Дэлхийн амьдрал "байгалийн жамаар" үүссэн

Дэлхийн амьдрал хэдэн тэрбум жилийн өмнөх нэг эст амьд биетүүдээс үүсч хөгжжээ. Харин энгийн бүтэц бүхий хамгийн анхны амьд биетүүдийг галт уулын дэлбэрэлтээр бий болсон нуур, цөөрмийн усанд үүссэн хэмээх үзэл бодол эрдэмтэдийн дунд зонхилж байна. Төрөл бүрийн эрдэс бодисоор баялаг усан орчинд, химийн бодисууд байгалийн жамаар нийлэгжиж амьд биет үүсч болно хэмээх таамаглал нь магадлалын хувьд боломжгүй зүйл биш юм.

Харин зарим эрдэмтэд уг таамаглалыг шинжлэх ухааны үүднээс нотлохын тулд эрт балар цагийн амьдралын эх сурвалжийг лабораторын нөхцөлд "байгалийн жамаар" үүсгэхийг оролдож байна. Анхны амьд биетүүд үнэн чанартаа нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот хэмээх бодисуудын хоорондын химийн урвалын үр дүнд үүсчээ. Амьд биетүүд эдгээр энгийн бодисуудаас үүссэн гэдэг нь тодорхой боловч үүний тулд ямар нөхцөлд, хэрхэн "хольж, хутгах жор"-ыг одоохондоо мэдэхгүй байна.

Нобелийн шагналт, биологич Jack Szostak-ын судалгаагаар бол анхны нэг эст амьд биет бүрэлдэн тогтоход хоёр үндсэн хүчин зүйл шаардлагатай. Эхнийх нь амьд биетийг гадны нөлөөллөөс хамгаалах эсийн бүрхүүл юм. Дараагийх нь амьд биетийн мэдээллийг дараа дараачийн үеүүдэд дамжуулах генийг бүрдүүлэгч нэгдэлүүд байх ёстой. Одоо цагийн амьтадад энэ үүргийг ДНХ гүйцэтгэдэг. Асар их хэмжээний генийн мэдээлэл энэхүү хос утаслаг бүтэц дотор химийн бодисуудын тусламжтайгаар хадгалагдаж байна.

Генийн мэдээллийг дамжуулахад Аденин, Цитозин, Гуанин, Тимин хэмээх суурь бодисууд чухал үүрэгтэй гэдгийг бид мэддэг болсон. Харин РНХ нь ДНХ-ийн дэмжлэг төдий зүйл гэгдэж байсан бол саяхны судалгаануудаас мөн адил чухал үүрэгтэй гэдэг нь тогтоогдов. РНХ ч бас генийн мэдээллүүдийг агуулж, уургийн нэгдэлүүдийн төрлөөс хамааран арьс, үс, тархины эс, зүрх зэрэг эд эрхтэнүүдийг бүтээхэд тусладаг. РНХ-г бүрдүүлэгч нь сахар, фосфат, дээр дурдсан генийн мэдээллийг дамжуулах суурь бодисууд юм.

Манчестерийн их сургуулийн химич John Sutherland 3.8 тэрбум жилийн өмнөх дэлхийн цаг уурын нөхцөл байдлыг аль болох төстэй байдлаар лабораторын нөхцөлд бий болгохоор төлөвлөж, РНХ-г бүтээхээр зоригложээ. Амьдралыг үүсгэхийн тулд химийн 4 элементийг хооронд нь шууд холих замаар асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Тэрээр химийн элементүүдийг янз бүрийн дарааллаар, янз бүрийн хувилбараар хольж туршсан байна. Эцэст нь уусмалуудыг ууршуулах төдийд байгалийн нөхцөлд бүрэлдэн тогтох хагас сахар болон хагас суурь бодисуудыг гаргаж авчээ.

Балар эрт цагийн дэлхийд иймэрхий завсрын нэгдэлүүд усны уурын дэмжлэгээр бий болж борооны дуслын хамт тэнгэрээс газарт бууж унаж ирсэн хэмээн төсөөлөгдөнө. Агаарын хэм харьцангуй бага тохиолдолд хөлдөж, цас хэлбэрээр унасан ч байж магадгүй. Тэнгэрээс унаж ирсэн завсрын нэгдэлүүд газар дээрх бусад бодисуудтай нэгдэнэ. Sutherland завсрын нэгдлүүдийг холих замаар РНХ-г бүрдүүлэгч рибонуклеотидийг анх удаа амжилттай гаргаж авав.

