогийг хулганы биед хийсэн туршилтаар тогтоожээ.

Дашрамд дурдахад цусны цагаан бөөм нь биеийн өвчилсөн болон гэмтсэн эд эсүүдийг эдгээж илааршуулахад гол үүргийг гүйцэтгэдэг боловч байгальд байдаггүй, хүний гараар бүтээгдсэн онцгой бат бөх элементийг ч задлаж амьд биетийг хамгаалах хосгүй хүч чадалтайг дээрх судалгаа харуулж байна.


эх үүсвэр; Karolinska Institutet

Нүүрсний уурхайгаас байгалийн хий олборлоно

Японы байгалийн хийн хангамжийн хамгийн том компани болох Tokyo gas компани Австралийн Queensland муж дахь нүүрсний уурхайгаас байгалын хий ялгаж шингэрүүлэх үйлдвэрийн төсөлд оролцохоор тохиролцсон байна. Дэлхийд анхны гэдгэх уг төслийг Английн BG Group plc-тэй хамтран гүйцэтгэх ажээ. Төслийн нийт өртөг хэдэн зуун тэрбум иенээр хэмжигдэх бөгөөд жилд 8 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулагдах юм. Тус нүүрсний уурхайд агуулагдаж буй байгалийн хий нь Cher хэмээх ховор төрлийн хий бөгөөд бусад түгээмэл байгалийн хийтэй харьцуулахад том хэмжээний усан сан байгуулах зэрэг нэмэлт хөдөлмөр зарцуулалт шаардагдах боловч харьцангуй их нөөцтэй учир цаашид олборлох болон боловсруулах технологийн сайжруулалт хийгдэх ажээ. Гэрээний хугацаа 2015 оноос эхлэн 20 жил үргэлжлэх юм байна.


эх үүсвэр; nikkei