Үйлдэл нь тун хялбархан бөгөөд зөв бодисуудыг зөв нөхцөлд, зөв дарааллаар нийлүүлэхэд л хангалттай. Өөрөөр хэлбэл хэдэн тэрбум жилийм өмнөх дэлхийд энэ бүхэн байгалийн жамаар болсон хэрэг. Дараа нь тэрээр гаргаж авсан РНХ-ийн "хэлтэрхий"-г нарны гэрэлтэй төстэй хэт ягаан туяаны үйлчлэлд оруулав. Гэрлийн үйлчлэлд орсон химийн нэгдэлүүд генийн мэдээллийг дамжуулах суурь бодис Цитозинд, зарим хэсэг нь Тиминд хувирчээ. РНХ-ийн бүтцэд ордог 4 суурь бодисын 2-г байгалийн жамаар үүсч болохыг нотлов.

Хэдийгээр амьд биетийг бүхлээр нь бүтээсэн хэрэг биш боловч амьдралын гарал үүслийг тодорхойлохыг оролдсон эрдэмтэдийн 20 жилийн оролдлогыг тодорхой хэмжээгээр эцэслэсэн маш том чухал алхам юм. Дэлхийн амьдралыг агуу том модтой зүйрлэвэл биологчид түүнийг навч, мөчирнөөс нь буюу одоогийн амьтадаас өнгөрсөн цаг үе рүү чиглүүлэн судладаг. Тэгвэл Sutherland нарын химичид арай өөр өнцөгөөс, аварга модны үндэсний үзүүрээс амьдралын нууцыг эрэлхийлж байгаа юм. Тэдний эрэл хайгуул нэгэн цэгт нийлэх цагт энэхүү нууц бүрэн тайлагдах учиртай.

Дашрамд дурдахад John Sutherland-ын нээлт 2009 онд хийгдсэн юм. Үүнээс гадна дэлхийн амьдралын анхдагч "түүхий эд" сансараас дэлхийд ирсэн байж болох тухай таамаглал байдаг бөгөөд үүнтэй холбоотой нээлтийн талаар дараагийн удаад танилцуулах болно.


 

эх сурвалж, WGBN Where did we come from болон NHK

Цоохор ирвэсний үүрэнд анхны дүрс бичлэг хийгджээ

Ирвэс судлаач эрдэмтэд үүрэндээ байгаа эмэгчин цоохор ирвэс болон гүем (ирвэсний зулзага)-ийн дүрс бичлэгийг анх удаа хийсэн байна. Цоохор ирвэс нь хүрч очиход төвөгтэй уулархаг нутагт байрладаг, нууцлаг амьдралтай учир үүрийг нь олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Харин Цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн судлаачид Тост ууланд, хүний гараар хэсэгчлэн бүтээсэн үүрний ойролцоох шонд байрлуулсан камерийн тусламжтайгаар, аюулгүй зайнаас уг дүрс бичлэгийг хийжээ.

Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Tom McCarthy "бид цоохор ирвэс хэзээ, хаана төллөж болох, мөн гүемийн амьд үлдэж нас бие гүйцэх боломжийг судлахад нэлээд хэдэн жилийг зарцуулсан. Харин яг одоо, байгаль хамгаалах зорилгоор гаргасан бидний олон жилийн хүчин чармайлтын дараах онцгой мөчүүдийн нэг тохиож, өнөөгийн ертөнцөд тэсч үлдэхийн тулд хүний тусламж шаардлагатай болсон зэрлэг амьтадын амьдралын нэгэн ховор хормын гэрч болж байна. Иймэрхүү мэдээллүүд эдгээр гайхамшигтай амьтадын ирээдүйн баталгаа болно" гэв.

Судлаачид эх ирвэсийг нь анд явсан хойгуур нэг болон хоёр гүем бүхий хоёр үүрэнд тус тус орж, нийт 3 гүемийн биеийн хэмжилт хийж, зургийг нь авсан байна. Мөн ирээдүйд таньж, илрүүлэх зорилгоор 2 гүемийн арьсан дор будааны ширхэгтэй тэнцэх хэмжээний радио долгионы төхөөрөмжийг суулгажээ. Судалгааны явцад гүемүүдийг айлгаж цочоохгүйн тулд дээд зэргийн болгоомжтой ажилласан байна. Мөн дараагийн өдрүүдэд эх ирвэсийн байрлалыг судлаж үүрэндээ эргэж ирсэнийг баталгаажуулсан байна.

Өдийг хүртэл цоохор ирвэсний судалгааг зөвхөн амьтаны хүрээлэнгийн ирвэснүүдэд тулгуурлан хийж байсан юм. Амьтны хүрээлэнгийн нөхцөлд цоохор ирвэс ихэвчлэн 1-3 гүем төрүүлдэг бол онгон байгальд энэ талаархи нарийвчилсан судалгаа өмнө нь хийгдээгүй байжээ. Зэрлэг ирвэсийн гүем байгалийн нөхцөлд бусад зэрлэг амьтан, өвчин, хулгайн анчин зэрэг хүний заналхийлэлд байнга өртөж байдаг учир хэдэн хувь нь нас бие гүйцэх хүртлээ амьдрах боломжтойг тогтооход хүндрэлтэй байдаг.

Харин радио долгионоор амьтадын байрлал, хөдөлгөөнийг хянах төхөрөмжийн хэрэглээ, мөн ажиглалтын тусламжтайгаар байгальд ховордож байгаа цоохор ирвэс төллөх үед үүрээ хэрхэн сонгож байгаа, гүемүүд үүрэндээ хэр удаан байрлаж, өсөж торнидог, хэзээ эхээ дагаж үүрнээсээ гарч эхэлдэг, эх ирвэс хэр удаан хугацаагаар зулзагаа орхиж явдаг, байгалийн нөхцөлд хэдэн гүем төрдөг зэрэг олон төрлийн мэдээллийг цуглуулж байна. Мөн дүрс бичлэг, GPS бүхий хүзүүвч зэрэг нь зэрлэг муурны төрөл зүйлийг судлаж, үр ашигтайгаар хамгаалах шалгарсан арга хэрэгсэлд тооцогдож байгаа юм. Дүрс бичлэгийг энд дарж үзнэ үү.

Дашрамд дурдахад цоохор ирвэсний судалгааг БОАЖЯ, Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай хамтран, Өмнөговь аймгийн Тост ууланд 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Цоохор ирвэс нь Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны улаан дансанд нэн ховордсон ангилалд багтаж, устах аюулд орсон амьтан юм. Мөн манай Улаан номд бүртгэгдэж, амьдардаг тархац нутгийнх нь 20 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан байдаг. Харамсалтай нь манай засгийн газар түүнийг судлах зорилгоор цөөн тоогоор агнах шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж байжээ.

Гүемийг судлах ховор боломжуудын нэг

Италийн эрдэмтэн Mattia Colombo гүемийг үүрэнд нь буцаан тавих гэж байна

Судлаачид зэрлэг амьтадыг айлгаж цочоохгүйг хичээж байна

Хүний гараар бүтсэн чулуун хана бүхий агуйд цоохор ирвэс төллөжээ

Үүрэндээ байгаа гүемүүд

эх сурвалж, mailonline болон panthera

Ажилчидаа хянахад Google туслана

Google өнгөрсөн сарын сүүлээр танилцуулж байсан Google Maps Coordinate үйлчилгээг хоёр хоногийн өмнөөс албан ёсоор гаргалаа. Энэ үйлчилгээ нь ухаалаг утас болон Google Маp технологид тулгуурлаж, ажилчдынхаа байрлалыг хянах боломжийг менежерүүдэд олгож байна.

Гэхдээ үйлчилгээний байгуулагуудад ямар нэгэн асуудал гарах тохиолдолд хамгийн ойр байрлах ажилчныг богино хугацаанд илгээж, ажил үйлчилгээг цаг алдалгүй, үр ашигтай зохион байгуулахад туслана хэмээн Google шинэ үйлчилгээний зорилгыг тодорхойлж байна.

Үйлчилгээнд бүртгүүлсэн байгууллагууд веб хуудсанд нэвтрэх эрх болон ухаалаг утасны апликэшнийг хүлээн авах болно. Апликэшн програмыг ажилчдын ухаалаг утсанд суулгах бөгөөд гадаа байрлаж байх тохиолдолд тэдний байрлалын мэдээллийг тогтмол илгээдэг бол барилга байшин дотор ч байрлалыг тодорхойлох боломжтой юм.

Мөн компаниуд өөрсдийн барилга, байгууламжийн давхрын зураглалыг оруулж Wi Fi-ийн тусламжтайгаар ажилчдын байрлалыг хянах боломжтой юм. Эдгээрээс гадна хэмжилтийн болон үйлчлүүлэгч, харилцагчдын мэдээллийг оруулах боломжоор хангагджээ.

Google Maps Coordinate үйлчилгээг ашиглахын тулд 2.3, 3.0, 4.0 болон түүнээс хойших загварын андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утас, таблетууд шаардагдана. Мөн  зөвхөн ажлын цагаар идэвжхүүлэн ажиллуулах боломжтой юм. Үйлчилгээний төлбөрийн хувьд ирэх 9-р сарын 1 хүртэл сард 15 доллар байна.

Үйлчилгээнд хамрагдаж буй байрлалын мэдээлэл Google-ийн мэдээллийн төвийн сүлжээнд хадгалагдана хэмээн Google компани мэдэгдэж байна. Мөн шинэ үйлчилгээгээр дамжуулан  ажиллагсдад зар сурталчилгаа түгээхгүй гэжээ.




эх сурвалж, pcworld

Хүний бодол санаагаар робот гарыг удирдана

Хүний тархинд чип суулгах нь маш өндөр эрсдэлтэй хэмээн бараг 3 жилийн өмнө бичиж байсан бол өнөөдөр энэ зүйл биелэлээ олж эхэлсэн байна. Cathy Hutchinson нугасны мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн саажилттай болсоноос хойш 15 жилийн хугацаанд гар, хөлөө нэг ч удаа өөрийн хүслээр хөдөлгөж чадаагүй юм. Тэрээр хүний тархины дохиоллын тусламжтайгаар роботыг удирдах BrainGate2 төслийн туршилтад оролцож буй 2 өвчтөний нэг юм.

Туршилтын хүрээнд Cathy робот гарыг өөрийн бие эрхтэний нэгэн хэсэг мэтээр төсөөлөх замаар савтай кофег барьж, өөртөө ойртуулан, уух үйлдийг тус тус хийж сурсан байна. Туршилтыг Brown их сургуульд хэрэгжүүлж буй төслийн 10 жилийн судалгааны үр дүнд бүтээгээд байгаа тархи болон комьютерийн харилцан үйлчлэлийн төхөөрөмжид тулгуурлан хийжээ. 2006 онд, төслийн эхний шатанд өвчтөнийг компьютерийн дэлгэц дээрх курсорыг хөдөлгөх туршилтыг хийж байсан юм.

Төслийн шинжээч, профессор John Donoghue "бидний зорилго хүний мэдрэлийн гэмтсэн системийг алгасч тархийг шууд гадна орчинтой холбоход чиглэж байна, энэ төслийн хүрээнд тархины дохиоллоор гар, хөл бус компютер, робот мэтийн машин техникийг удирдах боломж бүрдүүлэхийг зорьж байгаа" хэмээн Nature сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

BrainGate2 систем нь мэдрэгч, компьютер буюу дохиолол хувиргагч, туслах төхөөрөмжөөс бүрддэг. Мэдрэгч нь 96 ширхэг нарийн электродоос бүрдэнэ. Аспирин эмийн хүүхдэд зориулагдсан таблеттэй адил хэмжээ бүхий уг мэдрэгчийг хүний биеийн хөдөлгөөнийг удирдах тархины хэсгийн гадаргад мэс заслын аргаар суулгадаг. Түүний тусламжтайгаар тархины идэвхжилийн мэдээллийг хүлээн авч, компьютерээр дамжуулан робот гарыг хөдөлгөөнийг удирдах дохиолол болгон хувиргадаг байна.

Cathy 5 жилийн өмнө төслийн өмнөх шатны судалгаанд оролцож байхдаа тархиндаа уг мэдрэгчийг суулгуулжээ. Харин 1 жилийн өмнө кофе буюу аягыг робот гараар барьж, өргөх туршилтийг 6 удаа хийхэд 4 -т нь амжилттай гүйцэтгэж байсан байна. Мөн төслийн бусад оролцогч робот гараар бөмбөлөгт хүрч, барьж авах туршилтыг 30 секундийн хугацаанд гүйцэтгэж сурчээ.

Бодол санаагаар робот гарыг удирдах нь курсорыг хөдөлгөхөөс илүү нарийн төвөгтэй юм. Иймэрхий 2 хэмжээст орон зайн хөдөлгөөнөөс обьектод хүрээд, барьж авах нэмэлт үйлдэл буюу 3 хэмжээст хөдөлгөөн хийх шаардлагатай учир нэмэлт хэмжээс нь хөдөлгөөнийг чөлөөтэй удирдахад хүндрэл үүсгэдэг байна. Хөдөлгөөний нарийвчлалыг нэмэгдүүлэхийн тулд илүү их судалгаа хийх шаардлагатай бол илүү төвөгтэй хөдөлгөөн хийхийн тулд алгоритмийг хөгжүүлэлтийг зохих түвшинд хийх ёстой.

Судлаачид ойрын үед утасгүй мэдрэгчийг бүтээж, робот гараар шүд угаах мэтийн илүү төвөгтэй хөдөлгөөн хийх боломжтой болгохоор төлөвлөжээ. Тэгвэл тэдний цаашдын зорилго компьютерээс ирэх дохиоллыг өвчтөний булчинд дамжуулж, тэднийг өөрийн гар, хөлөө дахин ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь тархи болон компьютерийн харилцан үйлчлэлийн судалгаанд том алхам болох бөгөөд мэдээж мэс заслын болон мэс заслын бус аргууд ашиглагдах болно.

Бодол санаагаараа роботыг удирдах нь өнөөдөр зөгнөлт зохиолын сэдэв төдий байгаа боловч ойрын ирээдүйд нугасны мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн хөдөлгөөний дутагдалд орсон өвчтөнүүдэд зовлонгоосоо ангижрихад туслах болно. Дашрамд дурдахад "хиймэл гар суулгаж эхэлсэн" тухай зэрэг адил төстэй судалгааны талаар тус блогт мэдээлсээр ирсэн билээ.




эх сурвалж, gizmag болон singularityhub

Хөрөнгийн зах зээлийн арилжааг хэн гардан хийдэг вэ

2010 оны 5 сарын 6-ны өдрийн 14 цаг 47 минут 50 секунд. Хөрөнгийн зах зээл дээр нэгэн компаний хувьцааны арилжаа ердийн байдлаар явагдаж нэгж хувьцаа 26.44 доллараар арилжаалагдаж байв. Гэтэл 0.12 секундийн дараа "хэн нэг нь" уг хувьцааг 14.87 доллараар худалдан авах захиалга өгсөн байна. Ердийн нөхцөлд бол бодит ханшаас хэт доогуур үнэлэгдсэн иймэрхүү захиалгын дагуу арилжаа хийгдэхгүй бөгөөд үүнийг хэн ч тоох ёсгүй.

Гэвч 0.6 секундийн дараа өөр "хэн нэг нь" захиалгыг хүлээн авч арилжаа хийгдэв. Дараа нь илүү хямд үнээр худалдахыг хүссэн захиалга дараалан ирэх болж хэдхэн хоромын дотор уг хувьцааны ханш 1 цент болтлоо унажээ. Дөнгөж 4 секундийн дотор ханшны уналт 99%-д хүрсэн байна. Энэ бол зах зээлийн шинжилгээний Monex компанид хадгалагдаж буй арилжааны мэдээллийн нэг хэсэг юм.

Тухайн үед зөвхөн нэг хувьцааны ханш унаагүй бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дундаж ханш 25%-иар буурч, 10-хан минутын хугацаанд нийт алдагдлын хэмжээ 100 тэрбум ам. доллараас давсан юм. Wall street-ийг доргиосон энэхүү үйл явдлыг flash crash гэж нэрлэх болсон бөгөөд түүнээс хойш жижиг хэмжээтэйг оролцуулаад хэдэн зуун удаа тохиолдоод байна. Flash crash нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд компьютер, програм хангамжууд хүнээс илүү үүрэг гүйцэтгэх болсоныг илтгэж байгаа юм.

Үнэн чанартаа ашигтай арилжаа хийхийн тулд секундээс ч богино хугацаанд шийдвэр гаргах шаардлага урган гарч, түүнийг хангахад  хүний тархины боломж хүрэлцэхгүйд хүрээд байна. Сүүлийн жилүүдийн байдлаар биржүүдэд явагдаж буй арилжааны 70%-ийг компьютерийн програм хангамжууд гардан гүйцэтгэх болсон байна. 2010 оны flash crash-ын үед зөвхөн нэг л компьютерийн алдаатай шийдвэр үл таних нөхцөл байдлыг үүсгэж, улмаар бусад компьютерүүдийг төөрөгдөлд оруулснаас зах зээлийн ханшийг огцом унахад хүргэжээ.

Өнөөдөр програм хангамжууд хүний хувьд боломжгүй хэт өндөр хурдаар их хэмжээний мэдээлэлд боловсруулт хийж, секундыг 1000 хуваасны 1-тэй тэнцэх хугацаанд зөв шийдвэрийг гаргаж байна. Мөн өмнөх 10 хүртэлх жилийн арилжааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ямар ч ерөнхий тохиолдлоос ашиг олох сценарийг олж чаддаг болсон. Үүний тулд "бие даан суралцах" чадвартай ухаалаг алгоритмууд ашиглагдаж байна.

Ихэнх тохиолдолд арилжаанд хүний оролцоо бараг байхгүйтэй адил бөгөөд зөвхөн хянах үүргийг л гүйцэтгэж болжээ. Хэн хамгийн хүчирхэг компьютертэй, хамгийн сайн програм хангамжтай байна, тэр хамгийн өндөр ашгийг олох боломжтой юм.
Оюун ухаант машин техникүүд бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч, зарим хэлбэрээр бидний орон зайг эзлэх нь алс ирээдүйд болох үйл явдал мэтээр хүмүүст төсөөлөгддөг. Гэвч цаг хугацааны хувьд энэ бүхэн аль хэдийн бидний хажууханд ирчихсэн байж ч магадгүй юм.


эх сурвалж, NHK

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЕЦСБ)-ын эрдэмтэд шинэ төрлийн эгэл бөөмийг нээсэн, түүнийг хигс бозон байх өндөр магадлалтай байгаа тухай 2 хоногийн өмнө зарлалаа. Шинэ эгэл бөөмс хигс бозон мөн эсэхээс үл хамааран уг шинэ нээлт нобелийн шагнал хүртэх хэмжээний нээлтэд тооцогдож байгаа юм.

Орчлон ертөнцийн гарал үүсэл, түүний зүй тогтлын талаархи Стандарт загварын онолыг 1960-аад оны үед эрдэмтэд боловсруулсан байдаг. Уг онолоор бүхий л матери 17 төрлийн анхдагч эгэл бөөмсөөс бүрддэг гэж үздэг бөгөөд тэдгээрээс кварк, лептон тэргүүтэй 16 нь бодитоор оршин байгааг өмнө нь хийгдсэн туршилт, судалгаануудын хүрээнд бүрэн баталсан байдаг.

Харин 17 дахь бөөмийг туршилтаар илрүүлж чадаагүй байсан юм. Уг бөөмийн тухай таамаглалыг Эдинбургийн их сургуулийн профессор, онолын физикч Питер Хигс 1964 онд анх дэвшүүлсэн тул түүний нэрээр хигс бозон хэмээн нэрлэх болсон байна. Хигс бозон нь материйн масстай байх нөхцөлийг хангадаг учир орчлон ертөнц бүрэлдэн тогтоход чухал үүрэгтэй бөөмс юм.

Их тэсрэлтийн үед хэмжээлшгүй тооны эгэл бөөмс ялгаран гарч гэрлийн хурдаар эмх замбараагүй цойлон нисч байсан гэж үздэг. Харин 1 секунд орчим хугацааны дараа тэсрэлтийн халуун буурч эхлэхэд хигс бозонууд үүсчээ. Хигс бозон бусад эгэл бөөмстэй харилцан үйлчлэлд орсоноор тэдгээрийн хөдөлгөөнийг сааруулах болсон байна. Энэ үзэгдлийг тэдгээр нь массыг агуулах болсонтой холбож үздэг.

Масстай болсон бөөмс өөр хоорондоо татагдан нэгдэж, хэлбэржих замаар одод, гариг эрхэс, орчлон ертөнцийг үүсгэж, улмаар амьдрал үүсэх нөхцөл болжээ. Иймд хигс бозоныг "бурханы бөөм" хэмээн нэрлэдэг. ЕЦСБ Адроны аварга хурдасгуур (LHC)-ын тусламжтайгаар Их тэсрэлтийн дараах нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэж, онолын хувьд тодорхойлогдсон боловч бодит байдалд хараахан илрүүлж чадаагүй байгаа эгэл бөөмсийг нээн илрүүлэх туршилтуудыг хийж байна.

Үүний тулд фотонуудыг гэрлийн хурданд хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх үед үүсэх эгэл бөөмсийг бүртгэн авч, тэдгээрийн шинж чанарыг судлаж байгаа юм. Харин энэ удаад АНУ болон Европ, Японы эрдэмтэдийн оролцсон судалгааны 2 баг хоорондоо хамааралгүйгээр бие даан хийсэн судалгаагаар өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ эгэл бөөмсийг тус тус илрүүлсэн тухай мэдээллээ.

Туршилтын хүрээнд фотоны мөргөлдөөнийг нийтдээ 200 тэрбум удаа хийсэн бол тэдгээрээс 2000 гаруй удаад нь үл мэдэгдэх шинэ эгэл бөөмс үүсч байгааг илрүүлсэн байна. Мөн тооцооллын нарийвчлал 99.99998%-д хүрч байгаа учир олонхи эрдэмтэд тэдгээр бөөмсийг хигс бозон мөн гэж үзэж байна. Гэхдээ шинэ бөөм шинж чанарын хувьд төстэй боловч өмнө нь төсөөлж байснаас харьцангуй хөнгөн жинтэй байгаа нь эргэлзэх шалтгаан болж байгаа юм.

Хигс бозоныг туршилтаар илрүүлсэн байж болох талаар өнгөрсөн оны эцсээр анх мэдээлж байсан бол өнөөдрийг хүртэл туршилтуудын үр дүнд цугласан асар их хэмжээний мэдээллийг нягтлан шалгаж ирсэн юм. Харин судалгааг гардан хийсэн эрдэмтэд хигс бозоныг илрүүлсэн  хэмээх дүгнэлт хийхийг яарахгүй байгаа бөгөөд энэ ондоо багтаан эцсийн хариултыг өгөхөөр ажиллаж байна.

Хэрэв судалгааны эцсийн дүгнэлтээр "бурханы бөөм" мөн гэдэг нь тогтоогдвол хагас зуун жилийн турш нууц нь тайлагдаагүй байсан онолын физикийн салбарын хамгийн том оньсого тайлагдаж, зууны шилдэг шинжлэх ухааны нээлтүүдийн нэгт тооцогдох болно. Харин энэ шинэ нээлт бодит амьдралд ямар ач холбогдолтой байх нь энгийн хүмүүсийн сонирхолыг татаж магадгүй.

Хэдийгээр эрдэмтэдийн дэвшүүлсэн онолыг үнэн зөв гэдгийг нотлож, орчлон ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, цаашид хар матери зэрэг шинжлэх ухааны тайлагдаагүй нууцуудыг нээхэд дөхөм болох ач холбогдолтой боловч бидний амьдралд яг ямар хэлбэрээр нөлөөлөхийг одоогоор хэлэх боломжгүй юм. Үүнийг электроныг нээсэнтэй зүйрлэж болно.

Атом илүү жижиг хэсгүүдээс бүрдэж болох тухай 1838 онд анх таамаглагдсан бол электроныг 60 жилийн дараа л нээсэн байдаг. Тухайн үед түүнийг юунд ашиглаж болох талаар хэн ч мэдэхгүй байсан бол өнөөдөр телевизор, хөгжим тоглуулагчаас авахуулаад хорт хавдарын цацраг туяаны эмчилгээ хүртэл технологийн бүхий л дэвшил электрон болон түүнтэй холбоотой физикийн хуулиудад тулгуурлаж байна.

Өндөр энерги бүхий фотонуудын мөргөлдөөн
Хигс бозоныг нээсэн тухай танилцуулж байна
"Бурханы бөөм"-ийг анх таамагласан 83 настай Питер Хигс, нээлтийн тухай
танилцуулах үед нулимсаа арчиж харагдана
Нээлтийн тухай танилцуулгыг сонссон эрдэмтэд алга ташин талархаж байна

эх сурвалж, mailonline болон бусад